Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 338

 

 

 

 

 

 

 

 

 

   2020           04           06                                       2020/ШЦТ/338

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн,

улсын яллагч Г.Эрдэмбаатар,

шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас  С овогт Б-ын Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1905050160437 дугаартай хэргийг  2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар  сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Халх гол суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ......... ХХК-д хүнд машин механизмын оператор ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ............ дүүргийн ... дүгээр хороо ........... дүгээр гудамж ... тоотод оршин суух бүртгэлтэй, ......... дүүрэг ... дүгээр хороо ... дүгээр байр ...  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, С овогт Б-ын Б-

 

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 12 дугаар сарын 13-наас 14-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр байрны орчим Б.С-ыныг маргааны улмаас  зодож биед дээд уруулд шарх, зүүн завьжны цус хуралт, баруун өгзөгт цус хуралт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун хацарт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Б.Б- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 12 дугаар сарын 13-наас 14-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр байрны орчим Б.С-ыныг маргааны улмаас  зодож биед дээд уруулд шарх, зүүн завьжны цус хуралт, баруун өгзөгт цус хуралт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун хацарт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Б.С-ынын “2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр манай ангийн Н-ын намайг дуудсан. Тэгээд би нөгөө намайг зодсон гэх залуугийн гэр буюу Драгоны ард нэг сондгой хүрэн өнгийн байшинд 10 давхарт байх, эвдэрсэн бор хаалгатай айлд очсон. Тэгээд ороход манай найз Нэргүй нэг үл таних залуутай намайг танилцуулаад бид нар нэг шил 0.75 литрийн Хараа гэх архи хувааж уусан. Тэгээд бид нар мөнгөгүй байсан бөгөөд Нэргүй нэг найз руугаа яриад мөнгө зээлж авахаар болсон. Бид нар хамт хороолол яваад Гэмтэл орчим нэг найзаа дуудсан. Тэгээд орой 21-22 цагийн орчим өөр нэг найз гэх том биетэй залуу ирсэн. Тэгээд байж байхад манай найз Нэргүй нэг найз хүүхэнээ дуудаад нөгөөх нь нэг шил Экс гэх 0.75 литрийн архи авч өгсөн. Гэтэл манай найз согтоод байна гээд явахаар болсон. Гэтэл сүүлд ирсэн эмэгтэй найз нь би ч гэсэн явлаа, хүүхэд ганцаараа байгаа гээд хэлэхээр нь тэг гээд хэлсэн. Бид нар тэгээд бөөндөө гараад би Нэргүйтэй хамт гараад замын хойд талаас унаанд суулгаж өгчихөөд буцаад зам гараад ирэхэд нөгөө хүүхэн явсан байсан бөгөөд нөгөө хоёр залуу байсан. Тэгээд надад чи яаж байгаа юм, би хүүхэнтэй бараг яриад болсон байхад гэхээр нь би хүүхэд нь ганцаараа гээд байхаар нь тэг л гэсэн ш дээ гэж хэлсэн чинь тэр хамаагүй, чи явуулсан биз дээ гээд байсан. Тэгээд намайг хөгшөөн жаахан ийшлээд ирье гээд булан тойроод намайг хүнгүй газар хашаа дагуулж яваад эргээд харахад намайг баруун нүд орчим цохиод авсан бөгөөд миний хамраас цус гарсан. Энэ үед би гараа урагшлуулаад уучлаарай гээд уучлалт гуйсан боловч намайг тоогоогүй. Ахин нүүрэнд болон шанаанд хэд хэд цохиод авсан. Тэгээд би толгой манараад доошоо суутал нөгөө сүүлд ирсэн найз нь араас ирээд боль гээд хэлсэн чинь чи зайл, би өөрөө мэдэж байна гэснээ миний өгзөг, мөр, цээж рүү өшиглөж байгаад ална шүү та нарыг гэж хэлээд яваад өгсөн. Би дараа нь цусаа намдаж гоожихоо болих байх гэж хүлээж байгаад 102 дугаарт дуудлага өгөөд дараа нь цагдаа нартай хамт 7 дугаар хороон дээр  хүргэж өгөөд надаас мэдүүлэг авсан.

... тухайн өдрөө толгойн томографийн зураг 120.000 төгрөгөөр авхуулсан. Шүүх эмнэлэгт 8000 төгрөг өгсөн байгаа бөгөөд надад одоо энэ хэрэг маргаанаас болоод өмнө нь унаж татдаг байсан ба доргилт аваад миний өмнө нь унадаг байсан уналтын зай нь ойртоод байгаа. ...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 30-31 дүгээр хуудас/

“Эмчилгээнд гарсан зардал 135.000 төгрөг байгаа бөгөөд Б- надад нөхөн төлсөн. Надад эдгээр гэмтлийг Б- учруулсан. Өөр хэн нэгэн надад учруулсан зүйл байхгүй. Надад одоо гомдол санал гээд байх зүйл байхгүй. Бид хоорондоо сайн дураараа эвлэрсэн байгаа бөгөөд миний зүгээс энэ хэрэг маргаантай холбоотой ямар нэг гомдол гаргахгүй. Миний бие шүүх хуралд оролцох бодолгүй байна. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 42 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №329 дугаартай:

“1. Б.С-ынын биед дээд уруулд шарх, зүүн завьжны цус хуралт, баруун өгзөгт цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл  мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт, цус хуралт, зулгаралтууд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 21-22 дугаар хуудас/

 

Б.Б-ий яллагдагчаар өгсөн “... Эдгээр гэмтэл миний буруугаас учирсан гэмтэл гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед өөр зодоонд оролцсон хүн байхгүй. Би л жаахан шоглоод гэмтээчихсэн юм.

... Би хохирол гомдлыг нь барагдуулсан бөгөөд бид хоёр одоогоор эвлэрсэн байгаа. Би болсон явдалд харамсаж байна. С-ын гэх залуутай эвлэрсэн байгаа тул хэрэг маргааныг маань аль болох хөнгөнөөр шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 36-39 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Б.Б-ий үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”  гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч Б.С-ынын “... миний бие Бямбажавын Б-тэй эвлэрсэн бөгөөд учирсан хохирлоо бүрэн бүтэн авсан бөгөөд цаашид ямар нэгэн санал гомдол байхгүй болно. Иймд тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хэргийн 60 дугаар хуудас/ авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Б- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

         

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С овогт Б-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Б.Б-ийг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

                

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Б- цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ