Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 943

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т,

улсын яллагч Ц.А

шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч А.Б (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Х овогт Г.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1908 0119 00000 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овогт Г.М, Монгол Улсын иргэн,  Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Дэнжийн .. дугаар гудамжны .. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар НУ00000000.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Г.М нь 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт, Дэнжийн ... тоотод оршин суух иргэн Н.Э-н монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 42 инчийн хар өнгөтэй LCD зурагт 1 ширхэг, пейч 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд “...хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо Дэнжийн .. дугаар гудамжны ... тоотод хулгай орсон гэх...” баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 2-5),

2. Хохирогч Н.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Зүүнхараагаас эхнэр хүүхдийн хамт өнгөрсөн 2018 оны 8 дугаар сард нүүж ирээд Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо Дэнжийн .. тоотод М гэх айлын хашааг таллаж 2.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. ...2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр би эхнэрийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум руу эхнэр С-г эмнэлэгт үзүүлэхээр явсан юм. Тэгээд 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр манай хадам ээж О над руу залгаад манай гэрт хулгай орж 42 инчийн LCD зурагт маркийг нь сайн мэдэхгүй байна. Мөн хоол халаадаг шарх шүүгээ буюу цахилгаан зуух алдагдсан юм. ...Би зурагтаа эхнэрийн дүү болох Со-с 900.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Харин цахилгаан зуухаа 2018 оны 07 дугаар сард 250.000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16)

“...Би хохирлоо нөхөн төлүүлсэн... Надад М хохирлын мөнгө гэж 650.000 төгрөг төлж барагдуулсан...надад одоо ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 74),

2. Гэрч Н.О (хохирогчийн хадам эх) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр манай төрсөн охин С нөхөр Э хамт Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сум руу орой 16 цагийн орчим явсан...тэгээд орой 20 цагийн өнгөрөөд нохойг нь хооллоод гэрийг нь шалгах гэтэл цоож нь байхгүй болохоор нь хаалгыг нь татал 42 инчийн хар өнгийн зурагт, саарал өнгийн цахилгаан зуух байхгүй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19)

3. Насанд хүрээгүй гэрч Э.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр 12 цагийн орчимд сургуулиасаа хичээлээ тараад гэр лүүгээ харих гээд явж байсан юм. Намайг харих гээд явж байтал манай гэрээс ойрхон байдаг шонгийн модны хажууд цагаан өнгийн зүйл хоёр хөлийнхөө завсраар хийчихсэн хүн хэвтэж байсан. Тэгээд би шууд гэр лүүгээ харьчихсан юм...Тухайн газар хэвтэж байсан хүний хувцас нь манай гэрт орж ирдэг М гэдэг ахын хувцастай адилхан харагдаж байсан. Тэгээд би царайг нь харахад тэр ах мөн байсан юм. Нүд нь сонин байдалтай болчихсон унтаж байсан...Тэр ах ганцаараа хэвтэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25)

4. Шүүгдэгч Г.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр...Сансарын туннелийн орчим цуг ажиллаж байсан 2 хүнтэй “Хараа” нэртэй 0.75 литрийн архи 2 шилийг авч бид 3 хувааж ууцгаасан. Тэгээд би шууд гэртээ хариад унтаж амарсан. Маргааш өглөө нь шартаад архи уумаар санагдаад байсан болохоор өөрт байсан мөнгөөрөө дэлгүүр орж “Өргөө” нэртэй 0.5 литрийн архи худалдаж аваад гэртээ авчирч уусан...тэгээд би гэрээсээ гарч явснаа ерөөсөө мэдэхгүй байна нэг мэдсэн өдөр өөрийнхөө гудамжны үзүүрт цахилгаан зуух хажуудаа тавьчихсан унтаж байсан. Тэр үед жижиг машинтай хүн ирээд “наад цахилгаан зуухаа зарах гэж байгаа юм уу” гэж хэлээд миний цахилгаан зуухыг машиндаа ачаад аваад явсан. Би тэр үед буцаад унтаад өгсөн...би Н.Э... өнгөрсөн жил хөдөөнөөс нүүж ирээд би өөрийнхөө эзэмшлийн хашааны талыг тэр хүнд 2.500.000 төгрөгөөр худалдаж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67)

5. “Мастер Үнэлгээ” ХХК-ний хөрөнгө үнэлгээний тайланд... 42 инчийн LCD зурагтыг...600.000 төгрөг, саарал өнгөтэй хуучийн цахилгаан зуухыг 50.000 төгрөгөөр...буюу нийт 650.000 төгрөг...” гэх хохирлын үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 27-28)

6. Хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 76),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 43, 41), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 49), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 46, 48, 51-54), гэрлэлтийн болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 57-61), хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 75, 76) зэрэг  нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.М-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Улсын яллагч: Шүүгдэгч Г.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт,

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Г.М нь Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт, Дэнжийн .. дугаар гудамжны .. тоотод, 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр, согтууруулах ундааны зүйл хүрэглэсэн үедээ шунахайн сэдэлтээр, хялбар аргаа мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, иргэн Н.Э-н монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 42 инчийн хар өнгөтэй LCD зурагт, саарал өнгийн цахилгаан зуух зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 650.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд “...хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо Дэнжийн .. дугаар гудамжны .. тоотод хулгай орсон гэх...” баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 2-5),

- Хохирогч Н.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр манай хадам ээж О над руу залгаад манай гэрт хулгай орж 42 инчийн LCD зурагт... Мөн хоол халаадаг шарх шүүгээ буюу цахилгаан зуух алдагдсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16)

- Гэрч Н.О (хохирогчийн хадам эх) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...орой 20 цагийн өнгөрөөд нохойг нь хооллоод гэрийг нь шалгах гэтэл цоож нь байхгүй болохоор нь хаалгыг нь татал 42 инчийн хар өнгийн зурагт, саарал өнгийн цахилгаан зуух байхгүй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19)

- Насанд хүрээгүй гэрч Э.Со мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг харих гээд явж байтал манай гэрээс ойрхон байдаг шонгийн модны хажууд цагаан өнгийн зүйл хоёр хөлийнхөө завсраар хийчихсэн хүн хэвтэж байсан. ...Тухайн газар хэвтэж байсан хүний хувцас нь манай гэрт орж ирдэг М гэдэг ахын хувцастай адилхан харагдаж байсан. Тэгээд би царайг нь харахад тэр ах мөн байсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25)

- Шүүгдэгч Г.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би гэрээсээ гарч явснаа ерөөсөө мэдэхгүй байна нэг мэдсэн өдөр өөрийнхөө гудамжны үзүүрт цахилгаан зуух хажуудаа тавьчихсан унтаж байсан. ...би Н.Э... өнгөрсөн жил хөдөөнөөс нүүж ирээд би өөрийнхөө эзэмшлийн хашааны талыг тэр хүнд 2.500.000 төгрөгөөр худалдаж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67)

- “Мастер Үнэлгээ” ХХК-ний хөрөнгө үнэлгээний тайланд... 42 инчийн LCD зурагтыг...600.000 төгрөг, саарал өнгөтэй хуучийн цахилгаан зуухыг 50.000 төгрөгөөр...буюу нийт 650.000 төгрөг...” гэх хохирлын үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 27-28) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Г.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэг, заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид 650.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч Г.М нь төлж барагдуулсан байх (хавтаст хэргийн 76) тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

- Улсын яллагчаас Г.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

- Шүүгдэгчийн өмгөөлөгч нь улсын яллагчийг гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэж тус тус мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирдлага болгон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.М-д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв. Шүүгдэгчийн бусдад учруулсан хохирлын хэмжээ, хувийн байдал буюу эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг байдлыг харгалзан дээрх ялыг оногдуулсан болно.

Түүнчлэн шүүгдэгчид шүүхээс хорих ял оногдуулсантай холбогдуулан түүний дээрх хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн 1908 0119 00000 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Г.М нь нууцаар хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай, орон байранд нэвтэрсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Г.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.М-н биечлэн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХЗУЛ