Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 253

 

Х.Батбаярт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор М.Буяннэмэх,

нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 489 дүгээр магадлалтай, 201526021796 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Х.Батбаярын гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1965 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, эрэгтэй, 1990 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жил 6 сар хорих ялаар, 1994 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1-д зааснаар 4 жил хорих ялаар, 1998 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 жил 9 сар хорих ялаар, 2004 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 9 сар хорих ялаар тус тус шийтгүүлж, 2006 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, Чонос овогт Хөнхөрийн Батбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт заасан “Танхайрах”, 230 дугаар зүйлийн 230.3 дахь хэсэгт заасан “Төрийн албан хаагч, хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийг эсэргүүцэж биед нь хүнд гэмтэл учруулах” гэмт хэргүүдэд холбогджээ.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х.Батбаярыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан, мөн төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэнээс бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Х.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сар баривчлах ял, мөн хуулийн  230 дугаар зүйлийн 230.3 дахь хэсэгт зааснаар 5 /тав/ жил 1 /нэг/ сар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Х.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялд, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сар баривчлах ялыг багтааж, Х.Батбаярын биечлэн эдлэх ялыг 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Х.Батбаярын цагдан хоригдсон 226 /хоёр зуун хорин зургаа/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх: Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “... 226 хоног...” гэснийг “... 227 хоног...” гэж өөрчилж, тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээн, ялтан Х.Батбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэхийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Х.Батбаяр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... Би хамтран амьдрагч Х.Оюунчимэг, түүний хүү охин хоёртой хамт дөрвүүлээ сайхан амьдарч байсан. ... Эхнэр Х.Оюунчимэгийн удаа дараа архи ууж, гэртээ ирж хонодоггүй байдлаас болж салж байсан боловч түүний “уучлаарай” гэх болгонд уучилж, буцаж нийлсэн. ... Нэг өдөр гэртээ ирж хоноогүй бөгөөд өглөө ирэхэд нь “хаана, хэнтэй хоносон бэ” гэж асуухад  “нэг таньдаг цагдаатай жаахан уугаад, согтоод унтчихаж” гэж хэлсэн. ... Дараа нь нэг удаа шууд Оюунаагийн гэрт нь очиж  хаалгыг нь тогшиход хаалгаа тайлж өгөлгүй цагдаа дуудсан байсан. Би “ямар цагдаа вэ, нөгөө хамт архидаж буудалд хонодог цагдаа юу” гэж асуугаад нөгөө цагдааг нь “харъя” гэж бодож байснаа болиод гараад явж байгаад 50 орчим метрийн газраас хар иштэй, богинохон хутга олоод хаях гэсэн боловч хогийн цэг харагдаагүй. Тэгээд буцаж очоод цагдааг хүлээж байгаад царайг нь хараад явъя гэж бодоод хүлээж байсан. ... Ингээд хоёр цагдаа ирсэн бөгөөд цагдаа хувцастай нь “мөрөөрөө зөнөөч новшоо” гээд шууд заамдаж хоолой боож, шахсан, би гарыг нь тавиулах гэж тохойн дороос нь цохисон боловч улам хоолой шахсан. Би үхэх нь гэж сандраад нөгөө замаас олсон хутгаар яарч хутгалсан. ... 2015 оны 10 дугаар сарын 29-ний шөнө баригдаад Цагдаагийн хэсэг дээр ирэхэд цагдаа нар “манай цагдааг хутгалдаг чи хэн бэ, яасан овоо хулгайч вэ” гэж дуртай нь л ирж цохиж, өшиглөж байсан. Миний биед үзлэг хийж, хувцас болон нүцгэн биений зураг авахад хүзүүнд боолтноос болж улайж зулгарсан байсан. Улайж зулгарсныг “яасан юм бэ” гэж асуухад “танай цагдаа боосон юм” гэж хэлсэн. ... Миний стресст орсон байдлыг ашиглаж мэдүүлгийг маань хэлснээс өөрөөр зохиож бичсэн. Би байцаалт өгснийхөө дараа өгсөн мэдүүлгээ уншиж танилцалгүй гарын үсэг зурсан. Ахлагч Наранбаатар, Удаанжаргал, хохирогч Тулга нар үгсэн хуйвалдсан байсныг би 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдөр байцаалтад ороод гарахдаа хавтаст хэрэгтэйгээ танилцаж миний хэлсэн үгийг бүгдийг нь эсрэгээр бичсэн болохыг мэдсэн. Мөн Удаанжаргал гэгч нь намайг алах гэж хутгаар сийчсэн гэж худал хэлж, дүрэмт хувцасны энгэр дээр босоо байрлалтайгаар төө орчим урттай 4 удаа зүссэн зураг наасан байсан. Энэ үед хавтаст хэрэгт гэрч Сэлэнгээ гэдэг хүний мэдүүлэг байсан. Гэтэл хэрэг шүүхэд шилжсэний дараа танилцахад гэрч Сэлэнгээгийн мэдүүлэг алга болж, шинээр 2-3 хүний гэрчийн мэдүүлэг нэмэгдсэн байсан. Гэрч нар тухайн үед өмсөж явсан хувцсыг мэдэхгүйгээр барахгүй, хавтаст хэрэгт авагдсан зурагнаас хараад бичүүлсэн нь тодорхой байдаг. Би тухайн үед цоо эрүүл байсан учраас болсон зүйлийг тод мэддэг. Би тухайн үед шар эрээн цамц өмсөж яваагүй. Миний хэрэг үйлдсэн хутга богинохон нийт урт нь 13 см орчим байсан. Гэтэл гэрээс чемоданаас авч ирсэн тонгорогыг хавтаст хэрэгт баримт болгосон. Тонгорогны ажлын хэсэг нь 10 см урт бөгөөд хохирогч Г.Тулгын шархны гүн нь 12,5 см байдаг. Тонгорог хутганаас ямар ч цусны толбо шинжилгээгээр илрээгүй. Би хэрэг хийсний дараа маш бага архи уусан байхад архидан согтуурч танхайрсан гэж Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт заасан зүйл анги нэмсэн. Энэ бүгдээс харахад цагдаагийн ажилтанг хутгалсан гэдгээр намайг дэндүү ашиглаж, ганцаардуулж, үгсэн хуйвалдаж, хууль бус үйлдэл гаргасан гэж үздэг. Би эрдэнэт хүний биед мэс хүргэж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байдаг, өөрийгөө өмгөөлж хамгаалахгүй. Ганцхан цагдаа нар хуйвалдаж, хэтэрхий муухай зүйл хийж байгаад гомдож байна. Миний энэхүү хүсэлтийг минь зөвөөр ойлгож, үйлдсэн хэргийн үйл явдлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхөд тусалж, дахин шийдвэрлүүлж өгнө үү ...” гэжээ.

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Х.Батбаяр нь 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Х.Оюунчимэгийн гэрийн гадаа ирж, “хутгална, гэрийг нь шатаана” хэмээн хашгирч, гэрийн хаалгыг хүчтэй балбаж өшиглөх, яндан руу чулуу шидэх зэргээр бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, айлган сүрдүүлж, хүч хэрэглэхээр заналхийлэн, нийгмийн хэв журмыг зөрчсөн,

мөн цагдаагийн байгууллагад өгсөн дуудлагын дагуу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхээр Х.Оюунчимэгийнд очсон цагдаагийн ахмад Э.Удаанжаргал, дэд ахлагч Г.Тулга нарыг албаны үүргээ биелүүлж байгааг мэдсээр байж, хутга барин дайрч Г.Тулгын хэвлийн баруун ар хэсэгт нэг удаа хутгалж, түүний биед хүнд зэргийн гэмтэл учруулсан хэргийн үйл баримтыг тогтоосон анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

   Х.Батбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн тухайд “... Би үхэх нь гэж сандраад нөгөө замаас олсон хутгаар яарч хутгалсан. ... хэрэгт авагдсан хутга миний хэрэг үйлдсэн хутга биш ...” гэх боловч түүний “... дуудлагаар ирсэн цагдааг хашаагаар ороод ирэхээр нь өөрт авч явсан эвхдэг хутгаараа эхний залууг ... хутгалсан, дараагийн залууг угзрахаар нь хашааны хаалгаар хөөж гаргаад араас нь нэг удаа хатгасан. ... би Х.Оюунчимэгтэй яваад байгаа цагдааг хутгалах гэж хутга авч явсан. ... хэрэгт зураг нь авагдсан байгаа хутга миний хутга мөн” гэсэн /хх-70-74/ мэдүүлгүүд болон энэхүү үйл баримтыг баталсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр няцаагдсан байна.

Х.Батбаяр нь хийх гэж буй үйлдлийнхээ нийгэмд аюултай байдлыг ухамсарлаж, хор уршиг учрах нь зайлшгүйг мэдсэн хэрнээ хүсэж тэрхүү хор уршигтаа хүргэсэн нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Танхайрах гэмт хэрэг нь гэмт этгээд олон нийтийг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчихдөө ямар ч шалтгаангүй, эсхүл ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөх, айлган сүрдүүлэх, хүч хэрэглэх буюу хэрэглэхээр заналхийлэх үйлдлээр илэрдэг бөгөөд Х.Батбаяр нь Х.Оюунчимэгтэй утсаар ярьж “... би танайд очиж хүүг чинь хутгалж, гэрийг чинь шатаана ...” гэж хэлээд гэрийнх нь гадаа ирж хаалгыг нь балбаж, гэрийн гаднаас өшиглөж, яндан руу нь чулуу шидэж, “гараад ир, алнаа” гэж орилж байсан нь иргэдийн амгалан тайван амьдрах, халдашгүй чөлөөтэй байх, амрах талаар нийгэмд тогтож хэвшсэн ёс журмыг зөрчиж танхайрах үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэл болно.

Х.Батбаярт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад чухал ач холбогдолтой бүхий л байдлыг шалгаж тогтоосон байх бөгөөд шүүх Х.Батбаярын дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1, 230 дугаар зүйлийн 230.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч Х.Батбаярын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 489 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Батбаярын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                             ДАРГАЛАГЧ,

                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                     Т.УРАНЦЭЦЭГ

                             ШҮҮГЧ                                                                            Д.ГАНЗОРИГ