Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 60

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нэхэмжлэлтэй, Сонгуулийн Ерөнхий хороонд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Нэхэмжлэгч: ОАИТХТ

Хариуцагч: Сонгуулийн Ерөнхий хороо

Гуравдагч этгээд: ОАСХ

Нэхэмжлэлийн шаардлага: “...“Сонгуулийн Ерөнхий хорооны 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 348 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах, ОАИТХТ аймгийн Сонгуулийн хороог байгуулах эрхтэй болохыг тогтоолгох” тухай

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “...Сонгуулийн Ерөнхий хорооны 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 341 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах, дахин сонгуулийг зохион байгуулах зардлыг 2018 оны улсын төсөвт тусгуулж, батлуулан, тус сонгуулийн хороонд олгохыг даалгуулах”  тухай

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюунгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхбаатар, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэндагва, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ОАИТХТ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюунгэрэл шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: “Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хорооны 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 348 дугаартай албан бичигт “...хяналтын шатны шүүхийн шийдвэрт заасан үйл ажиллагааг зохион байгуулахыг аймгийн сонгуулийн хороонд нэгэнт хариуцуулсан тул Сонгуулийн Ерөнхий хорооны  2016 оны 21 дүгээр тогтоолоор байгуулагдсан Орхон аймгийн Г.Батдэлгэр даргатай 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Сонгуулийн хороог татан буугдаагүй гэж үзсэн болохыг үүгээр мэдэгдэж байна” гэсэн агуулга бүхий албан бичгийг Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн болно. 

Тухайн албан бичиг нь Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон түүний Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд халдсан хууль бус шийдвэр гэж үзэж дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна. 

Сонгуулийн Ерөнхий хорооны 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 341 дугаартай албан бичгээр “ОАСХ нь Сонгуулийн тухай хуульд заасны дагуу зардлын тайлан тооцоо, сонгуулийн холбогдолтой бусад баримт бичгийг хүлээлгэн өгсөн бөгөөд одоо аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуультай холбоотойгоор шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй байх шаардлагыг хангасан тул 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн татан буугдсан болохыг мэдэгдье” гэж Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ирүүлсэн байдаг. 

Гэтэл 10 хоногийн дараа дахин аймгийн Сонгуулийн  хороо татан буугдаагүй гэсэн 348 дугаартай албан бичгийг Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд ирүүлж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 20 дугаар зүйлийн 20.1-т заасан бүрэн эрхийг ноцтой зөрчсөн байна. 

Тодруулбал, Орхон аймгийн Г.Батдэлгэр даргатай Сонгуулийн хороо нь 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулахаар байгуулагдсан бөгөөд байнгын бус ажиллагаатай уг хороо нь үйл ажиллагаагаа явуулаад дууссан байна. Өөрөөр хэлбэл ээлжит сонгууль зохион байгуулж явуулснаар түүний үйл ажиллагаа дуусгавар болсон байна. 

Харин шүүхийн шийдвэрээр “дахин сонгууль зохион байгуулагдахаар болсон бол ээлжит сонгууль зохион байгуулсан сонгуулийн хороо заавал ажиллана” гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Г.Батдэлгэр даргатай сонгуулийн хороо ээлжит сонгуулийг зохион байгуулж ажиллаад нэг намын дотоод асуудлаас болж сонгуулийг будлиантуулсан тус хороог дахин ажиллуулахаар Сонгуулийн Ерөнхий хорооны гаргасан маргаан бүхий шийдвэр хууль бус байна. 

Сонгуулийн Ерөнхий хорооны 348 тоот албан бичиг нь Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд халдсан, хууль ёсны ашиг сонирхол болон бүрэн эрхийг хөндсөн учраас гадагшаа чиглэсэн захиргааны акт гэж үзэж байна. 

Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5-д “Аймаг нийслэлийн хурлын нөхөн болон ээлжит бус сонгууль нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэг явагдахаас бусад тохиолдолд аймаг нийслэлийн сонгуулийн хороог тухайн аймаг нийслэлийн хурлын Тэргүүлэгчид ... байгуулна” гэсэн заалтыг зөрчсөн байна. 

Сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар “сонгууль нь ээлжит, ээлжит бус, нөхөн, дахин гэсэн төрөл”-тэй байхаар зохицуулсан. Тэгвэл Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль нь дахин сонгууль буюу дээрх заалтын бусад тохиолдолд хамаарахаар байна. Бусад тохиолдол гэдэгт тухайн аймгийн Сонгуулийн хороог Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын Тэргүүлэгчид байгуулахаар зохицуулсан байна.

Иймд Сонгуулийн Ерөнхий хорооны 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 378 тоот албан бичгийг хүчингүй болгож, ОАИТХТ аймгийн Сонгуулийн хороог байгуулах эрхтэй болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-т зааснаар Сонгуулийн ерөнхий хорооны тогтоолоор аймгийн сонгуулийн хороог байгуулдаг. Мөн Сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-т зааснаар байнгын бус ажиллагаатай байгууллага болох ОАСХг байгуулсан этгээд болох Сонгуулийн Ерөнхий хорооны тогтоолоор татан буулгана. ОАСХтой холбоотой хэрэг маргаан шүүхээр хянан шийдвэрлэгдэж байсан тул уг сонгуулийн хороог татан буулгаагүй болно. 

Улсын Их Хурлын 2016 оны 09 дүгээр тогтоолоор “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр байхаар тогтоосон бөгөөд уг хоёр сонгууль нь  нэг өдөр зэрэг явагдсан. Ийм учраас Сонгуулийн тухай хуулийн 31.4 дэх заалтыг үндэслэн ОАСХг Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны 21 дүгээр тогтоолоор байгуулсан. ОАСХ нь өөрийн нутаг дэвсгэртээ 2016 оны Улсын Их Хурлын болон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулсан. 

Орхон аймгийн 2016 оны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит сонгуультай  холбоотой хэрэг маргаан шүүхээр хянан шийдвэрлэгдэж, Г.Батдэлгэр даргатай сонгуулийн хороо нь хариуцагчаар оролцож байсан тул тус сонгуулийн хороог татан буулгаагүй болно.

Улмаар Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай холбоотой хэрэг маргаан нь 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэгдсэн. Уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Г.Батдэлгэр даргатай аймгийн сонгуулийн хороо нь хариуцагчаар оролцсон болно. Улсын Дээд шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 302 дугаар тогтоолд “...Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг дахин товлон зарлаж, дахин сонгууль зохион байгуулж, явуулахыг ОАСХнд ... даалгахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангасугай” гэж дурьджээ. 

Сонгуулийн Ерөнхий  хороо 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар дээрх асуудалтай танилцаад хяналтын шатны шүүхийн шийдвэрт заасан үйл ажиллагааг зохион байгуулахыг аймгийн сонгуулийн хороонд нэгэнт хариуцуулсан тул Сонгуулийн  Ерөнхий хорооны 2016 оны 21 дүгээр тогтоолоор байгуулагдсан Орхон аймгийн Г.Батдэлгэр даргатай сонгуулийн хороог татан буулгах боломжгүй гэж үзсэн болно. 

Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 12.1-т заасны дагуу Сонгуулийн Ерөнхий хороо нь өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлыг хуралдаанаар шийдвэрлэдэг.  Сонгуулийн тухай хуулийн 24.5-д зааснаар ОАСХг татан буулгах бүрэн эрх нь Сонгуулийн Ерөнхий хорооны бүрэн эрхэд хамаарах асуудал юм.

Сонгуулийн тухай хуулийн 31.5-д “Аймаг, нийслэлийн хурлын нөхөн болон ээлжит бус сонгууль нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэг явагдахаас бусад тохиолдолд аймаг, нийслэлийн сонгуулийн хороог тухайн аймаг, нийслэлийн хурлын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө энэ хуульд нийцүүлэн байгуулна гэж заасан. 

Улсын Дээд шүүхийн шийдвэрээр явагдах сонгууль нь ээлжит бус сонгууль эсхүл нөхөн сонгууль биш, харин 2016 оны ээлжит сонгуулийн дүнг хүчингүйд тооцсоны улмаас явагдах дахин сонгууль юм.

Гэтэл нэхэмжлэгч тал  Сонгуулийн тухай хуулийн уг заалтыг буруу ойлгож, өөрийн бүрэн эрхэд хамаарна гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд Сонгуулийн ерөнхий хорооны 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 348 дугаар албан бичиг нь хуульд нийцсэн болно” гэв. 

Гуравдагч этгээд ОАСХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 302 дугаар тогтоолоор Ардчилсан намын нэр бүхий 28 иргэний захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан “...сонгуулийн товыг дахин зарлаж, дахин сонгууль зохион байгуулагдахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дахин сонгуулийн зарлаж, дахин сонгуулийг зохион байгуулахыг ОАСХнд даалгах” тухай бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т “Орон нутгийн хурлын дахин сонгуулийг тухайн аймаг, нийслэл, сум дүүргийн сонгуулийн байгууллага 30 хоногийн дотор зарлана” гэж заасан бөгөөд Сонгуулийн Ерөнхий хорооноос 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 341 дугаар албан бичгээр манай хороог татан буугдаагүй гэж дахин мэдэгдсэн.

Одоо маргаж байгаа асуудал бол сонгуулийн хороог татан буугдаагүй болохыг манайд мэдэгдсэн шийдвэрийг хууль бус гэж үзэж маргаж байгаа бөгөөд үндэслэл нь Сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “Сонгуулийн төв байгууллагаас бусад сонгуулийн байгууллага нь байнгын бус ажиллагаатай байх бөгөөд энэ хуульд өөрөөр заагаагүй бол байгуулсан этгээд татан буулгах шийдвэр гаргаснаар үйл ажиллагаа дуусгавар болно”, 31 дүгээр зүйлийн 31.5-т “Аймаг, нийслэлийн хурлын нөхөн болон ээлжит бус сонгууль нь Улсын Их Хурал, ерөнхийлөгчийн сонгуультай зэрэг явагдахаас бусад тохиолдолд аймаг, нийслэлийн Сонгуулийн хороог тухайн аймаг, нийслэлийн Хурлын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 45 хоногоос доошгүй хоногийн өмнө энэ хуульд нийцүүлэн байгуулна” гэж тус тус зааснаар тус сонгуулийн хороо татан буугдсан. 

Харин дахин сонгуулийг зохион байгуулах сонгуулийн хороог аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр байгуулах ёстой гэж үзэж байгаа нь үндэслэлгүй.

Учир нь 2016 онд болон орон нутгийн ээлжит сонгуулийн зохион байгуулалтын ажиллагаа бүрэн дуусаагүй, Монгол Улсын Дээд шүүхийн дээрх тогтоолоор үргэлжилж байгаа тул одоо байгаа сонгуулийн хороо дахин сонгуулийг зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа бөгөөд тус хороог албан ёсоор татан буулгасан эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй, уг шийдвэрийг Сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-т “Сонгуулийн төв байгууллагаас бусад сонгуулийн байгууллага нь байнгын бус ажиллагаатай байх бөгөөд энэ хуульд өөрөөр заагаагүй бол байгуулсан этгээд татан буулгах тухай шийдвэр гарснаар үйл ажиллагаа нь дуусгавар болно” гэж заасны дагуу Сонгуулийн Ерөнхий хороо гаргаснаар шинээр сонгуулийн хороо байгуулах уу, хуучин сонгуулийн хороо үргэлжлүүлэх үү гэдэг асуудал шийдвэрлэгдэнэ. 

Түүнчлэн Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т “аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь тухайн аймаг, нийслэлийн хурал, түүний төлөөлөгчийн сонгуулийг шууд удирдан зохион байгуулна” гэж заасан байх бөгөөд хэрэв дахин сонгуулийг зохион байгуулах сонгуулийн хороог одоо үйл ажиллагаа явуулж байгаа аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид байгуулна гэж үзвэл намаас нь нэр дэвшиж, сонгуулийн үр дүнд сонгогдсон хурлын тэргүүлэгчид намдаа үйлчилж, намын харьяалалтай хүмүүсээ сонгуулийн хороонд томилох боломжтой болж, сонгуулийн үр дүнд нөлөөлөх нөхцөл байдал үүснэ. 

Мөн Сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Сонгууль нь дараах төрөлтэй байна”, 8.1.1-т “ээлжит”, 8.1.2-т “ээлжит бус”, 8.1.3-т “нөхөн”, 8.1.4-т “дахин”, 8.4-т “ээлжит бус сонгууль гэж ээлжит сонгуулийн хугацаанаас нь өмнө явагдах сонгуулийг хэлнэ”, 8.5-т “ээлжит бус сонгууль дараах тохиолдолд явагдана”, 8.5.3-т “орон нутгийн хурлын бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болсон”, 8.6-т “дахин сонгууль гэж дараах тохиолдолд явагдах сонгуулийг хэлнэ”, 8.6.3-т “орон нутгийн хурлын сонгуулийн хувьд ээлжит, ээлжит бус болон нөхөн сонгуулийг нэг буюу хэд хэдэн тойрогт хүчингүйд тооцсоны дараа тухайн тойрогт явагдах сонгуулийг” гэж тус тус зааснаас үзэхэд мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5-т заасан “...аймаг, нийслэлийн хурлын нөхөн болон ээлжит бус сонгууль” гэдэг нь дахин сонгууль зохион байгуулах ажиллагаатай хамааралгүй заалт болох нь харагдаж байна. 

Өөрөөр хэлбэл аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид нь ээлжит бус болон нөхөн сонгуулийн хороог байгуулах эрхийг хуулиар олгосон болохоос биш дахин сонгуулийг зохион байгуулах сонгуулийн хороог байгуулах эрхийг хуулиар олгосон зохицуулалт биш гэж үзэхээр байна.

Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагууд бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

Гуравдагч этгээд ОАСХ-ны бие даасан шаардлагадаа: “...Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 302 дугаар тогтоолоор Ардчилсан намын нэр бүхий 28 иргэний захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан ... сонгуулийн товыг дахин зарлаж, дахин сонгуулийг зохион байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дахин сонгуулийг зарлаж, дахин сонгуулийг зохион байгуулахыг ОАСХ-д даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх тул Сонгуулийн Ерөнхий хорооны 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 341 дүгээр албан бичгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4-47.1.7-д заасан үндэслэлүүдээр илт хууль бус болохыг тогтоолгохоор гуравдагч этгээдийн зүгээс бие даасан шаардлага гаргаж байна.

Мөн дээрх асуудлыг хуулийн дагуу нэг мөр, шүүхийн журмаар шийдвэрлүүлэх үүднээс “...дахин сонгуулийг зохион байгуулах зардлыг 2018 оны улсын төсөвт тусгуулж, батлуулан, тус сонгуулийн хороонд олгохыг даалгуулах” гэж нэмэгдүүлж байна” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4-47.1.7-д заасан үндэслэлүүдээр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан бие даасан шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Сонгуулийн ерөнхий хороо ээлжит сонгуулийг зохион байгуулж явуулах аймгийн сонгуулийн хороог байгуулсан. Ээлжит сонгуулийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулж дүнг, Сонгуулийн ерөнхий хороонд явуулсан ба тайлан тооцоотой бичиг баримтыг хүлээлгэж өгснөөр түүний  үйл ажиллагаа дуусгавар болсон. 

ОАСХ нь Сонгуулийн тухай хуульд заасны дагуу зардлын тайлан тооцоо, сонгуулийн холбогдолтой бусад  баримт бичгийг хүлээлгэн өгсөн, одоо аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай холбоотойгоор шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахгүй байх шаардлагыг хангасан үндэслэлээр Сонгуулийн Ерөнхий хороо ОАСХ-г 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр татан буулгасан. 

Шүүхийн шийдвэрээр болон бусад үндэслэлээр дахин сонгуулийг зохион байгуулж явуулах бол Аймгийн сонгуулийн хороог шинээр байгуулах ёстой. 

Түүнчлэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй, дахин сонгуулийн зардлыг 2018 оны улсын төсөвт тусгуулах шаардлага нь захиргааны хэргийн шүүхийн харьяаллын биш зэрэг үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гуравдагч этгээдийн бие даасан шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагад бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-т “Орон нутгийн хурлын нөхөн, дахин, ээлжит бус сонгуулийн зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ” гэж тодорхой заасан.

Харин Сонгуулийн Ерөнхий хорооны төсөвт 2018 оны Орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд хэрэглэх санал авах, тоолох дүн гаргах төхөөрөмжийн лицензийн төлбөр, программ хангамжийн зардлыг Улсын Их Хурлаас улсын төсвөөр санхүүжүүлэхээр баталж өгсөн болно. 

Иймд, Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль явуулж, зохион байгуулах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх боломжгүй болно” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ОАИТХТ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Сонгуулийн хорооны 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 348 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах, ОАИТХТ аймгийн сонгуулийн хороог байгуулах эрхтэй болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргажээ. 

Гуравдагч этгээд ОАСХ-оос “Сонгуулийн ерөнхий хорооны 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 341 дугаартай албан бичгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4-47.1.7-д заасан үндэслэлүүдээр илт хууль бус болохыг тогтоолгох”  тухай бие даасан шаардлагыг анх гаргасан байх ба 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бие даасан шаардлагаа “...дахин сонгууль зохион байгуулах зардлыг 2018 оны улсын төсөвт тусгуулж батлуулан, тус сонгуулийн хороонд даалгах”  гэж нэмэгдүүлж,  итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд бие даасан шаардлагаа тодруулж “Сонгуулийн ерөнхий хорооны 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 341 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах, дахин сонгууль зохион байгуулах зардлыг 2018 оны улсын төсөвт тусгуулж батлуулан, тус сонгуулийн хороонд олгохыг даалгах” тухай бие даасан шаардлагаа дэмжиж байгаагаа илэрхийлсэн болно. 

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа ОАСХ-д холбогдуулж “...ОАСХ нь дахин сонгуулийг зохион байгуулах харилцаанд оролцох эрх бүхий төрийн байгууллага биш болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх” гэж нэмэгдүүлснийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-т “тухайн захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 690 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь ОАИТХТ-ийн нэхэмжлэлтэй Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох хэргийг хянан хэлэлцэхэд саад болохооргүй байна.  

1/ “Сонгуулийн хорооны 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 348 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах, ОАИТХТ аймгийн сонгуулийн хороог байгуулах эрхтэй болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Сонгуулийн ерөнхий хорооны  2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 341 тоот албан бичиг нь “ОАСХ-г татан буугдсан болох”-ыг, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 348 тоот албан бичиг нь “...Орхон аймгийн Г.Батдэлгэр даргатай/нарийн бичгийн дарга М.Жанболат/ сонгуулийн хороог татан буугдаагүй гэж үзсэн болох”-ыг ОАСХ болон Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд тус тус мэдэгдсэн агуулгатай байна.

Гэвч хариуцагчаас ОАСХ-г татан буулгасан талаарх өөр шийдвэр /захиргааны акт/-ийг бичгийн хэлбэрээр гараагүй болох нь тогтоогдож байх ба Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасны дагуу “хороо өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлыг хуралдаанаараа хэлэлцэж, Хорооны нийт гишүүний олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргах” бүрэн эрхээ хариуцагчаас хэрэгжүүлээгүй нь иргэн, хуулийн этгээдээс тухайн харилцааг зохицуулсан “албан бичиг”-тэй холбогдуулж шүүхэд маргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй юм. 

Мөн маргаан бүхий актууд нь ОАСХ болон Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд тус тус хаяглагдсан байх тул нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хувьд эрх зүйн үр дагавар үүсгэсэн, зохицуулалт агуулсан, гадагш чиглэсэн захиргааны акт мөн гэж үзэхээр байна.

Сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “Сонгуулийн төв байгууллагаас бусад сонгуулийн байгууллага нь байнгын бус ажиллагаатай байх бөгөөд энэ хуульд өөрөөр заагаагүй бол байгуулсан этгээд татан буулгах тухай шийдвэр гаргаснаар үйл ажиллагаа нь дуусгавар болно”, 31 дүгээр зүйлийн 31.4-т “Сонгуулийн төв байгууллага аймаг, ... сонгуулийн хороог ... байгуулна” гэж зааснаас үзвэл хариуцагч байгууллага нь орон нутгийн хурлын ээлжит сонгуулийг зохион байгуулж явуулах аймгийн сонгуулийн хороог байгуулах, татан буулгах шийдвэр гаргах эрх хэмжээтэй байна.

Хуулийн дээрх зохицуулалтыг үндэслэж Сонгуулийн ерөнхий хорооны “Аймаг, нийслэлийн сонгуулийн хороог байгуулах тухай” 2016 оны 21 дүгээр тогтоол гарч Г.Батдэлгэр даргатай/нарийн бичгийн дарга М.Жанболат/ ОАСХг  байгуулсан байх ба нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нь энэхүү үйл баримттай маргахгүй байна. 

Харин нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...ээлжит сонгуулийг зохион байгуулсан хороо дахин сонгуулийг зохион байгуулах хуулийн зохицуулалт байхгүй, маргаан бүхий актаар Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5-д заасныг зөрчиж ээлжит сонгуулийг зохион байгуулсан ОАСХг татан буугдаагүй гэж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчид хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан тул хууль бус” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. 

Учир нь Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 10 дугаар тогтоолоор  иргэн Д.Доржпүрэв, Б.Гантүшиг нарын нэр бүхий 29 иргэний нэхэмжлэлтэй, ОАСХнд холбогдох “ОАСХноос сонгуулийн товыг дахин зарлаж, дахин сонгууль зохион байгуулж, явуулахгүй байгаа эс үйлдэхүйг илт хууль бус болохыг тогтоолгох, шүүхийн шийдвэрт заасан хэмжээгээр буюу Орхон аймгийн орон нутгийн сонгуулийн 1, 2, 3, 4, 5, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 19, 20, 21, 22 дугаар тойргуудад холбогдох хууль тогтоомжийн дагуу Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг дахин товлон зарлаж, дахин сонгууль зохион байгуулж, явуулахыг  ОАСХнд даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсний дагуу Орхон аймагт явагдах дахин сонгууль нь Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5 дахь заалтад хамаарахааргүй байна. 

Өөрөөр хэлбэл, Сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-т “Дахин сонгууль гэж дараах тохиолдолд явагдах сонгуулийг хэлнэ”, 8.6.3-т “орон нутгийн хурлын сонгуулийн хувьд ээлжит, ээлжит бус болон нөхөн сонгуулийг нэг буюу хэд хэдэн тойрогт хүчингүйд тооцсоны дараа тухайн тойрогт явагдах сонгуулийг” гэж зааснаас үзэхэд Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль нь дахин сонгууль байх тул уг сонгуулийг зохион байгуулж явуулах үүрэг нь мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т зааснаар ОАСХ байхаар байна. 

Мөн Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5-д “Аймаг, нийслэлийн Хурлын нөхөн болон ээлжит бус сонгууль ...” гэж тодорхой заасан, мөн хуульд эдгээр сонгуулийн зохион байгуулж явуулах тохиолдлуудыг тоочин зохицуулсан байх тул нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “ОАСХ-г аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид байгуулах эрх хэмжээнд халдаж байна” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, хуулийн дээрх зохицуулалтын дагуу ОАИТХТ нь зөвхөн “нөхөн болон ээлжит бус” сонгуулийг зохион байгуулж явуулах сонгуулийн хороог байгуулах эрх хэмжээтэй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5 дахь заалт нь нөхөн болон ээлжит бус сонгуулийг зохион байгуулахад хамаарна” гэсэн тайлбар үндэслэлтэй байна.

2/ “Сонгуулийн ерөнхий хорооны 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 341 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах, дахин сонгууль зохион байгуулах зардлыг 2018 оны улсын төсөвт тусгуулж батлуулан, тус сонгуулийн хороонд олгохыг даалгах” тухай гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд:

Сонгуулийн ерөнхий хорооны  2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 341 тоот албан бичиг нь “ОАСХ-г татан буугдсан болох”-ыг мэдэгдсэн байна. 

Үүний дараа “...Орхон аймгийн Г.Батдэлгэр даргатай/нарийн бичгийн дарга М.Жанболат/ сонгуулийн хороог татан буугдаагүй гэж үзсэн” тухай 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 348 тоот албан бичгийг мөн хүргүүлжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай холбоотой маргаан шүүхэд хянан шийдвэрлэгдэж байхад аймгийн сонгуулийн хороог татан буугдсан гэсэн бичгийг явуулсан алдааг залруулж маргаан бүхий актыг гаргасан” гэж тайлбарлаж байх ба ОАСХг татан буугдсан эсэх харилцааг шийдвэрлэсэн 348 дугаартай албан бичгийг ОАСХнд хүргүүлснээр тухайн харилцааг зохицуулсан өмнөх /341 тоот/ албан бичгийн үйлчлэл дуусгавар болжээ. 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс бие даасан шаардлагын үндэслэлээ “Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд тухайн харилцааг зохицуулсан Сонгуулийн хорооны 2017 оны 341 дүгээр албан бичгийн үйлчлэл сэргэж ОАСХ-ны эрх зүйн байдал тодорхойгүй, бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болохоор байгаа учраас 341 дүгээр албан бичгийн хүчингүй болгох үндэслэлтэй” гэж тайлбарлан маргаж байх боловч энэхүү албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан “Захиргааны акт гэж ...эрх зүйн шууд үр дагавар бий болгосон...” байх шинжээ алдсан байна. 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу гуравдагч этгээд ОАСХ-ны “Сонгуулийн ерөнхий хорооны 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 341 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах” тухай бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. 

Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, орон нутгийн хурлын сонгуулийн доор дурдсан сонгуулийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ”, 38.2.14-т “нэмэлт болон дахин санал хураах, ээлжит, ээлжит бус, нөхөн болон дахин сонгууль явуулах зардал” гэж заасан байгаагаас үзвэл гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...орон нутгийн хурлын дахин сонгуулийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх боломжтой” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжтой.

Гэвч хууль тогтоогчоос Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-т “Орон нутгийн хурлын нөхөн, дахин, ээлжит бус сонгуулийн зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ” гэж заасан нь орон нутгийн хурлын нөхөн, дахин, ээлжит бус сонгуулийн зардлыг санхүүжүүлэх талаарх нарийвчилсан зохицуулалт гэж үзэхээр байх тул хариуцагч Сонгуулийн ерөнхий хороонд хуулиар ногдуулаагүй үүргийг биелүүлэхийг даалгаж шийдвэрлэх боломжгүй.

 Иймд гуравдагч этгээдийн “дахин сонгууль зохион байгуулах зардлыг 2018 оны улсын төсөвт тусгуулж батлуулан, тус сонгуулийн хороонд олгохыг даалгах” тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.4, 31.5-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ОАИТХТ-ийн “Сонгуулийн Ерөнхий хорооны 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 348 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах, ОАИТХТ аймгийн Сонгуулийн хороог байгуулах эрхтэй болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-т заасныг баримтлан гуравдагч этгээдийн “...дахин сонгуулийг зохион байгуулах зардлыг 2018 оны төсөвт тусгуулж, батлуулан, тус сонгуулийн хороонд олгохыг даалгах” тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.2-т заасныг тус тус баримтлан гуравдагч этгээдийн “...Сонгуулийн Ерөнхий хорооны 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 341 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах” тухай бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээд улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг төлөөгүй болохыг дурдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.МӨНХЗУЛ