Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2021/0253

 

 

  С.Ж-гийн нэхэмжлэлтэй

  захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгч С.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 101 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, С.Ж-гийн нэхэмжлэлтэй, Зам-Үүд чөлөөт бүсийн захирагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 101 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 39 дүгээр зүйлийн 39.1.8, 47 дугаар зүйлийн 47.1.1, 48 дугаар зүйлийн 48.1.3, Чөлөөт бүсийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Ж-гаас Зам-Үүд чөлөөт бүсийн захирагчийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/32 дугаар ажлаас халах тухай захирамжийг хүчингүйд тооцуулж, Зам-Үүд чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны Дэд бүтцийн хөгжил, газрын харилцааны хэлтсийн Эрчим хүч хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч С.Ж, түүний өмгөөлөгч Д.Б нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Зам-Үүд чөлөөт бүсийн захирагчийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/32 дугаар захирамж нь хууль бус бөгөөд захиргааны актыг гаргах гол үндэслэл нь захирамжид бичсэн үндэслэлүүд биш юм. Эдгээр нь гол үндэслэлийг нуусан халхавч төдий зүйл юм.

Шүүх хянан шийдвэрлэх ажиллагаагаар захиргааны акт гаргах болсон түүх, өөрөөр хэлбэл акт гарах болсон шалтгаан нөхцөлийг нарийвчлан судлах байлаа. Шалтгааныг эргэлзээгүйгээр тодруулахгүйгээр аливаа хэргийг шийдэх боломжгүй байдаг. Харамсалтай нь шалтгаан нөхцөлийг тогтоож чадсангүй. Захиргааны акт гаргах гол үндэслэл нь тус байгууллагад байсан Б.Б гэгч мэргэжилтэн “Авлигатай тэмцэх газар”-т тус байгууллагын хууль бус явдлынх нь талаар гомдол өгснөөр С.Ж-гийг хамтрагч гэж хардсанаар эхэлсэн байдаг.

Захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийг шаардсан шударга иргэдийг заналхийлж, мөрдөн мөшгөж, доромжлон заавал ажлаас халах нь илт хууль бус үйлдэл юм. Тэд “Бидний хууль бус үйлдлийг илчилсэн учир өш хонзон санаж улмаар ажлаас халав” гэж бичихгүй шүү дээ.

Шүүх хууль эрх зүйн болон ёс зүйд үндэслэлгүй хандвал төрийн үйл ажиллагааны гол зарчим шударга ёсны зарчим хэрэгжихгүй. Одоо ч Авлигатай тэмцэх газар, Чингэлтэй дүүргийн 1-р хэлтэст энэ байгууллагын хэрэг шалгагдаж байна.

Төрийн албаны зорилго нь Монгол Улсын хуулийг чандлан баримталж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдаж, ард түмэндээ үйлчилж, төрд үнэнч зүтгэх юм. Энэ зорилгынхоо эсрэг үйлдлийг дэмжих нь зорилгоосоо няцсан асуудал.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар энэ захиргааны акт нь бүхэлдээ хууль бус юм. Мэтгэлцээний үед бүгдийг илчлэн гэрчлэх болно гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч С.Ж-гаас Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчид холбогдуулан “Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/32 тоот ажлаас халах тухай захирамжийг хүчингүйд тооцуулж, Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны Дэд бүтцийн хөгжил, газрын харилцааны хэлтсийн Эрчим хүч хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Маргаан бүхий Зам-Үүд чөлөөт бүсийн захирагчийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/32 дугаар захирамжаар: Чөлөөт бүсийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 39 дүгээр зүйлийн 39.1.8, 47 дугаар зүйлийн 47.1.1, 48 дугаар зүйлийн 48.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйл, “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 9.1 дэх хэсгийг тус тус үндэслэн “Зам-Үүд” чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны Дэд бүтцийн хөгжил, газрын харилцааны хэлтсийн Эрчим хүч хариуцсан мэргэжилтэн С.Ж нь төрийн жинхэнэ албан хаагчийн үүргээ биелүүлээгүй, төрийн албаны тухай хууль болон хөдөлмөрийн дотоод журам зөрчин албан тушаалын бүрэн эрхээ бусдад дарамт, шахалт үзүүлэн шашны үзлийн ухуулга, сурталчилгаа хийхэд ашигласан, албан тушаалын тодорхойлолтод заагдсан мэргэжлийн шаардлага хангахгүй болсон, удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлж, албан тушаалтын тодорхойлолдтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангаагүй гэж үүрэгт ажлаас нь халжээ.

Нэхэмжлэгч С.Ж нь анх 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчийн 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б-30 дугаар захирамжаар тус бүсийн Гэрээ эрх зүй, хүний нөөцийн хэлтсийн архив, бичиг хэргийн ажилтнаар түр томилогдож, 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/05 дугаар захирамжаар Гэрээ эрх зүй, хүний нөөцийн хэлтсийн архив, бичиг хэргийн ажилтнаар, 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/11 дугаар захирамжаар Гэрээ эрх зүй, хүний нөөцийн хэлтсийн архив, бичиг хэргийн ажлаас чөлөөлж, Гэрээ эрх зүй, хүний нөөцийн хэлтсийн Бичиг хэргийн ажилтнаар, 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/12 дугаар захирамжаар Гэрээ эрх зүй, хүний нөөцийн хэлтсийн Бичиг хэргийн ажлаас чөлөөлж, Дэд бүтцийн хөгжил, газрын харилцааны хэлтсийн Эрчим хүч хариуцсан мэргэжилтнээр тус тус томилогдон ажиллаж байжээ.

Хэрэгт авагдсан нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1540 дүгээр тогтоолоос үзвэл, “...Замын-Үүд Чөлөөт бүсийн захирагчийн ажлын албанд мэргэжилтнээр ажиллаж байсан С.Ж нь ажлын байрандаа буюу 2019 оны 05 дугаар сараас ажилтан М.Л, С.Э, н.Х, н.З нарт Христийн шашин шүтэх талаар сурталчилсан үйл баримт материалд авагдсан гэрч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдсон, гэвч С.Ж бусдад хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хохирол учруулахаар сүрдүүлж шашны байгууллагын үйл ажиллагаа, шашны зан үйл үйлдэхэд нь саад учруулсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийгээгүй, харин бусдад Христийн шашин шүтэх талаар тайлбарлаж, ухуулсан..” гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн дээрх үйлдэл нь Зам-Үүд чөлөөт бүсийн захирагчийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/56 дугаар захирамжийн хавсралтаар баталсан Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.1-д “Улс төрийн намын, шашин болон шашингүйн үзэл бодлын талаар ухуулга сурталчилгаа хийх” гэж заасан ажлын байранд хориглох заалтыг, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.8-д “албан тушаалын бүрэн эрхээ шашны, эсхүл шашингүй үзлийн ухуулга, сурталчилгаа хийхэд ашигласан” гэж заасан төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаа хориглох заалтыг тус тус зөрчсөн болох нь тогтоогдсон байна. Гэтэл С.Ж-гийн шашин ухуулга, сурталчилгаатай холбоотой зөрчил нь 2019 оны 5 дугаар сард илэрсэн болох нь тогтоогдож байх бөгөөд энэ үндэслэлээр шууд ажлаас халах үндэслэл болохгүй.

Учир нь Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахыг Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд зааж, 48 дугаар зүйлийн 48.4-т “сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж зааснаас үзвэл, нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь хэзээ илэрснээс үл хамаарч зөрчил гаргасан /2019 оны 5 дугаар сар/ өдрөөс хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн байх тул уг зөрчилд холбогдуулж, сахилгын арга хэмжээ авах боломжгүй болсон, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй.

Түүнчлэн маргаан бүхий актаар нэхэмжлэгч С.Ж-гийг албан тушаалын тодорхойлолтод заагдсан мэргэжлийн шаардлага хангахгүй болсон талаар дурдсан бөгөөд нэхэмжлэгчийн ажиллаж байсан Замын-Үүд чөлөөт бүсийн ажлын албаны Дэд бүтцийн хөгжил, газрын харилцааны хэлтсийн Эрчим хүч хариуцсан мэргэжилтэнд тус чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр батлагдсан Ажлын байр (албан тушаалын)-ны тодорхойлолтоор тавигдах шаардлагад Цахилгаан хангамжийн инженер, эрчим хүч гэсэн мэргэжилтэй албан хаагч байхаар заасан. Нэхэмжлэгчийг анх Замын-Үүд чөлөөт бүсийн ажлын албанд 2015 оноос Бичиг хэргийн ажилтнаар ажиллуулж байгаад 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс Дэд бүтцийн хөгжил, газрын харилцааны хэлтсийн Эрчим хүч хариуцсан мэргэжилтнээр томилон ажиллуулсан.

Улмаар Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 125 дугаар Зөвшөөрөл олгох тухай тогтоолоор Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны бүтцийг баталсан байх бөгөөд тогтоолын 6 дугаар хавсралтаар Эрчим хүч хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтын 3 дугаар хэсэгт заасан албан тушаалд тавигдах тусгай шаардлагад Цахилгааны инженер, хангамж, Сэргээгдэх эрчим хүч гэсэн мэргэжилтэй албан хаагч байхаар тусгасан бөгөөд маргаан бүхий актаар “...нэхэмжлэгчийн мэргэжил уг албан тушаалд тавигдах шаардлагад нийцэхгүй...” гэж дүгнэж ажлаас халсан нь үндэслэлгүй.

Учир нь өмнө нэхэмжлэгчийг “цахилгаан хангамжийн инженер эрчим хүч” гэх мэргэжлийн шаардлага хангасан гэж Дэд бүтцийн хөгжил, газрын харилцааны хэлтсийн Эрчим хүч хариуцсан мэргэжилтнээр томилсон атлаа, одоо шинээр батлагдсан “Албан тушаалын тодорхойлолт”-д заасан “цахилгааны инженер, хангамж, сэргээгдэх эрчим хүч” гэх мэргэжлийн шаардлага хангаагүй гэдэг үндэслэлээр ажлаас халсан нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д “...зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах” гэж заасныг зөрчсөн гэж үзнэ.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн эрхэлж байсан Дэд бүтцийн хөгжил, газрын харилцааны хэлтсийн Эрчим хүч хариуцсан мэргэжилтний ажлын алба нь Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны бүтцийг баталсан “Эрчим хүч хариуцсан мэргэжилтэн”-ний албан тушаалын тодорхойлолтын 3 дугаар хэсэгт заасан албан тушаалд тавигдах тусгай шаардлагад цахилгааны инженер, хангамж, сэргээгдэх эрчим хүч гэж нэр томъёоны хувьд өөрчлөгдсөн гэж үзэх бөгөөд ажил үүргийн хувьд өөрчлөгдсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Мөн Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны Удирдлагын зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 23, 24-ний өдрийн хурлаар 2019 оны жилийн эцсийн тайлан, үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэж, дүгнэлтийг үндэслэн зарим албан хаагчдад үр дүнгийн урамшуулал олгох, цалингийн шатлал нэмэгдүүлэх талаар хэлэлцэж, нэхэмжлэгч 88.5%-ийн үнэлгээ авч, ажиллаж байх хугацаандаа “Санхүү эдийн засгийн их сургууль”-ийг төгсөж дүүргэсэн байх тул маргаан бүхий актад дурдсанаар удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлж, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангаагүй нь тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч С.Ж-гийг ажлаас халах тухай Зам-Үүд чөлөөт бүсийн захирагчийн 2020 оны 07 дугаар сарын 07-нй өдрийн Б/32 дугаар захирамжийн үндэслэл дурдсанд нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 121.1.2 дахь хэсгийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 101 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4, 62 дугаар зүйлийн 62.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Ж-гийн Зам-Үүд чөлөөт бүсийн захирагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Зам-Үүд чөлөөт бүсийн захирагчийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/32 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Ж-гийг Зам-Үүд чөлөөт бүсийн захирагчийн Эрчим хүч хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгч С.Ж-гийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгохыг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг тус тус хариуцагчид даалгасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

 

 

ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

 

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН