Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2019 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 948

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

нарийн бичгийн дарга Ш.Ж,

улсын яллагч Б.У,

шинжээч эмч О.Б

шүүгдэгч Г.Д түүний өмгөөлөгч Ш.М (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар), өмгөөлөгч Н.Б (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ч овогт Г.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0276 00000 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Ч овогт Г.Д, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 23 настай, дээд боловсролтой, эм зүйч мэргэжилтэй, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эм зүйн тасагт эм зүйч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн .. дугаар хороо, .. дугаар хорооллын .. дугаар байрны .. тоотод байнга, Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо .. байрны .. тоотод түр оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар УИ0000000.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Г.Д нь 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт М.Б-тэй маргалдан зодолдож М.Б-н зүүн зовхинд цус хуралт, цээжний зүүн хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нар мэдүүлэхдээ

1. Шүүгдэгч Г.Д мэдүүлэхдээ “...Би тухайн өдөр 5 шар орчимд эхнэр хүүхэдтэйгээ машинтайгаа явж байхад автобус миний урдуур шахаж орж ирсэн. Тэгээд би арай түрүүлж яваад замаас гараад гэртээ орох гээд уулзвар руу эргээд зогсож байтал машины цонхоор нэг гар орж ирээд намайг цохисон. Тэгэхээр нь би буугаад харахад автобусны жолооч намайг цохисон байхаар нь яасан бэ юу болсон бэ гэж асуухад чи намайг шахаж орж ирлээ гэхээр нь би автобус нэгдүгээр эгнээгээр явдаг биздээ гэж хэлэхэд чи надад заах болоогүй би өөрөө мэдэж байна гэсэн. Биднийг маргалдаж байхад хажуунаас нэг эмэгтэй гар утсаараа бичлэг хийгээд намайг цохиод байсан...” гэв.

2. Шинжээч эмч О.Б мэдүүлэхдээ “...Цус хуралт гэмтлийн өнгөний өөрчлөлт өгч байгаа нь...солилцооны улмаас үүсэн өөрчлөгддөг. Цус хурал гэмтэл нь анх үүсэн даруйдаа хөхөлбөр, хүрэн ягаан, шаргал гэсэн өнгийн дарааллаар шимэгдэж алга болдог. Энэ хэргийн шинжээчийн дүгнэлтийн хувьд тухайн цус хуралт нь хүрэн ягаан өнгөтэй байж байгаад гэмтэл учирснаас хойш 3-7 хоногийн дараа шаргал өнгийн туяатай болсон байх боломжтой гэж үзсэн...Тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд: 

Улсын яллагчаас: Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 2-3), камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн8-11), мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Б (хавтаст хэргийн 15), гэрч Э.Д (хавтаст хэргийн 22), гэрч С.Б (хавтаст хэргийн 25-26) нарын өгсөн мэдүүлэг, Хүний биед хийгдсэн Шүүх эмнэлгийн ... дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 28),

Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас: Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Б (хавтаст хэргийн 15) өгсөн мэдүүлэг, Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ (хавтаст хэргийн 56-57), Сонгинохайрхан дүүргийн прокурорын Ерөнхий прокурорт гаргасан гомдол (хавтаст хэргийн 87-88), гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 87) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Д-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:

Шүүгдэгч Г.Д нь 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр өөрийн эзэмшлийн “Honda  Insight” маркийн 00-00 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Энхтайваны өргөн чөлөөний гудамж буюу Таван шараас Толгойт, 22-ын товчоо салдаг уулзвар хүртэл явж байх бөгөөд түүний араас “Нарангийн гол 10-р хороолол” чиглэлийн нийтийн тээврийн автобус явж байсан байна. Улмаар Г.Д нь тээврийн хэрэгсэлтэйгээ дээрх замаар явж байгаад ертөнцийн зүгээр хойшоо буюу баруун тийш эргэж “Залуус хороолол”-ын гарцаар орж өөдөөс ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөн зогсож байхад М.Б нь өөрийн жолоодон явсан тээврийн хэрэгслийг зогсоон түүний тээврийн хэрэгслийн араас гүйн очиж маргааныг эхлүүлжээ. М.Б нь маргааныг эхлүүлэхдээ Г.Д-ийн тээврийн хэрэгслийн жолооч талын цонхоор маргалдах ба улмаар Г.Д нь тээврийн хэрэгслээсээ бууж ирэн түүнтэй барилцаж авч маргалдаж байгаад буцаад тээврийн хэрэгсэлдээ суух гэхэд тэрээр түүнийг суулгахгүй гэх үйлдлийг гаргасан байна. Бичлэг хийж буй гэрч С.Б-г тухайн газар явж очиход М.Б Г.Д нар нь хоорондоо барилцаж авсан тэднийг үл таних 2 хүн салгахаар оролдож байхад М.Б нь баруун гартаа барьсан гар утсаа өмднийхөө  баруун халаасанд хийчхээд Г.Д-г баруун гараараа хоёр удаа цохих ба түүнийг болиулахаар Г.Д-ний эхнэр Р.Ду М.Б-н цамцны энгэр хэсгээс зулгааж зүүн гараараа толгойн ар хэсэгт цохисон байна. Энэхүү үйлдлийг хийж дуусахад Г.Д нь М.Б-н толгой орчим баруун гараараа далайж ирээд цохиж маргаан үргэлжлэх ба энэ үед М.Б нь Г.Д-ний өмсөж байсан хувцасны арын шилэн хүзүү хэсгийн орчмоос хоёр гараараа зулгаасан байдалтай түүнийг доош дарсан байдалтай байхад тэрээр М.Б-н хэвлий орчим цохисон үйл баримт авагдсан болох нь  

- Хохирогч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр “Нарангийн гол 10 дугаар хороолол” чиглэлд нийтийн тээвэрт явж байсан. ...орой 20 цагийн орчим Таван шарын автобусны буудлаас хөдөлсөн чинь хар өнгийн “Honda  Insight” маркийн 00-00 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл гүйцэд түрүүлж хажуугаар орж ирээд миний тээврийн хэрэгслийн урд 3-4 удаа огцом тоормосолсон. ...тэр машин 5 дугаар баазын орчим замаас гараад байр луу эргээд түгжрээд зогсохоор нь би араас нь очоод замын хөдөлгөөнөөс болж маргалдаад цонхоор нь гараа оруулаад бариад авах гэсэн чинь хаалга онгойлгоод буугаад ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15),

- Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би “Facebook”-д тавьж торгуулах гэсэн утгаараа бичлэг хийсэн. Тэр хар өнгийн машин “Залуус” хорооллын эргэдэг уулзвараар хойш баруун гар тийш эргээд түгжрэлд ороод зогссон чинь автобусны жолооч М.Б араас нь гүйгээд очсон. Би тэгээд араас нь гүйгээд очсон чинь хар машины жолооч М.Б хоёр барьцалдаад авсан...Нэг нэгнийгээ цохиж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26),

- Гэрч Р.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...5 шарын орчим явж байхад автобус 1 дүгээр эгнээнээс 3 дугаар эгнээ рүү орохдоо манай машиныг шахаад замын хашлага руу гаргах дөхөөд ...манай машин хашлагыг дугуйгаараа мөргөсөн. Тэгтэл Г.Д уг автобусны урдуур нь сигналдаж байгаад дарж гараад 1 дүгээр эгнээ рүү ороод гэр лүүгээ эргэсэн. Тэр үед урдаас машин гарч ирээд Г.Д-н машиныг гаргах гээд зогссон ...чинь автобусны жолооч залуу араас гүйж ирээд ...машины цонх руу гараараа цохиод байсан... Д машинаас буусан чинь заамдаад авсан...Би тэр хоёрыг салгах гээд дийлээгүй...Д автобусны жолооч хоёр замын хөдөлгөөнд оролцохдоо чи шахлаа гээд маргалдаад байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20),

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...41 секундэд улаан өнгийн хантаазтай, цэнхэр өнгийн жийнс өмдтэй автобусны жолооч М.Б 00-00 УНҮ улсын дугаартай хар өнгийн “Honda Insight” маркийн машин луу гүйж очиж байгаа харагдав. М.Б 00-00 УНҮ улсын дугаартай хар өнгийн “Honda Insight” маркийн машины жолооч талын цонхоор очсон юм ярьж зогсож байгаа бичлэг 57 секунд дээр машины жолооч хаалга онгойлгож бууж ирээд нэг нэгнийгээ түлхэж байгаа харагдана. ...Бичлэг хийж байгаа хүн автобуснаас бууж 00-00 УНҮ улсын дугаартай хар өнгийн “Honda Insight” маркийн машин луу гүйх ба ...Д Б хоёр хоорондоо зууралдсан харагдах...тэр хоёрын дундуур саарал хувцастай эрэгтэй хүн салгаж байгаа харагдах ба Б халаасандаа утсаа хийгээд Д-н толгой хэсэг рүү баруун гараараа 2 удаа цохих үйлдэл хийхэд...машины зүүн талаас бууж ирсэн эмэгтэй Б-г гараараа цохиод цамцнаас нь зулгааж байгаа харагдав. Г.Д, М.Б-г баруун гараараа цохих үйлдэл 2 удаа хийж байгаа нь бичлэгийн 01:30-31-д харагдах ...ба Г.Д тонгойгоод М.Б-тэй зууралдсан байхдаа баруун гараараа М.Б-н хэвлий таац хэсэгт гараараа цохиж байна...” гэх баримт (хавтаст хэргийн 8-11) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл хууль зүйн хувьд шүүгдэгч Г.Д, хохирогч М.Б нарын хэн алины замын хөдөлгөөнд соёлгүй оролцсон үйлдлийн улмаас тэрээр хоорондоо маргалдаж улмаар М.Б нь Г.Д-н эрүүл мэндийн эсрэг илэрхий хүч хэрэглэсэн хууль бус довтолгоо эхлүүлсэн нь Г.Д-н хууль ёсны эрх, ашиг сонирхолд хор хохирол учрах, эсхүл хор хохирол учруулах бодитой шууд аюул тулгарах нөхцөл байдал бий болгосны улмаас эсэргүүцэн довтолж М.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Тодруулбал нийгэмд аюултай халдлага бодиттой эхэлсэн, эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд хохирол учруулах нь хэн бүхэнд тодорхой байгаа үед хамгаалалт хийх эрх үүсэх бөгөөд бодитой хүч хэрэглэсэн шинжтэй шууд заналхийлэл нь аргагүй хамгаалалт хийх хууль зүйн үндэслэл юм.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Г.Д-д холбогдох хэргийг гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн 1908 0276 00000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн CD дээрээ CD-R compact disc Recordable /52X 80MIN/700MB гэсэн үйлдвэрийн “Д 5 шар орчим” гэсэн гар бичиглэлтэй дүрс бичлэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх нь зүйтэй.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Д нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ч овогтой Г.Д-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож цагаатгасугай.

2. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг СD хэрэгт хавсарган үлдээсүгэй.

4. Цагаатгах тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Цагаатгах тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                    

       

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.МӨНХЗУЛ