Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 839

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

               Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

             Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багт оршин суух, 1987 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОМ87010901, Барга овогт Балжиннямын Цагаанцоожийн нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багт оршин суух, 1985 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОМ85022135, Шаавай овогт Хуягаагийн Хосбаярт холбогдох,

            Гэрлэлт цуцлуулж хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

              Нэхэмжлэгч Б.Цагаанцоож шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2008 онд Х.Хосбаяртай танилцаж улмаар 2010 оны 10 дугаар сарын 10-нд гэр бүл болсон. Том охин Амар маань 2012 онд, бага охин Баясгалан 2015 оны 4 дүгээр 24-нд төрсөн. Бид амьдарч байх хугацаанд эхний 1 жил ямар нэгэн хэрүүлгүй сайхан байсан ба 2 дахь жилээс эхлээд манай нөхрийн зан ааш хувирч харддаг болсон, архи ууж ирээд агсам тавьж элдэв янзаар доромжилж зодох болсон. Энэ байдал нь даамжирч над руу буу тулгаж хөөгөөд буудаж байсан ба тухайн үед бууны сум намайг онолгүй миний хажуугаар зөрж байсан. Сүүлдээ би болон миний 2 хүүхэд амьд явах баталгаагүй болсон. Хамгийн сүүлд 2015 оны зун гэрт согтуу ирж агсам тавиад гэрийн унь хугалж нялх хүүхдээ тэвэрч байсан намайг алгадаад хүүхэдтэй минь түлхэж унагасан. Мөн өөрийг нь тайвшруулах гэж байсан манай ээжийг түлхэж унагаад агсам тавиад дийлдэхгүй байсан. Миний хувьд цаашид тэвчиж амьдрах боломжгүй болсон тул 2 хүүхдээ аваад Улаанбаатар хотод өөрийн төрсөн ах Гантөмөрийнд амьдарч байсан. Гэтэл Х.Хосбаяр нь бидний араас ирээд уучлал гуйгаад засарч хүмүүжинэ, амьдралаа бодно, Улаанбаатар хотод ажил хийгээд сайхан амьдарна надад ажил олоод өгөөч гэхэд нь манай ах эгч 2 барилгын ажил олж өгсөн. Гэтэл тухайн ажлыг тогтвортой хийгээгүй ба 4 настай охиныг дагуулаад архи уугаад явсан. Миний хувьд нөхөртөө олон удаа боломж олгосон гэтэл миний итгэлийг олон удаа эвдсэн. Иймд Х.Хосбаяраас гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандаж байна. Хоёр охиноо өөрийн асрамжиндаа авч, хүүхдүүддээ тэтгэлэг тогтоолгох болно. Биднийг айл болсны дараа 2013 онд миний эцэг Балжинням нь надад зориулж Улаангом сумын 5 дугаар багт байрлалтай 4 тал хашааг газрын хамт өөрийнхөө тэтгэврийн зээлийг авч байгаад худалдаж авч өгсөн, мөн анх айл болоход мустанг-5 маркийн мотоциклийг бэлэглэсэн. Уг мотоциклийг манай аавын хашаанд эвдэрснийх нь дараа түлхэж, авч ирээд орхисон байсан. Энэхүү мотоциклийн бичиг баримт нөхөр Х.Хосбаярын нэр дээр байгаа тул өөрийн нэр дээр шилжүүлж авах хүсэлтэй байна. Миний эцгийн худалдаж авч өгсөн 4 тал хашаа бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар нь миний өөрийн хуваарьт хөрөнгө тул өөрийн хөрөнгөө буцаан авна. Бид амьдрах хугацаандаа Улаангом сумын 2 дугаар баг Арсаа гэх газарт хадлан авах зорилгоор 1 га талбайн чулууг түүж, усалж байсан ба энэхүү газрыг эзэмших өргөдлөө 2015 онд Улаангом сумын Засаг даргад хандан өргөдөл өгсөн байсан ба тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ 2016 оны 6 дугаар сарын 20-нд олгогдсон. Иймд энэхүү хадлангийн талбайн өөрт болон хоёр хүүхэддээ ногдох хэсгийг эзэмших хүсэлтэй байна. Иймд Х.Хосбаяр бид хоёрын гэрлэлтийг цуцалж, 2 охиныг эх миний асрамжид үлдээж, хүүхдүүдэд тэтгэлэг тогтоож өгнө үү. Мөн миний хуваарьт хөрөнгө болох Улаангом сумын 5 дугаар багийн 2-11 тоотод байрлах Г-1520003019 тоот улсын бүртгэлийн дугаар бүхий 591.7 м2 газрыг хашааны хамт буцаан олгох, дундын өмч болох Улаангом сумын 2 дугаар баг Арсайд байрлах 1.1398 м2 хадлангийн зориулалттай газрын өөрт болон 2 хүүхдэд ногдох хэсгийг эзэмшүүлэх, мустанг-5 маркийн мотоциклийн бичиг баримтыг нэхэмжлэгч миний нэр дээр шилжүүлэн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

           Хариуцагч Х.Хосбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие 2008 онд Б.Цагаанцоожтой танилцаж улмаар 2010 оны 10 дугаар сарын 10-нд гэр бүл болсон. Том охин Амраа маань 2012 онд, бага охин Баясгалан 2015 оны 4 дүгээр сарын 24-нд төрсөн. Бид амьдарч байх хугацаанд хадам аав Д.Балжинням, хадам ээж Г.Жундай, хадам ах Б.Гантулга нар бидний амьдралд оролцож хэрэлдэж маргах үе байсан ч эхнэрээ хардаж, архи ууж, хэл амаар доромжилж зодох тохиолдол гаргаж байгаагүй. Хааяа нэг найз нөхөдтэйгээ архи уудаг байсан боловч эхнэр 2 хүүхдээ зодож дарамталдаггүй байсан. Мөн 2015 оны зун гэрт халамцуу ирэхэд намайг хадам аав Д.Балжинням, хадам ах Б.Гантөмөр, Б.Гантулга нар бүлэглэн зодож хөл гарыг минь боон гадна хонуулж байсан ба зодуулан орилж байсныг минь айл хошоо байсан нутгийн ах дүү болсон Д.Нямдаваа, Н.Баяртай нар мэднэ. Зодуулсны маргааш өглөө нь том охиноо тэврэн хэвтэж байхад хадам ах Б.Гантөмөр орж ирэн дахин зодож хөөж явуулсан юм. Тэр үед миний хөл, толгой, гар, нуруундаа гэмтэл авч төрсөн гэртээ ирж эмчлүүлж байсан боловч эхнэр 2 хүүхдээ бодон цагдаа, шүүхэд хандаагүй юм. Намайг хөөж явуулсныхаа дараа хадам ах Б.Гантөмөр эхнэр хүүхдүүдийг маань аваад хот явсан байсан. Эхнэр 2 хүүхдээ бодож араас нь очиж барилгын ажил хийж хадам ах Б.Гантөмөрийнд амьдарч байсан боловч хадам ах дахин намайг зодож бичиг баримтыг минь авч, ажилласан ажлын минь цалинг чамд өгөхгүй хэмээн гэрээсээ хөөж байсан удаатай. Дараа нь бичиг баримтаа авъя гэхэд өгөхгүй болохоор нь дахин шинэ иргэний үнэмлэх захиалан авсан. Эхнэрийн авч үлдсэн иргэний үнэмлэхийг хүчингүй болгуулсан боловч иргэний үнэмлэхийн хуулбарыг ашиглаж байгаа нь цаашид миний зөвшөөрөлгүй хууль бусаар хэрэглэх магадлалтай гэж бодож байна. Хотод байх хугацаандаа том охин Амраагаа дагуулан авга ахынхаа хүүгийнд очоод согтууруулах ундаа хэрэглээгүй болно. Гэр бүл болоход 2 талын ах дүү нар нийлж 72 толгой мал өгсөн ба хамт амьдрах 5 жилийн хугацаанд 292 толгой мал болгон өсгөсөн бөгөөд бидний дундын өмч юм. Гэтэл хадам аав Д.Балжинням нь хууль бусаар өөрийн нэр дээрээ шилжүүлэн авсан байсан. Үүнийг 2 дугаар багийн иргэн Д.Насанжаргал мэдэж байгаа болно. Иймд бидний дундын өмч болох 292 толгой малаа буцаан өөрийн нэр дээрээ шилжүүлэн авч хадам аав, хадам ээж, хадам ах болон өөрийн ах дүү нараас хараат бус эхнэр 2 хүүхдийн хамт амьдрах хүсэлтэй байна. Биднийг айл өрх болсны дараа 2013 онд хадам аав Д.Балжиннямын тэтгэврийн зээлээр 2.000.000 төгрөг өгч, мөн бидний дундын хөрөнгө болох малаа заран 5.000.000 төгрөг болгон нийт 7.000.000 төгрөгөөр Улаангом сумын 5 дугаар багт байрлалтай 4 тал хашааг газрын хамт худалдан авч байсан. Түүний дараа хадам аав Д.Балжиннямаас авсан тэтгэврийн зээлийн 2.000.000 төгрөгийг бидний дундын өмч малынхаа ашиг шимээр буцаан төлсөн юм. Иймд Улаангом сумын 5 дугаар багийн 2-11 тоотод байрлах Г-1520003019 тоот улсын бүртгэлийн дугаар бүхий 591.7 м.кв газрын хашаа нь бидний дундын өмч юм. Мөн малчны зээлээр гэрээ бүрэн шинэчилсэн билээ. Хадам аав Д.Балжинням нь анх гэр бүл болоход мустанг-5 мотоциклийг бэлэглэсэн ба уг мотоциклийг 5 жил амьдралынхаа хэрэгцээнд ашиглаж жилд дунджаар 100.000 төгрөгийн засвар хийж байсан. Бэлгийн журмаар өгсөн мотоциклоо буцаан авна гэсэн болохоор 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн дүү болох Х.Элбэгдээлийн хамт барьж хадам аав Д.Балжиннямын хашаанд хүргэж өгсөн. Уг мотоциклийг хүргэж өгөхөд хадам ээж Г.Жундай байсан ба түлхүүрийн хүлээлгэн өгсөн. Улаангом сумын 2 дугаар баг Арсайд байрлах 1.1398 м.кв хадлангийн зориулалттай газар нь миний хүргэн ах С.Батсүх нь бэлгийн журмаар өгсөн газар бөгөөд миний өөрийн нэр дээр гэрчилгээ нь олгогдоогүй байгаа тул бидний дундын өмч биш. Иймд бидний дундын өмч болох 292 толгой малыг буцаан өөрийн нэр дээрээ шилжүүлэн авч хадам болон өөрийн талын ах дүү нараас хараат бус эхнэр 2 хүүхдийн хамт амьдрах хүсэлтэй байна. Иймд гэрлэлтээ цуцлуулахыг миний бие зөвшөөрөхгүй байгаа тул Б.Цагаанцоожийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би доёр цаашид бие даан амьдрах боломжтой, 2 хүүхдээ хамтран асарч, өсгөх ёстой гэж бодож байна” гэжээ.

          Нэхэмжлэгч Б.Цагаанцоож, хариуцагч Х.Хосбаяр нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: “Цагаанцоож миний бие нь тус шүүхэд Х.Хосбаярт холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд бид хоёр шүүхээс өгсөн эвлэрлийн хугацаанд эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Б.Цагаанцоож нь хариуцагч Х.Хосбаярт холбогдох, гэрлэлт цуцлуулж хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Шүүхээс зохигчдод эвлэрүүлэх арга хэмжээ авсан ба уг ажиллагааны явцад гэрлэгчид  эвлэрсэн болох нь Б.Цагаанцоож, Х.Хосбаяр нарын шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна. Уг гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.   

           Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг төлсөн ба зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд төрийн сангаас 35.100 төгрөг, хариуцагч Х.Хосбаяраас 35.100 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Цагаанцоожид олгож,  35.100 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. Нэхэмжлэгч Б.Цагаанцоож, хариуцагч Х.Хосбаяр нар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 35.100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөг, хариуцагч Х.Хосбаяраас 35.100  /гучин таван мянга нэг зуу/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Цагаанцоожид олгож, 35.100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй. 

 

 

ШҮҮГЧ                                    Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ