Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 964

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ж,

улсын яллагч М.А,

гэрч Г.Т

шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Л.Б (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Д.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1908 0340 0000 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Д.Т, Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Дэлгэр сум төрсөн, эрэгтэй, 36 настай, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “В” ХХК-д мужаан ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо Тоосгоны .. дүгээр гудамжны .. тоотод оршин суух бүртгэлтэй, УБ0000000, урьд

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн .. дугаар захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 11 сар 01 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж сулласан.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Д.Т нь 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороонд байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай “МТ” ХХК-ний шатахуун түгээх станцын түгээгчийн өрөөний цонхоор хууль бусаар нэвтэрч  Samsung J5 маркийн гар утас, GOTA GH301C маркийн гар станц зэргийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлсны улмаас 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, гэрч нар мэдүүлэхдээ:

1. Шүүгдэгч Д.Т “...2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр би гэрээсээ гараад бензин авахаар шатахуун түгээх газарт очоод сигналдсан боловч хүн гарч ирэхгүй байхаар нь би машинаасаа буугаад цонхыг нь тогштол цонх нь онгойчихсон. Тэгээд би цонхыг нь онгорхой орхиод явах гэтэл юмнууд нь ил үлдэх гээд байсан болохоор буцаад ирэхдээ өгье гэж бодоод ил харагдаж байсан гар утас болон станцийг аваад явсан...” гэв.

2. Гэрч Г.Т “...“...Тухайн өдөр би 10-20 минутын хугацаанд усанд явчихаад ирэхэд утас, станц хоёр алга болчихсон байсан...Түгжээ нь эвдэрсэн...Тухайн өдөр ээлжинд гарч ажилласан ажилтан төлдөг...Д.Т...Миний гар утасны дугаарыг мэднэ. Гэхдээ надруу утасдаагүй...Цонхны түгжээ их муу, түлхэхэд онгойдог...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Г.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гадуур явж байсан чинь манай ажлын газрын ээлжтэй байсан түгээгч Г.Т над руу 11 цагийн үед залгаж, би усанд явчхаад ирсэн чинь түгээгчийн байранд байсан. Гар утас, гар станц хоёр алга болчихсон байна гэж хэлэхээр нь би камерын бичлэгээ шүүлгэж үз, цагдаа дуудчихаад эргээд хариу хэлээрэй гэж хэлсэн юм. Тэгээд би хэсэг хугацааны дараа Г.Т-тэй утсаар эргэж холбогдож юу болж байгаа талаар нь асуутал, цагдаа нар ирчихсэн байна. Алдсан гар утас, гар станцаа олчихлоо гэж хэлсэн юм. Тэгээд би тэр өдрөө орой ажил дээрээ яваад очтол Г.Т надад камерын бичлэг үзүүлээд энэ машины жолооч манай гар утас, гар станцыг хулгайлсан гэж хэлэхээр нь би камерын бичлэгийн үзтэл, саарал өнгийн Subaru Impreza автомашинтай хар өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн өмдтэй, цагаан өнгийн цамцтай, цайвар өнгийн пүүзтэй залуу түгээгчийн байрны цонхоор гар хийж байгаад гар станц, гар утас авч байгаа бичлэг байсан юм. Тэгээд би Г.Т-с чи хаалга, цонхоо түгжээгүй юм уу гэж асуутал, би хаалга, цонхоо түгжээд усанд явсан гэж хэлсэн. ...Манай байгууллагаас олгосон Samsung J5 маркийн гар утас нь байгууллагын хангамжийн материалын бүртгэлд 460.000 төгрөгөөр үнэлэгдсэн байсан. Харин GOTA GH301C маркийн гар станц нь 420.000 төгрөгөөр үнэлэгдсэн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20),

“...Надаас болон манай байгууллагаас нэхэмжлэх зүйл байхгүй. Хулгайд алдсан эд зүйлсээ буцаагаад авчихсан болохоор гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23),

2. Гэрч Г.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өдөр уух усгүй байсан учир шатахуун түгээх станцын ажлын байраа хаагаад хаалга, цонхоо түгжээд усанд яваад 5 орчим минутын дараа ирэхэд ажлын байрны цонх онгорхой ширээн дээр байсан ажлын 2 ширхэг гар утас алдсан байсан. Манай шатахуун түгээх станцын ажлын байрны цонх угаасаа эвдэрхий юм байна лээ. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн юм...Хяналтын камер байгаа камерын хяналт нь оффис дээр байдаг юм. Би оффис руу залгаад болсон явдлыг хэлэхэд камер шүүгээд “Subaru Impreza” маркийн 60-25 УБХ гэсэн дугаартай машины жолооч гар утсыг аваад явсан харагдаж байна гэсэн... Samsung загварын гар утас нь Жи мобайлын дугаартай байсан...гар станц хэвийн ажиллаж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26),

3. Гэрч Ц.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Д.Т надтай уулзахдаа ямар нэгэн гар утас харуулаагүй. Гар утасны талаар ярьж хэлсэн зүйл байхгүй. Би Д.Т-г хулгайн хэрэг холбогдсон талаар мэдээгүй байж байгаад 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр буюу өчигдөр мэдсэн. Д.Т надад чи цагдаагийн газар очоод уулзчих гэж хэлэхээр нь би юу болсон талаар нь асуутал, надад хэлэхдээ 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Ханын материалын эцсийн буудлын “МТ” ХХК-ийн шатахуун түгээх станцаас бензин авах гээд машиныхаа сигналыг дартал хүн гарч ирэхгүй байхаар нь цонхон дээр нь очоод тогштол цонх нь онгойчихоор нь хартал дотор нь хүн байхгүй байхаар нь ширээн дээр нь байсан хоёр ширхэг гар утсыг нь авчихсан юм гэж хэлсэн. Өөр зүйл ярьж хэлээгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34),

4. “Мастер үнэлгээ” ХХК-ний хөрөнгө үнэлгээний тайланд... Samsung J5 маркийн гар утас...150.000 төгрөг, GOTA GH301C маркийн гар станц 210.000 төгрөг...буюу нийт 360.000 төгрөгийн хохирлын үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 36),

5. Шүүгдэгч Д.Т мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 10 цаг 30 минутын үед “МТ” шатахуун түгээх станцаас “Subaru Impreza” маркийн 00-00 УБА улсын дугаартай өөрийн эзэмшлийн машинд бензин авахаар очсон. Түгээгчийг хүлээхэд гарч ирээгүй, тэгэхээр нь дуут дохио өгсөн. Хэн ч гарч ирэхгүй болохоор нь машинаасаа буугаад түгээгчийн цонх дээр очсон. Цонхыг нь тогштол түгжээгүй, цаашаа онгойчихсон. Дотор тавцан дээр нь 2 ширхэг гар утас ил байсан. Шатахуун түгээх станц дотор бензин авахаар 2 машин ирээд зогссон байсан. Тэр утсыг алга болчхож магадгүй гэж бодоод эзнийг нь хүлээгээд 4 орчим минут хүлээсэн. Хүн нь ирэхгүй болохоор тавцан дээр байсан 2 утсыг зүүн гараараа авсан. Авсан утсаа цамцныхаа хажуу талын халаасанд хийгээд машиндаа суусан... Гэрт байхад цагдаа нар гэрт хүрээд ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 97-98),

6. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 03-06), эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 09), эд зүйл буцаан өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 10), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 11-13), Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 71),

- “МТ” ХХК-ийн шатахуун түгээх 91 дүгээр станцын улсын бүртгэлийн гэрчилгээ (хавтаст хэргийн 52), “МТ” ХХК-ийн иргэний нэхэмжлэгч, хохирогч томилсон албан бичиг (хавтаст хэргийн 15),

7. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 57, 56), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 76), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 60, 61, 63), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 77-89) зэрэг  нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Т-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

- Улсын яллагч: Шүүгдэгч Д.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт,

- Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс миний үйлчлүүлэг нь гэм буруу дээр маргахгүй. Харин хууль зүйн хувьд шүүгдэгч Д.Т-н нэвтэрсэн гэх үйлдэл нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтаас Д.Т нь шатахуун түгээх станцын цонхоор гараа оруулж, ширээн дээр байсан утсыг авсан болохоос тухайн шатахуун түгээх байр луу нэвтэр ч орсон зүйл байхгүй. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хөнгөрүүлж  шүүгдэгч Д.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцож өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв. Тодруулбал шүүгдэгчийн хулгайлж авсан эд зүйл нь тухайн эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай албан тасалгаанд хадгалагдаж байсан. Нөгөө талаас Монгол хэлний тайлбар тольд нэвтэрч гэх үйл үг нь “юмны цаад талд цоолж гарах...” гэх агуулгаар тайлбарлагдах тул шүүгдэгчийн дээрх үйлдлийг нэвтрээгүй гэх үзэх үндэслэлгүй юм. 

Шүүгдэгч Д.Т нь Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороонд үйл ажиллагаа явуулах зориулалттай “МТ” ХХК-ийн 91 дүгээр шатахуун түгээх станцын түгээгчийн ажлын байранд, 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр, шунахайн сэдэлтээр, хялбар аргаа мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, хууль бусаар гараа оруулан нэвтэрч, ажлын байрны өрөөний ширээн дээр байсан Samsung J5 маркийн гар утас, GOTA GH301C маркийн гар станц зэргийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлсны улмаас “МТ” ХХК-д 360.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

          - Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 11-13), “МТ” ХХК-ийн шатахуун түгээх 91 дүгээр станцын улсын бүртгэлийн гэрчилгээ (хавтаст хэргийн 52),

- Хохирогч Г.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр...түгээгч Г.Т над руу 11 цагийн үед залгаж, би усанд явчхаад ирсэн чинь түгээгчийн байранд байсан. Гар утас, гар станц хоёр алга болчихсон байна гэж хэлсэн... би хэсэг хугацааны дараа Г.Т-тэй утсаар эргэж холбогдож юу болж байгаа талаар нь асуутал, цагдаа нар ирчихсэн байна. Алдсан гар утас, гар станцаа олчихлоо гэж хэлсэн юм. ...орой нь ажил дээрээ яваад очтол Г.Т надад камерын бичлэг үзүүлээд энэ машины жолооч манай гар утас, гар станцыг хулгайлсан гэж хэлэхээр нь би камерын бичлэгийн үзтэл, саарал өнгийн Subaru Impreza автомашинтай хар өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн өмдтэй, цагаан өнгийн цамцтай, цайвар өнгийн пүүзтэй залуу түгээгчийн байрны цонхоор гар хийж байгаад гар станц, гар утас авч байгаа бичлэг байсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20),

“...манай байгууллагаас нэхэмжлэх зүйл байхгүй. Хулгайд алдсан эд зүйлсээ буцаагаад авчихсан болохоор гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23),

- Гэрч Г.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өдөр уух усгүй байсан учир шатахуун түгээх станцын ажлын байраа хаагаад хаалга, цонхоо түгжээд усанд яваад 5 орчим минутын дараа ирэхэд ажлын байрны цонх онгорхой ширээн дээр байсан ажлын 2 ширхэг гар утас алдсан байсан. ...Би оффис руу залгаад болсон явдлыг хэлэхэд камер шүүгээд “Subaru Impreza” маркийн 00-00 УБХ гэсэн дугаартай машины жолооч гар утсыг аваад явсан харагдаж байна гэсэн... Samsung загварын гар утас нь Жи мобайлын дугаартай байсан...гар станц хэвийн ажиллаж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26),

          - Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарт “...00-00 УБХ улсын дугаартай Subaru Impreza маркийн тээврийн хэрэгсэл, ...өмчлөгч Д-н Т, хаяг УБ СХД .. Тоосгоны ....” гэх баримт

- Шүүгдэгч Д.Т мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 10 цаг 30 минутын үед “МТ” шатахуун түгээх станцаас “Subaru Impreza” маркийн 00-00 УБА улсын дугаартай өөрийн эзэмшлийн машинд бензин авахаар очсон. Түгээгчийг хүлээхэд гарч ирээгүй, тэгэхээр нь дуут дохио өгсөн. Хэн ч гарч ирэхгүй болохоор нь машинаасаа буугаад түгээгчийн цонх дээр очсон. Цонхыг нь тогштол түгжээгүй, цаашаа онгойчихсон. Дотор тавцан дээр нь 2 ширхэг гар утас ил байсныг... алга болчхож магадгүй гэж бодоод эзнийг нь ...4 орчим минут хүлээгээд...ирэхгүй болохоор...зүүн гараараа авсан. Авсан утсаа цамцныхаа хажуу талын халаасанд хийгээд машиндаа суусан... Гэрт байхад цагдаа нар гэрт хүрээд ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 97-98),

- “Мастер үнэлгээ” ХХК-ний хөрөнгө үнэлгээний тайланд... Samsung J5 маркийн гар утас...150.000 төгрөг, GOTA GH301C маркийн гар станц 210.000 төгрөг...буюу нийт 360.000 төгрөгийн хохирлын үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 36) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Д.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэг, заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид үнэлгээгээр 360.000 төгрөгийн хохирол учирсан байх боловч шүүгдэгч нь эд зүйлийг буцаан өгсөн (хавтаст хэргийн 10) байх тул Д.Т-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

-Улсын яллагчаас Д.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

- Шүүгдэгчийн өмгөөлөгч нь улсын яллагчийг гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэж тус тус мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний улмаас хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирдлага болгон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг буюу эд зүйлийг авсан гэх үйл баримттай маргаагүйг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Т-т 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх зүйтэй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн хуванцар гэртэй, CD дээрээ Cuandie DVD-R 4.7 GB 120 min High-quality.A гэх бичиглэлтэй дүрс бичлэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээн хадгалах нь зүйтэй. Эрүүгийн 1908 0340 00000 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Д.Т-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан шүүгдэгч Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Г-д оногдуулсан 1 жил 2 сарын хорих хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Д.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.МӨНХЗУЛ