Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 941

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т,

улсын яллагч М.С,

шүүгдэгч Д.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос О овогт Д.П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0184 00000 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

О овогт Д.П, Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Намгийн .. дүгээр гудамжны .. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ЙЮ00000000.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Д.П нь 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хангай” захын ойролцоо байх мод, нүүрс зардаг контейнерын ойролцоо П.Ц-ыг инээж, шооллоо гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.П мэдүүлэхдээ мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч П.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 26-ны орой 23 цагийн орчимд...Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо “Хангай” захын гадна очтол Б ах зогсож байсан. Тэгэхээр нь Х.С эгчтэй хамт контейнер дотор хөзөр тоглоод сууж байтал тэр хавьд явж байсан 2 согтуу эмэгтэй хажуугаар өнгөрөхдөө “гичий чинь” гэхээр нь би хоорондоо хэрэлдэж байна даа гэж бодоод тоохгүй хөзрөө тоглож байтал дахиад “янхан минь үхсэндээ хараав” гэхээр нь би тогоогүй юм. Тэгсэн нэг эмэгтэй нь цонх нүдээд байхаар нь би “та нар явцгаа” гэж хэлтэл нөгөө эмэгтэй нь “чи манай найзыг хөөдөг хэн бэ” гээд орж ирэх гээд байсан. Тэгэхээр нь яв гэтэл намайг ягаан куртиктэй эмэгтэй баруун хацар руу нэг алгадсан. Би цаашаа яв гээд хөөтөл саарал куртиктэй эмэгтэй нэг удаа алгадаад, бөөр рүү өшиглөсөн. Гайхаад зогсож байтал ягаан куртиктэй эмэгтэй нь алгадаад толгой руу цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд цохих гэтэл ягаан куртиктэй эмэгтэй нь “би хөхүүл хүүхэдтэй” гэхээр нь би болиод “чи одоо нялх хүүхэдтэй байж болиоч хүүхдэдээ архи хөхүүлээд явах сайхан байна уу” гэсэн чинь намайг үсдээд доош дартал саарал куртиктэй нь миний өвдөг рүү өшиглөсөн. ...тэр 2 эмэгтэй миний үснээс зулгаагаад тавихгүй байхад...Х.С эгч Б ах хоёр салгахаар нь би гялс гүйгээд контейнер руу орох гэтэл ягаан куртиктэй эмэгтэй миний толгой руу чулуу шидээд толгой хагалчихсан... ягаан куртиктэй нь П, саарал куртиктэй нь Б ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 08-09),

- “...Б миний нүүр хэсэг рүү алгадах үед би өөдөөс нь гараараа хаасан учраас надад гэмтэл учраагүй, хөлөөрөө өшиглөснөөс болж надад ямар нэгэн гэмтэл учраагүй. Харин П миний нүүр рүү 2 удаа алгадаж толгой руу гараараа цохисон мөн...намайг П-ээс салаад контейнер руу гүйтэл араас чулуу шидэж толгой хагалчихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 92-94),

2. Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 26-ны орой 23 цагийн орчимд найз П-ийн хамт Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо Дүүргийн автобусны буудал дээр буугаад караоке орох гээд явж байтал зам дагуу мод нүүрс зардаг саарал контейнерын хажуугаар өнгөрөөд явтал дотор нь сууж байсан эмэгтэй бид хоёрыг хараад инээгээд байсан. Тэгэхээр нь буцаж очоод хэрүүл хийх гээд очтол тэр эмэгтэй гараад ирсэн. Тэгсэн П тэр эмэгтэйг үсдээд зөрүүлээд нөгөө эмэгтэй үсдээд зууралцаад байсан. Тэгэхээр нь би тэр эмэгтэйг нэг удаа баруун хацар руу нь алгадсан...тэнд мод нүүрс зарж байсан эгч бид нарыг салгах гээд дийлээгүй ...П.Ц-д учруулсан тархи доргилт, зулайн хуйхны язарсан шархыг П чулуу шидэж учруулсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25),

3. Гэрч Х.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг Б гэх эмэгтэйтэй маргалдаж байхад П, Ц хоёр хоорондоо зодолдоод эхэлсэн. Тэгэхээр нь Б бид хоёр, хоёр талаас нь салгах гэж оролдоод дийлээгүй юм. Б Ц-ыг цохиж зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 96-97),

4. Шүүгдэгч Д.П-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 20 цагийн орчимд Баярцэцэгийн гэрт 2.5 литрийн хэмжээтэй пиво хоёрыг хувааж уучихаад 23 цагийн орчимд гэрээс нь гараад .. дүгээр хороолол орж найзтайгаа уулзах гээд дүүргийн автобусны буудлын зам дагуу алхаж байтал замд мод нүүрс зардаг контейнерын урдуур явтал дотор нь байсан эмэгтэйтэй манай найз Баярцэцэг маргалдаад хэрэлдээд байх шиг байсан би нэлээн согтуу байсан. Үснээс нь зулгааснаа л санаж байна. ...Баярцэцэг бид хоёрыг контейнерын хажуугаар өнгөрөхөд тэр эмэгтэй бид хоёрыг хараад инээгээд шоолоод байх шиг байсан. Тэгэхээр нь уур хүрээд буцаж очоод маргалдаж үснээс нь зулгаасан...би чулуу шидэж толгойг нь оночихсон юм. Бас үснээс нь зулгааж толгой руу цохиж алгадсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48)

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 0000 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: Баруун зулайн хуйханд 1.5х0.3см язарсан шархтай, бага зэрэг овойж хавдсан, тэмтрэхэд эмзэглэл ихтэй. Баруун сарвууны гадна гадаргууд 1х0.1см бугуйн дотор гадаргууд 1х0.1см, зүүн сарвуунд 1х0.1см улаан ягаан өнгийн зулгаралттай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.

2019.03.29-ний өдрийн Натур эмнэлгийн Толгойн КТГ-т: ...Тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан буюу бага зэргийн хавантай...баруун талд зулай чамархай орчмын зөөлөн эдэд хаван хавдартай...ДҮГНЭЛТ

1. П.Ц-ын биед тархи доргилт, баруун зулайн хуйхны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн сарвуу, баруун бугуйн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 34),

6.Шинжээч эмч Н.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...П.Ц-ын биед тогтоогдсон гэмтлүүдийн тархи доргилт, баруун зулайн хуйхны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дан, дангаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг хамаарахгүй...үснээс зулгаах болон чулуугаар цохиход тархи доргилт үүсэх боломжтой, шууд үүсэх боломжтой гэж хэлэх боломжгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36),

 7. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт... (хавтаст хэргийн 101-102),

- Хохирлын талаарх баримт (хавтаст хэргийн 37),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 52, 53), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 63), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 57, 58) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.П-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Д.П нь Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт, “Хангай” захын ойролцоо мод, нүүрс зардаг чингэлгийн хажуугаар өнгөрч явахдаа, 2019 оны 3 дугаар сарын 26-ны орой 23 цагийн орчим, хувийн таарамжгүй сэдэлтээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шалтгаан нөхцөлөөр, шууд санаатай үйлдлээр, инээж, шооллоо гэх шалтгаанаар иргэн П.Ц-ыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч П.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 26-ны орой 23 цагийн орчимд...Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо “Хангай” захын орчим... Х.С эгчтэй хамт чингэлэг дотор хөзөр тоглоод сууж байтал тэр хавьд явж байсан 2 согтуу эмэгтэй хажуугаар өнгөрөхдөө “гичий чинь” гэхээр нь би хоорондоо хэрэлдэж байна даа гэж бодоод тоохгүй хөзрөө тоглож байтал дахиад “янхан минь үхсэндээ хараав” гэхээр нь би тогоогүй юм. Тэгсэн нэг эмэгтэй нь цонх нүдээд байхаар нь би “та нар явцгаа” гэж хэлтэл нөгөө эмэгтэй нь “чи манай найзыг хөөдөг хэн бэ” гээд орж ирэх гээд байсан. Тэгэхээр нь яв гэтэл намайг ягаан куртиктэй эмэгтэй баруун хацар руу нэг алгадсан. ...дахиад ягаан куртиктэй эмэгтэй нь алгадаад толгой руу цохисон. ...тэр 2 эмэгтэй миний үснээс зулгаагаад тавихгүй байхад...Х.С эгч Б ах хоёр салгахаар нь би гялс гүйгээд контейнер руу орох гэтэл ягаан куртиктэй эмэгтэй миний толгой руу чулуу шидээд толгой хагалчихсан... ягаан куртиктэй нь П, саарал куртиктэй нь Б ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 08-09),

 “...П миний нүүр рүү 2 удаа алгадаж толгой руу гараараа цохисон мөн...намайг П-ээс салаад контейнер руу гүйтэл араас чулуу шидэж толгой хагалчихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 92-94),

- Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Пүрэв тэр эмэгтэйг үсдээд зөрүүлээд нөгөө эмэгтэй үсдээд зууралцаад байсан. Тэгэхээр нь би тэр эмэгтэйг нэг удаа баруун хацар руу нь алгадсан...тэнд мод нүүрс зарж байсан эгч бид нарыг салгах гээд дийлээгүй ...П.Ц-д учруулсан тархи доргилт, зулайн хуйхны язарсан шархыг П чулуу шидэж учруулсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25),

- Гэрч Х.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг Б гэх эмэгтэйтэй маргалдаж байхад П, Ц хоёр хоорондоо зодолдоод эхэлсэн. ...Б Ц-ыг цохиж зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 96-97),

- Шүүгдэгч Д.П-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Мод нүүрс зардаг контейнерын урдуур явтал дотор нь байсан эмэгтэйтэй манай найз Б-тэй  маргалдаад хэрэлдээд байх шиг байсан би нэлээн согтуу байсан. Үснээс нь зулгааснаа л санаж байна. ...би чулуу шидэж толгойг нь оночихсон юм. Бас үснээс нь зулгааж толгой руу цохиж алгадсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 3935 дугаар дүгнэлт “...1. П.Ц-ын биед тархи доргилт, баруун зулайн хуйхны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн сарвуу, баруун бугуйн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 34),

- Шинжээч эмч Н.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...П.Ц-ын биед тогтоогдсон гэмтлүүдийн тархи доргилт, баруун зулайн хуйхны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дан, дангаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг хамаарахгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон дээрх хэргийн үйл баримтаас дүгнэвэл Д.П нь хууль зүйн хувьд хохирогчийн зүй бус үйлдлийн шалтгаан нөхцөлөөр, “намайг шооллоо” гэх сэдэлтээр, хохирогч П.Ц-ыг цохиж, шууд санаатай үйлдлээр, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.П нь хохирогч ...Ц-г зодсон болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Иймд шүүгдэгч Д.П-ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч П.Ц нь эмчилгээний зардалд баримтаар 120.000 (хавтаст хэргийн 37) нэхэмжилснээс шүүгдэгч нь хохирогч 120.000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч Д.П нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Д.П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг хамгийн доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.П нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Д.П-т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүхээс шүүгдэгч Д.П-т торгуулийн ял оногдуулсантай холбогдуулан торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд биелүүлэхийг даалгаж, хэрэв биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

Эрүүгийн 1908 0184 0000 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт Д.П-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай,

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.П-г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.П-т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол, саналгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.МӨНХЗУЛ