Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 759

 

О.Ут холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Хохирогч “Баттрейд Си” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б,

Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 718 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Мөнгөнсүхийн бичсэн 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 21 дугаартай эсэргүүцлээр О.Ут холбогдох эрүүгийн 201725020588 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

О.У нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баттрейд Си” ХХК-д борлуулагчаар ажиллаж байхдаа 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн борлуулалтын орлого 24.267.930 төгрөгийг завшиж, үрэгдүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: О.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-т “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэнд хэргийн байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж заажээ. Прокуророос яллагдагч О.Уыг “Баттрейд Си” ХХК-д борлуулагч хийж байхдаа ...борлуулалтын орлого 24.267.930 төгрөг буюу үлэмж хэмжээний орлогыг хувьдаа завшиж үрэгдүүлсэн. ...” гэж үзэж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъект болох “Итгэмжлэгдэн хариуцсан этгээд” гэдгийг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох юм. Гэтэл О.Ут холбогдох хэрэгт авагдсан баримтуудаас харахад, тэрээр “Баттрейд Си” ХХК-д ямар эрх зүйн акт болон гэрээгээр ажиллаж байсан нь тодорхойгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд нотлоогүй, мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд биш хийсэн гэж үзэх үндэслэл болж байна. Иймд О.Ут холбогдох эрүүгийн хэрэгт дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. ...” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ.                                                                                         

Прокурор Н.Мөнгөнсүх бичсэн эсэргүүцэлдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны явцад хохирогч Ш.Б мэдүүлэхдээ “...О.У нь манай ажилтан мөн юм. Хөдөлмөрийн гэрээ хийх гэхээр О.У нь зугтаад хийдэггүй байсан. ...” гэх мэдүүлэг, О.Уын яллагдагчаар өгсөн “...Би “Баттрейд Си” ХХК-ийн ажилтан юм. Уг ажилд ороход автомашинтай байх шаардлага тавьсаны дагуу би уг мөнгөнөөс өөртөө Старикс загварын артомашин худалдаж авч байсан. ...” гэх мэдүүлэг, түүний ажилд орохыг хүссэн анкет зэргээр О.У нь уг компанийн ажилтан гэдгийг нотолсоор байтал хөндлөнгийн байр сууринаас хандах ёстой шүүх дээрх мэдүүлэг, нотлох баримтуудад ач холбогдол өгөлгүй зөвхөн гэрээ, эрх зүйн акт байх ёстой гэж дүгнэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл нэгэнт хийгдээгүй хөдөлмөрийн гэрээг одоо нэмэлт мөрдөн байцаалтад буцаахад нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шүүгчийн захирамж биелэгдэх боломжгүй юм. ...” гэжээ.

Хохирогч “Баттрейд Си” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.У нь манай компаний борлуулалтын газарт түгээгчийн ажил хийж байхдаа үлэмж хэмжээний мөнгө шамшигдуулсан. Анх нягтлан бодогч О.У мөнгөө өгөхгүй байна. Та уулзаад хэл гэсэн. ...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх О.Ут холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъект нь “Итгэмжлэгдэн хариуцсан этгээд байна” гэдгийг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгоно.

Гэтэл О.У нь “Баттрейд Си” ХХК-д ямар гэрээний дагуу ажиллаж, тухайн эд хөрөнгийг хариуцахаар үүрэг хүлээсэн болохыг тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд О.Уын “Баттрейд Си” ХХК-тай байгуулсан гэрээ болон бараа хүлээн авч, борлуулалт хийж байсан талаарх баримтууд, түүнчлэн бараа хүлээлгэн өгч байсан, орлогын мөнгийг хүлээн авч байсан “Баттрейд Си” ХХК-ний ажилчдыг гэрчээр асуух зэргээр О.У нь “Баттрейд Си” ХХК-ийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн байсан эсэхийг тогтоох нь хэргийн зүйлчлэлд чухал ач холбогдолтой байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан мөрдөн шалгах ажиллагааг хийх нь зүйтэй.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 718 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Мөнгөнсүхийн бичсэн 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 21 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.