Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 851

 

           Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Увс аймгийн Ховд сумын Халиунбулаг багт оршин суух, 1966 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОП66041800, Сидэрхий зуутраг овогт Дүгэрийн Дэнсмаагийн,

          Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

            Нэхэмжлэгч Д.Дэнсмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1966 онд төрсөн, 50 настай. Би 1982 оы 8 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд хонь, ямаа маллаж байсан. Тэр үеийн хөдөлмөрийн дэвтрээ гээж үрэгдүүлсэн, одоо нэгдэл тараад дахин хөдөлмөрийн дэвтрээ бичүүлж авах боломжгүй болсон тул аймгийн архивын лавлагаа гаргуулж авсан юм. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох шаардлагатай болсон учир миний Хөгжил нэгдэлд малчнаар ажилласан жилийг сэргээн тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Ч.Манжаа, Т.Сайндаа нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.                            

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Д.Дэнсмаа нь 1982 оны 8 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

           Увс аймгийн Архивын тасгийн 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Дүгэрийн Дэнсмаагийн 1982 оны 8 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

          Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Ч.Манжаа, Т.Сайндаа нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Ч.Манжаа “Миний бие 1983 оноос 1994 оныг дуустал Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд боловсон хүчний эрхлэгчээр ажиллаж байсан. Намайг тус нэгдэлд ажиллах үед Д.Дэнсмаа нь Ховд сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Д.Дэнсмаа нь тус нэгдэлд 1989 оныг дуустал ажилласан. Д.Дэнсмаа нь нөхрийн хамтаар голдуу хонь, ямаа маллаж байсан. Тухайн үед Ховд сумын Хөгжил нэгдлийн даргаар Х.Хөхөө, Б.Жамсран, Г.Батхүү, М.Батжаргал гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Т.Сайндаа “Миний бие 1970 оноос 1993 оныг дуустал Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд бригадын дарга, тоо бүртгэгч, аж ахуйн нярав зэрэг ажлуудыг хийж байсан. Намайг ажиллаж байхад Д.Дэнсмаа 1982 оны 8 дугаар сараас Ховд сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллах болсон. Д.Дэнсмаа нь тус нэгдэлд 1989 оныг дуустал ажилласан. Д.Дэнсмаа нь голдуу бог мал буюу хонь, ямаа маллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 52 дугаар шийдвэрийн хуулбарууд хэрэгт авагджээ. 

            Нэхэмжлэгч Д.Дэнсмаа нь 1982 оны 8 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн цалингийн тодорхойлолт, гэрч Ч.Манжаа, Т.Сайндаа нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

          Иймд нэхэмжлэгч Д.Дэнсмаагийн хүсэлтийг хангаж, түүний 1982 оны 8 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд малчнаар 7 жил 5 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

           Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.   

             Нэхэмжлэгч нь “шүүх хуралдааныг намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх боломжтой гэж үзэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Сидэрхий зуутраг овогт Дүгэрийн Дэнсмаагийн 1982 оны 8 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд малчнаар 7 /долоо/ жил 5 /тав/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.        

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд  зааснаар нэхэмжлэгч Д.Дэнсмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ