Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 07

 

 

2019       12          24                                     2020/ШЦТ/07

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

улсын яллагч: Б.Бүжинлхам;

нарийн бичгийн дарга: Г.Энхжин;

шүүгдэгч: Д.Э, түүний өмгөөлөгч Б.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Э-т холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Татоо персинг” шивээсний газарт шивээсчин ажилтай, ам бүл 2, эцгийн хамт,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Д.Э.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Д.Э нь 2019 оны 08 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Аса” циркийн зүүн талд 10-93 УНМ улсын дугаартай цагаан өнгийн, “Хонда инсайт” маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агууламжтай 0,5 грамм мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 08 дугаар  сарын 19-20-нд шилжих шөнө ажил дээрээ байсан. П.Тамир надруу залгаад “гэрээс ирээд авчих” гэхээр нь очиж авсан. Бид 2 “Их дэлгүүр”-ийн зүүн талын “Роунд пизза”-ны гадна ирсэн. П.Тамир нэг хүнтэй мессеж бичиж, өөрийн хаана байгаа тухай хэлэхэд тухайн хүн ирсэн. Ингээд ногоон хайрцагтай эд зүйл аваад машинд орж ирсэн, тэр нь өвс байсан. Машинд уг өвсийг янзлаад “дүүдээ 2 чихэр аваад өгөөч” гэхээр нь авч өгсөн. П.Тамир нь “хоёулаа бонго хийж татъя” гээд 50-тийн дэвсгэрт ороогоод суусан. Мөн чихэрний мөнгөлөг цаасаар юүлүүр хийсэн. Тухайн өвсний хэрэггүй хэсэг гээд ишийг түүж машины урд талын хайрцганд хийсэн. Би “цонхоор гаргаж хая” гэхэд машины урд талд хаяад байсан. Орой болж харих гээд Циркийн зүүн талд явж байтал цагдаа нар үлээлгэсэн. Цагдаа “өөр зүйл үнэртээд байна” гээд бид 2-ыг авч яваад саатуулсан. Маргааш нь Сүхбаатар дүүргийн мөрдөн байцаах газарт очиход П.Тамирын аав, ээж нь ирсэн байсан. Аав нь намайг дуудаад “би цагдаагийн хурандаа н.Пүрэвсүрэн гэдэг хүн, чи манай хүүг Орос Улсад сурдаг гэдгийг мэдэж байгаа биз дээ, 09 дүгээр сард хичээлдээ явах ёстой” гэж хэлсэн. Мөн аав нь “чамд өмгөөлөгч авч өгч бүх зүйлийг аргална, хар тамхитай тэмцэх газарт ирэхэд чамайг торгоод явуулна” гэж хэлэхэд нь итгэсэн. Тухайн үед өмгөөлөгч авах мөнгөгүй байсан тул зөвшөөрсөн...” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-17/, эд зүйлд  үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-26/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 32/, гэрч П.Тамирын  мэдүүлэг /хх-ийн 38-39/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 4681, 4684, 4683 дугаартай дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 51-52, 56-59, 63-64/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 1133 дугаар дүгнэлт /хх-ийн 68-69/, Д.Э-ийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 74-75/, Д.Э-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 78, 86-94, 101, 110, 113/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 112/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд, ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 08 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг, “Аса” циркийн орчим Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агууламжтай “өвс” гэх нэршилтэй 0,5 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг 1093 УНМ дугаартай “Хонда Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл дотор худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

гэрч П.Тамирын /хх-ийн 38-39/: “...Би найз эмэгтэй Томоко гэх хүнтэй хамт тэрний 1093 улсын дугаартай “Хонда Инсайт” гэх автомашинтай 2019 оны 08 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө 00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн нутагт байрлах Циркийн зүүн талын “Орифлейм”-тэй байрны хажууд явж байхад замын цагдаа зогсоож бид 2-ыг шалгасан...Бид 2-ыг саатуулаад цагдаа нар ирээд бид 2-ын шээснийн шинжилгээ аваад хариу нь гарахад бид 2-оос вит буюу өвс нэртэй мансууруулах бодис илэрсэн...Бид 2 унаж явсан машиндаа нэг вонгоо хийгээд тэрийгээ сорж хэрэглэсэн...” гэх мэдүүлгээр, 

 

Д.Э-ийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 74-75/: “...2019 оны 08 дугаар сарын 20-ны орой ажлаа тараад гэртээ харих замаараа нэг хоолны газарт ганцаараа хоол идсэн. Тухайн үед аавын биеийн байдал, ээжийн нөхөр, дүү зэрэг хувийн амьдрал, асуудлаасаа болоод сэтгэл санаа таагүй байсан. Намайг хүн анзаарсан бололтой ширээн дээр дөхөж ирээд “чи зүгээр үү, ганцаараа явж байгаа юм уу, яагаад гуниглаад суугаад байгаа юм бэ” гэж хэлсэн. Танихгүй залуу байсан болохоор нэг их юм ярилгүй “сэтгэл санаа таагүй байна” гэж хэлсэн. Тэр залуу намайг “хоолоо идээд дуусчихсан бол гараад хамт тамхи татах уу” гэхээр нь би зөвшөөрөөд хамт гараад тамхи татаж байтал халааснаасаа нэг бор өнгийн цаасанд ороосон бололтой тамхи өгөөд “энийг татвал сэтгэл санаа сэргээд, гоё болно” гэж хэлсэн. Би 4-5 удаа сорж үзтэл гашуун оргиод, ханиалгаад байсан болохоор унтраагаад өөрийнхөө тамхины хайрцагт хийсэн. Тэгэж байтал хуурай дүү Тамир залгаад “эгч та машинтай явж байвал дөхүүлээд өгөөч, уулзах уу” гэж хэлэхээр нь нөгөө залуугаас салах шалтгаан гарсан болохоор “тэгье” гээд машиндаа суугаад явсан. Ажлынхаа үүднээс Тамирыг аваад явж байтал Тамир “тамхи байна уу” гээд миний хайрцгийг аваад тамхи авах гэж байгаад нөгөө залуугийн өгсөн бор цаастай ороосон тамхийг аваад “энэ юу юм сороод үзчих үү” гэхээр нь “тэг тэг” гэж хэлсэн. Тамир тэр тамхийг асааж чадахгүй урд хэсгээс нь доторх өвсийг гаргаж урд хайрцаг руу асгаж байгаад асааж хэд хэд сорсон. Дараа нь би аваад 2 сортол гоё санагдахгүй байсан болохоор хөл доороо гишгиж унтраагаад явж байтал Циркийн зүүн талд замын цагдаа зогсоогоод шалгасан....” гэх мэдүүлгээр,

 

“...Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн “ургамал” мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агуулга илэрч байна. Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-д багтдаг болно” гэх Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 4683 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтээр /хх-ийн 63-64/,

 

мөн хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн П.Тамир УШ98030236 гэж хаягласан шээс, Д.Э УШ97043081 гэж хаягласан шээс тус бүр тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-д багтдаг болно” гэх 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 4680 дугаартай дүгнэлтээр /хх-ийн 46-47/,

 

мөн хүрээлэнгийн  “...Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн татсан тамхины    иш    мэт, үзүүр хэсэг нь шатаж хавчигдсан зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол    /delta-9    tetrahydrocannabinol/-ын    агуулга    илэрч байна. Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-д багтдаг болно” гэх 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 4681 дугаартай дүгнэлтээр /хх-ийн 51-52/,  

 

мөн хүрээлэнгийн  “..Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн төмөр хийц бүхий соруул, төмөр хайрцагны ёроолд байх нунтаг ургамал мэт зүйл,  “AU3558090”   серийн дугаартай тавьтын мөнгөн дэвсгэрт тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол    /delta-9    tetrahydrocannabinol/-ын    агуулга    илэрч    байна. Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-д багтдаг болно” гэх 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 4684 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтээр /хх-ийн 56-58/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-17/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21-26/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 32/ зэрэг  мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн шээснээс илэрсэн болон автомашинаас хураагдсан “нунтаг ургамал мэт зүйл”-ээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн болохыг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээч тогтоосон, шүүгдэгч дээрх сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй ургамалыг өөрөө болон П.Тамирын хамтаар татаж хэрэглэн мансуурч байсан нь хэргийн газраас эд мөрийн баримтаар хураагдсан зүйлүүдээр тогтоодсон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Хувь хүний хувьд сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд шүүгдэгч Д.Э зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур автомашиндаа сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар байлгасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгчөөс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, анхан шатны шүүх хуралдаанд “…Д.Э, П.Тамир нарын хэрэглэсэн “өвс” гэх зүйлээс хэрэглэгдээгүй үлдсэн “тамхины үртэс”-ийг хадгалсан гэж үзэхгүй, энэ хэрэгт П.Тамирыг холбогдуулан шалгах, Д.Э-т хилс хэрэг хүлээлгэсэн” гэсэн хүсэлт гомдолд шүүх дараах байдлаар няцаалт өгсөн болно.

 

            Д.Э-т холбогдох хэргийн үйл баримтыг тогтооход шаардлагатай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан нотлох баримтууд цугларч, бэхжигдсэн байх бөгөөд мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Д.Э “хилс хэрэг хүлээсэн”  гэх боловч энэ талаар эргэлзээ төрүүлэхээр өөр ямар нэгэн баримт сэлт мөрдөн байцаалтаар авагдаагүй, энэ талаар нотолсон баримт хэрэгт авагдаагүй тул шүүгдэгчийн энэ санал нь хэргийн шийдвэрлэлтийг удаашруулах, шүүн таслах ажиллагаанд саад болох зорилготой, хэргийн талаар бодитой бус мэдүүлэг өгч байна гэж үзэх үндэслэлтэй.

 

Мөн сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй ургамалыг олж авсан, хадгалсан үйлдэлд санаа зорилго, үйлдлээрээ нэгдээгүй, Д.Э-ийн олж авсан ургамлыг хэрэглэсэн П.Тамирын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн аль ч шинжүүд нь тохирохгүй, ийнхүү хэрэглэхийг хууль тогтоогч эрүүгийн гэмт хэрэг гэж хуульчлаагүй байх тул эрүүгийн гэмт хэрэгт хамааралгүй П.Тамирыг дахин шалгах, Д.Эийг түүнтэй адил түвшинд үзэж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй.

 

Ийнхүү шүүгдэгч Д.Э-ийн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Д.Э-ээс гаргуулах төлбөргүй, хураан авах хөрөнгө орлогогүйг дурьдаж байна.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Д.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа үзүүр хэсэг нь харлаж шатсан, бор өнгийн цаастай, ороосон тамхины иш мэт зүйл, ногоон өнгийн төмөр хийц бүхий соруул, төмөр хайрцагны ёроолд байсан өвс, ургамлын үртэс, тээврийн хэрэгслийн урд хайрцагнаас хураан авсан 0,5 грамм “Каннабис өвс” зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, AU3558090 дугаартай Монгол Улсын 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Монгол банкинд шилжүүлж устгуулахаар тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           

            1. Шүүгдэгч Д.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

     

4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Э нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

    

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа үзүүр хэсэг нь харлаж шатсан, бор өнгийн цаастай, ороосон тамхины иш мэт зүйл, ногоон өнгийн төмөр хийц бүхий соруул, төмөр хайрцагны ёроолд байсан өвс, ургамлын үртэс, тээврийн хэрэгслийн урд хайрцагнаас хураан авсан 0,5 грамм Каннабис өвс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, AU3558090 дугаартай Монгол Улсын 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Ниййслэийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар  дамжуулан Монгол банкинд шилжүүлж устгуулсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ