Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 835

 

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар багт оршин суух, 1965 онд төрсөн, 51 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОН65013079, Лам нар овогт Дамдинсүрэнгийн Бямбабаярын,

           Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг  2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

         Нэхэмжлэгч Д.Бямбабаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1965 онд төрсөн, 51 настай. Би 1981 оны хавар 8 дугаар ангиа төгсөөд Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Одоо нас өндөр болж байгаа тул тэтгэврийн бичиг баримтаа цэгцлэх шаардлагатай болсон юм. Миний хөдөлмөрийн дэвтэр гээгдсэн, тухайн он жилүүдэд ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд миний Түргэн сумын Социализмын зам нэгдэлд 1981 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Б.Дариймаа, Х.Жаргал нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.                             

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Д.Бямбабаяр нь 1981 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

              Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Дамдинсүрэнгийн Бямбабаярын 1981 оны 7 дугаар сараас 1984 оны 6 дугаар сарыг дуустал, 1987 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

         Түүнчлэн нэхэмжлэгч Д.Бямбабаярын 547142 дугаартай цэргийн батлахын хуулбар  хэрэгт авагдсан байна.

           Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Б.Дариймаа, Х.Жаргал нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Б.Дариймаа “Миний бие нь 1962 оноос 1990 он хүртэл Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Намайг тус нэгдэлд ажиллаж байхад Д.Бямбабаяр нь 1981 оны 7 дугаар сараас уг нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Д.Бямбабаяр нь Социализмын зам нэгдэлд 1989 оныг дуустал малчнаар ажиллаж байсан ба голдуу хонь малладаг байсан. Д.Бямбабаяр нь 1984 оноос 1987 оны хооронд цэргийн албанд татагдсан бөгөөд цэргээс ирээд үргэлжлүүлэн нэгдэлдээ малчнаар ажилласан. Тухайн үед Социализмын зам нэгдлийн даргаар Янжив, Арслан, Аюурзана гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Х.Жаргал “Миний бие нь 1977 оноос 1984 он хүртэл Увс аймгийн Түргэн сумын Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрийн нарийн бичгийн даргаар, 1984 оноос Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд зоотехникчээр ажиллаж байсан. Намайг тус нэгдэлд зоотехникчээр ажилд ороход Д.Бямбабаяр нь малчнаар ажиллаж байсан бөгөөд 1989 оныг дуустал Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, аваргын диплом, баярын бичиг, нэгдлийн гишүүний үнэмлэхийн хуулбарууд хэрэгт авагджээ. 

         Д.Бямбабаяр нь 1984 оны 6 дугаар сарын 22-ноос 1987 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан болох нь түүний 547142 дугаартай цэргийн батлахын хуулбараар тогтоогдож байна.

        Нэхэмжлэгч Д.Бямбабаяр нь 1981 оны 7 дугаар сараас 1984 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл, 1987 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн цалингийн тодорхойлолт, гэрч Б.Дариймаа, Х.Жаргал нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

          Иймд нэхэмжлэгч Д.Бямбабаярын хүсэлтийг хангаж, түүний 1981 оны 7 дугаар сараас 1984 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл, 1987 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд малчнаар 5 жил 5 сар 22 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

         Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.   

            Нэхэмжлэгч нь “шүүх хуралдааныг намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх боломжтой гэж үзэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

             1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Лам нар овогт Дамдинсүрэнгийн Бямбабаярын 1981 оны 7 дугаар сараас 1984 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл, 1987 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд малчнаар 5 /тав/ жил 5 /тав/ сар 22 /хорин хоёр/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.           

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд  зааснаар нэхэмжлэгч Д.Бямбабаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ