Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2020/0249/З |
Дугаар | 221/МА2021/0260 |
Огноо | 2021-05-25 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2021/0260
Б.А-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгч Б.А, хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагч Гадаад харилцааны сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, Боловсрол, шинжлэх ухааны сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 140 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын дагуу Б.А-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Гадаад харилцааны сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдад тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 140 дүгээр шийдвэрээр:
“...Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, мөн зүйлийн 2, 19 дүгээр зүйлийн 3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдох “гомдолд хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, бусдын үйлдсэн гэмт хэрэгт буруутгагдаж БНСУ-д зөрчигдсөн Б.А-ийн иргэний болон ажил хэргийн нэр хүндийг сэргээх, гэм буруутай этгээдүүдэд хуульд заасан хариуцлага тооцохыг даалгах”, Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдох “гомдолд хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хуульд заасан журмын дагуу хяналт тавихыг даалгах”, Гадаад харилцааны сайдад холбогдох “гомдолд хуульд заасан үндэслэл журмын дагуу хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, БНСУ-д суугаа консулын ажилтнуудад хариуцлага тооцуулах тухай гомдлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг даалгах” шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан “гомдолд хуульд заасан хугацаанд, хуульд заасан үндэслэл журмын дагуу хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг хариуцагч Боловсрол, шинжлэх ухааны сайд хүлээн зөвшөөрснийг, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн “бусдын үйлдсэн гэмт хэрэгт буруутгагдаж Бүгд Найрамдах Солонгос Улсад зөрчигдсөн багш Б.Аийн ажил хэргийн нэр төр, сурч боловсрох эрхийг сэргээлгэх тухай гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайдад даалгах” шаардлагаасаа татгалзсаныг баталж, Боловсрол, шинжлэх ухааны сайдад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь шаардлагаасаа татгалзсан асуудлаар дахин нэхэмжлэл гаргах, шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтад гомдол гаргах эрхгүйг тайлбарлаж ...” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Б.А давж заалдах гомдолдоо:
“...Иргэн Б.А би Монгол Улсын Үндсэн Хуулийн Аравдугаар зүйлийн 2-д “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, Иргэний болон Улс төрийн эрхийн Олон Улсын пактын 14 дүгээр зүйлийн 1-д “Шүүх ба тусгай шүүхийн өмнө бүх хүн тэгш эрхтэй. Хүн бүр тулгасан эрүүгийн хэргийг хянан хэлэлцүүлэх буюу иргэний нэхэмжлэлийн хүрээнд эрх, үүргээ тодорхойлуулахдаа хуулийн дагуу байгуулагдсан эрх бүхий, хараат бус, тал үл харах шүүхээр нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй”, 17 дугаар зүйлийн 17.1-д “Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн буюу хууль бусаар оролцох, орон байранд нь буюу захидал харилцааных нь нууцад дур мэдэн буюу хууль бусаар халдах, эсхүл нэр төр, алдар хүндэд нь хууль бусаар халдахыг хориглоно”, мөн 17 дугаар зүйлийн 17.2-т “Хүн бүр тийм оролцоо, халдлагаас хуулиар хамгаалуулах эрхтэй” Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх талаар хуульд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлнэ”, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д “Монголын талын хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгаж, зохион байгуулна”, Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “Захиргааны байгууллагын захиргааны шийдвэр гаргах ажиллагаа болон захиргааны акт энэ хуулийн дагуу эрх зүйн зөрчилд тооцогдож эрх зүйн үр дагаваргүй болсон тухайн гэм буруутай албан тушаалтны санаатай болон санамсаргүй үйлдсэн зөрчилд нь тохирох шийтгэлийг оногдуулна”, 105 дугаар зүйлийн 105.2-т “Тухайн албан тушаалтныг томилсон болон дээд шатны байгууллагын албан тушаалтан энэ хуулийн 105.1-д заасан зөрчил гаргасан, эсхүл захиргааны шийдвэрийг сайн дураараа эс биелүүлсэн албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дараах шийтгэлийн аль нэгийг оногдуулна”, 105.4-д “Энэ хуулийн 105.1, 105.2 дахь хэсгээс бусад зүйл заалтыг зөрчсөн албан хаагчид Төрийн албаны тухай хууль, тус харилцааг нарийвчлан зохицуулсан холбогдох бусад хуулиар хариуцлага хүлээлгэнэ”, мөн хуулийн 107.1-д “Эрх зүйн зөрчил гаргасан албан тушаалтанд энэ хуулийн 105.2-т заасан шийтгэл оногдуулаагүй, эсхүл тохирсон шийтгэлийг ногдуулаагүй тохиолдолд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж болно” гэсэн хуулийн заалтыг баримтлан нэхэмжлэл гаргасан.
1. Монгол Улсын Засгийн газрыг Олон Улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлж, бусдын үйлдсэн гэмт хэрэгт буруутгагдаж, Бүгд Найрамдах Солонгос Улсад зөрчигдсөн Б.А-ийн иргэний болон ажил хэргийн нэр хүндийг сэргээх , гэм буруутай хуулийн этгээдүүдэд хуульд заасан хариуцлага тооцохыг даалгуулах
2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр, 14 жил 04 сар 07 хоног үргэлжилсэн зөрчил
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, хуулийн этгээд болох Улсын бүртгэлийн ерөнхий газрын удирдах, гүйцэтгэх ажилтнууд хувьдаа, бусдад давуу байдал олгох зорилгоор Хууль хамгаалагдсан хувь хүний нууцыг бусдад дамжуулж, Монгол Улсын иргэн Б.А гарын үсгийг хуурамчаар зурсан хуурамч мэдүүлэг ашиглаж, миний овог, нэр, регистрийн дугаартай Л.А-ийн зурагтай хуурамч иргэний үнэмлэх, гадаад паспорт, намайг Б.Б-тай гэрлүүлсэн гэрлэлтийн гэрчилгээ үйлдэн олгож, уг хуурамч бичиг баримтыг ашигласан сэжигтэн Л.А-г би 2010 оны 07 дугаар сарын 08-ны өдөр харангуут таньсан, 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдөр сэжигтэн Л.А Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос улсад суугаа консулын ажилтанд гэмт хэргээ өөрөө илчилж очсон байхад, хойшлуулшгүй ажиллагаа явуулалгүй, гэм буруугүй Б.А миний гадаад зорчих эрхийг 2010 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 8 жил 7 сар 27 хоногийн турш хязгаарлаж саатуулсан захиргааны акт гаргаж, түүнийг нуун дарагдуулж, мэдэгдээгүй, 2016 оны 06 сараас 2019 оны 08 дугаар сарын 08 хүртэл 3 жил 2 сар 8 хоног Б.А намайг Улсын Бүртгэлийн цахим санд хуурамч иргэний үнэмлэхтэй гэсэн худал мэдээллийг зориуд оруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 4153 тоот шинжээчийн дүгнэлт, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 655 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 36 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 88 дугаар тогтоолоор тогтоогдсон.
Улсын бүртгэлийн ерөнхий газар болон дээрх хууль бус зөрчил гаргасан албан тушаалтнуудын үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 13.9 мөн хуулийн 13.10, 22.12 дугаар зүйлд заасан хариуцлага тооцохоор хуульчилжээ. Гэвч Монгол Улсын Засгийн газар холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлэсэн ямар ч нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхад Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.
2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 7 жил 02 сар 28 хоног
Л.А нь миний овог, нэр, регистрийн дугаартай Л.А-ийн зурагтай хуурамч иргэний үнэмлэх, гадаад паспортыг ашиглаж, 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 7 жил 2 сар 28 хоног Монгол Улс, БНХАУ, БНСУ-ын хилийг хууль бусаар нэвтэрсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233.2 дугаар зүйлийн 2, 89 дүгээр зүйлийн 89.2-д заасан хүндэвтэр ангиллын гэмт хэрэг үйлдсэн болох нь Нийслэлийн прокурорын газрын 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 5/244 тоот тогтоолоор тогтоогдсон.
2010 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл 8 жил 8 сар 14 хоног
Дээрх гэмт үйлдлүүдийг нуун дарагдуулахын тулд Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Х, Д.Г, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Хууль сахиулах, нотлох баримтыг хадгалах хамгаалах үүрэг бүхий Тагнуулын Ерөнхий газрын дарга албан тушаалтнууд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн 2009 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 97 тоот шийтгэх тогтоолтой хэргээс тусгаарласан Эрүүгийн 20847065 тоот хэрэг Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2010 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 9/7694 тоот албан бичгээр “Материал шалгуулах”-аар хүргүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий нотлох баримтыг 2010 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 7 жил 4 сар 3 хоног зориуд нуун дарагдуулж байгаад, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж Б.А намайг бусдын үйлдсэн гэмт хэрэгт буруутгахын тулд гаргаж өгсөн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “хойшлуулшгүй” ажиллагаа явуулах үүрэг бүхий Тагнуулын Ерөнхий газар, Хил хамгаалах Ерөнхий газар нь Б.А намайг Эрүүгийн 20847065 хэрэгт хохирогчоор тогтоохын оронд 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл 8 жил 7 сар 10 хоног турш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гадуур гадаадад зорчих эрхийг хязгаарласан захиргааны акт гаргаж, түүнийгээ зориуд нууж байсан болох нь Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 119 дүгээр тогтоол, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 518 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 501 дүгээр тогтоол, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 сарын 05-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.
Тагнуулын байгууллага болон Хил хамгаалах Ерөнхий газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнуудын үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 13.9 мөн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 2, мөн хуулийн 22.12 дугаар зүйл, мөн хуулийн 21.6 дугаар зүйлийн 2-д заасан хариуцлага тооцохоор хуульчилжээ. Гэвч Монгол Улсын Засгийн газар холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлэсэн ямар ч нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхад Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.
2011 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 1 жил 5 сар 19 өдөр
4. Дээрх гэмт хэргүүдийг нуун дарагдуулахын тулд Дархан-Уул аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Э, нарийн бичгийн дарга З.Т, өмгөөлөгч П.Б, өмгөөлөгч Л.Ц нар Л.А-г хариуцагчаар татах, 10 сая төгрөг гаргуулах, М.М-ыг хариуцагчаар татах, Л.А-ийн гарын үсгийн шинжилгээ хийлгэх хүсэлтийг шийдвэрлэхгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг санаатайгаар удаашруулж байгаад, Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 69 тоот тогтоол бичгээр албажиж гарч амжаагүй байхад, 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 835 тоот шийдвэр гаргаж, гэрлэлт цуцлах болон Төрийн банкны нэхэмжлэлтэй “зохиомол хэрэг” үүсгэсэн. Дархан-Уул аймгийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 94 тоот магадлалтай, Улсын Дээд шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 111 дүгээр тогтоол гаргасан шүүгч Давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Э, Б.Б, Ц.Т, Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.С, Ц.А, А.Д, Д.Тг, Т.У нар М.М-ыг хариуцагчаар татаагүй байж, манай гэр бүлийн өмчлөлийн Дархан-Уул аймаг Дархан сум 4 дүгээр баг, 22 дугаар хороолол, 9-28 3 өрөө орон сууцыг түүний өмчлөлд шилжүүлж, Л.А-ийн нэрийг ашиглаж, Л.А-ийн гарын үсгийг хуурамчаар зурсан хуурамч худалдах-худалдан авах гэрээг байгуулсан М.М гэгчийн 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр Л.А, Б.А, А.И, А.А, А.И нарыг тогтоосон “илт хууль бус” шийдвэр гаргасан ба Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 242 дугаар тогтоолоор 27410128 төгрөгийн зохиомол авлага үүсгэж, үүргийн гүйцэтгэлийг манай гэр бүлийн 2 дахь эд хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум 4-32 тоот 3 өрөө орон сууцаар хангахаар “илт хууль бус” шийдвэр гаргасан.
Уг гомдлыг шийдвэрлэсэн Монголын Хуульчдын Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг хянасан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаар магадлал, Монголын Хуульчдын Холбооны 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 21 дүгээр дугаар бүрэлдэхүүний тогтоол, 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2/02 дугаар гишүүний захирамж, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 25 дугаар бүрэлдэхүүний тогтоол, 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2/43 тоот гишүүний захирамж, 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор нэмэлт шалгалтын ажиллагаа явуулах шаардлагатай гэсэн боловч Монгол Улсын Хууль зүй дотоод хэргийн яамны сайд өнөөдрийг хүртэл Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүргээ биелүүлсэнгүй. Хуульд заасан хугацаанд гомдлыг шударгаар шийдвэрлэж, үнэн зөв хариу өгсөнгүй.
Үүний улмаас дээрх нэр бүхий хуульч нар дахин архивт байгаа 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 835 тоот шийдвэрийг засварласан, өөрчилсөн, нуун дарагдуулж байсан хуурамч шүүгчийн захирамж, хүсэлт, шинжээч томилох тухай шүүгчийн захирамжуудыг нууж байгаад нэмж хийсэн үйлдэлд нь Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс шалгалтын ажиллагаа явуулж, 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 01/342 албан бичгээр Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны тусгай субьектын үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэст хүргүүлэн эхлүүлсэн, Эрүүгийн 190200192 дугаартай шийдвэрлэсэн хэрэг, 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 18 дугаартай тогтоолтой хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан материалын шийдвэрүүдийг хүчингүй болгож, хамтатган шалгуулахаар прокурорын даалгавар бичиж хүргүүлсэн гэх боловч, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1/2300 Монгол Улсын Ерөнхий Прокурорын хариу мэдэгдэх хуудсыг хүлээн авсан Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны тусгай субъектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хурандаа Ц.Г Б.А миний хохирогчоор тогтоолгох хүсэлт, уг хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий нотлох баримтыг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 557 хуудас бүхий нотлох баримтыг нуун дарагдуулж байгаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх уг ажиллагаанд Б.А намайг огт оролцуулалгүй, уг хэргийг хаасан юм.
2013 оны 04 дүгээр сараас 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүртэл
Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шийдвэр ерөнхий газрын албан тушаалтнууд нь Төрийн банк болон, дээрх нэр бүхий хуульч өмгөөлөгч нарт давуу байдал олгохын тулд төлбөр төлөгч Л.Агаас 3,888,000 төгрөг, М.М-оос 5,000,000 төгрөг авлага, төлбөр төлөгч Л.А-аас гаргуулсан хүүхдийн 34379265 төгрөгийн авлагын тооцооллыг 101 сарын турш сар бүр гаргах тооцооллоо гаргахгүй байж байгаад, нийт 43,267,265 төгрөгийн авлагатай төлбөр авагч Б.А миний бидний гэр бүлийн өмчлөлийн өөр нэг байр болох Дархан-Уул аймгийн Дархан сум 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 4-32 тоот гурван өрөө орон сууцыг 2016 оны 02 дугаар сараас 2021 оны 02 дугаар сарын 05 хүртэл 5 жил 5 хоногийн турш түдгэлзүүлж байснаа 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр дахин үндэслэлгүйгээр түдгэлзүүлж, 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн ХААН банкны дансыг битүүмжилж, орон сууцны зээлийн ангиллыг “муу” ангилалд шилжүүлж, цалингийн зээлийг “эргэлзээтэй” ангилалд шилжүүлсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271.1.4-д “шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гэмт хэргийн шинж бүхий баримт илэрсэн тохиолдолд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах эрх бүхий байгууллагад мэдэгдэх” үүргээ биелүүлэхийн оронд надад төлбөр төлөгч, тэтгэлэг төлөгч гэсэн ганцхан зохиомол ял тохож, эрүү шүүлт тулгаж, дээрх гэмт үйлдлүүдийг нуухын тулд хүүхдийн төлөгдөөгүй тэтгэлгийн хэмжээг 2,199,500 төгрөг байгаа мэтээр 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр зохиомол зөрчлийн хэрэг үүсгэж, зөрчлийн хэргийн хохирогч болгосон Б.А миний гарын үсгийг хуурамчаар Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн шүүхэд гаргаж өгсөн өгч, амьд явах бүх боломжийг нь хааж, боож байгаа нь Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 46 тоот гомдол шийдвэрлэсэн тухай албан бичгийн “... Холбогдох материалыг хянахад зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтан нь оролцогчийн гарын үсгийг хуурамчаар зурсан, хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг засварласан, өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн байж болзошгүй үйл баримтыг мөрдөн шалгах байгууллагад шилжүүлэн шалгуулах нөхцөл байдал тогтоогдож байх тул прокурорын шийдвэрт өөрчлөлт оруулан, таны гаргасан гомдолд дурдсан асуудлыг шалгуулахаар Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлсэн болохыг мэдэгдэж байна” гэх хариу, Зөрчлийн гэх зохиомол хэргийн хохирогч Б.А миний гарын үсгийг хуурамч болохыг тогтоосон Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 47 тоот шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдоод байна.
Дээрх нотлох баримтууд нь Гадаад харилцааны сайд Д.Ц, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Н нарт хариуцлага тооцох хангалттай үндэслэл болж байхад Монгол Улсын Ерөнхий сайд дээрх гомдолд хариу өгөөгүй эс үйлдэхүй гаргасан байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байгаа тул гомдол гаргаж байна.
2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хууль заасан үндэслэл журмын дагуу хяналт тавихыг Хууль зүй, дотоод хэргийн яамны сайдад даалгуулах
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 1-д “Захиргааны хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг хэргийн оролцогч, түүний эрх залгамжлагч биелүүлэх үүрэгтэй”, мөн хуулийн 128 дугаар зүйлийн 1-д “Бүх шатны засаг дарга, төрийн захиргааны төв байгууллага, Засгийн газар нь доод шатны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд захиргааны хэргийн талаархи шүүхийн шийдвэрийн биелэлтэд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхийн хүрээнд хяналт тавина” мөн хуулийн 300 дугаар зүйлийн 300.1-д “Хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хууль тогтоомжид заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавина” гэж заасныг баримтлан Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдад 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр гомдол гаргасан.
1. Хуулийн этгээд болох Улсын бүртгэлийн ерөнхий газар, Гадаад харилцааны сайд нь Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 3393 дүгээр шүүгчийн захирамжид үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 178 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэн. Хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 132 дугаар зүйлд заасан ажиллагаа хийгдэх ёстой байсан боловч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хуульд заасан ажиллагааг хийгээгүй.
Мөн Захиргааны хэргийн шүүхээр тогтоогдсон илт хууль бус үйлдэлд өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар Эрүүгийн хариуцлага тооцохоор хуульчилсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1.4 “шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гэмт хэргийн шинж бүхий баримт илэрсэн тохиолдолд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах эрх бүхий байгууллагад мэдэгдэх” гэсэн заалтыг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга Р.Э-д дээрх хуулийн заалтыг биелүүлэх тухай гомдол гаргасан ч өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга хурандаа Э.Д-д Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа талаар гомдол гаргасан боловч, захиргааны шүүхдээ ханд гэсэн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 1/6262 тоот албан бичгээр хариу өгсөн тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга, хурандаа Э.Д-д хандаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2, 132 дугаар зүйлийн 132.2-д заасан ажиллагаа явуулах хүсэлт гаргасан боловч, хуульд заасан хугацаанд биелүүлээгүй учраас Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдад 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр гомдол гаргасан. Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй учраас Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.
2. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 88 дугаар тогтоолоор Гадаад хэргийн сайдын хүсэлтэд хариу өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хуульд заасан үндэслэл журмын дагуу зохих хариу өгөхийг хариуцагч Гадаад харилцааны сайдад даалгаж шийдвэрлэсэн.
Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй”, мөн хуулийн 23.3-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг санаатай биелүүлээгүй, эсхүл биелүүлэхэд зориуд саад учруулсан этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”, 23.4-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдсон харилцааг тухайлсан хуулиар зохицуулна”, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д “Сайд нь өөр байгууллага, албан тушаалтан шийдвэрлэхээр хуульд шууд зааснаас бусад өөрийн эрхлэх асуудлын хүрээ, хуулиар хүлээсэн чиг үүрэг нь хамаарах асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг доод шатны байгууллага, албан тушаалтанд шилжүүлэхгүйгээр эцэслэн хариу өгнө” гэж хуульчилжээ.
Шүүхээс Б.А-ийн хүсэлтэд хуульд заасан үндэслэл журмын дагуу зохих хариу өгөхийг хариуцагч Гадаад харилцааны сайдад даалгасан. Гадаад харилцааны яамны консулын газрын захирал Л.М 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 10/496 тоот албан бичгээр хариу өгсөн нь, дээрх албан бичгийн агуулга нь Монгол Улсын дээд шүүхийн тамгын газрын 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 5/955 тоот албан бичгээр үгүйсгэгдэж байгаа тул Гадаад харилцааны сайд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлсэн гэх Хууль зүй, дотоод хэргийн сайд, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон шийдвэр, Гадаад харилцааны сайдын эс үйлдэхүй тогтоогдохгүй байна гэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр тус тус үндэслэлгүй байна.
3. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандан 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хуульд заасан хугацаанд хуульд заасан ажиллагааг талаарх гомдол дотоод явуулаагүй албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах тухай гомдол гаргасан боловч шийдвэрлээгүй.
4. Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хэг/2713 тоот албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахгүй байгаа гэх гомдол ирүүлснийг харьяаллын дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Н-д шилжүүлсэн ч хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй.
5. Монгол Улсын Их хурлын Хууль зүйн байнгын хорооноос 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10/920 тоот албан бичгээр Боржигон овогт Б.А-ийн овог нэр, регистрийн дугаарыг ашиглаж, бусдад үндэсний гадаад паспортыг олгосон үйлдлийг тогтоож, Улсын бүртгэлийн санд Б.А-ийг хуурамч иргэний үнэмлэх, гадаад паспорттай гэсэн худал мэдээллийг устгахыг даалгасан Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг холбогдох байгууллагууд хэрэгжүүлэхгүй байгааг дурьдаж, асуудлыг шийдвэрлэж, өгөхийг хүсчээ гээд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Н-д шилжүүлсэн ч хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй.
6. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2 дахь заалтыг баримтлан Хууль зүй дотоод хэргийн яамны сайд Ц.Н-д гаргасан боловч, Төрийн нарийн бичгийн дарга Г.Б 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1-4/4568 тоот албан бичгээр “Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандан иргэн Б.А-ээс Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны сахилгын шинжээч Б.Э, Б.Э нар нь уг иргэний гомдлыг хянан шийдвэрлэхдээ холбогдох хууль дүрэм зөрчсөн гэх гомдлыг 2 дахь удаагаа гаргаж байна. Иргэн Б.А-ээс дээрх асуудлаар тус яаманд гаргасан гомдлыг танай холбоонд 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1-4/351 дугаар албан бичгээр харьяаллын дагуу шилжүүлсэн байна. Иймд иргэний гомдолд дурдсан асуудлыг хэрхэн шалгасан талаарх танилцуулга, авч буй арга хэмжээ гаргасан шийдвэрийг яаралтай ирүүлнэ.”, Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороон дарга Х.Н 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 10/11956 албан бичгээр Монголын Хуульчдын Холбооны Ерөнхийлөгч Б.Ө-д “Иргэн Б.А-ээс Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо нь иргэний гомдлыг холбогдох хууль тогтоомж, журмын хүрээнд шийдвэрлэхгүй хүндрэл учруулж байгаа талаар тус байнгын хороонд удаа дараа гомдол гаргаж байгаа бөгөөд гомдлыг Монголын Хуульчдын холбоонд шилжүүлж хэрхэн шийдвэрлэсэн талаар тус байнгын хороо болон хүсэлт гаргагчид хариу өгөхийг мэдэгдье” гэсэн албан тоот явуулсан боловч өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Х.Н болсон бөгөөд бас л Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй.
7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа А.Н-ын 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 4/1662 тоот албан бичгийг эс зөвшөөрч, Монгол Улсын хууль зүй, дотоод хэргийн яамны сайд Ц.Н-д гомдол гаргасан боловч 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 1-4/4108 тоот албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын дарга, хурандаа Д.Д шилжүүлэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, А.Н 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 4/2112 тоот албан бичгээр үндэслэлгүй хариу өгч, хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй тул Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд Х.Н-т дахин энэ асуудлаар гомдол гаргахад 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 7/1289 тоот албан бичгээр “Тэрээр гомдолдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хурандаа А.Н, Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга асан, хошууч Ц.С нар өргөдөл гаргахад худал хариу өгсөнд гомдолтой байгаа талаар дурьдаад, хяналт шалгалт хийж, хариуцлага тооцуулахыг хүсчээ. Иймд гомдолд дурьдсан асуудлыг сайтар судлан үзэж, холбогдох шалгалтын ажиллагааг хийж, иргэнд эцэслэн хариу өгч, дүнг 11 дүгээр сарын 10-ны дотор Сайдад танилцуулна уу” гээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын дарга, хурандаа Д.З-т шилжүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын дарга, хурандаа М.А-ын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 7/5357 дугаар албан бичгээр хариу ирүүлсэн нь үндэслэлгүй байсан тул 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр дахин Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд Х.Н, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын дарга, хурандаа Д.З нарт гомдол гаргасныг Хууль зүй, дотоод хэргийн яам 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 71220 албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын дарга, хурандаа Д.З руу шилжүүлж, Д.З Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын дарга, хурандаа М.А руу шилжүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын дарга, хурандаа М.А өөрийнхөө шийдвэрийг зөвтгөсөн үндэслэлгүй хариуг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 07/335 тоот албан бичгээр ирүүлж мөн шийдвэрлэгдсэнгүй. Үүний улмаас шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 101 сарын турш хүүхдийн тэтгэлгийн тооцооллыг сар бүр гаргах үүргээ бүрэн биелүүлэхгүй эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Б.Аийн бусдаас авах авлага болох 8,888,000 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба Төрийн банк руу шилжүүлсэн илт хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтнууддаа хуульд заасан хариуцлага тооцохын оронд дахин Зохиомол Зөрчлийн хэрэг үүсгэж, манай гэр бүлийн өмчлөлийн Дархан-Уул аймаг Дархан сум 4 дүгээр багийн 22 дугаар хороолол 9 дүгээр байрны 28 тоот 3 өрөө орон сууц, Дархан-Уул аймгийн Дархан сум 11 дүгээр баг, 4-32 тоот 3 өрөө орон сууцад ноцтой хохирол учруулаад байна. Дээрх гэмт үйлдэлд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Н таслан зогсоох, хяналт тавих үүргээ биелүүлэхгүй байна.
8. Б.А би Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нид хандаж, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Х Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д “шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах” үүргээ зөрчиж, 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 01/995 тоот албан бичгээр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “ ... Б.А нь өөрийн баримт бичиг, нэрийг ашиглан Монгол Улсын иргэний үнэмлэх, гадаад паспорт гаргуулж авахыг хадам эгч Л.А-даа зөвшөөрсөн гэх үндэслэл тогтоогдсон байна” гэсэн өөртөө давуу байдал бий болгох ятгах утгатай тайлбар гаргасан нь шүүгч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай нь холбогдуулан ятгасан үйлдэл бөгөөд уг үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 21.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна. Түүний энэ тайлбарын үндэслэл гэж Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Х, Д.Г нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х нь 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Улсын бүртгэлийн газраас 2010 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 9/7694 тоот “Материал шилжүүлэн шалгуулах тухай” албан бичгийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулбар үнэн гэсэн дардастайгаар гаргаж өгсөн. Тагнуулын Ерөнхий газрын дээрх үйлдэл нь Эрүүгийн 20847065 тоот хэрэг шалган шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий нотлох баримтыг 2010 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 8 хүртэл 7 жил 4 сар 03 хоног зориуд устгасан, нууж байгаад шүүхэд гаргаж өгсөн үйлдэл юм. Уг үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 2-д заасан хариуцлага тооцохоор, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.4-д “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор үйлдсэн”, 1.8-д “гэм буруугаа хүлээж хохирлоо төлөх үүрэг хүлээсэн хүн шүүхээс хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй бол эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхээр хуульчилсан байна. Иргэн Б.А би шүүхийн хараат бус байдалд халдсан Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газрын дарга нарын үйлдэл гэмт хэргийн шинжтэй байхад Цагдаагийн ерөнхий газрын дарга, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс рүү шилжүүлж, Зөрчлийн шинжгүй гэсэн худал дүгнэлт гаргасан талаар гомдлыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Н-д гаргасан. Хууль зүй, дотоод хэргийн сайд 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 1-1/504 тоот албан бичгээр Монгол Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын зөвлөх М.Э, Тагнуулын Ерөнхий газрын дарга Д.Г нарт, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 1-3/860 тоот албан бичгээр Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүн Б.Ц, Улсын Ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх Б.А нарт, 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1-4/1556 тоот албан бичгээр Цагдаагийн газарт шилжүүлсэн боловч шалгалтын ажиллагааг хийгдээгүй, өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй, гэмт хэргийг нуун дарагдуулж байна.
Иймд дээрх албан тушаалтнуудад хуульд заасан хариуцлага тооцохыг Монгол Улсын Засгийн газарт даалгуулах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хууль заасан үндэслэл журмын дагуу хяналт тавихыг Хууль зүй, дотоод хэргийн яамны сайдад даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.
3. “Гомдолд хуульд заасан үндэслэл журмын дагуу хариу өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, БНСУ-д суугаа консулын ажилтнууддаа хариуцлага тооцуулах тухай гомдлыг шийдвэрлээгүй Гадаад харилцааны сайдад уг гомдлыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэхийг даалгуулах Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01дүгээр сарын 17-ны өдрийн 36 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 88 дугаар тогтоолоор Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос улсад суугаа элчин сайдын яамны консулын ажилтны хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй илт хууль бус болохыг тогтоосон.
Нэхэмжлэгч Б.А би Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар 105.1-д “Захиргааны байгууллагын захиргааны шийдвэр гаргах ажиллагаа болон захиргааны акт энэ хуулийн дагуу эрх зүйн зөрчилд тооцогдож эрх зүйн үр дагаваргүй болсон тухайн гэм буруутай албан тушаалтны санаатай болон санамсаргүй үйлдсэн зөрчилд нь тохирох шийтгэлийг оногдуулна”, 105 дугаар 105.2-т “Тухайн албан тушаалтныг томилсон болон дээд шатны байгууллагын албан тушаалтан энэ хуулийн 105.1-д заасан зөрчил гаргасан, эсхүл захиргааны шийдвэрийг сайн дураараа эс биелүүлсэн албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дараах шийтгэлийн аль нэгийг оногдуулна”, 105.4-д “Энэ хуулийн 105.1, 105.2 дахь хэсгээс бусад зүйл заалтыг зөрчсөн албан хаагчид Төрийн албаны тухай хууль, тус харилцааг нарийвчлан зохицуулсан холбогдох бусад хуулиар хариуцлага хүлээлгэнэ” мөн хуулийн 107.1-д “Эрх зүйн зөрчил гаргасан албан тушаалтанд энэ хуулийн 105.2-т заасан шийтгэл оногдуулаагүй, эсхүл тохирсон шийтгэлийг ногдуулаагүй тохиолдолд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж болно” гэсэн хуулийн заалтыг баримтлан дээрх ажилтанг хариуцлага тооцуулахаар Гадаад харилцааны сайдад 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гомдол гаргасан ба хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй учраас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Гадаад харилцааны сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад Анхан шатны шүүх хуралдаан болох хүртэл хариу тайлбараа ирүүлээгүй, шүүх шуудангаар явуулсан гэсэн өнөөдрийг хүртэл ирээгүй байна гэсэн, шүүх хуралдааны дараа ч шуудангаар ирүүлсэн хариу тайлбартай нь танилцах хүсэлт гаргасан ч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч шийдвэртэй хамт явуулна гэсэн боловч ирсэнгүй.
Дээрх нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй байх тул гомдолтой байна.
Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 140 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч Б.А давж заалдах журмаар гаргасан нэмэлт гомдолдоо:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 2-ний өдрийн 140 дугаартай шийдвэрийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн аваад эс зөвшөөрч, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр гомдол гаргаж байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны гомдлын хүрээнд хянах ба эсхүл нийтийн ашиг сонирлыг төлөөлөн гаргасан тохиолдолд хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй” мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаарлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, мөн хуулийн 68.2-т “Нэхэмжлэгч хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна” гэж хуульчилжээ.
Нэхэмжлэгч Б.А би 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд хариуцагч Боловсрол шинжлэх ухааны яам нь нэхэмжлэлийн 1 дэх шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч Б.А би Нэхэмжлэлийн 2 дахь шаардлагаасаа татгалзаж байгаа тухайгаа бичгээр илэрхийлж, хариуцагч БШУС-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.2.3-д заасан тусгайлан олгосон эрх эдлэхээр итгэмжлэлд өөрчлөлт оруулахаар тохиролцсон . 2021 оны 2 сарын 24-ний өдрөөс өмнө хуульд заасны дагуу БШУС-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч итгэмжлэлд өөрчлөлт оруулж , нэхэмжлэгч хариуцагч нар шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно “Нэхэмжлэгч хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна” гэж хуульчилсан байхад энэ ажиллагааг хийгдээгүй байхад шийдвэрлэсэн Нийслэл дэх анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд хууль ёсны байх шаарлагад нийцээгүй байх тул эс зөвшөөрч гомдол гаргаж байна .
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 24-ний өдрийн 140 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү .
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг зөв үнэлсэн, шийдэл үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
1. Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдуулан гаргасан “гомдолд хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, бусдын үйлдсэн гэмт хэрэгт буруутгагдаж Бүгд Найрамдах Солонгос улсад зөрчигдсөн Б.А-ийн иргэний болон ажил хэргийн нэр хүндийг сэргээх, гэм буруутай этгээдүүдэд хуульд заасан хариуцлага тооцохыг даалгах” шаардлагын тухайд:
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.”, 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.” гэж зааснаар захиргааны байгууллагаас иргэн хуулийн этгээдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэхээс татгалзсан, орхигдуулсан байхыг ойлгоно.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж зааснаар захиргааны байгууллагын гаргасан эс үйлдэхүй хэрэв хууль бус бол шүүхээс хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах шийдвэр гаргана.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл ажлын хэсэг байгуулж Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Монгол Улсын ерөнхий прокурор хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байгаа тухай асуудлыг шалгах гомдлыг Монгол Улсын Ерөнхий сайдад 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гаргасанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн ХЭГ/15 албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн сайдад шилжүүлсэн, дахин Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайдад тус тус 2019 оны 2 дугаар сарын 14-ны өдөр гомдол гаргасанд Тагнуулын ерөнхий газрын 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 01/368 албан бичгээр хариу хүргүүлсэн байна.
Мөн шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байгаа Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Гадаад харилцааны сайд нарт хариуцлага тооцуулах тухай гомдлыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга болон Ерөнхий сайдад 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр гаргасанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн ХЭГ/2713 албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн яаманд шилжүүлж нэхэмжлэгчид хувийг хүргүүлсэн, Монгол Улсын Ерөнхий сайдад Гадаад харилцааны сайд болон Хууль зүйн сайд нарт хариуцлага тооцуулах тухай гомдлыг 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гаргасанд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн ХЭГ/554 албан бичгээр хариу хүргүүлсэн байна.
Иймд хариуцагч Монгол Улсын ерөнхий сайд нэхэмжлэгч Б.А-ийн өргөдөл, гомдол бүрт хариу өгч, гомдлыг холбогдох албан тушаалтанд шилжүүлж байсан болох нь нотлогдож байх тул эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй учир эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах боломжгүй байна.
Нэхэмжлэгчээс давж заалдах гомдолдоо Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлд зааснаар Хууль зүй, дотоод хэргийн сайд, Гадаад харилцааны сайд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга нарт хариуцлага тооцож, зөрчигдсөн иргэний болон ажил хэргийн нэр хүндийг сэргээх нь зүйтэй хэмээн тайлбарлаж байх боловч уг хуулийн заалт нь тэдгээр албан тушаалтны гаргасан шийдвэр, үйлдэл хууль зөрчсөн байхыг шаардана.
Гэтэл нэхэмжлэгчээс дээрх албан тушаалтнууд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй учир хариуцлага хүлээлгэх агуулгатай гомдлыг Ерөнхий сайдад гаргасан байх бөгөөд захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбогдон гарсан шүүхийн шийдвэрүүд биелэгдсэн, энэ талаарх холбогдох хариуг нэхэмжлэгчид мэдэгдсэн байх тул гомдолд дурдагдсан албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д “захиргааны байгууллага, албан тушаалтан хууль тогтоомжийн дагуу олгогдсон бүрэн эрх, чиг үүрэг нь хамаарах асуудлаар шүүхийн шийдвэрт заасан захиргааны актыг гаргах, эсхүл шүүхийн шийдвэр, мэдэгдэлд заасан үүргийг тогтоосон хугацаанд зохих ёсоор биелүүлсэн бол шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцно” гэж зааснаар нэхэмжлэлд дурьдагдаж буй үйл баримтуудыг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүд биелэгдсэн бөгөөд тухай бүрт шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас мэдэгдэл хүргүүлж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагч нарт хариуцлага тооцохыг даалгах боломжгүй байна.
Нөгөөтээгүүр Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг шалгах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Монгол улсын ерөнхий прокурорын үйлдэлд хяналт тавих эрх Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрхэд олгогдоогүй тул Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-д “өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх” гэж зааснаар харьяалагдах албан тушаалтанд гомдлыг шилжүүлсэн нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
2. Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдуулан гаргасан “гомдолд хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хуульд заасан журмын дагуу хяналт тавихыг даалгах” шаардлагын тухайд:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 128 дугаар зүйлийн 1-д “Бүх шатны засаг дарга, төрийн захиргааны төв байгууллага, Засгийн газар нь доод шатны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд захиргааны хэргийн талаархи шүүхийн шийдвэрийн биелэлтэд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхийн хүрээнд хяналт тавина” мөн хуулийн 300 дугаар зүйлийн 300.1-д “Хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хууль тогтоомжид заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавина” гэж зааснаар хариуцагчаас шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хуульд заасан журмын дагуу хяналт тавиагүй хэмээн нэхэмжлэгчээс тайлбарлаж байна.
Гэвч дээрх хуулийн зохицуулалт нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа захиргааны байгууллагын албан тушаалтанд шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчмын дагуу дээд шатны албан тушаалтан хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхийн хүрээнд хяналт тавих ойлголт юм.
Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрэгжүүлнэ”, 301 дүгээр зүйлийн 301.1-д “Энэ хуулийн 44, 55, 63 дугаар зүйлд зааснаас бусад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдлыг холбогдох этгээд уг шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор түүний дээд шатны албан тушаалтанд гаргана.”, 301.2-т “Дээд шатны албан тушаалтан гомдлыг холбогдох хууль тогтоомжид заасан хугацааны дотор шалгаж шийдвэрлэнэ.” гэж тус тус зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хуульд заасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгээгүй гэж үзвэл дээд шатны шийдвэр гүйцэтгэгчид хандан шийдвэрлүүлэх бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд нь уг ажиллагаанд оролцон таслан зогсоох, үргэлжлүүлэх эрх хуулиар олгогдоогүй.
Иймд анхан шатны шүүхийн “.. Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрх хэмжээ тухайн байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, удирдлагын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах хүрээнд хязгаарлагдах бөгөөд тухайлсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хянахгүй...” гэсэн дүгнэлт үндэслэл бүхий бөгөөд нэхэмжлэгчээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан гаргасан гомдлыг харьяалах эрх бүхий албан тушаалтанд шилжүүлсэн үйлдлүүд нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2, 132 дугаар зүйлийн 132.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэж томилох эрх бүхий этгээдэд нь хугацаатай мэдэгдэл хүргүүлэх нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамаарах хуулийн зохицуулалт бөгөөд мөн иргэний гэр бүлийн маргааныг шийдвэрлэж хүүхдийн тэтгэлэг тогтоосон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдол зэргийг шийдвэр гүйцэтгэх байгууллагатай холбогдуулан харьяалагдах шүүхэд хандаж маргах эрх нэхэмжлэгчид нээлттэй.
Мөн Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 1.12 дугаар зүйлийн 1.12.1-д “Гишүүн, сахилгын шинжээч, шалгагч нь бүрэн эрхээ хараат бус, шударгаар хэрэгжүүлэх бөгөөд гагцхүү Үндсэн хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хууль, дүрэм, журамд захирагдана”, 1.12.2-т “Албан тушаалтан, иргэн хэн боловч гишүүн маргаан хянан шийдвэрлэх үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно” гэж зааснаар Хууль зүй, дотоод хэргийн сайд нь Монголын хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шалгаж буй ажиллагаанд хяналт тавих эрхгүй бөгөөд хэрэв мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолыг эс зөвшөөрсөн бол мөн журмын 17.1-д зааснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах хуулийн зохицуулалттай.
Өөрөөр хэлбэл Хуульчийн эрх зүйн байдлын 68 дугаар зүйлийн 68.1-д “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх талаарх Хуульчдын холбооны үйл ажиллагаанд хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дэмжлэг үзүүлж, хяналт тавина” гэх зохицуулалт нь уг хуулийн хэрэгжилтэд хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавих агуулгатай бөгөөд Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шалгаж буй ажиллагааг хянахгүй тул энэ талаарх гомдлыг харьяаллын дагуу шилжүүлсэн нь зөв байна.
Үүнээс гадна эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэсэн иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн бол дээд шатны шүүхэд нь гомдол гаргаж шийдвэрлүүлэх бөгөөд төрийн захиргааны байгууллагаас хэрэг хянан шийдвэрлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хөндлөнгөөс оролцож гомдлын дагуу шалгах, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцон таслан зогсоох эрх хэмжээ байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгчээс давж заалдах гомдолдоо Хууль зүй, дотоод хэргийн сайдад 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр болон 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан гомдлыг, Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10/920 болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн ХЭГ/2713 албан бичгээр шилжүүлсэн гомдолд хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй хэмээн тайлбарлаж байна.
Гэвч хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайдаас 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр гаргасан “Улсын дээд шүүхийн 2019 оны 88 дугаар тогтоолын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд Улсын бүртгэлийн ерөнхий газраас 35100 төгрөг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн хэсэг гүйцэтгэх хуудаст бичигдээгүй үндэслэлээр биелэгдээгүй” гэх гомдолд 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1-4/4108 албан бичгээр харьяаллын дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт шилжүүлж, тус газраас 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 04/4041 албан бичгээр яаманд хариу хүргүүлжээ.
Мөн Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10/920 албан бичгээр шилжүүлсэн гомдолд Хууль зүй, дотоод хэргийн яам 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 1-3/503 тоот албан бичгээр хариу хүргүүлж мэдэгдсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул хуульд заасан хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй.
Ийнхүү нэхэмжлэгчийн гаргасан гомдолд зохих хариу өгсөн, харьяалах эрх бүхий албан тушаалтанд шилжүүлсэн үйлдлүүд нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д зааснаар өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг доод шатны байгууллага албан тушаалтанд шилжүүлэхгүй, эцэслэн хариу өгөх хуулийн зохицуулалтад хамаарахгүй.
Харин Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн ХЭГ/2713 албан бичгээр “шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байгаа Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Гадаад харилцааны сайд нарт хариуцлага тооцуулах” тухай гомдлыг шилжүүлсэнд хариу өгөөгүй тухайд өмнө дурдсанчлан Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж зааснаар гомдлоос татгалзсан үйлдэл гаргасан гэж үзэх ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д зааснаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Гадаад харилцааны сайд нар шүүхийн шийдвэрийг биелүүлсэн, энэ талаарх мэдэгдлийг хүргүүлсэн байх тул гомдлыг хангах үндэслэлгүй учир эс үйлдэхүйгээр татгалзсан хариу өгсөн нь хууль зөрчөөгүй байх тул эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох боломжгүй.
Ийнхүү нэхэмжлэгчийн гаргасан гомдолд зохих хариу өгсөн, харьяалах эрх бүхий албан тушаалтанд шилжүүлсэн үйлдлүүд нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д зааснаар өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг доод шатны байгууллага албан тушаалтанд шилжүүлэхгүй, эцэслэн хариу өгөх хуулийн зохицуулалтад хамаарахгүй тул давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
3. Гадаад харилцааны сайдад холбогдуулан гаргасан “гомдолд хуульд заасан үндэслэл журмын дагуу хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, БНСУ-д суугаа консулын ажилтнуудад хариуцлага тооцуулах тухай гомдлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг даалгах” шаардлагын тухайд:
Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 88 дугаар тогтоолоор Б.А-ийн Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг “...Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар /хуучин нэрээр/-ын 2005 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө Боржигон овогт Б.А-ийн овог нэр, регистрийн дугаартай /ТБ72011061/ ДА8369988 тоот иргэний үнэмлэх олгосон үйлдэл, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2005 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Иргэний бүртгэл, мэдээллийн төвийн гадаад паспортын байцаагч Л.Б болон ахлах байцаагч нарын Б.А-ийн овог нэр, регистрийн дугаартай /ТБ72011061/ Л.А-ийн зурагтай хуурамч үндэсний гадаад паспорт олгосон үйлдэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч Д.О-ын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэл мэдээллийн хяналтын улсын байцаагч Д.О-ын 2010 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 76 тоот дугаартай захиргааны акт, 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 0041787 тоот шийтгэвэр, Улсын бүртгэлийн цахим санд Б.А-ийг хуурамч иргэний үнэмлэх, гадаад паспорттай гэсэн худал мэдээлэл оруулсан үйлдэл, Монгол улсаас Бүгд Найрамдах Солонгос улсад суугаа Элчин сайдын яамны консулын ажилтны хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйг илт хууль бус болохыг тус тус тогтоож, улсын бүртгэлийн мэдээллийн цахим сангаас Б.А хуурамч иргэний үнэмлэх, гадаад паспорттай гэсэн худал мэдээллийг бүрэн устгаж, 40.000 төгрөгийг буцаан олгохыг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, Гадаад хэргийн сайдын хүсэлтэд хариу өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хуульд заасан журмын дагуу зохих хариу өгөхийг хариуцагч Гадаад харилцааны сайдад даалгаж, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Б.А-ийн овог, нэр, регистрийн дугаартай /ТБ72011061/ иргэний үнэмлэхийг хайчилж, цоолж Л.А-д буцаан олгосон үйлдлийг бүхэлдээ илт хууль бус болохыг тогтоолгох, Гадаад хэргийн сайдад нэхэмжлэгчийн Бүгд Найрамдах Солонгос Улсад зөрчигдсөн нэр төр, алдар хүндийг сэргээх, зорчих эрхийг сэргээх, сурч боловсрох эрхийг дипломат аргаар сэргээхийг даалгуулах, Гадаад харилцааны яамны 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн К/17-254, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн К/18-785 тоот захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож ...” шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 19/5-367 дугаар Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор дуусгавар болгожээ.
Гэтэл нэхэмжлэгчээс Бүгд Найрамдах Солонгос улсад суугаа Элчин сайдын яамны консулын ажилтны хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйг илт хууль бус болохыг шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн тул Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлд заасны дагуу буруутай албан тушаалтанд хариуцлага тооцуулах нь зүйтэй хэмээн давж заалдах гомдол гарган маргаж байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгчээс БНСУ-ын Элчин сайдын яаманд виз хүсэх боломжтой, үгүй бол ямарваа хориг байгаа эсэхийг тодруулж хүсэлт гаргасанд БНСУ-ын Элчин сайдын яамнаас 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хоригийн мэдээлэл байхгүй талаар хариу өгсөн байна.
Үүнээс үзвэл дээрх шүүхийн шийдвэр биелэгдсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэсэн гэж үзэх тул буруутай албан тушаалтанд хариуцлага тооцохыг Гадаад харилцааны сайдад даалгах ач холбогдолгүй буюу мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.1-д “Эрх зүйн зөрчил гаргасан албан тушаалтанд энэ хуулийн 105.2-т заасан шийтгэл оногдуулаагүй, эсхүл тохирсон шийтгэлийг ногдуулаагүй тохиолдолд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.” гэж заасантай нийцэхгүй байна.
4. Боловсрол, шинжлэх ухааны сайдад холбогдуулан “гомдолд хуульд заасан хугацаанд, хуульд заасан үндэслэл журмын дагуу хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, бусдын үйлдсэн гэмт хэрэгт буруутгагдаж БНСУ-д зөрчигдсөн багш Б.Аийн ажил хэргийн нэр төр, сурч боловсрох эрхийг сэргээлгэх тухай гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэхийг даалгах” шаардлагын тухайд:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “бусдын үйлдсэн гэмт хэрэгт буруутгагдаж БНСУ-д зөрчигдсөн багш Б.А-ийн ажил хэргийн нэр төр, сурч боловсрох эрхийг сэргээлгэх тухай гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайдад даалгах” шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсан байна.
Харин “гомдолд хуульд заасан хугацаанд, хуульд заасан үндэслэл журмын дагуу хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр эвлэрсэн тул анхан шатны шүүх Боловсрол, шинжлэх ухааны сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно.”, 68.2-т “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна.” гэж заажээ.
Хэдийгээр нэхэмжлэгчээс эвлэрлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргаж байх боловч хариуцагч Боловсрол, шинжлэх ухааны сайдаас 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Б.Мөнгөнбаганад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасан бүхий л эрхийг нэмж олгож итгэмжлэл олгосон байх ба 28.2.5-д “эвлэрэх” эрхийг тусгажээ.
Мөн хариуцагчаас 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 9/4728 албан бичгээр нэхэмжлэгч Б.А-ийг Монгол-Солонгос багш солилцооны хөтөлбөрийн нөөцөд бүртгэж авсан талаар нэхэмжлэгчид хариу өгсөн байх ба “...цаашид улс орнуудад тулгарсан онцгой нөхцөл байдал арилж, хэвийн болсон тохиолдолд Монгол-Солонгосын багш солилцооны хөтөлбөрт шалгуургүйгээр оролцуулж, сурч боловсрох эрхийг сэргээн эдлүүлэх боломжтой...” гэх тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргаж эвлэрэхээс татгалзах зүйлгүй болохоо мэдэгдсэн байх тул нэхэмжлэгчээс эвлэрэх хүсэлт гаргасанд анхан шатны шүүх хариуцагч Боловсрол, шинжлэх ухаан, спортын сайд хүлээн зөвшөөрсөн гэж үзээд Боловсрол, шинжлэх ухааны сайдад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 140 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.А-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Д.ОЮУМАА