Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 850

 

             Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Увс аймгийн Зүүнговь сумын Баянннуур багт оршин суух, 1961 онд төрсөн, 55 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОД61120606, Бурдууд овогт Найдангийн Янжмаагийн,

            Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Жавзмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

          Нэхэмжлэгч Н.Янжмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Жавзмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 1961 онд төрсөн, 55 настай. Би 1978 оны хавар 8 дугаар ангиа төгсөөд 1978 оны 7 дугаар сараас эхлэн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш 1992 оныг дуустал тус нэгдэлдээ тасралтгүй малчнаар ажилласан. 1992 оны 10 дугаар сард Говийн хөгжил нэгдэл хувьчлагдаж Говийн хөгжил ХК болоход мөн ажиллаж байсан. Одоо нас өндөр болж байгаа тул тэтгэврийн бичиг баримтаа цэгцлэх шаардлагатай болсон юм. Миний хөдөлмөрийн дэвтэр гээгдсэн, тухайн он жилүүдэд ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байгаа учир ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэл болон Говийн хөгжил ХК-д 1978 оноос 1992 оныг дуустал малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Х.Нарандэлэг, Н.Норжмаа нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.                            

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Н.Янжмаа нь 1978 оноос 1992 оныг дуустал Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэл болон Говийн хөгжил ХК-д малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

          Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Дүгэрийн Дэнсмаагийн 1978 оны 7 дугаар сараас 1992 оныг дуустал Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

          Увс аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1992 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 40 дүгээр “Хувьчлалын төсөл батлах тухай” тогтоолд: “...Говийн хөгжил нэртэй 76108 мянган төгрөгийн дүрмийн сантай хувьцаат компани байгуулах төслийг зөвшөөрч дуусгалт, эхлэлтийн тайланг 10 дугаар сарын 25-ны дотор гаргаж хоблогдох байгууллагад тушаахыг компаний захирал, ня-бо нарт даалгасугай...” гэжээ.

         Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Х.Нарандэлэг, Н.Норжмаа нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Х.Нарандэлэг “Миний бие нь 1972 оноос 1990 он хүртэл Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Намайг тус нэгдэлд ажиллаж байхад Н.Янжмаа нь 1978 оноос эхлэн нэгдэлд мал маллаж эхэлсэн бөгөөд 1994 оныг дуустал малчнаар ажилласан. Н.Янжмаа нь голдуу бог мал малладаг байсан. Тухайн үед Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдлийн даргаар Намсрайжав, Т.Хүрэлхүү гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Н.Норжмаа “Миний бие нь 1974 оноос 1990 он хүртэл Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Намайг тус нэгдэлд ажиллаж байхад Н.Янжмаа нь 1978 оноос эхлэн нэгдэлд мал маллаж эхэлсэн бөгөөд Н.Янжмаа нь 1994 оныг дуустал малчнаар ажилласан. Бид нар нэгдэлд айл хошой мал малладаг байсан учир түүний ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна. Н.Янжмаа нь голдуу бог мал малладаг байсан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.  

          Нэхэмжлэгч Н.Янжмаа нь 1978 оноос 1992 оныг дуустал Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэл болон Говийн хөгжил ХК-д малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1992 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 40 дүгээр “Хувьчлалын төсөл батлах тухай” тогтоол, гэрч Х.Нарандэлэг, Н.Норжмаа нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

          Иймд нэхэмжлэгч Н.Янжмаагийн хүсэлтийг хангаж, түүний 1978 оноос 1992 оныг дуустал Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэл болон Говийн хөгжил ХК-д малчнаар 14 жил 6 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

           Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.   

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

             1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Бурдууд овогт Найдангийн Янжмаагийн 1978 оноос 1992 оныг дуустал Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэл болон Говийн хөгжил ХК-д малчнаар 14 /арван дөрөв/ жил 6 /зургаа/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.               

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд  зааснаар нэхэмжлэгч Н.Янжмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ