Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 923

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э,

улсын яллагч Р.Э,

шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ө овогт Б.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1908 0326 00000 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ө овогт Б.Н, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Баянгол дүүргийн .. дугаар хороо, .. дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөөний .. байрны .. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ЧГ0000000.

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Б.Н нь 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт “Toyota Prius-20” маркийн 00-00 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхдаа иргэн Х.Ч-ийн мартаж буусан “Samsung Galaxy S8” маркийн гар утсыг бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж бусдад зарж, завшсаны улмаас бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Х.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр өөрийн найз С хамт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “ТБД Андууд” худалдааны төвд...бараа үзэж байгаад 20 цагийн үед замын урд талаас “Toyota Prius-20” маркийн саарал ангийн автомашинд суугаад Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, .. дугаар байр “Н 1” эмийн сангийн гадаа буугаад өөрийн “Samsung S8” гар утсаа үзтэл гар утсаа таксинд мартаж буусан байсан. Тэр дариу удаагүй өөрийнхөө  8805..68 дугаартай утас руу 10 удаа залгасан боловч миний утсыг жолооч аваагүй. Миний утас цэнэгтэй, дуудлага нь чанга дуугардаг... би утсаа 2017 оны 5 дугаар сард 1.730.000 төгрөгөөр авч байсан. ...одоо 850.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19),

2. Гэрч Р.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр найзтайгаа уулзаад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “ТБД Андууд” худалдааны төв орчхоод ажил руугаа явах санаатай замын урд талаас найз Ч-н хамт таксинд суугаад 1 дүгээр хорооллын 20 дугаар байрны гадаа буусан. Тэр үед найз Ч нь өөрийн гар утсаа таксинд мартаад буусан байна гээд миний утсаар өөрийнхөө 8805..68 дугаар луу шууд залгасан боловч түүний дуудлагыг аваагүй. ... “Toyota Prius-20” маркийн автомашин нь саарал өнгөтэй, жолооч нь 30 нилээд гарсан эрэгтэй хүн байсан, царайг нь харвал танина. ... манай найз таксинд өөрийнхөө “Samsung S8” маркийн гар утастай суусан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30),

3. Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

- гэрчээр өгсөн: “...Би Баянгол дүүргийн нутаг дэвсгэр ..  дугаар байрны 1 давхарт гар утас засвар, дагалдах хэрэгсэл худалдаалдаг. 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 15 цагийн үед ажил дээрээ ажлаа хийж байхад зүс таних ах орж ирээд “Samsung S8” гар утас гаргаж ирээд солих “I Phone” утас байна уу гээд надад үзүүлсэн. Тэгэхээр нь би “надад солих “I Phone” утас байхгүй та утсаа зарвал хэдэд зарах вэ” гэж асуухад тэрээр “350.000 төгрөгт өгчихнө” гэсэн. Тэгэхээр нь би “наад утсыг чинь ээждээ авч өгмөөр байна 320.000 төгрөгт зарчих” гэхэд үнэ тохироод надад “ХААН” банкын 5034....89 дугаарын данс өгөхөөр нь би тэр данс руу нь 320.000 төгрөг хийсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23),

- иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “...Тухайн үед Б.Н нь гар утас зарахдаа надад “манай найзын утас байгаа юм. Зараад өгөөч гэсэн юм” гэж хэлсэн. ...би мөнгөө хүлээж авсан тул надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25)

4. Шүүгдэгч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр гэр лүүгээ харих гээд “ТБД андууд”-ын хавьцаа өөрийн “Toyota Prius-20” маркийн 00-00 УБЯ улсын дугаартай машинтай явж байтал замын хойд талаас 4 эмэгтэй гар өргөсөн. Тэгээд зогстол Хархорин зах оръё гэхээр нь би аваад явсан. Тэндээсээ шууд Хархорин зах орж замын хойд талдаа буулгаад шууд гэр лүүгээ харьсан. Тэгээд маргааш нь машинаа угаая гэж бодоод доторх зүйлсийг гаргаж байтал жолоочийн суудлын ард газар “Samsung” маркийн хар өнгийн гар утас, гэртэйгээ байсан. Тухайн үед миний утас эвдэрсэн байсан бөгөөд би 25-н КFC түргэн хоолны газрын зам дагуу байдаг гар утас засварт байх таньдаг дүү дээрээ очиж утсаа засуулах гэтэл таны утсыг засагдахгүй дэлгэц нь хагарсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би машинаас олсон ...утсаа үзүүлтэл надад зарчих гэж хэлсэн. Тэгээд үнээ тохиролцоод 320.000 төгрөгөөр зарахаар болж мөнгөө өөрийн 5034...0889 дугаарын дансаараа шилжүүлж авсан. ...Гар утас худалдаж авсан гэх Б нь худалдаж авсан гар утсаа хохирогчид буцааж өгч хохирогчийг хохиролгүй болгосон байгаа бөгөөд би Б-т учирсан 320.000 төгрөгийг...хүлээлгэн өгсөн. ...би гээгдэл эд хөрөнгө олж хувьдаа зарж борлуулбал гэмт хэрэг болно гэдгийг мэдэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70)

5. Эд зүйл хураан авсан мөрдөгчийн тэмдэглэлд “... “Samsung” гэсэн бичигтэй хар өнгийн 3550........2732, 3550........2730 гэсэн IMEI дугаартай гар утсыг хураан авав. ...эд зүйлс хураалгасан Б.Б.” гэх баримт (хавтаст хэргийн 7),

6. “Д“ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн СХД3-19-563 дугаар тайланд “...“Samsung S-8” гар утас 400.000 төгрөг...” гэх баримт (хавтаст хэргийн 41-42),

7. “Samsung S-8” гар утас хүлээлгэж өгсөн тухай баримт (хавтаст хэргийн 8), иргэний нэхэмжлэгч Б.Б-т 320.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн баримт (хавтаст хэргийн 26)

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 48, 50), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 59), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 51, 52) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Н-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Б.Н нь өөрийн эзэмшлийн “Toyota Prius-20” маркийн 00-00 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагийн орчим хувиараа хүн тээврийн үйлчилгээ үзүүлж байхдаа Баянгол дүүргийн “ТБД Андууд” дэлгүүрийн орчмоос үйлчлүүлэгч Х.Ч-г авч улмаар түүнийг Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, .. дүгээр хорооллын .. дугаар байр “Н 1” эмийн сангийн гадаа буулгасан байна. Ийнхүү хохирогч нь түүний тээврийн хэрэгслээс буухдаа өөрийн эзэмшлийн “Samsung Galaxy S8 Blacк” утсаа мартсан байхад шүүгдэгч Б.Н-д шунахайн сэдэлтээр тухайн гар утсыг бусдын өмчлөлийн гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж бусдад зарж, завшсаны улмаас иргэн Х.Ч-т 400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Х.Ч-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр өөрийн найз С-н хамт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “ТБД Андууд” худалдааны төвд...бараа үзэж байгаад 20 цагийн үед замын урд талаас “Toyota Prius-20” маркийн саарал ангийн автомашинд суугаад Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, .. дугаар байр “Н 1” эмийн сангийн гадаа буугаад өөрийн “Samsung S8” гар утсаа үзтэл гар утсаа таксинд мартаж буусан байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19),

- Гэрч Р.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ч нь өөрийн гар утсаа таксинд мартаад буусан байна гээд миний утсаар өөрийнхөө 8805..68 дугаар луу шууд залгасан боловч түүний дуудлагыг аваагүй. ...манай найз таксинд өөрийнхөө “Samsung S8” маркийн гар утастай суусан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30),

- Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 15 цагийн үед ажил дээрээ ажлаа хийж байхад зүс таних ах орж ирээд “Samsung S8” гар утас гаргаж ирээд солих “I Phone” утас байна уу гээд надад үзүүлсэн. Тэгэхээр нь би “надад солих “I Phone” утас байхгүй та утсаа зарвал хэдэд зарах вэ” гэж асуухад тэрээр “350.000 төгрөгт өгчихнө” гэсэн. Тэгэхээр нь би “наад утсыг чинь ээждээ авч өгмөөр байна 320.000 төгрөгт зарчих” гэхэд үнэ тохироод надад “ХААН” банкын 5034....89 дугаарын данс өгөхөөр нь би тэр данс руу нь 320.000 төгрөг хийсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23),

- Шүүгдэгч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр гэр лүүгээ харих гээд “ТБД андууд”-ын хавьцаа өөрийн “Toyota Prius-20” маркийн 00-00 УБЯ улсын дугаартай машинтай явж байтал замын хойд талаас 4 эмэгтэй гар өргөсөн. ...Тэндээсээ шууд Хархорин зах орж замын хойд талдаа буулгаад шууд гэр лүүгээ харьсан. Тэгээд маргааш нь машинаа угаая гэж бодоод доторх зүйлсийг гаргаж байтал жолоочийн суудлын ард газар “Samsung” маркийн хар өнгийн гар утас, гэртэйгээ байсан. би машинаас олсон ...утсаа ...320.000 төгрөгөөр зарахаар болж мөнгөө өөрийн 5034...0889 дугаарын дансаараа шилжүүлж авсан. ...Гар утас худалдаж авсан гэх Б нь худалдаж авсан гар утсаа хохирогчид буцааж өгч хохирогчийг хохиролгүй болгосон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70)

- Эд зүйл хураан авсан мөрдөгчийн тэмдэглэлд “... “Samsung” гэсэн бичигтэй хар өнгийн 3550........2732, 3550........2730 гэсэн IMEI дугаартай гар утсыг хураан авав. ...эд зүйлс хураалгасан Б.Б.” гэх баримт (хавтаст хэргийн 7)

- “Д“ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн СХД3-0000 дугаар тайланд “...“Samsung S-8” гар утас 400.000 төгрөг...” гэх баримт (хавтаст хэргийн 41-42) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Н нь хууль зүйн хувьд шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, бусдын эзэмшлийн 400.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Samsung Galaxy S8” загварын гар утсыг худалдан борлуулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Б.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь, улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй байна

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.Ч-т 400.000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Б.Б-т 320.000 төгрөгийн хор уршиг учирсан байх боловч иргэний нэхэмжлэгч Б.Б нь гар утсыг Х.Ч-т (хавтаст хэргийн 8), шүүгдэгч Б.Н нь иргэний нэхэмжлэгч Б.Б-т 320.000 төгрөгийг (хавтаст хэргийн 26) төлж барагдуулсан байна. Иймд шүүгдэгч Б.Н-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч улсын яллагчийн гаргасан торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. Иймд торгох ялын доод хэмжээгээр торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тоосон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Б.Н-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн шинж, чанар, шүүгчийн хувийн байдал буюу хохирол, хор уршгийг арилгасан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулах талаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч тухайн эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Б.Н-д торгох ял оногдуулсантай холбогдуулан дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

Эрүүгийн 1908 0326 00000 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ө овогт Б.Н-г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Н-д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол, саналгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.МӨНХЗУЛ