Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 949

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ж,

улсын яллагч Н.У,

шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Ч.Д (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас У овогт С.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0388 00000 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

У овогт С.Э, Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, 23 настай, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “О” ХХК-нд туслах ажилтан ажилтай, ам бүл 2, ээжийн хамт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын .. дүгээр баг, Баясгалантад бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, баянголын .. тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ЛД0000000.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч С.Э нь 2019 оны 7 дугаар сарын 22-ны орой Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны нутагт байрлах “О” ХХК-ний байранд хохирогч Б.Э-г ажлаа хийсэнгүй гэх шалтгааны улмаас хувийн таарамжгүй харьцаа үүсгэн зодож, түүний эрүүл мэндэд нэг шүдний ёзоорын сулрал, дагз, баруун чамархай, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр өөрийн ажил дээрээ орой 21 цагийн үед илүү цагаар ажлаа хийгээд байж байхад ажлын газрын нөгөө бригадын нэг ах намайг По нэртэй ачаа өргөдөг жижиг машин унаад блокний үйлдвэр рүү оруулаад өгөөч гэж хэлэхээр нь би тэр машиныг нь унаад үйлдвэр рүү оруулахаар явж байхад замдаа дугуй нь хий эргээд шаварт суучихсан. Тэгээд ачаа өргөгч По нэртэй жижиг машинаа шаварнаас гаргах гээд байж байхад том хово нэртэй машинтай манай үйлдвэрээс блок худалдан авдаг ах машиныхаа ачааны хойд порчикийг орхисон байснаа ирж авахаар гаднаас орж ирсэн. Тэгэхээр нь би өөдөөс нь гүйж очоод тэр ахад миний унаж явсан По нэртэй ачаа өргөгч машиныг шавраас гаргаад өгөөч гэж хэлсэн...тэр хооронд нь би хамт ажиллаж байгаа Э, Д, Эр нар дээр очсон. Тэгэхэд Э-н надад пиздаа минь чи юмаа хурдан хийхгүй сэлгүүцээд зугаалаад яваад байх юм гээд уурласан. Тэгэхээр нь би өөдөөс нь би зүгээр яваад байгаа юм уу хүнд тус болоод явж байна...гэж хэлэхэд намайг хэл амаар доромжлоод байхаар нь би өөдөөс нь хэрэлдэж чи надтай зодолдох уу гэж асуусан. Тэгэхэд Э тэгье гээд өөдөөс хүрээд ирэхээр нь би өөдөөс нь очиж бид хоёр барьцалдаж авахад би Э нүүр рүү гараараа 2-3 удаа цохиход Э зөрүүлэн миний нүүр рүү 1-2 удаа гараараа цохисон...Тэгэхэд миний хамраас цус гараад байхаар нь хамрынхаа цусыг тогтоож байсан чинь...Э хүрч ирээд чи ямар овоо юм гэж хэлээд цамцны захаас заамдаж аваад өөр рүүгээ гараараа татаж миний шүд рүү духаараа мөргөж газар унагаасан. Тэгэхэд толгой руу хөлөөрөө нэг удаа дэвссэн...намайг босож ирэхэд миний хамраас цус гараад тогтохгүй байсан...Э намайг ажлаа хийхгүй байна гээд элдэв янзаар харааж, загинаад байсан. Тэгэхээр нь би уурлаж өөдөөс нь хэрэлдэж байгаад зодолдох уу гэж асуусан. Тэгэхэд Э зөвшөөрч бид 2 харилцан зодолдсон...Э духаараа миний шүд рүү мөргөж үүдэн дээд шүд хөдөлсөн...мөн гараараа нэүр рүү 1-2 удаа цохиход нүүр хэсэгт гэмтэл учирсан. Харин намайг унасан байх үед толгой дээр хөлөөрөө дэвссэн. Тэгэхэд дагз, баруун чамархайнд гэмтэл учирсан...тухайн үед гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Мөн бусад эмнэлгийн байгууллагад үзүүлэн шүдэндээ эмчилгээ хийлгэсэн...надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9),

2.Гэрч Ө.Эрд мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 22-ны орой ажил тарсан боловч өдрийн ажил дуусаагүй ажил их байсан болохоор Э, Эр бид нар блок ачиж буусаад хогоо цэвэрлээд үлдэгдэл блокоо хурааж байсан. Тэгээд бид нар тус тусын ажлаа хурдан дуусгаад буух гэж байхад Эр ачаа зөөдөг по нэртэй жижиг авто машиныг шаварт суулгасан, хүмүүстэй хамтран гаргах гэж байна гээд ажлаа хийхгүй хашаан дотор энд тэндгүй яваад байсан. Тэгэхэд Э Эр-т хандан ажлаа хийгээч эрт буумаар байна гэж хэлээд хоорондоо хэрэлдээд байсан. Тэгэхэд Эр Э-д хандан хоёулаа зодолдох уу гэж хэлэхэд Э зөвшөөрч тэд хоорондоо малгай бээлийгээ тайлаад ноцолдож эхэлсэн. Эр Э нүүр рүү 2-3 удаа цохиж харагдсан...хэсэг хугацааны дараа Э сандарсан байдалтай над руу хүрээд ирсэн. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад би Эр-н 2 мөргөсөн чинь хамар амнаас нь цус гараад байна гэж хэлсэн...Эхлээд Эр Э-ны нүүр рүү 2-3 удаа цохиж харагдсан. Харин Э-г Эр цохисон талаар хараагүй. Дараа нь намайг ажлаа хийж байхад Э хүрч ирээд би Эр-г очоод 2 удаа мөргөчихөөд ирлээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19),

3. Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 22-ны орой Э, Эрд, Эр бид нар блок ачиж дуусаад хогоо цэвэрлээд ажлаа хурдан дуусгаад буух гэж байхад Эр ажлаа хийхгүй хашаан дотор энд тэндгүй яваад байсан... Тэгэхэд Эр Э-д хандан хоёулаа зодолдоё гэж хэлэхэд Э зөвшөөрч тэд хоорондоо зодолдохоор болж ноцолдож эхэлсэн. Эр эхэлж Э-ны нүүр рүү хэд хэдэн удаа цохиод ноцолдож байхаар нь Эрд бид хоёр салгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн .. дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт:  Дагзны баруун талд 5х4см, баруун чамархайд 4х3см улаан ягаан өнгийн цус хуралттай, хавдсан, хамрын нуруу эмзэглэлтэй, дээд уруулын дотор салстад мэс заслын оёдол бүхий 1см урт шархтай, орчны эдэд улаан ягаан өнгийн цус ухралттай, овойж хавдсан. Эрүүний зүүн дээд хэсэгт овойж хавдсан. Эрүүний баруун талд 4х1см улаан хүрэн өнгийн зулгаралттай. Дээд үүдэн 2 шүд тэмтрэхэд эмзэглэлтэй.

2019.07.23-ны өдрийн Эрүүний дэлгэмэл рентген зургаар: 11-р шүдний ёзоор суларсан. Дүгнэлт бичсэн дүрс оношилгооны эмч О.О 2019.07.24 гэжээ...ДҮГНЭЛТ

 1.Б.Эр-н биед нэг шүдний ёзоорын сулрал, дагз, баруун чамархай, эрүүнд цус ухралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 23),

5. Шүүгдэгч С.Э мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны нутагт байх О нэртэй хөнгөн блокны үйлдвэрт ажилладаг юм. 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр ажил их байсан. Цаг орой 20 цаг болсон байсан болохоор автобус зогсохоос өмнө хийж байсан ажлаа дуусгахаар ажиллаж байхад хамт нэг газар ажилладаг Б.Эр гэх залуу ажлаа хийхгүй яваад байхаар нь би Б.Эр-г дуудаад чи ажлаа хийлдээ цаг орой болоод автобус зогсох гээд байна гэсэн чинь Б.Эр над дээр ирээд чи юу юм гээд намайг хэл амаар доромжлоод миний нүүр рүү цохиод авахаар нь би зөрүүлээд Б.Эр-г цохиод бид 2 хоорондоо маргалдсан. Тэгсэн Эр намайг зодолдоё гэхээр нь би тэгье гэж хэлээд бид хоёр зодолдсон. Би Эр-г барьж аваад ноцолдож байхад хамт ажил хийж байсан. Эрд, Д нар Эр бид хоёрыг салгасан. Тэгсэн Эр цааш яваад угаалтуурын өрөө ороод нүүр гараа угаагаад байж байхаар нь би араас нь очоод цамцныхан захнаас заамдаж аваад нүүр хэсэгт нь 2 удаа толгойгоороо мөргөөд хавиараад газар унагаасан. Тэгсэн Эр-н хамраас цус гараад байхаар нь би болиод ажлаа үргэлжлүүлэн хийсэн...Би Эр-н нүүр хэсэгт нь 2 удаа толгойгоороо мөргөсөн, мөн хөлөөрөө нэг удаа хавираад унагаасан...би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-36)

-Оролцогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт (хавтаст хэргийн 51, 52), хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 53, 54), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 60),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 39, 40), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 46), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 42, 43), О ХХК-ний ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 44) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.Э-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Улсын яллагчаас шүүгдэгч С.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч С.Э нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч С.Э нь Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны нутагт байрлах “О” ХХК-ний байранд, 2019 оны 7 дугаар сарын 22-ны орой, хувийн таарамжгүй харилцааны улмаас, шууд санаатай үйлдлээр, хохирогч Б.Эр-г ажлаа хийсэнгүй гэх шалтгааны улмаас хувийн таарамжгүй харьцаа үүсгэн зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

-Хохирогч Б.Эр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нэг ах намайг По нэртэй ачаа өргөдөг жижиг машин унаад блокний үйлдвэр рүү оруулаад өгөөч гэж хэлэхээр нь би тэр машиныг нь унаад үйлдвэр рүү оруулахаар явж байхад замдаа дугуй нь хий эргээд шаварт суучихсан...тэр хооронд нь би хамт ажиллаж байгаа Э, Д, Эрд нар дээр очсон. Тэгэхэд Э надад пиздаа минь чи юмаа хурдан хийхгүй сэлгүүцээд зугаалаад яваад байх юм гээд уурласан. Тэгэхээр нь би өөдөөс нь би зүгээр яваад байгаа юм уу хүнд тус болоод явж байна...гэж хэлэхэд намайг хэл амаар доромжлоод байхаар нь би өөдөөс нь хэрэлдэж чи надтай зодолдох уу гэж асуусан. Тэгэхэд Э тэгье гээд өөдөөс хүрээд ирэхээр нь би өөдөөс нь очиж бид хоёр барьцалдаж авахад би Э нүүр рүү гараараа 2-3 удаа цохиход Э зөрүүлэн миний нүүр рүү 1-2 удаа гараараа цохисон...Тэгэхэд миний хамраас цус гараад байхаар нь хамрынхаа цусыг тогтоож байсан чинь...Э хүрч ирээд чи ямар овоо юм гэж хэлээд цамцны захаас заамдаж аваад өөр рүүгээ гараараа татаж миний шүд рүү духаараа мөргөж газар унагаасан. Тэгэхэд толгой руу хөлөөрөө нэг удаа дэвссэн...намайг босч ирэхэд миний хамраас цус гараад тогтохгүй  байсан...Э духаараа миний шүд рүү мөргөж үүдэн дээд шүд хөдөлсөн...мөн гараараа нэүр рүү 1-2 удаа цохиход нүүр хэсэгт гэмтэл учирсан...надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9),

-Гэрч Ө.Эрд мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эр ачаа зөөдөг по нэртэй жижиг авто машиныг шаварт суулгасан, хүмүүстэй хамтран гаргах гэж байна гээд ажлаа хийхгүй хашаан дотор энд тэндгүй яваад байсан. Тэгэхэд Э Эр хандан ажлаа хийгээч эрт буумаар байна гэж хэлээд хоорондоо хэрэлдээд байсан. Тэгэхэд Эр Э-д хандан хоёулаа зодолдох уу гэж хэлэхэд Э зөвшөөрч тэд хоорондоо малгай бээлийгээ тайлаад ноцолдож эхэлсэн. Эр Э нүүр рүү 2-3 удаа цохиж харагдсан...хэсэг хугацааны дараа Э сандарсан байдалтай над руу хүрээд ирсэн. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад би Эр-н 2 мөргөсөн чинь хамар амнаас нь цус гараад байна гэж хэлсэн...Эхлээд Эрхэмбаяр Энхсайханы нүүр рүү 2-3 удаа цохиж харагдсан. Харин Э-г Эр цохисон талаар хараагүй. Дараа нь намайг ажлаа хийж байхад Э хүрч ирээд би Эр-г очоод 2 удаа мөргөчихөөд ирлээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19),

- Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эр Э-д хандан хоёулаа зодолдоё гэж хэлэхэд Э зөвшөөрч тэд хоорондоо зодолдохоор болж ноцолдож эхэлсэн. Эр эхэлж Э-ы нүүр рүү хэд хэдэн удаа цохиод ноцолдож байхаар нь Эрд бид хоёр салгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ... дугаар дүгнэлт...1.Б.Эр-н биед нэг шүдний ёзоорын сулрал, дагз, баруун чамархай, эрүүнд цус ухралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо....2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...4.цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 23),

- Шүүгдэгч С.Э мөрдөн байцаалтад өгсөн: “...Б.Эр гэх залуу ажлаа хийхгүй яваад байхаар нь би Б.Эр-г дуудаад чи ажлаа хийлдээ цаг орой болоод автобус зогсох гээд байна гэсэн чинь Б.Эр над дээр ирээд чи юу юм гээд намайг хэл амаар доромжлоод миний нүүр рүү цохиод авахаар нь би зөрүүлээд Б.Эр-г цохиод бид 2 хоорондоо маргалдсан. Тэгсэн Эр намайг зодолдоё гэхээр нь би тэгье гэж хэлээд бид хоёр зодолдсон. ...би араас нь очоод цамцныхан захнаас заамдаж аваад нүүр хэсэгт нь 2 удаа толгойгоороо мөргөөд хавиараад газар унагаасан. Тэгсэн Эр-н хамраас цус гараад байхаар нь би болиод ажлаа үргэлжлүүлэн хийсэн...Би Эр-н нүүр хэсэгт нь 2 удаа толгойгоороо мөргөсөн, мөн хөлөөрөө нэг удаа хавираад унагаасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-36) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч ...С.Э, хохирогч Б.Эр нар нь хоорондоо хувийн шалтгаан нөхцөл буюу биеийн хэлэмжийн зохисгүй харилцсан шалтгаан нөхцөлөөр, “ажлаа хийсэнгүй” гэх сэдэлтээр, хохирогчийн нүүрэн тус газар мөргөж шууд санаатай үйлдлийн улмаас гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Э нь хохирогч Б.Эр-н нүүрэн тус газар мөргөсөн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба мөргүүлсэнээс болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Иймд шүүгдэгч С.Э-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Эр нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй боловч шүүгдэгч С.Э нь хохирогчид 375.500 төгрөгийг  (хавтаст хэргийн 52) төлсөн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч С.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч С.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2 3 дахь хэсэгт тус тус заасны дагуу гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн баталгааг гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж С.Э-г эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

Иймд шүүгдэгч С.Э-г гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч С.Э-д торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй. 

Эрүүгийн 1908 0388 00000 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус  дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У овогт С.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцсугай,

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Э-г 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Э-д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол, саналгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.МӨНХЗУЛ