Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 266

 

С.Мэндбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Т.Туяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2016/01139 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Мэндбаяр,

Хариуцагч Л.Цэрмаа, Л.Бямбадагва нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 19 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч Л.Цэрмаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Итгэл,

Хариуцагч Л.Цэрмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Золтуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Итгэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч Л.Цэрмаа, Л.Бямбадагва нартай харилцан тохиролцож 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулан, хариуцагч нарт 10 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлийн төлбөрийг Л.Цэрмаагийн ХААН банкны 5019192220 дансанд мөн өдөр шилжүүлсэн.

Зээлийн төлбөрийг гэрээний дагуу хариуцагч нар 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төлж дуусгах үүрэг хүлээсэн боловч зээлийн үндсэн төлбөрийг огт төлөөгүй өнөөдрийг хүрлээ. Харин зээлийн хүүд 3 сард 3 000 000 төгрөгийг төлсөн. Түүнээс хойш зээлийн хүү огт төлөөгүй буюу өнөөдрийн байдлаар хүүнд нийт 5 000 000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутамд алданги тооцож 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш 100 хоногт алданги 5 000 000 төгрөг нэхэмжилж байна. Мөн хариуцагч нарын зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй гэм буруутай үйлдлээс шалтгаалан хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээр өмгөөлөгч Г.Итгэлтэй 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр гэрээ байгуулж төлбөрт төлсөн 400 000 төгрөгийг хохирлын журмаар шаардах эрхтэй гэж үзэн нэхэмжилж байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 232 дугаар зүйлийн 232.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаас үзэхэд нэхэмжлэгч зээлийн гэрээний үндсэн төлбөр, алданги, хүү, хохирлын хамт нийт 20 400 000 төгрөгийг хариуцагчаас шаардах хууль зүйн үндэслэлтэй. Иймд зээлийн гэрээний үндсэн төлбөрт 10 000 000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 5 000 000 төгрөг, зээлийн төлөгдөөгүй хугацааны хүү 5 000 000 төгрөг, хохирол 400 000 төгрөг, нийт 20 400 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгөхийг хүсье.

Хариуцагч нар 10 000 000 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төлж дуусгах байсан боловч төлөөгүй байгаагаа хүлээн зөвшөөрдөг. Гэрээний 3-т зааснаар алдангийг хоног тутам 0.5 хувиар төлөхөөр тохиролцсон учир зээлийг эргэн төлөх ёстой хугацаа буюу 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш 100 хоногоор тооцон 5 000 000 төгрөг нэмж нэхэмжилнэ.

Мөн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид төлбөрөө төлөхгүй хугацаа хэтрүүлсэн учир хэтэрсэн хугацааны хүүг сард 10 хувиар тооцон 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 5 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 4 сарын хүү 4 000 000 төгрөг, өмгөөлөгч миний хөлсөнд төлсөн 400 000 төгрөг, нийт 20 400 000 төгрөгийг нэхэмжилсэн. Анх 1 сарын хүүг өгөөгүй гэж нэхэмжилсэн бөгөөд эхний 1 сарын хүүг С.Мэндбаяр 10 дугаар сарын 21-ний өдөр авснаа зөвшөөрсөн учир хүүгийн 1 000 000 төгрөгөөс татгалзаж, нийт 19 400 000 төгрөгийг нэхэмжилж байна. Харин 15 000 000 төгрөгийг энэ ондоо багтаан төлье гэвэл эвлэрч болно гэжээ.

Хариуцагч нар шүүхэд болон хариуцагч Л.Цэрмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Золтуяа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Л.Цэрмаа миний бие С.Мэндбаяраас 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл 4 сарын хугацаатай, 10 000 000 төгрөгийг, 10 хувийн хүүтэй зээлэхээр зээлийн гэрээ байгуулж, өөрийн нэр дээрх ХААН банкны 5019192220 тоот дансанд шилжүүлж авсан. С.Мэндбаяр нь мөнгө шилжүүлсэн өдрөө эхний сарын хүү болох 1 000 000 төгрөгийг бэлнээр буцааж авч би “Хар хорин” худалдааны төвийн түрээслэгч нарт хувиараа мөнгө зээлдүүлж зээлдэгч нараас тухайн мөнгө зээлсэн өдрөө эхний сарын хүүг буцаан авдаг гэж хэлсний дагуу эхний сарын хүү болох 1 000 000 төгрөгийг бэлнээр гар дээр нь буцаан өгч 9 000 000 төгрөг гар дээр үлдсэн.

Зээлийн гэрээний хугацаанд зээлийн 11, 12, 01 дүгээр сарын хүү 3 000 000 төгрөгийг цаг тухайд нь өгсөн. Зээлийн гэрээ хийсэн тухайн үед би эхний сарын хүүгээ буцаан авдаг гэж мэдээгүй, зээлсэн мөнгөө аваад хэрэглээгүй байж эхний сарын хүүг төлнө гэдэг нь хууль бус гэж бодож байна. С.Мэндбаяр миний ажлын байран дээр 3 удаа ирж 100 000, 30 000, 70 000 төгрөг бэлнээр авсныг би өөрийн хувийн тэмдэглэлдээ бичиж тэмдэглэсэн байгаа. Л.Цэрмаа миний худалдааны орлого муугаас болж үндсэн зээлээ төлж чадаагүй нь үнэн. Иймд зээлийн гэрээг төөрөгдлийн улмаас хийсэн гэж үзэж байгаа тул хүү, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн хүү, алданги нь зах зээлд байж болох алданги гэж авсан бөгөөд өөрөө гарын үсэг зураагүй, би хэмжээнээс хэт их гэж үзэж байна. Өмгөөлөгчийн үйлчилгээний төлбөр болох 400 000 төгрөгийг зайлшгүй зардалд тооцон гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Зээлийг ашиглаагүй байж урьдчилаад хүү төлсөн. Үүнийг төөрөгдөж хийсэн гэдэг. Иймд 10 000 000 төгрөгөөс 1 сарын хүүг төлсөн учир үндсэн зээл 9 000 000 төгрөг, түүнээс алдангийг 100 хоногоор тооцон 4 500 000 төгрөг, нийт 13 500 000 төгрөгийг төлье. Орлого муугаас үндсэн зээлээ төлж чадаагүй. Ам бүл 12, 3 хүүхэд, 5 эмэгтэй дүү, аав, ээжтэйгээ хамт амьдардаг. өрхийн орлого доогуур, хүүгийн хэмжээ хэт өндөр байгаа учир алдангийн хэмжээг багасгаж өгнө үү. Өмгөөлөгчийн хөлсийг болон хэтрүүлсэн хугацааны хүүг төлөхгүй. Харин 13 000 000 төгрөгийг 18 сарын хугацаанд тэнцүү хуваагаад 11 сараас эхлэн төлөх байдлаар эвлэрч болно гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 222 дугаар зүйлийн 222.4, 222.5, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Цэрмаа, Л.Бямбадагва нараас зээлийн гэрээний үүрэгт 15 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Мэндбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагын 4 400 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 259 250 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Цэрмаа, Л.Бямбадагва нараас улсын тэмдэгтийн хураамжид 232 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Л.Цэрмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч С.Мэндбаярын надад зээлсэн мөнгөний үлдэх төлбөрөөс хэтэрсэн хугацааны хүү, алданги тооцсон, зээлийн гэрээнд заасан хугацаанд төлсөн хүүг хасч тооцоогүй зэргээр хохироож байгаа тул зээлийн гэрээг хүчингүйд тооцуулах хүсэлтэй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэргийн үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэрэгт авагдсан баримтын хүрээнд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсгээр шүүхэд эрх олгосныг үндэслэн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч С.Мэндбаяр хариуцагч Л.Цэрмаа, Л.Бямбадагва нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг, хохиролд 19 400 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, үндэслэлээ хариуцагч нартай 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийн үндсэн төлбөрт 10 000 000 төгрөг, алданги 5 000 000 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 5 000 000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 400 000 төгрөг гаргуулна, үүнээс 1 000 000 төгрөгийн хүүг төлсөн тул энэ хэсгээс татгалзана гэснийг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч, татгалзалдаа 10 000 000 төгрөг зээлсэн өдрөө 1 000 000 төгрөгийн хүүгээ уг мөнгөнөөс буцаан авсан, хэтрүүлсэн хугацааны хүү, өмгөөлөгчийн зардлыг төлөх үндэслэлгүй, алдангийн хэмжээг багасгаж өгнө үү гэжээ.

Хэргийн 5,6 дугаар талд авагдсан 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээ, С.Мэндбаяраас Л.Цэрмаад Хаан банкиар дамжуулан 10 000 000  төгрөг шилжүүлсэн баримт, энэхүү гэрээг байгуулсан талаарх зохигчдын тайлбар зэргээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй байна.

Энэхүү зээлийн гэрээгээр нэхэмжлэгч С.Мэндбаяраас хариуцагч Л.Цэрмаа, Л.Бямбадагва нар нь 10 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай авч, хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлөхөөр харилцан тохиролцсон тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч зээл, зээлийн хүү, алданги шаардах эрхтэй.

Шүүх нэхэмжлэгчийн дээрх шаардлагаас үндсэн зээл 10 000 000 төгрөг, алданги 5 000 000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч талуудын тохиролцсон зээлийн хүү өндөр, алдангийг хуульд заасан дээд хэмжээгээр тохиролцсон, хариуцагч нараас зээлийн үндсэн төлбөрийг төлөхөөс татгалзаагүй болон талууд харилцан буулт хийж эвлэрэх талаар санал гаргаж байгаагаас гадна алдангийн хэмжээг багасгаж өгөхийг хүссэн зэргийг харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсгээр шүүхэд эрх олгосныг үндэслэн хариуцагчаас гаргуулах алдангийг 2 000 000 төгрөгөөр багасгаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч С.Мэндбаяр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо хууль зүйн туслалцаа авч, өмгөөлөгчтэй оролцох эсэх нь өөрийн эрхийн асуудал бөгөөд өмгөөлөгчид хөлс төлснийг зайлшгүй гарсан зардал гэж үзэхгүй, мөн хэтрүүлсэн хугацааны хүү тооцно гэсэн агуулгатай заалт зээлийн гэрээнд тусгагдаагүй тул шүүх нэхэмжлэлээс 4 400 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна. Харин өмгөөлөгчийн зардал 400 000 төгрөгөөр хохирсон гэх шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо гэрээнээс татгалзсантай холбоотой Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсгийг баримталсан нь оновчгүй байгааг зөвтгөж, хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг баримталсан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад оруулах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр хариуцагч Л.Цэрмаагийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагыг 13 000 000 төгрөгөөр хангаж, үлдэх 6 400 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг болон хууль хэрэглээний өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2016/01139 дүгээр шийдвэрийн  тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Цэрмаа, Л.Бямбадагва нараас зээлийн гэрээний үүрэгт 13 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Мэндбаярт олгож, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 400 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “232 950 төгрөг” гэснийг “222 950 төгрөг” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Л.Цэрмаагаас төлсөн 232 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.    

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          А.МӨНХЗУЛ

                                    ШҮҮГЧИД                                           Т.ТУЯА

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ