| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2019/0940/Э |
| Дугаар | 940 |
| Огноо | 2019-09-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Н |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 940
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т,
улсын яллагч Д.Н (томилолтоор),
шүүгдэгч Х.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Х.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0364 00000 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Х.Т , Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Т-О” ХХК-д автобусны жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Баянголын .. дугаар гудамжны .. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар УУ00000000.
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч Х.Т нь 2019 оны 7 дугаар сарын 11-ний шөнө 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ..дугаар хорооны нутаг дэвсгэр Хустайн амны задгайн зусланд өөрийн төрсөн дүү Х.Д маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь 2 нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн 1 шүдний сулрал, хамар, сарвууны 2 дугаар хуруу, зүүн сарвууны 1 дүгээр хуруу, бүсэлхий, зүүн шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Т мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
1. Хохирогч Х.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 11-ний өдөр манай эмээ Ц хуушуур ид гээд дуудахаар нь би төрсөн ах Т эгч нарын хамт очсон. Тэгээд очоод бид нар хоол унд идчихээд орой нь майханд архи, пиво ууж суусан. Тэгэхэд ах Т чанга яриад байхаар нь би “эмээ чимээгүй бай, чанга яриад байна” гэж хэлж байна гэсэн. Тэгтэл ах намайг үгээр өдөөд байхаар нь би эмээгийнд орж унтах гээд байж байтал миний үснээс татаад миний нүүр рүү гараараа цохиод байсан...миний үүдэн шүдний доод тал хөдөлж хамар хугарсан. ...би 300.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн...би хамраа бүрэн гүйцэт янзлуулмаар байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 05-06),
2. Гэрч П.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 11-ний өдөр би ач нараа эхнэр хүүхдүүдтэй нь хамт Сонгинохайрхан дүүргийн Зүүн салааны зуслангийн лагар дээр ирж хуушуур ид гэж урьсан. Манайд Д, Т, Г, Д, И нар хүүхдүүдтэйгээ ирсэн. Тэд нар ирэхдээ нэг шил архи, 2 литрийн 2 ширхэг пивотай ирсэн... тэд нар авчирсан юмнуудаа хувааж ууж байгаад шөнө 23 цагийн үед Д ахыгаа “та жаахан аяархан ярихгүй бол эмээ унтаж байгаа” гэсэн чинь ах нь “чи битгий хуцаад бай” гээд хэл амаар доромжлоод байх шиг байсан. ...тэгээд би орноосоо босоод гэрээс гарсан чинь Д, Т хоёр хоорондоо зууралцаад нэг нэгнээ цохиод байж байсан. ...Д-ыг манай охин Д унагаагаад дээрээс нь дараад хэвтэж байсан чинь Т “чамайг ална” гэж очоод нүүр рүү нь өшиглөөд авсан. ..Д Т-г чанга ярилаа эмээ унтаж байгаа ш дээ гэсэн чинь чамд хамаагүй гэж хэлж байсан. ...Т Д-ын нүүр рүү өшиглөж, гараараа цохиод байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10),
3. Гэрч С.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 11-ний өдөр... майхан дотор Д, Т, Д, Д бид хэд нэг шил 0.5 литрийн “Соёрхол” архи, 2 литрийн пиво 3 ширхэгийг хувааж уусан. Тэгээд Д, Т хоёр хоорондоо муудалцаад зодолдоод эхэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12),
4. Гэрч Э.И-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 7 дугаар сарын 11-ний өдөр...бид нар ...майхан дотор орж замаасаа авсан архи, пивонуудаа ууж байсан чинь Д “эмээ унтах гээд байна, та нар жаахан аажуухан ярилдаа” гэсэн чинь манай нөхөр Т уурлаад “чи өөрөө орж унт бид нар аажуухан ярьж байна” гээд элдвээр хэлчихсэн юм...тэгсэн Т тэр хоёр хоорондоо цохилцоод зодолдоод байсан....Т , Д хоёр нэг нэгнээ цохиод байсан хаана нь яаж цохилцож байсныг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16),
5. Шүүгдэгч Х.Т-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 11-нд...эмээ Ц Зүүн салаанд Хустайн аманд зуслан дээр байна, манайд хүрээд ир гэхээр нь би ганцаараа яваад очтол эмээ Ц, Д, Г, И, Д нар байсан. ...бид хэд модон дотор майхан барьж тэнд хөзөр тоглож сууж байгаад 5-уулаа том хуванцар савтай пиво 2 ширхэг, нэг шил 0.5 литрийн архи хувааж уусан. ...гэтэл Д байшингаас гарч ирээд намайг “чи дуугүй байгаа ч эмээ унтах гээд байна” гэж гэнэт уурласан байдалтай хэлэхээр нь би “чи намайг ахаа гэхгүй чи гэлээ, яагаад байгаа юм” гэсэн чинь Д “чамайг юу ч гэж дуудсан яадаг юм” гэхээр нь би “цаашаа яв” гэсэн чинь Д “пиздаа минь” гэж орилохоор нь “би чамтай зодолдохгүй, чи яв” гэсэн чинь чамайг би ялтан болгоно гэхээр нь би уур хүрээд босоод Д-ын нүүр, нүд рүү цохисон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29),
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн .... дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэгт: Баруун нүдний дээд, доод зовхины дотор булан, зүүн нүдний доод, доод зовхины гадна болон дотор буланд хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, бага зэрэг хавдаж овойсон. Хамрын хянганы хоёр хажуу хэсгээр тэмтрэхэд өвчин эмзэглэлтэй. Үүдэн баруун доод 1-р шүд суурин дээрээ нааш, цааш бага зэрэг хөдөлнө, өвчин эмзэглэлтэй. Хамрын хянганы баруун хажуу хэсэгт 0.5х0.1см, баруун гарын сарвууны 2-р харууны 3-р шивнүүрийн ар хэсэгт 1.5х0.2см, зүүн гарын сарвууны 1-р хурууны угийн шивнүүрийн дотор хэсэгт 1х0.2см, бүсэлхийн зүүн хажуу хэсэгт 2х0.1см, зүүн шилбэний урд дунд 1/3-т 7.5х0.3см, 7х0.6см арьсны өнгөц давхарга хууларсан хүрэн улаан өнгийн зулгаралттай.
-2019.07.12-ны ГССҮТ-ийн хүлээн авахын эмчийн үзлэгт: Онош: Хамрын ясны далд хугарал...ДҮГНЭЛТ
1. Х.Д-ын биед хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн 1 шүдний сулрал, хамар, баруун сарвууны 2-р хуруу, зүүн сарвууны 1-р хуруу, бүсэлхий, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20),
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 43, 42), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 32), Нийтийн тээврийн үйлчилгээний “Т-О” ХХК-ний тодорхойлолт (хавтаст хэргийн 41), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 46), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 44, 45) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Х.Т-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Х.Т нь Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэр Хустайн амны задгайн зусланд, 2019 оны 7 дугаар сарын 11-ний шөнө 23 цагийн үед, хувийн таарамжгүй харилцааны улмаас, шууд санаатай үйлдлээр, өөрийн төрсөн дүү Х.Д-тай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн 1 шүдний сулрал, хамар, баруун сарвууны 2-р хуруу, зүүн сарвууны 1-р хуруу, бүсэлхий, зүүн шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч Х.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 11-ний өдөр манай эмээ Ц хуушуур ид гээд дуудахаар нь би төрсөн ах Т эгч нарын хамт очсон. ...орой нь майханд архи, пиво ууж суусан. Тэгэхэд ах Т чанга яриад байхаар нь би “эмээ чимээгүй бай, чанга яриад байна” гэж хэлж байна гэсэн. Тэгтэл ах намайг үгээр өдөөд байхаар нь би эмээгийнд орж унтах гээд байж байтал миний үснээс татаад миний нүүр рүү гараараа цохиод байсан...миний үүдэн шүдний доод тал хөдөлж хамар хугарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 05-06),
- Гэрч П.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...шөнө 23 цагийн үед Дахыгаа “та жаахан аяархан ярихгүй бол эмээ унтаж байгаа” гэсэн чинь ах нь “чи битгий хуцаад бай” гээд хэл амаар доромжлоод байх шиг байсан. ...тэгээд би орноосоо босоод гэрээс гарсан чинь Д, Т хоёр хоорондоо зууралцаад нэг нэгнээ цохиод байж байсан. ...Д-г манай охин Да унагаагаад дээрээс нь дараад хэвтэж байсан чинь Т “чамайг ална” гэж очоод нүүр рүү нь өшиглөөд авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10),
- Гэрч С.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д, Т хоёр хоорондоо муудалцаад зодолдоод эхэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12),
- Гэрч Э.И-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д “эмээ унтах гээд байна, та нар жаахан аажуухан ярилдаа” гэсэн чинь манай нөхөр Т уурлаад “чи өөрөө орж унт бид нар аажуухан ярьж байна” гээд элдвээр хэлчихсэн юм...тэгсэн Т тэр хоёр хоорондоо цохилцоод зодолдоод байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16),
- Шүүгдэгч Х.Т-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Д байшингаас гарч ирээд намайг “чи дуугүй байгаа ч эмээ унтах гээд байна” гэж гэнэт уурласан байдалтай хэлэхээр нь би “чи намайг ахаа гэхгүй чи гэлээ, яагаад байгаа юм” гэсэн чинь Д “чамайг юу ч гэж дуудсан яадаг юм” гэхээр нь би “цаашаа яв” гэсэн чинь Д “пизда минь” гэж орилохоор нь “би чамтай зодолдохгүй, чи яв” гэсэн чинь чамайг би ялтан болгоно гэхээр нь би уур хүрээд босоод Д-ын нүүр, нүд рүү цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 0000 дугаар дүгнэлт “...1. Х.Д-ын биед хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн 1 шүдний сулрал, хамар, баруун сарвууны 2-р хуруу, зүүн сарвууны 1-р хуруу, бүсэлхий, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Х.Т, хохирогч Х.Д нар нь хоорондоо хувийн шалтгаан нөхцөл буюу биеийн хэлэмжийн зохисгүй харилцсан шалтгаан нөхцөлөөр, “намайг ахаа гэж дуудсангүй” гэх сэдэлтээр, хохирогчийн нүүрэн тус газар цохисон шууд санаатай үйлдлийн улмаас гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Х.Т-ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.Д нь эмчилгээний зардалд 300.000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд шүүгдэгч Х.Т нь хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж шүүх үзэв. Харин хохирогч Х.Тнь өөрт учирсан хөнгөн гэмтэлтэй холбоотой хохирол, хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Х.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгч нь торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “...хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Х.Т-ийг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчийн бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, тэрээр хувийн байдлын хувьд “Т-О” ХХК-нд жолоочоор ажилладаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Х.Т-д торгох ял оногдуулсантай холбогдуулан дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 1908 0364 00000 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Х.Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Т-ийг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Х.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тэмдэглэж хохирогч нь өөрт учирсан хохирол, хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ