Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 947

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У,

улсын яллагч Д.Н (томилолтоор),

шүүгдэгч Ч.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос А овогт Ч.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0345 00000 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

А овогт Ч.О, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1980 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хүүгийн хамт, Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Орбитын .. дүгээр гудамжны .. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ЧГ000000.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Ч.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Мал тууврын замын .. тоотод хутгаар иргэн Б.Ц-н биед халдаж, эрүүл мэндэд нь духанд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.О мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Б.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр би “Их наран” орчим нөхөр Ц, танил О, С нартай хамт архи уусан юм. ...Намайг “Эрдэнэмандал” дэлгүүрийн гадаа согтуу сууж байхад С Толгойтын эцэс орж О-той уулзаад ирлээ 2 шил архи хувааж ууссан гэж хэлсэн...тэгээд С-н гэрт бид нар архи ууж байсан ...тухайн үед О гэрт байгаагүй. Би нэлээн согтсон байсан чинь С, О хоёр муудалцаад байсан. Нэг мэдсэн чинь миний нүд рүү цус ороод толгойгоосоо цус гарсан байсан...би гомдолтой байна....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20),

2. Гэрч А.С (шүүгдэгчийн хамтран амьдрагч) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр манай гэрт О, Н, Х бид нар 3-4 шил архи хувааж уусан...би нэлээн согтоод тасраад унтсан байсан. Тэгээд сэрсэн чинь Х манай гэрт орж ирсэн дараа нь О гэрт орж ирсэн. О намайг Х-тэй хардаад над руу дайрсан чинь Х миний урдуур орсон. Тэгсэн Х-н толгой руу О хутгаар хатгачихсан байсан...О, Ц бид хоёрыг цуг байж байсан чинь хардаад над руу дайрсан. Тэгээд над руу дайрахад Ц дундуур ороод хутгалуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22),

3. Шүүгдэгч Ч.О мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр С-н гэрт “Их наранд” архи уудаг Ц.д, Ц бид гурав архи уусан ба “Их наран”-гийн архичид гэрээр орж гараад л байсан. Би тэр өдөр перошки хийж байсан юм. ...Тэгээд би С-тэй муудалцаад “Толгойт” руу ээжийнхээ гэр лүү явж очоод ээжээс 10.000 төгрөг аваад Баянхошуунд эгчийндээ очсон чинь эгч байгаагүй. Би ээжээс авсан 10.000 төгрөгөөр 1 шил “Хандгай” архи, “Улаан шонхор” тамхи аваад С-н гэрт ирээд хашааны хаалгаар орох гээд явж байсан чинь С-г үгийн зөрүүгүй уруул руу цохичихсон. Тэгэхээр нь би уурлаад буцаад гүүр даваад алхаж байсан чинь С араас ханиа гэж дуудаад уулзсан. Гүүрний баруун талд С бид хоёр “Их наран”-гийн танихгүй 2 архичинтай хамт 1 шил архи хувааж уусан. Тэгтэл С надтай муудалцаад “Ц гэрт байгаа, би түүнтэй унтлаа” гэж хэлчхээд гэр лүүгээ явчихсан. Би тэгэхээр нь “Ц-г гэрт байхгүй байгаа байх” гэж бодоод С-н араас яваад хашааны арын нурсан хэсгээр ороод цонхоор нь харсан чинь С гэртээ хувинд шээгээд зогсож байсан ба орон дээр эмэгтэй хүн хэвтэж байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд хаалгаа татаад орсон чинь С үгийн зөрүүгүй таягаар намайг цохихоор нь уур хүрээд ширээн дээрээс хутга аваад С рүү дайраад айлгах гэж байсан чинь С-н урдуур Х ороод Х-г хутгаараа зүсчихсэн байсан. Нэг мэдсэн Х-н толгойноос цус гарсан...би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна их харамсаж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 0000 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: ...Духны баруун талд үстэй, үсгүй хэсгийг хамарсан босоо байрлалтай 7 см, духны зүүн талд босоо байрлалтай 4.5см урт мэс заслын оёдол бүхий шархтай, орчны эд хавдсан, эмзэглэл ихтэй.

2019.06.26-ны ГССҮТ-н эмчийн үзлэгт онош: Тархи доргилт, толгойн үстэй хэсгийн няцарсан шарх гэжээ...ДҮГНЭЛТ

1.Б.Ц-н биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүр, ирмэгтэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түрх хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 26),

5. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “...Хэрэг учрал болсон газар нь Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо Мал тууврын .. дүгээр гудамжны .. тоот гэх хаягтай...хашаанд улаан өнгийн тоосгон байшин байв. ...Тус байшингийн ...үүдний цаад... өрөөнд байх орны урд хэсэгт шалан дээр улаан хүрэн өнгийн цус мэт зүйл байсныг 01 дугаар байрлуулан гэрэл зургаар бэхжүүлж,... мөн улаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон ажлын хэсэг нь 19см, бариул 13.4см-ын урттай хар өнгийн балиусыг эд мөрийн баримтаар хураан авав...” гэх баримт (хавтаст хэргийн 03-07),

- Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох прокурорын тогтоол (хавтаст хэргийн 14), эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 16), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Тусгай шинжилгээний газрын бактериологийн шинжээчийн .. дүгээр дүгнэлт (хавтаст хэргийн 33-34), хохирол хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 54)

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 49, 50), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 53), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 52), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 51) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ч.О-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Ч.О нь Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Мал тууврын замын .. дүгээр гудамжны .. тоотод, 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хамтран амьдардаг гэх А.С-г хохирогч Б.Ц-тэй бэлгийн харьцаанд орсон гэх сэдэлтээр хардаж, улмаар шууд санаатай үйлдлээр А.С рүү хутга барин дайрахад хохирогч нь түүний урдуур орж духандаа зүсэгдсэн шарх гэмтэл авчээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд буюу духны баруун талд үстэй, үсгүй хэсгийг хамарсан босоо байрлалтай 7 см, духны зүүн талд босоо байрлалтай 4.5см урт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “...Хэрэг учрал болсон газар нь Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо Мал тууврын .. дүгээр гудамжны .. тоот гэх хаягтай...хашаанд улаан өнгийн тоосгон байшин байв...” гэх баримт (хавтаст хэргийн 03-07),

- Хохирогч Б.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр...С-н гэрт бид нар архи ууж байсан ...Би нэлээн согтсон байсан чинь С, О хоёр муудалцаад байсан. Нэг мэдсэн чинь миний нүд рүү цус ороод толгойноос цус гарсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20),

- Гэрч А.С (шүүгдэгчийн хамтран амьдрагч) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би нэлээн согтоод тасраад унтсан байсан. Тэгээд сэрсэн чинь Х манай гэрт орж ирсэн дараа нь О гэрт орж ирсэн. О намайг Х-тэй хардаад над руу дайрсан чинь Х миний урдуур орсон. Тэгсэн Х-н толгой руу О хутгаар хатгачихсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22),

- Шүүгдэгч Ч.О мөрдөн байцаалтад өгсөн: “...Гүүрний баруун талд С бид хоёр “Их наран”-гийн танихгүй 2 архичинтай хамт 1 шил архи хувааж уусан. Тэгтэл С надтай муудалцаад “Ц.д гэрт байгаа, би түүнтэй унтлаа” гэж хэлчхээд гэр лүүгээ явчихсан. Би тэгэхээр нь “Ц.д гэр байхгүй байгаа байх” гэж бодоод С-н араас яваад хашааны арын нурсан хэсгээр ороод цонхоор нь харсан чинь С гэртээ хувинд шээгээд зогсож байсан ба орон дээр эмэгтэй хүн хэвтэж байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд хаалгаа татаж ...ороод ...ширээн дээрээс хутга аваад С рүү дайраад айлгах гэж байсан чинь С-н урдуур Х ороод Х-г хутгаараа зүсчихсэн байсан. Нэг мэдсэн Х-н толгойноос цус гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн .. дугаар дүгнэлт “...1.Б.Ц-н биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүр, ирмэгтэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түрх хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 26) зэрэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Ч.О нь хууль зүйн хувьд эр, эмийн хардалтын сэдэлтээр, хохирогч Б.Ц-н толгой тус газар хутгаар зүсэж, шууд санаатай үйлдлээр, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч Ч.О-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ц нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй боловч шүүгдэгч Ч.О нь хохирогчид 340.000 төгрөг төлсөн болох нь (хавтаст хэргийн 54) баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Ч.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч улсын яллагчийн гаргасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хүлээн зөвшөөрч байна гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Ч.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хутгыг зэвсгийн чанартай ашиглаж, хохирогчийн духны баруун талд үстэй, үсгүй хэсгийг хамарсан босоо байрлалтай 7 см, духны зүүн талд босоо байрлалтай 4.5см урт мэс заслын оёдол бүхий шарх учруулсан байгааг буюу гэмт хэргийн нийгмийн аюулын хохирол, хор уршгийг ихэсгэж болох зүйлээр гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан шүүхээс улсын яллагчийн санал болгосон 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг өөрчилж 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар Ч.О-д нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоож, тэрээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.

Түүнчлэн шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял дээр нэмж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “Согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох” хязгаарлалтыг оногдуулсан ялыг эдэлж дуусах хүртэл хугацаагаар авах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.

Эрүүгийн 1908 0345 00000 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт Ч.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О-г 480 (дөрвөн зуун наян) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ч.О-д мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалтыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелэгдэх дуусах хүртэл хугацаагаар авсугай.

5. Шүүгдэгч Ч.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг тус тус анхааруулсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсэг нь 19см, бариул 13.4см-ын урттай хар өнгийн хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах орон тооны бус байгууллагад шилжүүлсүгэй.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.МӨНХЗУЛ