Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 856

 

Зохигчдын  эвлэрлийг  баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

           Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Увс аймгийн Баруунтуруун сумын 1 дүгээр багт оршин суух, 1949 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОА49111516, Цорос овогт Хөхийн Тогтохын нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Увс аймгийн Баруунтуруун сумын 3 дугаар багт оршин суух, 1980 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОА80031017, Номт зайсан овогт Дорлигийн Цэндсүрэнд холбогдох,

          “Өвгөний буудал” гэх өвөлжөөнөөс албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Х.Тогтох шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие тус сумын Засаг даргын 2006 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 04 тоот захирамжаар Баяннөмрөг багийн нутаг Нарийны эхний “Өвгөний буудал” хэмээх газрыг 30 жилийн хугацаатай эзэмшихээр 0071504 тоот гэрчилгээ авсан. Тус өвөлжөөг эзэмшилдээ авснаас хойш газрын төлбөрийг жил бүр төлж байсан. Гэтэл 2013 онд өвөлжөөг хамтран эзэмшигч Т.Магалжав Д.Цэндсүрэнг өвөлжөөнд түр өвөлжиж байхаар амаар тохиролцож уг иргэнээс 1.000.000 төгрөг авсан. Энэ үед миний бие нь Улаанбаатар хотод эмчилгээнд байсан бөгөөд Т.Магалжав энэ талаар утсаар надтай ярихад нь би уг өвөлжөөг ямар нэгэн хүнд зарж болохгүй, би өвөлжөөндөө хашаа, саравч нэмж барина гэж ярьж тохиролцсон. Тус өвөлжөө нь миний нэр дээр Хаан банкны зээлийн барьцаанд 2011 оноос хойш байгаа. Хариуцагч Д.Цэндсүрэнд миний бие өвөлжөөний газрыг суллаж өг гэж 1 удаа, эхнэрт нь 3 удаа хэлэхэд ярилцъя гэж явсаар өдий хүрлээ. Аргаа бараад гэрт нь очиж хэлэхэд би өвөлжөөг чинь өгөхгүй, би чадна гэсэн дарамталсан хариу сонссон. Улмаар 2016 оны 9 дүгээр сарын 06-нд сумын цагдаагийн тасагт өргөдөл гаргасан юм. Иймд уг асуудлыг хянан иргэн Д.Цэндсүрэнг өвөлжөөний газраас албадан  нүүлгэж өгнө үү” гэжээ.

           Хариуцагч Д.Цэндсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Баруунтуруун сумын 1 дүгээр багийн иргэн Х.Тогтох анх надад ингэж хэлсэн. Чи тэр буудлын хашаа саравчийг худалдаж авсан гэнэ, чи авснаас цааш газрын гэрчилгээ ахынх нь нэр дээр байгаа, ах нь эмчилгээнд явмаар байна, мөнгө хэрэгтэй байна гэж 1.000.000 төгрөг авсан. Энэ газрыг чи ав гэж тохиролцоод 2012 оны 6 дугаар сарын 20-нд надаас 1.000.000 төгрөг авсан. Тэгэхэд би ах одоо гэрчилгээгээ нэр дээрээ болгож авмаар байна гэхэд ахдаа чи хоёр жил хүлээж өгөөч гэсэн. Тэр үед Хаан банкинд хамтран эзэмшигч хүү Магалжавын нэр дээр малчны зээл авсан байсан. Тэгээд бид хоёр жил хүлээсэн. Ингэж явсаар 2 жил өнгөрч 2014 оны зун гэрчилгээ чинь чөлөөлөгдлөө, гэрчилгээгээ ирж ав гэхэд нь би очиход 2014 оны 7 дугаар сарын 28-нд гэрчилгээг надад гаргаж өгсөн. Одоо ах гэрчилгээг миний нэр дээр болгож өгөөч гэхэд ах нь яаралтай хот явах ажил гарлаа, ирээд сольж өгнө гээд явсан. Тэгэж явснаараа хотод өвөлжөөд 2015 оны 3 дугаар сард ирсэн. Ингэж залилсаар гэрчилгээг миний нэр дээр болгож өгөөгүй. Тогтох гуай 2015 оны намраас хойш ах нь ер нь газраа хариу буцааж авна байгаа гэж хэлсэн. Тэгэхэд нь би та юу яриад байна, би 3, 4 жил боллоо өчнөөн мод оруулж хашаа саравч нэмж барьж өтөг бууц, хөрөл хөрзөн гаргалаа, та анх надад юу гэж хэлсэн билээ, та одоо боль, одоо ингэж ярьж болохгүй гэж хэлсэн. Би хүний өвөлжөөнд амаар тохиролцож түр өвөлжиж байсан бол 4, 5 машин мод оруулж өчнөөн зардал гаргаж хашаа саравч нэмж барихгүй байсан. Энэ хүний газарт ганц ширхэг мод, хашаа саравч түлээ, түлш юу ч байгаагүй. Анх чи ав гэж тохиролцсоноос болж энэ буудлыг би тохижуулж авсан. Энэ газрыг надад тохиролцож зардаггүй юм бол анх авсан 1.000.000 төгрөгийг минь олгож өгнө үү” гэжээ.

          Нэхэмжлэгч Х.Тогтох, хариуцагч Д.Цэндсүрэн нар шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “Бид хоёр харилцан тохиролцож ярилцсаны үндсэн дээр Өвгөний буудал гэх өвөлжөөг хариуцагч Д.Цэндсүрэн миний бие чөлөөлж өгөх, тухайн өвөлжөөг чөлөөлж өгсөн тохиолдолд Х.Тогтох би 1.000.000 төгрөгийг Д.Цэндсүрэнд өгөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээг байгуулав. Иймд бидний эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

       Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Х.Тогтох нь хариуцагч Д.Цэндсүрэнд холбогдуулан “Өвгөний буудал” гэх өвөлжөөнөөс албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.  

          Шүүх хуралдаанд зохигчид нь эвлэрсэн болохоо илэрхийлж эвлэрлийн гэрээ ирүүлсэн байх бөгөөд энэхүү гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байна.

              Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх  үндэслэлтэй байна.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар зохигчид нь эвлэрсэн байх тул төрийн сангийн 150000941 тоот данснаас 35.100 төгрөг, хариуцагч Д.Цэндсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамж 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Тогтоход олгож, 35100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. Хариуцагч Д.Цэндсүрэн нь Өвгөний буудал гэх өвөлжөөг чөлөөлж өгөх, тухайн өвөлжөөг чөлөөлж өгсөн тохиолдолд нэхэмжлэгч Х.Тогтох нь хариуцагчид 1.000.000 төгрөг өгөхөөр тохиролцож зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

               2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсгүүдэд зааснаар төрийн сангийн 150000941 тоот данснаас 35.100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөг, хариуцагч Д.Цэндсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамж 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Тогтоход олгож, 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

               3. Энэхүү захирамжийг зохигчид сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан  шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар  анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ