| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00723/И |
| Дугаар | 861 |
| Огноо | 2016-12-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 861
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, 9016001007 улсын бүртгэлийн дугаартай, 2578697 регистрийн дугаартай, Хас банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 1-11 тоотод оршин суух, 1969 онд төрсөн, 47 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОН69052464, Засгууд овогт Сандагдоржийн Цэндсүрэн,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 1-11 тоотод оршин суух, 1972 онд төрсөн, 44 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОН72011372, Засгууд овогт Сандагдоржийн Баатархүү нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.297.732,34 төгрөг, нотариатын зардал 9000 төгрөг, нийт 1.306.732,34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч С.Цэндсүрэн нь тус банкнаас 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдөр 1250022834 тоот зээлийн гэрээг байгуулан 1.750.000 төгрөгийн зээлийг 365 хоногт 21,6 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар 36 сарын хугацаатай буюу 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр тогтмол цалингийн орлогоо барьцаалуулж авсан. Зээлдэгч эргэн төлөлтийн хуваариа 2016 оны 7 дугаар сараас эхлэн хугацаа хожимдуулан төлж эхэлсэн бөгөөд 2016 оны 7 дугаар сараас хойш төлөлт хийгээгүй байна. Зээлдэгч болон түүний гэр бүлийн гишүүнтэй зээл төлүүлэх талаар удаа дараа шаардан уулзсан боловч зээлдэгч нь нөхөр хөдөлмөрийн чадваргүй болсон, ажил хийхгүй байгаа, эргэлтийн хөрөнгөгүй болсон учир бизнесийн үйл ажиллагаа бүрэн зогссон гэсэн шалтгаанууд хэлж зээл төлөхөөс зайлсхийж өнөөдрийг хүртэл ямар нэгэн зээл төлөх санаачилга гаргахгүй байна. Зээлдэгч нь зээлийн төлбөрөө хугацаандаа төлөхгүй байгаа нь энэхүү гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн байх тул банкны зүгээс гэрээний 6 дугаар зүйлийн 6.1, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2-д заасны дагуу зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Зээлдэгчээс зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийхгүй байгаа нь Хас банктай байгуулсан зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад заасан үүргийг зөрчиж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар С.Цэндсүрэн болон түүний хамтран үүрэг гүйцэтгэгч С.Баатархүү нарын төлөх ёстой цалингийн зээлийн үндсэн үлдэгдэл 1.236.974,85 төгрөг, зээлийн хүү 60.757,49 төгрөг, мөн нотариатын зардал 9000 төгрөг, нийт 1.306.732,34 төгрөгийг зээлдэгчээс гаргуулж өгнө үү. Зээлийн төлбөрийг буюу үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн бүх төрлийн бизнесийн орлого, барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч С.Цэндсүрэн, С.Баатархүү нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Хас банкнаас 1.750.000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Энэ мөнгийг С.Цэндсүрэн миний бие бүгдийн авсан. С.Баатархүү нэг ч төгрөг аваагүй. Иймд энэ зээлийг би ганцаараа төлөх саналтай байна” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлдэгч нартай харилцан тохиролцож зээлийн эргэн төлөлтийн графикт өөрчлөлт оруулж, зээлийг төлүүлэхээр болсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч С.Цэндсүрэн, С.Баатархүү нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.297.732,34 төгрөг, нотариатын зардал 9000 төгрөг, нийт 1.306.732,34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгч Хас банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35.858 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч С.Цэндсүрэн, С.Баатархүү нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.297.732,34 /нэг сая хоёр зуун ерэн долоон мянга долоон зуун гучин хоёр төгрөг, гучинн дөрвөн мөнгө/ төгрөг, нотариатын зардал 9000 /есөн мянга/ төгрөг, нийт 1.306.732,34 /нэг сая гурван зуун зургаан мянга долоон зуун гучин хоёр төгрөг гучин дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсгүүдэд зааснаар Хас банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35.858 /гучин таван мянга найман зуун тавин найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ