| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 143/2016/00443/И |
| Дугаар | 580 |
| Огноо | 2016-12-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 580
Зохигчид эвлэрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******
Хариуцагч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 1-р баг, ******* тоотод оршин суух ******* овгийн ******* /РД: *******/
Хариуцагч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8-р баг, ******* тоотод оршин суух ******* овгийн ******* /РД:*******/ нарт холбогдох
“Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 41,288.50 ам. доллар, 68,880,796.07 төгрөг гаргуулах, төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр хангуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өрнөл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* нь Хасбанктай 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 1180008170 дугаар барьцаат зээлийн гэрээ байгуулан 49,600 ам. долларыг жилийн 14.4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар, 5000909568 дугаартай зээлийн шугамын гэрээ байгуулан 80,000,000 төгрөгийг жилийн 26.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар авч өөрийн өмчлөлийн Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8-р баг, ******* тоотод байрлах Г-1105000578 дугаартай өмчлөлийн газар, тус хаягт байрлах Ү-1105001283 дугаартай дэлгүүрийн барилга, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 1-р баг, Баруунсайхан, Зуслангийн 1-4 тоотод байрлах Г-1105001480 дугаартай хувийн сууц, барьцаалуулагч *******ы өмчлөлийн Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8-р баг, ******* тоотод байрлах Ү-1105000863 дугаартай хувийн сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан.
Зээлдэгч ******* нь барьцаат зээлийн гэрээний үүргээ зөрчиж төлбөрийг 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс, зээлийн шугамын гэрээний үүргээ зөрчиж төлбөрийг 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн огт төлөөгүй болно. 2016 оны 8-р сарын 24-ний байдлаар 1180008170 дугаар барьцаат зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 32,766.80 ам. доллар, хүү 8,134.68 ам. доллар, нэмэгдүүлсэн хүү 387.02 ам. доллар нийт 41,288.50 ам. доллар нэхэмжлэл гаргаж буй өдрийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар төгрөгт хөрвүүлсэн дүн 93,224,065.50 төгрөг, зээлийн шугамын гэрээний үлдэгдэл 68,831,796.07 төгрөг, нийт 162,055,861.57 төгрөг болоод байна.
Иймд 41,288.50 ам. доллар болон 68,880,796.07 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч ******* 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ: “Банкны хуулиар хамгаалагдсан эрх ашиг зөрчигдсөөр байгаа тул 2016 оны 8-р сарын 24-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацааны 1180008170 дугаартай барьцаат зээлийн гэрээний хүүгийн төлбөр 1,310.67 ам. доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 139.19 ам. доллар, 5000909568 дугаартай зээлийн шугамын гэрээний хүүгийн төлбөр 6,239,249.89 төгрөг, Монгол банкны төгрөгт хөрвүүлэх өнөөдрийн ханшаар нийт 9,817,605.86 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж байна.” гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Хасбанктай 2013 оны 4-р сарын 10-нд 1180008170 тоот долларын зээлийн гэрээ, 5000909568 тоот шугамын зээлийн гэрээ байгуулсан бөгөөд улмаар санхүүгийн хямралд орж, зээлээ төлж чадахгүй болсон тул Хасбанкинд зээлийн гэрээнд нөхцөл өөрчлүүлэх тухай хүсэлтийг удаа дараа гаргаж 2015.11.24-нд 1180017437 тоот зээлийн гэрээг зээлийн нөхцөл өөрчилсөн гэрээ гэж надтай байгуулсан болно.
Гэвч миний бие зээлээ төлж чадахгүй байсаар Хасбанкны зүгээс 2016.04.04-нд Өмнөговь аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, анхан шатны шүүхээс 1180017437 тоот гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцон шийдвэр гарсан боловч Хасбанк дээрх хоёр гэрээг уг хүчин төгөлдөр бус гэрээ үйлчилж байх цаг хугацаандаа үйлчилж байсан мэтээр хүү тооцон нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.” гэжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн өмнөх шатанд зохигч нар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Нэг талаас нэхэмжлэгч Хасбанкыг төлөөлж Өмнөговь салбарын захирал Б.Сэргэлэнчимэг нөгөө талаас хариуцагч *******, ******* нарын хооронд 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан 16-18/01 дугаар эвлэрлийн гэрээнд “Хариуцагч нь барьцаат зээлийн гэрээ болон зээлийн шугамын гэрээний төлбөрт нийт 128,951,998 /нэг зуун хорин найман сая есөн зуун тавин нэгэн мянга есөн зуун ерэн найм/ төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч нь нэхэмжлэлд тусгагдсан үнийн дүн болох 171,922,467.43 /нэг зуун далан нэгэн сая есөн зуун хорин хоёр мянга дөрвөн зуун жаран долоон төгрөг, дөчин гурван мөнгө/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс нь буюу 42,970,469.43 /дөчин хоёр сая есөн зуун далан мянга дөрвөн зуун жаран есөн төгрөг, дөчин гурван мөнгө/ төгрөгөөс татгалзаж, эвлэрэх саналд тусгасан дүнг хариуцагчаар төлүүлэхийг хүлээн зөвшөөрч эвлэрэв.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хасбанк хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 172,922,467.43 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэгч 172,922,467.43 төгрөг гаргуулах шаардлагын зарим хэсгээс татгалзаж 128,951,998 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасныг хариуцагч *******, ******* нар хүлээн зөвшөөрч 128,951,998 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь тэдний шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож, зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т “Зохигч эвлэрэхдээ шүүхийн зардлыг өөрөөр хуваарилахаар тохиролцоогүй бол шүүх энэ зүйлд заасан журмаар шийдвэрлэнэ.” гэж заажээ. Эвлэрлийн гэрээнд улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн хуваарилах талаар зохигчид тохиролцоогүй байна. Иймд нэхэмжлэгч Хасбанк 172,922,467.43 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагадаа 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 968,474 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 172,032 төгрөг нийт 1,140,506 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлснийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр нь үлдээж нэхэмжлэгч, хариуцагч нарын харилцан тохиролцож эвлэрсэн 128,951,998 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 802,710 төгрөгийн 50 хувь буюу 401,355 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос үлдэх 50 хувь буюу 401,355 төгрөгийг хариуцагч *******, ******* нараас тус тус гаргуулан нэхэмжлэгч Хасбанкинд олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Хасбанк 172,922,467.43 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагадаа 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 968,474 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 172,032 төгрөг нийт 1,140,506 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлснийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр нь үлдээж нэхэмжлэгч, хариуцагч нарын харилцан тохиролцож эвлэрсэн 128,951,998 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 802,710 төгрөгийн 50 хувь буюу 401,355 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос үлдэх 50 хувь буюу 401,355 төгрөгийг хариуцагч *******, ******* нараас тус тус гаргуулан нэхэмжлэгч Хасбанкинд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 74.5, 75 дугаар зүйлийн 75.1, 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Хасбанк хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 172,922,467.43 /нэг зуун далан нэгэн сая есөн зуун хорин хоёр мянга дөрвөн зуун жаран долоон төгрөг, дөчин гурван мөнгө/ төгрөг гаргуулах шаардлагын зарим хэсгээс татгалзаж 128,951,998 /нэг зуун хорин найман сая есөн зуун тавин нэгэн мянга есөн зуун ерэн найм/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасныг хариуцагч *******, ******* нар хүлээн зөвшөөрч 128,951,998 /нэг зуун хорин найман сая есөн зуун тавин нэгэн мянга есөн зуун ерэн найм/ төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр хүлээн зөвшөөрч, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Энэхүү захирамжийг зохигчид сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар нэхэмжлэгч Хасбанкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,140,506 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 401,355 төгрөг, хариуцагч *******, ******* нараас 401,355 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хасбанкинд олгосугай.
4.Энэхүү шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР