Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 107

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч М.Сансарсайхан,

шүүгдэгч Б.О-, түүний өмгөөлөгч Г.Оюунтуяа /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2804/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын  хяналтын прокуророос Б овогт Б-ийн О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 0543 51579 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Б овогт Б-ийн О Монгол Улсын иргэн, 1974 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шарын гол суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шастины нэрэмжит нэгдсэн 3 дугаар төв эмнэлэгт “Эм зүйн тасагт” үйлчлэгчээр ажилладаг, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ..... дугаар гудамжны .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.О нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элсэн цаг” караокед иргэн А.О-гийн гадуур хүрэмний халааснаас 1.000.000 төгрөгийг бэлнээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: Тухайн өдөр А.О-г банкнаас хэдэн төгрөг мөнгө авсныг мэдэхгүй, таксин дотор сууж байхад мөнгө аваад ирлээ гэж ярьж байсан. А.О-гийн 1.000.000 төгрөгийг авсан. Үүнээс 800.000 төгрөгийг төлж, үлдэх 200.000 төгрөгийг бага багаар төлөхөөр тохиролцсон гэв.

 

Хоёр. Эрүүгийн 1808 0543 51579 дугаартай хэргээс:

 

1.Хохирогч А.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлсэн:

“...Би 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 17 цагийн үед ажлаа тараад хамт ажилладаг О гэх эмэгтэйн хамт хуучин цуг амьдарч байсан нөхөр Бортой уулзаад, бид гурав “Топаз” гэх газар хоолонд орсон. Тэндээсээ Сонгинохайрхан дүүргийн “Цамбагарав”-ын үйлчилгээний төвийн тэнд байх нэг караокед орж хоёр цаг гаран дуулсан. Тэндээс гарахад манай хуучин нөхөр Бор “хүүхдүүддээ юм авч өгөөрэй” гээд надад өөрийнхөө Хаан банкны картыг өгөөд мөнгө авчих гэсэн. Би “Цамбагарав”-ын үйлчилгээний төвийн ойролцоо байх “Хаан” банкны АТМ-ээс 1.000.000 төгрөг уншуулж аваад картыг нь Борд буцааж өгсөн. Тэндээсээ бид гурав такси бариад харих гэтэл О нь “би ажил дээрээ хононо” гээд гэрийнхэндээ хэлсэн, тийм учраас хэдүүлээ жоохон дуулж ууж байгаад гэртээ харья” гэхээр нь бүгд зөвшөөрөөд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Элсэн цаг” гэдэг нэртэй караокед очсон. Замдаа бид нарын сууж явсан таксины жолооч болон түүний найзтай танилцаад хамт караокед орохоор болсон. Тэнд бид нэг цаг гаран дуулсан. Би босож дуулж байгаад эргээд харсан чинь надтай хамт явж байсан манай найз О-, таксины жолооч болон түүний найз нар алга болсон байсан. Манай хуучин нөхөр Бор намайг дуулж байхад хажууд бүжиглэж байсан. Тэгээд би гадаа гарч харахад хэн ч байгаагүй. Би буцаж ороод гадуур хүрэмнийхээ халаасанд хийсэн байсан мөнгөө шалгахад байгаагүй. Тэгээд цагдаад өргөдөл гаргаж өгсөн. Би “Цамбагарав”-ын банкны АТМ-ээс мөнгө аваад гадуур хувцасныхаа баруун гар талын халаасанд хийсэн. Тэндээсээ би өөр тийш нь хийгээгүй. Тухайн үед таксины жолооч өөрийгөө Анхбаяр, нөгөө найз нь өөрийгөө Бааска гэж танилцуулж байсан. Би сууж явсан машины өнгө болон марк, улсын дугаарыг сайн мэдэхгүй. Би О-тэй уулзаж “чи миний мөнгийг авсан байна лээ” гээд шууд тулгаж хэлэхэд “би чиний мөнгийг аваагүй, тэр цагдаадаа хэл” гэсэн. О нь цагдаа дээр ирээд миний мөнгийг авсан гэдгээ хэлсэн байна лээ. Алдсан мөнгөө олж авмаар байна. ...” гэх мэдүүлэг [1],

 

2. Гэрч Г.Бадамхандын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлсэн:

“...2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр буюу 5 дахь өдөр манай ажлын газрын хэсэг хүмүүс О-гийн төрсөн өдрийг урьдчилж тэмдэглэсэн. О-г гэрээс нь дуудан ирүүлсэн. О нь бор архи барьчихсан орж ирсэн. Тэгээд бид нар жоохон сууж байгаад тухайн газраасаа гарах үед О-г халааснаасаа мөнгөө алдсан тухай өөрөөс нь сонсож мэдсэн. О бид нарт буюу бааранд байсан 10 хүнд нэг нэг пиво авч өгсөн. ...” гэх мэдүүлэг [2],

 

3. Гэрч Н.Билэгтийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлсэн:

“...Манай ажлын хэдэн эмэгтэй О-гийн төрсөн өдрийг урьдчилан тэмдэглэхээр шийдсэн. Бид ажлынхаа урд байдаг “Эрхэс” паб, караокед орж суусан. Тухайн үед бид нар түрүүлж ороод хүний 2 ширхэг пиво уусан байсан. Удалгүй О ирсэн. О ирэхдээ 1 ширхэг архи, 1 ширхэг набор авчирсан. Бид нарт мөн 1 шил пиво авч өгсөн. Тооцоогоо өөрөө хийсэн. Нийт О-тэй нийлээд 10 хүн хамт байсан. Бид нар өөрсдийн уусан пивоны мөнгийг өгсөн. Харин О бид нарт авч өгсөн 10 пивоны мөнгийг мөн гаднаас архи оруулсан мөнгийг төлсөн. Тооцоо хийх үед О-д их хэмжээний мөнгө харагдаагүй. Бид нарыг “Эрхэс” караокенаас гарах гэж байхад О- ирээд О-г дуудаад гадаа уулзаж байгаад орж ирсэн. Ямар ч л гэсэн О-гийн мөнгийг О авсан тухай яриа гарсан. ...” гэх мэдүүлэг [3],

 

4. Гэрч О.Ариунзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн:

“...Миний ээж О Нэгдсэн 3 дугаар эмнэлэгт 10 жил үйлчлэгчээр ажиллаж байгаа. ...Ээж маань цалингаас өөр орлогогүй, сард цалингаасаа суутгах суутгалуудаа төлөөд ойролцоогоор 500.000 төгрөг гар дээрээ бэлэн авдаг. Төрийн ямар нэгэн халамж үйлчилгээнд хамрагддаггүй. ...” гэх мэдүүлэг [4],

 

5. Шүүгдэгч Б.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн:

“...О- бид хоёр ажлаасаа 16 цаг 20 минутын үед гараад “Топаз” гэх газар ороход О-гийн хуучин нөхөр нь тэнд сууж байсан. Бид танилцаад 0.75 литрийн нэг шил архи, 9 шилтэй шар айраг уучихаад 21 цагийн үед тэндээс гараад өөр газар суухаар болж 1 дүгээр хорооллын “Цамбагарав”-ын ард байрладаг караоке пабтай газар орж өрөө авч 2 цаг гаран, 2 шил архи, хэдэн пиво ууж дуулж байгаад гарсан. Тэгээд Хархорины Хаан банкны АТМ-ээс О- нөхөртэйгээ мөнгө авсан. Тэгээд бид гурав такси бариад Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд байрладаг “Элсэн цаг” паб караокед орж бас архи пиво авч уусан. Тухайн үед дотор халуун байсан болохоор би гадаа гармаар санагдаад гарахдаа О-гийн гадуур хувцсыг өмсөж гарсан. Тухайн үед би О-гийн гадуур хувцасны халаасанд мөнгө байсныг мэдээгүй. Тэгээд буцаж ороод О-гийн хүрмийг сууж байсан сандал дээр тавьж өөрийхөө гадуур хувцсыг өмсөөд явсан. ...Маргааш өглөө нь надад ойролцоогоор 200.000 төгрөг байсан. Уг нь надад ийм мөнгө байгаагүй, 5000 төгрөг л байсан.  Би өөрийгөө хаанаас мөнгө авснаа мэдэхгүй байсан. Ажил дээрээ очиход О- “та миний гадуур хувцсыг өмсөөд гарахдаа халаасанд нь байсан 1.000.000 төгрөгийг аваад явсан байна” гэж хэлсэн. ...Би “мөнгийг нь авсан яанаа” гэж бодоод тухайн үед айсан. Тэр өдрөөс хойш О-тай уулзаагүй, харин бүтэн сайн өдөр нь над руу “таныг цагдаад өглөө шүү” гэж хэлсэн. Би мөнгийг нь авсан. О-гийн мөнгийг авчихаад Хархорин захын тэнд буцаж очиход зүгээр байгаагүй архи авч ууж байсан санагдаж байна. Тэгээд надад 200.000 төгрөг үлдсэн. Би их согтуу байсан болохоор хэнтэй хамт явсан, хэр их архи ууснаа санахгүй байна. ...” гэх мэдүүлэг [5],

 

6. Иргэн Ц.Борын Хаан банкны депозит дансны хуулга /2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 21 цаг 46 минутад 1.000.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн тухай/ [6], хохирогч А.О-, шүүгдэгч Б.О нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 200.000 төгрөгийг бага багаар төлнө, цаашид би гомдол саналгүй эвлэрсэн” гэсэн тухай тэмдэглэл бүхий баримт [7],

 

7. Шүүгдэгч Б.О-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа [8], түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [9], оршин суугаа хаягийн тодорхойлолт [10], гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа [11], Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2018 оны 1 дүгээр сараас 2018 оны 11 дүгээр сарыг дуустал хугацааны талаарх төлөлтийн лавлагаа/[12], Б.О-гийн нэр дээр хөрөнгө бүртгэлгүй [13] тухай иргэний бүртгэлийн болон Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа [14] зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ:

“Шүүгдэгч Б.О нь нууцаар, хууль бусаар хүч хэрэглэлгүйгээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, түүний өөрийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон тул Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй гэсэн тайлбар, дүгнэлтийг гаргасан.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.О-гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар:

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас үзвэл хохирогч А.О-, шүүгдэгч Б.О нар нь бие биенийгээ таньдаг, Шастины нэрэмжит нэгдсэн гуравдугаар төв эмнэлэгт хамт ажилладаг хүмүүс байх ба 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шүүгдэгч Б.О нь хохирогч А.О-гийн гадуур хувцасны халаасанд байсан 1.000.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

-Хохирогч А.О-гийн мөрдөн шалгах ажиллагаад өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 17 цагийн үед хамт ажилладаг О гэх эмэгтэйтээ хамт хуучин цуг амьдарч байсан нөхөр Бортой уулзаад бид нэг караокед орж дуулсан. ...тэндээс гарахад манай хуучин нөхөр Бор нь хүүхдүүддээ юм авч өгөөрэй гээд надад өөрийнхөө Хаан банкны картыг өгөөд мөнгө авчих гэсэн тул би 1.000.000 төгрөг уншуулж аваад ...гадуур хувцасныхаа баруун гар талын халаасанд хийсэн. ... О нь цагдаа дээр ирээд миний мөнгийг авсан гэдгээ хэлсэн байна лээ. ...” гэх мэдүүлэг [15],

- Гэрч Г.Бадамхандын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр О-гийн төрсөн өдрийг урьдчилж тэмдэглэсэн. ...бид нар жоохон сууж байгаад тухайн газраасаа гарах үед О-г халааснаасаа мөнгөө алдсан тухай өөрөөс нь сонсож мэдсэн....” гэх мэдүүлэг [16],

- Гэрч Н.Билэгтийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О-гийн төрсөн өдөр нь 11 дүгээр сарын 23-ны өдөр болдог. Бид нар ажлынхаа урд байдаг “Эрхэс” паб, караокед орж суусан. ...Тооцоо хийх үед О-д их хэмжээний мөнгө харагдаагүй. Бид нарыг “Эрхэс” караокенаас гарах гэж байхад О- ирээд О-г дуудаад гадаа уулзаж байгаад орж ирсэн. ...Ямар ч л гэсэн О-гийн мөнгийг О авсан тухай яриа гарсан. ...” гэх мэдүүлэг [17],

- Шүүгдэгч Б.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...О- бид хоёр ажлаасаа 16 цаг 20 минутын үед гараад Топаз гэх газар ороход О-гийн хуучин нөхөр нь тэнд сууж байсан. ...Тэгээд Хархорины Хаан банкны АТМ-ээс О- нөхөртэйгээ мөнгө авсан. ...би гадаа гармаар санагдаад гарахдаа О-гийн гадуур хувцсыг өмсөж гарсан. ...Маргааш өглөө нь надад ойролцоогоор 200.000 төгрөг байсан. Уг нь надад ийм мөнгө байгаагүй. ...О- “би өчигдөр мөнгөө алдчихаж” гэж надад хэлэхэд “би мөнгийг нь авсан яанаа” гэж бодоод тухайн үед айсан. ...Би мөнгийг нь авсан. О-гийн мөнгийг авчихаад Хархорин захын тэнд буцаж очиход зүгээр байгаагүй архи авч ууж байсан санагдаж байна. Тэгээд надад 200.000 төгрөг үлдсэн. ...” гэх мэдүүлэг [18], мөн түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/ иргэн Ц.Борын Хаан банкинд эзэмшдэг дансны хуулга [19]  зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, хохирогч, гэрч, яллагдагч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

Шүүгдэгч Б.О нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогчийн гадуур хувцасны халаасанд байсан 1.000.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.О-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

 

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэргийн улмаас хохирогч А.О-д 1.000.000 төгрөгийн хохирол учирсан байх ба үүнээс шүүгдэгч Б.О нь 800.000 төгрөгийг нөхөн төлж, үлдэх 200.000 төгрөгийн нөхөн төлөхөө илэрхийлж, талууд эвлэрсэн тухай тэмдэглэл үйлдсэн нь хэрэгт авагдсан байна. [20] Иймд шүүгдэгч Б.О нь хохирогч А.О-д 200.000 төгрөгийн төлөх төлбөртэй байх ба уг төлбөрийг гаргуулж шийдвэрлэв.

 

3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас гаргасан дүгнэлтдээ Б.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Оюунтуяагаас шүүгдэгч Б.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн тул түүнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг хэрэглэж, хорих ялыг хөнгөрүүлж тэнсэж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Б.О нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Б.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болно” гэж заасан.

Шүүгдэгч Б.О-гийн хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын үлдэх төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, тогтмол ажил эрхэлдэг хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг шүүх хэрэглэж, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 9 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээг авах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв. 

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Оюунтуяагийн гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх тухай саналыг хүлээн авах шаардлагагүй гэж үзэв.

 

4.Бусад асуудлаар.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.О-гийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-ийн О-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-г хорих ялыг оногдуулахгүйгээр 9 (ес) сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.1, 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.О-д гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус тэнссэн 9 сарын хугацаанд авч, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.О-гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-гээс 200.000 (хоёр зуун мянга) төгрөгийг 2019 оны 02 дугаар сарын 28-ны дотор гаргуулж, хохирогч А.О-д олгосугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Т.АЛТАНТУЯА

 


[1] Хавтаст хэргийн 11-12 дугаар тал.

[2] Хавтаст хэргийн 33-34 дүгээр тал.

[3] Хавтаст хэргийн 36-37 дугаар тал.

[4] Хавтаст хэргийн 27 дугаар тал.

[5] Хавтаст хэргийн 22-23 дугаар тал.

[6] Хавтаст хэргийн 39-41 дүгээр тал.

[7] Хавтаст хэргийн 57 дугаар тал.

[8] Хавтаст хэргийн 44 дүгээр тал.

[9] Хавтаст хэргийн 43 дугаар тал.

[10] Хавтаст хэргийн 45 дугаар тал.

[11] Хавтаст хэргийн 46 дугаар тал.

[12] Хавтаст хэргийн 47 дугаар тал.

[13] Хавтаст хэргийн 48 дугаар тал.

[14] Хавтаст хэргийн 49 дүгээр тал.

[15] Хавтаст хэргийн 11-12 дугаар тал.

[16] Хавтаст хэргийн 33-34 дүгээр тал.

[17] Хавтаст хэргийн 36-37 дугаар тал.

[18] Хавтаст хэргийн 22-23 дугаар тал.

[19] Хавтаст хэргийн 39-41 дүгээр тал.

[20] Хавтаст хэргийн 57 дугаар тал.