| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00868/И |
| Дугаар | 852 |
| Огноо | 2016-12-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 852
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 5-19 тоотод оршин суух, 1962 онд төрсөн, 54 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ62091017, Зуунтар овогт Буянтогтохын Уртнасангийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Уртнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Уртнасан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 1962 онд төрсөн 56 настай. Би 1979-1981 он, 1984-1994 оны хооронд Увс аймгийн Улаангом сумын Барилга угсралтын трест болон Барилгын биржийн тоосгон заводын дугуй зууханд тоосго өрөгчөөр ажиллаж байсан. Миний бие 1981 оны 7 дугаар сараас 1984 оны 4 дүгээр сарын хооронд цэргийн алба хааж, цэргээс халагдаж ирээд дээрх байгууллагад үргэлжлүүлэн ажиллаж байсан. Одоо тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн, мөн ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд миний Увс аймгийн Барилга угсралтын трестийн тоосгон заводын дугуй зууханд тоосго өрөгчөөр 1979 оны 5 дугаар сараас 1981 оны 6 дугаар сарыг дуустал, 1984 оны 7 дугаар сараас 1992 оны 1 дүгээр сар хүртэл, Барилгын биржийн тоосгон заводын дугуй зууханд тоосго өрөгчөөр 1992 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Л.Дамдинсүрэн, Б.Дорж нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Уртнасан нь 1979 оны 5 дугаар сараас 1981 оны 6 дугаар сарыг дуустал, 1984 оны 7 дугаар сараас 1994 оныг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трест болон Барилгын биржийн тоосгон заводын дугуй зууханд тоосго өрөгчөөр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Буянтогтохын Уртнасангийн 1979 оны 5 дугаар сараас 1981 оны 6 дугаар сарыг дуустал, 1984 оны 7 дугаар сараас 1994 оныг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трест болон Барилгын биржийн тоосгон заводын дугуй зууханд тоосго өрөгчөөр ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.
Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь “Алтан гадас” одонт Барилга трестийн даргын 1980 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 327 дугаар “Ажилчдад жилийн ажиллагааны үр дүнгээр шагнал олгох тухай” тушаалд: “...Төлөвлөгөө биелүүлж цагийн ашиглалтыг дээшлүүлж ажилласан ажилчид 103 хүнийг 1 дүгээр хавсралт ёсоор 16807 төгрөгөөр шагнасугай. Хавсралтын 10-т Б.Уртнасан” гэжээ.
Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь “Алтан гадас” одонт Барилга трестийн даргын 1987 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 577 дугаар “Ажилчдад жилийн ажиллагааны үр дүнгээр шагнал олгох тухай” тушаалд: “...Байгууллагын төлөвлөгөөт зорилтыг биелүүлэхэд бүтээлч хувь нэмэр оруулж цагийг үр дүнтэй ашиглан норм төлөвлөгөөгөө биелүүлсэн ажилчид 391 хүнийг хавсралт ёсоор бүгд 33201 төгрөгөөр шагнасугай. Хавсралтад Буянтогтохын Уртнасан” гэжээ.
Түүнчлэн Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь “Алтан гадас” одонт Барилга трестийн даргын 1988 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 688 дугаар “Тасралтгүй ажиллагааны нэмэгдэл олгох тухай” тушаалд: “...Дээрх тогтоолын заалтын шаардлага биелүүлсэн ажилчид, үйлдвэрлэлийн инженер техникийн ажилтан 638 хүнийг 184349 төгрөгөөр шагнасугай. Хавсралтын 20-д Б.Уртнасан” гэжээ.
Увс аймгийн Барилга угсралтын трестийн харьяа үйлдвэрийн барилгын конторын даргын 1990 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 05/10 дугаар “...Тасралтгүй удаан жилийн нэмэгдэл хөлс олгох тухай” тушаалд: “Барилгын байгууллагад он удаан жил ажилласан инженер техникийн ажилтан, албан хаагч, ажилчид бүгд 203 хүнд 61943 төгрөгийн нэмэгдэл хөлс олгож хавсралтаар баталсугай. Хавсралтын 3-т Б.Уртнасан” гэжээ.
Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь “Алтан гадас” одонт Барилга трестийн даргын 1992 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр “Барилгын биржийг зохион байгуулах тухай” тушаал, 1992 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар “Биржийн зөвлөлийн гишүүдийг батлах тухай” тушаалын хуулбарууд хэрэгт авагдсан байна.
Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Л.Дамдинсүрэн, Б.Дорж нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Л.Дамдинсүрэн “Миний бие нь 1970 оноос 1992 он хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестийн харьяа үйлдвэрийн барилга контор буюу Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестэд тоосгочин, дугуй зуухны бригадын даргаар ажиллаж байсан. Намайг ажиллаж байхад Б.Уртнасан нь 1979 оноос эхлэн тус газарт өрөгчөөр ажиллаж эхэлсэн бөгөөд 1981 оны 6 дугаар сар хүртэл ажиллаж байгаад цэргийн албанд татагдсан. Б.Уртнасан нь цэргээс халагдаж ирээд 1984 оны 7 дугаар сараас 1992 он хүртэл тус газартаа үргэлжлүүлэн өрөгчөөр ажилласан. Миний бие нь 1992 онд тэтгэвэрт гарахад Б.Уртнасан нь Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестийн тоосгон заводын дугуй зууханд өрөгчөөр ажиллаад үлдсэн. Тухайн үед Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестийн даргаар Т.Батзул гэх хүн ажиллаж байсан” гэж, гэрч Б.Дорж “Миний бие нь 1981 оноос 1995 он хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестийн харьяа үйлдвэрийн барилга контор буюу Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестэд тоосгочноор ажиллаж байсан. Намайг ажиллаж эхлэхэд Б.Уртнасан нь тус газар өрөгчөөр ажиллаж байсан бөгөөд 1981 оны 1984 оны хооронд цэргийн алба хаагаад үргэлжлүүлэн Барилга угсралтын трестэд өрөгчөөр ажилласан. Намайг ажиллаж байх хугацаанд тус байгууллага нь бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж нэрээ олон удаа өөрчилж байсан бөгөөд Б.Уртнасан нь 1994 оныг дуустал тус газарт ажилласан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Б.Уртнасан нь 1979 оны 5 дугаар сараас 1981 оны 6 дугаар сарыг дуустал, 1984 оны 7 дугаар сараас 1994 оныг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трест болон Барилгын биржийн тоосгон заводын дугуй зууханд тоосго өрөгчөөр ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн цалингийн тодорхойлолт, Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь “Алтан гадас” одонт Барилга трестийн даргын 1980 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 327 дугаар “Ажилчдад жилийн ажиллагааны үр дүнгээр шагнал олгох тухай” тушаал, Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь “Алтан гадас” одонт Барилга трестийн даргын 1987 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 577 дугаар “Ажилчдад жилийн ажиллагааны үр дүнгээр шагнал олгох тухай” тушаал, Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь “Алтан гадас” одонт Барилга трестийн даргын 1988 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 688 дугаар “Тасралтгүй ажиллагааны нэмэгдэл олгох тухай” тушаал, Увс аймгийн Барилга угсралтын трестийн харьяа үйлдвэрийн барилгын конторын даргын 1990 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 05/10 дугаар “...Тасралтгүй удаан жилийн нэмэгдэл хөлс олгох тухай” тушаал, Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь “Алтан гадас” одонт Барилга трестийн даргын 1992 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр “Барилгын биржийг зохион байгуулах тухай” тушаал, 1992 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар “Биржийн зөвлөлийн гишүүдийг батлах тухай” тушаал, гэрч Л.Дамдинсүрэн, Б.Дорж нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Б.Уртнасангийн хүсэлтийг хангаж, түүний 1979 оны 5 дугаар сараас 1981 оны 6 дугаар сарыг дуустал, 1984 оны 7 дугаар сараас 1994 оныг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трест болон Барилгын биржийн тоосгон заводын дугуй зууханд тоосго өрөгчөөр 12 жил 8 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Зуунтар овогт Буянтогтохын Уртнасангийн 1979 оны 5 дугаар сараас 1981 оны 6 дугаар сарыг дуустал, 1984 оны 7 дугаар сараас 1994 оныг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трест болон Барилгын биржийн тоосгон заводын дугуй зууханд тоосго өрөгчөөр 12 /арван хоёр/ жил 8 /найм/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Уртнасангийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ