Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 924

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э,

улсын яллагч Ц.А,

шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Х овогт Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1908 0362 000000 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овогт Э.Б, Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Өндөршил суманд төрсөн, эрэгтэй 30 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Нарантуул” олон улсын худалдааны төвд хувиараа худалдагч хийдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Хустайн .. дугаар гудамжны .. тоотод байнга оршин суух, одоо Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Хустайн .. дугаар гудамжны .. тоотод оршин суудаг гэх, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ЗЙ00000000.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Э.Б нь 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хустайн .. тоотод “хүүхэд өмөөрч талх шидлээ” гэх шалтгааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Д.А-г толгой, хөлийн шилбэ, зүүн дал хэсэг рүү нь гараараа болон хөлөөрөө цохиж, зодож, эрүүл мэндэд нь “баруун доод зовхи, зүүн шилбэ, зүүн даланд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ: “...2019 оны 7 дугаар сарын 6-ны орой ажлаасаа тарж ирээд байж байтал хүүхэд уйлаад байхаар нь дуугуй бай гэж хэлсэн. Гэтэл эхнэр уурлаад талх аваад шидсэн. Тэгээд маргалдаж эхэлсэн...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 06-ны орой 20 цаг өнгөрч байхад манай нөхөр Б гэртээ хүүхэд рүүгээ уурлаад байхаар нь би “яагаад хүүхэд рүүгээ уурлаад байгаа юм бэ” гэсэн чинь тэрээр “чамд ямар хамаатай юм” гэж хэлээд хэл, амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би ширээн дээр байсан талх аваад түүн лүү шидсэн чинь миний үснээс зулгааж толгой болон зүүн шилбэ, дал хэсэгт гараараа болон хөлөөрөө цохиод байсан. ...Миний баруун нүд, зүүн өвдөгнөөс доош, зүүн далан дээр тус тус хөхөрсөн байсан. ...Тухайн үед Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй... Надад одоо санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 07),

2. Гэрч Т.Б (шүүгдэгчийн авга эгч) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б, А хоёр хамт амьдраад 7 жил болж байгаа дундаасаа 2 хүүхэдтэй том нь энэ жил 1 дүгээр ангид орох гэж байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн .... дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: Баруун нүдний эргэн тойронд хөхөлбөр хүрэн ягаан өнгийн цус хуралттай, орчны эд овойж хавдсан. Зүүн шилбэний урд дээд хэсэгт 13х6см, зүүн далны доор 6х3см хөхөлбөр хүрэн ягаан өнгийн цус хуралттай...ДҮГНЭЛТ

1. Д.А-н биед баруун доод зовхи, зүүн шилбэ, зүүн даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 19),

4. Шүүгдэгч Э.Б мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Хустайн .. тоот хашаан дотор машин янзалж байгаад гэрт ороод байж байсан чинь манай хүүхэд уйлаад байсан. Тэгэхээр нь би хүүхдээ загнасан чинь манай эхнэр “хүүхэд загналаа” гээд над руу уурлаад...ширээн дээр байсан талх аваад шидсэн. Би өөдөөс нь уурлаад хэдэн үг хэлээд үснээс нь зулгааж хөл болон дал руу нь гараараа болон хөлөөрөө өшиглөөд цохиод авсан... би Д.А-н нүүр, хөл, дал хэсэг рүү нь гараараа болон хөлөөрөө өшиглөж авсан...бид хоёр 2012 оноос хойш хамт амьдарч байна. Бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй...би өөрийн буруугаа ухамсарлаж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62-63),  

5. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 23-27), Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 28-29), шүүгдэгч Э.Б-н “ХААН” банкны 5030....90 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 39-40), Сонгинохайрхан дүүргийн тойргийн нотариатчийн баталсан эвлэрлийн гэрээ (хавтаст хэргийн 52), 

 - Оролцогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт (хавтаст хэргийн 67, 68), хүсэлтийг хангах болон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 69, 70), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 76),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 32, 33), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 22), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 35, 36), хувийн байдлын талаарх баримт зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Э.Б нь Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо,  Хустайн .. дугаар гудамжны .. тоотод, 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр, хувийн таарамжгүй сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, “хүүхэд өмөөрч талх шидлээ” гэх шалтгааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Д.А-г зодож, эрүүл мэндэд нь “баруун доод зовхи, зүүн шилбэ, зүүн даланд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн орой 20 цаг өнгөрч байхад манай нөхөр Б гэртээ хүүхэд рүүгээ уурлаад байхаар нь би “яагаад хүүхэд рүүгээ уурлаад байгаа юм бэ” гэсэн чинь тэрээр “чамд ямар хамаатай юм” гэж хэлээд хэл, амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би ширээн дээр байсан талх аваад түүн лүү шидсэн чинь миний үснээс зулгааж толгой болон зүүн шилбэ, дал хэсэгт гараараа болон хөлөөрөө цохиод байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 07),

- Шүүгдэгч Э.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...машин янзалж байгаад гэрт ороод байж байсан чинь манай хүүхэд уйлаад байсан. Тэгэхээр нь би хүүхдээ загнасан чинь манай эхнэр “хүүхэд загналаа” гээд над руу уурлаад...ширээн дээр байсан талх аваад шидсэн. Би өөдөөс нь уурлаад хэдэн үг хэлээд үснээс нь зулгааж хөл болон дал руу нь гараараа болон хөлөөрөө өшиглөөд цохиод авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62-63),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 8413 дугаар дүгнэлт “...Д.А-гийн биед баруун доод зовхи, зүүн шилбэ, зүүн даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 19) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Э.Б нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “талх авч шидлээ” гэх сэдэлтээр, хохирогч Д.А-г нүүр, хөл, далан тус газар цохиж гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Б-н нь хохирогч ...Д.А-гийн нүүр, хөл, далан тус газар гараараа цохисон болох нь хохирогч, яллагдагч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба цохиулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Нөгөө талаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний...бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;” хэлнэ гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр...” тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байхаар тус тус хуульчилсан байна. Тодруулбал Э.Б нь хохирогч Д.А нар нь 2012 оноос эхлэн хамтран амьдарсан. Улмаар дундаасаа хоёр хүүхэдтэй болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн тэдний мэдүүлэг болон гэрч Т.Б-гийн “...Б, А хоёр хамт амьдраад 7 жил болж байгаа дундаасаа 2 хүүхэдтэй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13) мэдүүлгээр тогтоогдож байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан байна.

Тиймээс шүүгдэгч Э.Б-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.А нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байхгүй, эвлэрсэн талаар баталгааг гаргасан байх тул шүүгдэгч Э.Б-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан үйлдэлд нь 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Э.Б, хохирогч Д.А нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иймд шүүгдэгч Э.Б-г гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг (хавтаст хэргийн 39-40), Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний дүгнэлтэд “...гэр бүлдээ аюул учруулах эрсдэл бага...” гэх баримт  (хавтаст хэргийн 23-27) зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 470 нэгж буюу 470.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Э.Б торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

Эрүүгийн 1908 0362 00000 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Э.Б-г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Б-г 470 (дөрвөн зуун далан) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 (дөрвөн зуун далан мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Э.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол, саналгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

      

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.МӨНХЗУЛ