Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 968

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ж,

улсын яллагч Б.М (томилолтоор),

хохирогч К.М,

иргэний нэхэмжлэгч Х.Б

шүүгдэгч И.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Х овогт И.Г-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903 0051 00000 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овогт И.Г, Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Баянцагаан суманд төрсөн, 68 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, механикч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Баянголын .. дүгээр гудамжны .. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ЧА00000000.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч И.Г нь 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 12 цаг 15 минутын үед Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны нутагт, “М” дэлгүүрийн урд талын замд “SsangYong Musso” маркийн 00-00 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас К.М-н жолоодон явсан “Toyota Prius-20” маркийн 00-00 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж К.М-н эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, тээврийн хэрэгслийн эзэмшигч иргэний нэхэмжлэгч Х.Б-д 4.500.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар мэдүүлэхдээ:

1. Шүүгдэгч Г мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

2. Хохирогч К.М мэдүүлэхдээ: “....2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Дарханаас манай найз машин авахаар ирээд түүнийг машин авах газарт нь хүргэж өгчихөөд буцаж явахдаа зам тээврийн осолд орсон. Тухайн осол гарсны дараа машин замын эсрэг талд гарчихсан, миний бие өвдөөд хөдөлж чадахгүй байж байтал И.Г намайг загнаж байгаад явсан. Тэр хавьд мод тарьж явсан хүмүүс манай нөхрийг дуудаж өгч тус болсон. Удалгүй цагдаа болон түргэн тусламж ирсэн. Тэгээд би эмнэлэгт ирсэн. Эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэсэн 909.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв

3.Иргэний нэхэмжлэгч Х.М мэдүүлэхдээ: “...Тээврийн хэрэгслийн үнэлгээ нь нийт 4.500.000 төгрөг болсон байгаа. Үүнийг нэхэмжилж байна. Даатгалын байгууллагаас гаргаж өгнө гэж хэлсэн...” гэх мэдүүлэг

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 2-9),

2. Хохирогч К.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хоёр найзыгаа хуучин 22-ын товчооны цаана хүргэж өгчихөөд 12 цаг өнгөрч байхад буцаад гэр рүүгээ явж байсан. Тухайн үед би зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд явж байтал эсрэг урсгалаас нэг машин зүүн гар тийш эргэх гээд дохио өгөөд зогсож байсан, би зогсоод байж байна гэж бодоод урдуур нь өнгөрөх гээд явж байтал миний машины урдуур ороод ирсэн, тэгэхээр нь би тоормос гишгээд машин зогсож амжилгүй нөгөө машинтай мөргөлдсөн. Миний машин 1 дүгээр эгнээнд зогсчихсон, тухайн үед цээж хэсгээр өвдөөд хөдөлж чадахгүй байсан. Тэгтэл нөгөө машины жолооч над дээр ирээд намайг загнаад байсан, би тухайн үед юу ярьж байсныг нь санахгүй байна...Миний зүүн талын 2 хавирга гэмтсэн, өвдөг хөхөрсөн, байсан бусдаар бол миний бие зүгээр байгаа...Одоо миний зүүн талын цээж хэсгээр өвдөж байгаа эмчийн бичиж өгсөн өвчин намдаах эмийг ууж байгаа...тухайн үед жолоодож явсан “Toyota Prius” маркийн 00-00 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл “ХААН” банкны нэр дээр байдаг боловч манай нөхөр Х.Б-н эзэмшлийн автомашин байгаа юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18),

3. Гэрч Б.П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нөхөр Г-гийн хамт машиных нь урд талд суугаад явж байсан, тэгтэл хуучин 22-ын товчооны хажууханд уулзвараар эргэж байтал тас гээд хажуугаас ирээд юм мөргөх шиг болсон би тухайн үед сандраад шоконд орчихсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32),

4. Шүүгдэгч И.Г мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хотоос хуучин 22-ын товчооны урд байдаг зах орох гээд явж байсан. Тэгээд би төв замаас зах руу салдаг уулзвараар ертөнцийн зүгээр урагшаа эргэх гэж байсан. Тэгтэл өөдөөс ирж явсан урсгалаас нэг Портер маркийн автомашин ирж явсан, тэр машиныг өнгөрөөгөөд эргээд явтал цаанаас нэг цагаан өнгөтэй “Toyota Prius” маркийн автомашин ирээд миний машиныг мөргөсөн, би машинаасаа бууж ирээд 102 болон 103 дугаарын утас  руу дуудлага өгсөн, удалгүй эмнэлгийн машинтай эмч ирээд нөгөө машины жолоочийг хүнд бэртэл гэмтэл гайгүй байна гэж хэлж байсан. Намайг үзээд гайгүй байна, тухайн үед надтай хамт явж байсан эхнэр П-г үзээд бас гэмтэл бэртэл гайгүй байна гэж хэлж байсан...Тухайн үед замын хөдөлгөөн хэвийн сийрэг, зам хуурай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 103-104),

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ... дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: ...Цээжний зүүн талын дээд болон хажуу дунд хэсгээр тэмтрэхэд эмзэглэл ихтэй, баруун өвдөгний дотор дээд хэсэгт 5х4.5см хөхөлбөр цус хуралттай. Өөр ил харагдах гэмтэлгүй.

2019.05.12-ны ГССҮТ-н эмчийн үзлэгт: онош: Цээжний зөөлөн эдийн няцрал, 5, 7-р хавирганы хугарал гэжээ...

2019.05.12-ны “Мед Травма” эмнэлгийн цээжний КТГ-н шинжилгээнд: ...Зүүн талын 5-р хавирга суганы урд шугамаар зөрүүгүй, 7-р хавирга суганы урд шугамаар гадна ялтас бүрэн бус болсон бүрэн бус хугарал байхыг үгүйсгэхгүй, 8-р хавирга суганы урд суганы урд шугамаар зөрүүгүй хугарлуудтай гэжээ.

2019.05.22-ны зурагт: Цээжний томографаар зүүн талын 5, 7, 8-р хавирга суганы урд шугамаар зөрөөгүй хөндлөн хугаралтай, зүүн уушгины суурь хэсэг голомтлог авчилттай, 2 талын гялтанд сул хий шингэнгүй, уушгинд голомтот өөрчлөлтгүй, өвчүү, эгэм, дал ясанд гэмтэлгүй...гэжээ...ДҮГНЭЛТ

1. К.М-н биед цээжний зүүн 3 хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр хэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 49),

 

6. Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 238 дугаар мөрдөгчийн магадлагаа

1. “Toyota Prius” маркийн 00-00 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч К овогтой М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

2. “SsangYong Musso” маркийн 00-00 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан И.Г нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.9 “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна...” гэх баримт (хавтаст хэргийн 81),

7. “Мастер Үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн .. дугаартай тайланд “...Эзэмшигч: “ХААН” банк... “Toyota Prius” загварын 00-00 УНР улсын дугаартай сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгсэлд...шууд 2.240.000, шууд бус 700.000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон үнэ 4,500.000 төгрөг...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 58-56),

8. Иргэний нэхэмжлэгч Х.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...”Toyota Prius” маркийн 00-00 УНР тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийнх боловч “ХААН” банкны нэр дээр байдаг...Автомашинд учирсан хохирлыг буруутай жолоочоос нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-29),

9. “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан дүүргийн техникийн хяналтын үзлэгийн Төвийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 47-54), тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 12), Түргэн тусламжийн дуудлагын хуудас MСКЕ18207121 (хавтаст хэргийн 122),

- Хохирогч К.М иргэний үнэмлэхийн хуулбар, жолоочийн лавлагаа, мэдээллийн хуулбар (хавтаст хэргийн 19, 24), согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10), хохирол, хор уршгийн 909.000 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 22, 23, 24, 25),

- Иргэний нэхэмжлэгч Х.Б-н иргэний үнэмлэхийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 30),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 108, 107, 114), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 115), жолоочийн согтуурах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 11), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 110, 112, 115) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч И.Г-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч И.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруу дээр маргаагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүгдэгч И.Г нь Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны нутагт дэвсгэр 22-ын /хуучнаар/ товчооны замаар ертөнцийн зүгээр баруун зүгт өөрийн эзэмшлийн “SsangYong Musso” маркийн 00-00 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон явсан байна. Тэрээр тухайн зорчих хэсэгт явж байгаад “Малчин” дэлгүүрийн урд эсрэг урсгал руу орох буюу буцаж эргэх хөдөлгөөн хийхдээ тухайн зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд чигээрээ явсан “Toyota Prius-20” маркийн 00-00 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч К.М-д зам тавьж өгөөгүй болгоомжгүй үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн, жолоочийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь 

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 2-09),

- Хохирогч К.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хоёр найзыгаа хуучин 22-ын товчооны цаана хүргэж өгчихөөд ...буцаад гэр рүүгээ явж байсан. Тухайн үед би зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд явж байтал эсрэг урсгалаас нэг машин зүүн гар тийш эргэх гээд дохио өгөөд зогсож байсан, би зогсоод байж байна гэж бодоод урдуур нь өнгөрөх гээд явж байтал миний машины урдуур ороод ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18),

- Гэрч Б.П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нөхөр Г-н хамт машиных нь урд талд суугаад явж байсан, тэгтэл хуучин 22-ын товчооны хажууханд уулзвараар эргэж байтал тас гээд хажуугаас ирээд юм мөргөх шиг болсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32),

- Шүүгдэгч И.Г-н мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хотоос хуучин 22-ын товчооны урд байдаг зах орох гээд явж байсан. Тэгээд би төв замаас зах руу салдаг уулзвараар ертөнцийн зүгээр урагшаа эргэх гэж байсан. ...өөдөөс ирж явсан урсгалаас нэг “Портер” маркийн автомашин ирж явсан тэр машиныг өнгөрөөгөөд эргээд явтал цаанаас нэг цагаан өнгөтэй “Toyota Prius” маркийн автомашин ирээд миний машиныг мөргөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 103-104),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ... дугаар дүгнэлт “...1. К.М-н биед цээжний зүүн 3 хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр хэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 49),

- Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 238 дугаар мөрдөгчийн магадлагаа “...2. “SsangYong Musso” маркийн 00-00 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан И.Г нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.9 “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна...” гэх баримт (хавтаст хэргийн 81) зэрэг нотлогдон тогтоогдож байна.

Хууль зүйн хувьд шүүгдэгч нь болгоомжгүйгээр  захиргааны хэм хэмжээ тогтоосон акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д заасан “Уулзвараас бусад газар жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн гэсэн заалтыг зөрчсөнийг Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Мөн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас жолооч К.М-н эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоожээ. Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх зүйл хэсэг, заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч К.М-д 909.000 төгрөгийн хохирол (хавтаст хэргийн 22, 23, 24, 25), иргэний нэхэмжлэгч Х.Б-д 4.500.000 төгрөгийн хор уршиг (хавтаст хэргийн 58-56) буюу нийт 5.409.000 төгрөгийн хохирол, хор уршиг учирсан болох хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч И.Г-с Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 505 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирол, хор уршигт нийт 5.409.000 төгрөгийг дөрөв сарын хугацаанд гаргуулж хохирогч К.М-д 909.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Х.Б-д 4.500.000 төгрөгийн олгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

- Улсын яллагчаас шүүгдэгч И.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжээр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч И.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч И.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, тэрээр хувийн байдлын хувьд өндөр настай, тэтгэврийн зээлтэй, хохирол хор уршгийг шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Харин шүүгдэгч И.Г нь гэмт хэрэг гарснаас хойш бодит хохирол, хор уршгийг хохирогч, иргэний нэхэмжлэгчид төлөөгүй байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүргийг хохирол, хор уршгийг төлүүлэх 4 сарын хугацаанд авах нь гэмт хэргийн улмаас хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхэд ач холбогдолтой гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар И.Г-г торгох ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, тэрээр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногийн хорих ялаар тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулав.

Эрүүгийн 1903 0051 00000 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах хуулийн зохицуулалтгүй тул шүүгдэгч И.Г-н “В” ангиллын .... дугаартай жолоочийн үнэмлэх хэрэгт хураагдаж ирснийг тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт И.Г-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Г-г 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 12 (арван хоёр) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч И.Г-д мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн хохирол төлөгдөж дуусах хүртэл хугацаанд тогтоосугай.

5. Шүүгдэгч И.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг анхааруулсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Г-с 5.409.000 (таван сая дөрвөн зуун есөн мянган) төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн 4 (дөрвөн) сарын хугацаанд гаргуулж хохирогч К.М-д 909.000 (есөн зуун есөн мянган) төгрөг, иргэний нэхэмжлэгч Х.Б-д 4.500.000 (дөрвөн сая таван зуун мянган) төгрөгийг тус тус олгосугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч И.Г-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн ... дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг буцаан олгосугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.МӨНХЗУЛ