Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 116/2016/0003/З/ |
Дугаар | 248 |
Огноо | 2016-07-27 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 248
Ж.Насанбуянгийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгч Ж.Насанбуян, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Нямсүрэн нарыг оролцуулан, Дорнод аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 09 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 320 дугаар магадлалтай, Ж.Насанбуянгийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Ж.Насанбуян шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, СМУ 30 дугаар байрны хажууд байрлах 1170 м.кв худалдаа, үйлчилгээний зориулалт бүхий газрыг Ц.Алимаагаас нь бодит үйлдэл, аман хэлцлээр 100 хувь шилжүүлэн авч, эзэмшихээр болсон. Миний эзэмших газар дээр Ө.Одхүү нь өөрийн эзэмшлийн “МОЗЭ” ХХК-иар худалдаа үйлчилгээний барилгын ажил гүйцэтгэхээр 3 талт гэрээ байгуулж, энэ шалтгаанаар Ө.Одхүү нь дээрх газрын тодорхой хувь буюу 30 хувийг “МОЗЭ" ХХК-ийн нэр дээр шилжүүлэхгүй бол барилга барьж болохгүй гэж хуурч, итгүүлж, тухайн газрын 70 хувь буюу 819 м.кв-ыг миний нэр дээр, тодорхой нөхцөл болзолтойгоор Ө.Одхүүгийн нэр дээр 30 хувь буюу 351 м.кв-ыг “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-гээр тус тус шилжүүлэн авч, эзэмшихээр болж, үүнийг Дорнод аймгийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/261 дугаар захирамжаар хэм хэмжээ тогтоож, баталгаажуулсан.
Дараа нь барилга барихад “банкнаас зээл авах хэрэгтэй 2 тусдаа газрын гэрчилгээ байж болохгүй гэж” дахин хуурч, бичиг баримт бүрдүүлэн газрын гэрчилгээ буюу миний эзэмшлийн 70 хувийг Ө.Одхүү хамтарч эзэмших, Ө.Одхүүгийн 30 хувийг би хамтран эзэмшихээр болсон. Гэтэл 2015 оны 10 дугаар сард аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас Дорнод аймгийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийг хүчингүйд тооцсон тухай” А/334 дугаар захирамжаар миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг 2015 оны 10 дугаар сард мэдэж энэ дагуу Дорнод аймгийн Засаг даргад газар эзэмших эрхээ сэргээлгэхээр үндэслэл бүхий гомдол иргэн Ц.Алимаа хамтарч 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гаргасан.
Бидний гаргасан гомдолд 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 5/4888 дугаар “өргөдлийн хариу” гарсныг 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр миний бие гардан авсан. Ингээд дээрх болсон явдлыг судалж үзэхэд, миний эзэмшиж байсан газар дээр орон сууцны барилга байсан “МОЗЭ” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанд 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Үйл ажиллагаа зогсоох тухай” акт тавигдсаныг Ө.Одхүү надаас нуусан бөгөөд Ө.Одхүү нь 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр үйлдсэн гэрээ, надтай тохиролцсон хэлцлийг зөрчиж, Газрын албаны эрх бүхий албан тушаалтнуудтай хамтран луйвардаж, Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/525 дугаар захирамжийн агуулгыг өөрт ашигтай байдлаар гаргуулж, дараа өдөр нь 000441431 дугаар бүхий газар эзэмших гэрчилгээнд хамтран эзэмшигчгүйгээр зөвхөн өөрөө эзэмшигч байхаар бичүүлэн авсан. Үүнийг Авилгатай тэмцэх газар шалгаж байгаа болно.
Мөн 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Засаг дарга А/334 дугаар захирамжаар миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна. Гэтэл Засаг дарга миний газар дээр барилга барьж байгаа компанийн буруутай үйлдлийг хувь хүн над дээр тохож, миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, надад мэдэгдэлгүй, тодорхойгүй үндэслэлээр хууль бус захирамж гаргасныг олж мэдсэн.
Дорнод аймгийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүйд тооцох тухай” А/334 дугаар захирамж нь бусдын буруутай үйл ажиллагаанаас болж гарсан үр дагаврыг хууль ёсны газар эзэмшигч миний Үндсэн хууль, Иргэний хууль болон бусад хууль, эрх зүйн баримт бичгээр баталгаажсан газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхолд бүдүүлгээр халдаж, бусдын үйл ажиллагаанд хууль бусаар хамаатуулж газар эзэмших эрхийг хүчингүй болгосон үйлдэл гэж үзэж байна.
Иймд Дорнод аймгийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүйд тооцох тухай” А/334 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, мөн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/525 дугаар захирамжийг сэргээж, агуулгыг өөрчилж, зөрчигдсөн болон газар эзэмших эрхийг сэргээхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно, эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана” гэж заасны дагуу иргэн Ж.Насанбуян нь өөрийн эзэмшлийн 819 м.кв газрыг 2014 онд иргэн Ө.Одхүүд шилжүүлэх гэрээг нотариатаар батлуулан аймгийн Засаг даргад хүсэлт гаргасны дагуу Ө.Одхүүгийн эзэмшлийн 351 м.кв газар дээр Ж.Насанбуянгийн эзэмшлийн 819 м.кв газрыг нэмж нийт 1170 м.кв газрыг аймгийн Засаг даргын 2014 оны А/525 дугаар захирамжаар Ө.Одхүү, Ж.Насанбуян нарт хамтран эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.
Тус газар дээр газар эзэмшигч иргэд 6 давхар худалдаа үйлчилгээ бүхий орон сууцны барилгын ажлыг эхлүүлсэн боловч иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу Мэргэжлийн хяналтын улсын байцаагч хяналт шалгалтын ажлыг зохион байгуулахад барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдож, Барилгын тухай хууль болон холбогдох бусад дүрэм журмыг зөрчсөн үндэслэлээр 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр үйл ажиллагааг нь зогсоосон.
Аймгийн Засаг дарга Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гэж зааснаар олгогдсон эрх хэмжээний хүрээнд Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 “г”, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.2, Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6, Барилга техникийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 12-07-048-102 дугаартай актыг тус тус үндэслэн аймгийн Засаг даргын 2015 оны А/334 дүгээр захирамжаар Ө.Одхүү, Ж.Насанбуян нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцсон. Энэ нь хууль зүйн хувьд үндэслэлтэй шийдвэр гэж үзэж байна.
Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт СМУ-гийн 30 дугаар байрны орчимд анх 2000 онд тус сумын Засаг даргын 225 дугаар захирамжаар 432 м.кв, 2001 онд мөн мөн сумын Засаг даргын 252 дугаар захирамжаар 520 м.кв газрыг тус тус үйлдвэр үйлчилгээний зориулалтаар иргэн Г.Болормаад эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон. Г.Болормаа нь 2010 онд аймгийн Засаг даргын 129 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлүүлж, газрын бодит хэмжилт хийлгэн 1170 м.кв-аар баталгаажуулж, худалдаа үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0159776 дугаартай гэрчилгээг авсан.
Мөн иргэн Г.Болормаа, Ц.Алимаа нарын гаргасан хүсэлтийн дагуу Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийг үндэслэл болгон аймгийн Засаг даргын 2012 оны 290 дүгээр захирамжаар иргэн Г.Болормаагийн эзэмшлийн 1170 м.кв газар эзэмших эрхийг Ц.Алимаад шилжүүлж, газар эзэмших эрхийн 0373090 дугаартай гэрчилгээг олгосон бөгөөд Ц.Алимаа нь өөрийн эзэмшиж байсан газраас 819 м.кв газрыг иргэн Ж.Насанбуянд, 351 м.кв газрыг иргэн Ө.Одхүү нарт хэсэгчлэн шилжүүлэх хүсэлтийг гарган, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг нотариатаар баталгаажуулан ирүүлсэн.
Ингээд аймгийн Засаг даргын 2014 оны А/261 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг хэсэгчлэн шилжүүлж, эзэмшлийн зориулалтыг өөрчлөн, газар эзэмших эрхийн 000441340, 000441339 дугаар бүхий гэрчилгээг олгосон. Гэтэл иргэн Ж.Насанбуян нь өөрийн эзэмшлийн 819 м.кв газрыг Ө.Одхүүд шилжүүлэх хүсэлт гаргаж гэрээг нотариатаар батлуулсан бөгөөд дээрх иргэдийн өөрсдийнх нь хүсэлтийн дагуу Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу Ө.Одхүүгийн эзэмшлийн 351 м.кв газар дээр Ж.Насанбуянгийн эзэмшлийн 819 м.кв газрыг нэмж нийт 1170 м.кв газрыг аймгийн Засаг даргын 2014 оны А/525 дугаар захирамжаар хамтран эзэмшүүлэх хууль зүйн үндэслэл бүхий шийдвэрийг гаргасан.
Иймд Ж.Насанбуянгийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Ө.Одхүү шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр “Ган ширээс” ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн Лэнг Фэнг Ши, “МОЗЭ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Одхүү миний бие, БНХАУ-ын иргэн Миао Фуян нарын хамтран ажиллах гэрээний дагуу 3 тал адил тэнцүү хөрөнгө оруулалт хийж, барилгын ажил эхлэхээр тохиролцсон. Уг гэрээнд зааснаар Миао Фуян нь эхнэр Ц.Алимаагийн эзэмшлийн 1170 м.кв газрыг 220.000,000 /хоёр зуун хорин сая/ төгрөгөөр үнэлж, хөрөнгө оруулалт хийхээр гэрээнд тусгаж, уг газрын 30 хувийг миний нэр дээр шилжүүлэхээр тохирч гэрээ байгуулсан.
Тухайн өдрөө Ц.Алимаагийн эзэмшилд байсан 1170 м.кв газрын 30 хувийг миний эзэмшилд, үлдсэн 70 хувийг Ж.Насанбуянд шилжүүлэх гэрээ хийж, нотариатаар баталгаажуулсан. Уг газар нь Ц.Алимаагийн нэр дээр байсан боловч захиран зарцуулах эрх нь БНХАУ-ын иргэн Миао Фуянд байсан. 2014 оны 3 дугаар сард Миао Фуян өөрийн хүсэлтээр барилгын ажлаас гарах, 2013 онд хийсэн 3 талт хамтран ажиллах гэрээний хугацаа дуусаж байгаа учир түүнгүйгээр хамтран ажиллах гэрээг Лэнг Фэнг Ши, Ө.Одхүү нарын хооронд шинэчлэн хийхээр тохирч, 1170 м.кв газрыг үнэлж, хөрөнгө оруулалт хийсэн 220.000,000 сая төгрөгийг бэлэн мөнгөөр тооцож, газрыг зарахаар тохиролцож, газрыг миний нэр дээр шилжүүлж өгөхөөр болсон.
Ингээд 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн хооронд нийт 700.0 мянган юань буюу тухайн үеийн ханшаар ойролцоогоор 220.000,000 гаруй сая төгрөг авсан. 2014 оны 5 дугаар сарын 24-ний өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээг дахин шинэчлэн хийх болсон. Барилгын хөрөнгө оруулалт, санхүүжилт дутагдсаны улмаас банкнаас зээл авч барилгаа дуусгах зорилгоор Миао Фуянд хандан “чи газар зарсан мөнгөө авсан, одоо газраа шилжүүлэх хэрэгтэй байна” гэж хэлэхэд та нараас ашиг авах ёстой, 3 өрөө байр, авто машины зогсоолын хамт өг гэж тулгах болсон. Лэнг Фэнг Ши бид дахин ярилцаад 3 өрөө 2 байр өгөхөөр тохиролцож, газар ашиглах гэрээ хийхээр болсон. 2014 оны 8 дугаар сарын 30-ны өдөр гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулсан.
Аймгийн Засаг даргын 2014 оны А/525 тоот захирамжийн дагуу 1170 м.кв газрын үндсэн эзэмшигчээр Ө.Одхүү, хамтран эзэмшигчээр Ж.Насанбуян болсон. Бид ойлголцож чадахгүй явсаар 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр газар эзэмших эрхийг хүчингүй болсон талаар сонсож, аймгийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн А/334 тоот захирамжийг хүлээж авсан. Газрын төлбөрийг бүрэн өгч барагдуулсан байтал яагаад газар эзэмших эрх шилжүүлж өгөхгүй, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахгүй, банкнаас зээл авахуулахгүй, бидний ажлыг үргэлжлүүлж хэвийн ажиллах боломж олгохгүй байгаа шалтгаан нь газар эзэмших эрхээрээ биднийг дарамталж, хууль бус аргаар хөрөнгөжих санаатай байсан нь тодорхой болсон.
Монгол Улсын хууль тогтоомжуудыг байнга зөрчиж байдаг БНХАУ-ын иргэн Миао Фуян, Монгол улсын иргэн Ж.Насанбуян нарт дахин хууль бус үйлдэл хийх боломж олгохгүй байх, бодит үнэнийг олж, шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсч байна гэжээ.
Дорнод аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан Дорнод аймгийн Засаг даргад холбогдох, Хэрлэн сумын 10 дугаар багийн иргэн Ж.Насанбуянгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Газар эзэмших эрхийг хүчингүйд тооцох тухай” Дорнод аймгийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн А/334 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Дорнод аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/525 дугаар захирамжаар Ж.Насанбуян, Ө.Одхүү нарт олгосон газар эзэмших эрхийг нь сэргээж, СМУ-ийн 30 дугаар байрны урд талын 1170 м.кв газрын үндсэн эзэмшигчээр Ж.Насанбуянг, хамтран эзэмшигчээр Ө.Одхүүг тогтоон газар эзэмших эрхийн гэрчилгээг шинээр олгуулахыг аймгийн Засаг даргад даалгаж, 1170 м.кв газрыг бүхэлд нь зөвхөн Ж.Насанбуянд эзэмшүүлэхийг хүссэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд 320 дугаар магадлалаар Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Дорнод аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/525 дугаар захирамжаар Ж.Насанбуян, Ө.Одхүү нарт олгосон газар эзэмших эрхийг нь сэргээж, СМУ-ийн 30 дугаар байрны урд талын 1170 м.кв газрын үндсэн эзэмшигчээр Ж.Насанбуянг, хамтран эзэмшигчээр Ө.Одхүүг тогтоон газар эзэмших эрхийн гэрчилгээг шинээр олгуулахыг аймгийн Засаг даргад даалгаж... ” гэснийг “...Дорнод аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/525 дугаар захирамжаар Ж.Насанбуян, Ө.Одхүү нарт олгосон газар эзэмших эрхийг нь сэргээж, СМУ-ийн 30 дугаар байрны урд талын 1170 м.кв газрын үндсэн эзэмшигчээр Ж.Насанбуянг, хамтран эзэмшигчээр Ө.Одхүүг тогтоон газар эзэмших эрхийн гэрчилгээг шинээр олгуулахыг аймгийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Нямсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Давж заалдах шатны шүүх нь аймгийн Засаг даргын “Газар эзэмших эрхийг хүчингүйд тооцох тухай” 2015 оны А/334 дүгээр захирамжийг хүчингүй болгон, СМУ-гийн 30 дугаар байрны урд талын 1170 м.кв газрын үндсэн эзэмшигчээр Ж.Насанбуянг, хамтран эзэмшигчээр Ө.Одхүүг тогтоон газар эзэмших эрхийн гэрчилгээг шинээр олгуулахыг аймгийн Засаг даргад даалгасан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 320 дугаар магадлал нь үндэслэл бүхий, хууль ёсны байх шаардлагад нийцэхгүй байна.
Аймгийн Засаг даргын 2015 оны А/334 дүгээр захирамжийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй юм. Учир нь аймгийн Засаг даргын 2015 оны А/334 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гэж заасны дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 “г”, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.2, Барилгын тухай хуулийн /2008/ 16 дугаар зүйлийн 16.6, Барилга техникийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 12-07-048-102 дугаартай актыг тус тус үндэслэн Ө.Одхүү, Ж.Насанбуян нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцсон. Барилгын тухай хуулийг зөрчин зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлэн үйл ажиллагаа явуулсныг шүүх шийдвэртээ хууль зөрчөөгүй мэтээр тайлбарласан байна.
Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн хуулийн этгээд Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх үүрэгтэй. Мөн Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй” гэж заасан байдаг. Гэтэл Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг зөрчин барилгын ажил эхлэх зөвшөөрөлгүй, барилга барьж эхлэн тус газрыг зориулалтын дагуу ашиглаагүй Ж.Насанбуян, Ө.Одхүү нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлтэй юм.
Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 320 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хянавал:
Дорнод аймгийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “газар эзэмших эрхийг хүчингүйд тооцох тухай” А/334 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.1.3 “г”, Газрын тухай хуулийн 40.1.2, 40.2, Барилгын тухай хуулийн 16.6, тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 12-07-048-102 дугаартай актыг тус тус үндэслэн Ө.Одхүү, Ж.Насанбуян нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.
Нэхэмжлэгч Ж.Насанбуян нь “...бусдын буруутай үйл ажиллагаанаас болж гарсан үр дагаврыг хууль ёсны газар эзэмшигч над дээр тохож, хууль бусаар хамаатуулсан...” гэх үндэслэлээр Дорнод аймгийн Засаг даргын 2015 оны А/334 дүгээр захирамжийг хүчингүй болгох, “...тухайн газрын 70 хувийг би, 30 хувийг Ө.Одхүү эзэмших болзолтой байтал Ө.Одхүү өөрт ашигтай байдлаар захирамж гаргуулсан...” гэж маргаж, мөн Засаг даргын 2014 оны А/525 дугаар захирамжийн агуулгыг өөрчлүүлэн, 1170 м.кв газрыг бүхэлд нь өөрт эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, маргаан бүхий 1170 м.кв газрыг иргэн Ц.Алимаа нь Дорнод аймгийн Засаг даргын 2012 оны А/290 дүгээр захирамжаар эзэмшиж байсан ба нэхэмжлэгч Ж.Насанбуян, гуравдагч этгээд Ө.Одхүү нартай байгуулсан 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн “газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г үндэслэн Дорнод аймгийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/261 дүгээр захирамжаар 819 м.кв хэсэг газрыг Ж.Насанбуянд, 351 м.кв хэсэг газрыг Ө.Одхүү нарт эзэмшүүлсэн; Ж.Насанбуян нь гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000441340 дугаартай гэрчилгээгээр баталгаажсан уг 819 м.кв газраа Ө.Одхүүд шилжүүлэх гэрээг 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр түүнтэй байгуулахдаа энэ газрыг хамтдаа эзэмших талаар тохиролцож, 1170 м.кв газрыг хамтран эзэмших хүсэлтийг аль аль нь гаргасныг үндэслэн мөн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/525 дугаар захирамжаар 1170 м.кв газрыг Ө.Одхүү, Ж.Насанбуян нарт эзэмшүүлж, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 000441431 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг Ө.Одхүүгийн нэр дээр олгож, хамтран эзэмшигчээр Ж.Насанбуянг бүртгэжээ.
Ц.Алимаа, Ж.Насанбуян нараас Ө.Одхүүд газар эзэмших эрхийг /эрхийн гэрчилгээг/ дээрх байдлаар хэсэгчлэн, мөн хамтарч эзэмшихээр шилжүүлж байсан нь уг газар дээр барих үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилгын хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээтэй холбоотой болох нь, Ө.Одхүү нь эрх бүхий байгууллагаас барилга эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авалгүйгээр үйлчилгээ, орон сууцны зориулалттай 6 давхар барилга барьж байсныг Улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шалгалтаар илрүүлж, 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 12-07-048-102 дугаартай актаар барилгын ажлыг зогсоосон, уг үйл баримттай хариуцагч маргаагүй байна.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тохиолдлуудыг заасан, үүний 40.1.2-т “газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон” гэсэнд “барилга угсралтын ажлыг эрх бүхий байгууллагын зохих зөвшөөрөлгүй гүйцэтгэснийг тогтоосон улсын байцаагчийн дүгнэлт”-ийг хамааруулж ойлгох эрх зүйн үндэслэлгүй байна.
Учир нь Барилгын тухай /2008 оны/ хуулийн /тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан/ хуулийн 16 дугаар зүйлд барилгын ажил гүйцэтгэгчийн эрх, үүргийг тодорхойлсон, энэ зүйлийн 16.6-д “барилга угсралтын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр эхлэх, үргэлжлүүлэхийг хориглоно” гэж зааж, энэ зүйлийг зөрчсөн тохиолдолд мөн хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэхийг тусгайлан зохицуулжээ.
Өөрөөр хэлбэл, барилгын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авалгүйгээр барилга барьсан зөрчилд хүлээлгэх хариуцлагыг Барилгын тухай хуулиар зохицуулсан, ийм зөрчил нь газар эзэмшигчийн “газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” үндэслэл болохоор Газрын тухай хуульд зохицуулаагүй, энэ зөрчлийн улмаас мөн хуулийн 40.1.2-т заасан нөхцөл байдал бий болсон гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна.
Иймээс Ж.Насанбуян, Ө.Одхүү нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Дорнод аймгийн Засаг даргын 2015 оны А/334 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасантай нийцэхгүй, 1170 м.кв газрыг 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000441431 дугаартай гэрчилгээгээр Ө.Одхүүтэй хамтран эзэмшиж байгаа Ж.Насанбуянгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болохыг 2 шатны шүүх зөв дүгнэжээ.
Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийг “барилга барих үйл ажиллагаанд огт оролцоогүй тул түүнийг буруутгах үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь газар эзэмшигчийн Газрын тухай хуулиар хүлээсэн үүргийг үгүйсгэсэн шинжтэй буруу боловч “барилгатай холбоотой” буюу өөр харилцаанд хамааралтай гаргасан уг зөрчил нь газар эзэмшигчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг шууд хүчингүй болгох үндэслэл биш тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Барилгын тухай хууль зөрчсөнийг шүүх зөвтгөсөн” гэсэн гомдлыг хангах үндэслэлгүй болно.
Түүнчлэн Газрын тухай хуулийн 56.5-д заасан “...зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй” гэсэн зохицуулалт нь хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээгүй этгээдийн талаар тул хариуцагчийн гомдлын энэ үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 320 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ