Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 165

 

 

 

 

 

 

 

 

  2020           02           13                                        2020/ШЦТ/165

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн,

улсын яллагч Г.Ганхөлөг,

шүүгдэгч Д.Б- түүний өмгөөлөгч Ц.Оргил,

хохирогч Т.Ш- түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас С овогт Д-ийн Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005000240032 дугаартай хэргийг  2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ....... оны ... дугаар ... -ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамтаар ..... дүүргийн ... дугаар хороо ....... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, С овогт Д-ийн Б-.

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Д.Б- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Акума төвийн 4 давхарт иргэн Т.Ш-ынын биед халдаж хамар ясны хугарал, баруун дээд үүдэн 1, 2-р шүдний сулрал, дээд уруулын дотор салстад шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Ш- мэдүүлэхдээ: “Тухайн өдөр манай ажлын хоёр хүн машинд хувцсаа солих гээд миний машин руу очсон. Тэгсэн нэг хүн машины түлхүүр аваад зугтаачихсан гэсэн. Тэгэхээр нь би араас нь очоод түлхүүр хаана байна гэсэн байхгүй гэхээр нь пиджакны хармаанд нь үзээд байхгүй байна гэсэн чинь үгийн зөрүүгүй намайг цохисон. Үүдэн шүд нэг нь цаашаа цөмөрч ороод, нэг нь хөдөлчихсөн. Одоо шүд маань харлаад эхэлчихсэн. Хамар толгой өвддөг болсон. Хамрын хагалгаа, шүдний эмчилгээ нийлээд 4.841.500 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөг зэргийг шүүгдэгчээс гаргуулмаар байна” гэв.

 

 Шүүгдэгч Д.Б- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Акума төвийн 4 давхарт иргэн Т.Ш-ынын биед халдаж хамар ясны хугарал, баруун дээд үүдэн 1, 2-р шүдний сулрал, дээд уруулын дотор салстад шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Т.Ш-ынын “2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Говь компанийн шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулагдсан. Би Говь компанид 2019 оны 11 дүгээр сар хүртэл ажиллаж байгаад гарсан байсан учир намайг урьсан юм. Уг шинэ жилийн арга хэмжээ Баянгол дүүргийн  4 дүгээр хороо Акума төвийн 4 дүгээр давхарт байрлах ресторанд болсон. Ингээд баяр болж байсан учир 100 грамм орчим архи уусан байсан. Тэгээд байж байтал найз эгч Гансүх, Батжаргал хоёр хувцсаа солих хэрэгтэй байна гээд миний машины түлхүүрийг аваад гарсан. Тэгээд гадаа гараад машин онгойлгох үед нэг залуу түлхүүрийг нь аваад зугтаасан байсан. Энэ талаар надад хэлэхээр нь би доошоо буугаад нөгөө залууг хайгаад байхгүй байхаар нь буцаад шатаар дээшээ гарч байтал Говь компаний мужаан Б- гэх залуу таарсан. Тэгтэл эгч нар энэ залуу түлхүүр авч зугтаасан гэж хэлсэн. Машины түлхүүр яасан бэ гэтэл надад байхгүй гэсэн. Тэгээд дээшээ 4 давхар луу пиджакны халаасанд нь үзэхээр гарсан. Тэгээд зогсож байтал Б- ямарч үгийн зөрүүгүй, миний хамар, уруул хэсэгт гараараа нэг удаа цохисон. Миний хоёр шүд хөдөлсөн. Хамар хугарсан. Эмчилгээний зардалд 640.000 төгрөг авсан. Одоо цаашид эмчилгээнд хэдэн төгрөг орохоо мэдэхгүй байна. Хохирол нэхэмжлэлийн асуудлаа шүүх дээр гаргаж тавих болно” гэсэн мэдүүлэг, /хэргийн 13 дугаар хуудас/

“Надад эмчилгээ хийлгэсэн 4 баримт байгаа. Үүнийг одоо хэрэгт хавсаргуулна. Цаашид гарах эмчилгээний зардлын баримтыг бол шүүх дээр гаргаж өгнө. Би өөрөөсөө 181.500 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Б- миний эмчилгээнд 670.000 төгрөгийн зардал гаргасан байгаа” гэсэн мэдүүлэг. /хэргийн 15 дугаар хуудас/

 

Гэрч Э.М-ий “... Ингээд баяр үргэлжилж байхад манай хуучин ажиллаж байсан эмэгтэй болох Ш- нь машины түлхүүр алга болчихлоо гээд яваад байсан. Тэгээд байж байтал Ш-тай хамт ажилладаг хүүхэн ирээд танай ажилчин Б- машины түлхүүр авчихлаа гэсэн. Тэгээд Б-гийн биед үзэхэд байгаагүй. Ингээд 4 давхарт гараад сууж байсан сандал дээр нь байх пиджакыг нь ухаж үзэж байтал Б- Ш- гэх хүүхний нүүр хэсэгт гараараа 1 удаа цохисон. Тэр хүүхэн шалан дээр унаад босож ирсэн. Тэр үед Б- гараад зугтаасан байсан. Тэр хүүхэн дараа нь хувцас болих өрөөний цонхон дээрээс түлхүүрээ олж авсан байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 7 дугаар хуудас/

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №733 дугаартай:

“1. Т.Ш--н биед хамар ясны хугарал, баруун дээд үүдэн 1, 2-р шүдний сулрал, дээд уруулын дотор салстад шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн  хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 17-18 дугаар хуудас/

 

Д.Б-гийн яллагдагчаар өгсөн “2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Говь компанийн шинэ жилийн арга хэмжээ болсон юм. Уг арга хэмжээ 18 цагт Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Акума төвийн 4 давхарт байх ресторанд болсон. Ингээд би архи уугаад нилээд согтсон байсан. Юу болсон талаар санахгүй байгаа. Нэг мэдэхэд хүний хамар шүд цохисон гээд зогсож байснаа санаж байна. Тэгээд эргээд тасарсан байсан бөгөөд гэртээ очиж хоносон байсан. Маргааш өглөө нь ажил дээрээ очиход манай ажлын газрын инженер М- надад хандан “чи их тавьтиргүй хүн юм, нэг эмэгтэйн шүд, ам цохиод гэмтээсэн” гэж хэлсэн. Ингээд Ш- гэх эмэгтэйтэй холбогдож шүдний зургийг нь авхуултал 2 шүд суларсан байна, бэхэлгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Ингээд би Ш-ынын эмчилгээнд 670.000 төгрөг зарцуулсан. Энэ баримтууд нь байгаа. Би өөрөө юугаа ч санахгүй байгаа ч гэсэн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би Ш-ынын цаашид гарах эмчилгээний зардлыг төлж барагдуулах болно. Энэ үйлдэлд маань хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 23-25 дугаар хуудас/ зэрэг баримтууд нотлогдсон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Д.Б- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Акума төвийн 4 давхарт иргэн Т.Ш-ынын биед халдаж хамар ясны хугарал, баруун дээд үүдэн 1,2-р шүдний сулрал, дээд уруулын дотор салстад шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Т.Ш-, гэрч Э.М- нарын мэдүүлэг, шинжээчийн 733 дугаартай дүгнэлт, Д.Б-гийн мөрдөн шалгах явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогджээ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй бөгөөд шүүгдэгч Д.Б- уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх үзэв.

 

Хохирогч П.Ш-ас “Хамарны мэс засал хийлгэх, шүдний эмчилгээнд нийт 4.841.500 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөг нэхэмжилж байна” гэжээ.

 

Хэрэгт “ЭМЖЖ” ХХК-ний “хамарын хагалгаа 2.500.000 төгрөг”, “Оргил дент” эмнэлгийн “сувгийн эмчилгээ нэг шүд 180.000 төгрөг, шаазан бүрээс нэг шүд 700.000 төгрөг” гэсэн баримтууд цуглуулжээ.   

Эдгээр төлбөрүүд нь бодитоор эмчилгээ хийлгэж, хохирогч төлөөгүй гэж мэдүүлж байх тул ирээдүйд ийм зардал гарах нь тодорхойгүй тул шүүгдэгчээс уг төлбөрийг дээрх баримтуудаар тооцож гаргуулах боломжгүй байна.

Харин хохирогч өөрт учирсан бодит хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа цуглуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хохирогчийн нэхэмжилсэн өмгөөлөгчид төлсөн хөлс 500.000 төгрөгийг түүний өмгөөллийн хөлс тул гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцох боломжгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Б- нь хохирогчид нийт 670.000 төлсөн уг мөнгийг хохирогч хүлээн зөвшөөрч байх тул нэмж гаргуулах төлбөргүй байна гэж дүгнэв. 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.Б- баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С овогт Д-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б- нь торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Б- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч П.Ш- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсөн хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Хохирогч П.Ш-ынын нэхэмжилсэн өмгөөлөгчийн хөлс болох 500.000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                    

       

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.АЛТАНХУЯГ