Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 109

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ,

улсын яллагч А.Ганзориг,

шүүгдэгч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “ А ” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ш овогт Б-ийн У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 0519 70012 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Шарнууд овгийн Батмөнхийн У-, Монгол Улсын иргэн, Завхан аймагт 1989 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ..... дугаар гудамжны .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийг агуулга: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 32 дугаар гудамжны 59 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр О.Ариунзаяатай хардалтын улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараар цохиж, зодон бие махбодид нь “зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн бугалга, баруун бугалга, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У-: Мэдүүлэг гаргахгүй гэв.

Хоёр. Эрүүгийн 1808 0519 70012 дугаартай хэргээс:

1.Хохирогч О.Ариунзаяагийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 12 дугаар сарын 12-нд өгсөн:

“...У-тай 2010 онд танилцаад 2012 онд нэг гэрт орж амьдарсан, 2013 онд гэрлэлтээ батлуулсан.  2018 оны 11 дүгээр сарын 04-ний орой Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 32-59 тоот гэртээ 2 хүүхэд болон ээж болох Оюун-Эрдэнийн хамтаар байж байтал манай нөхөр болох У нь орой 23 цагийн орчим гэрт архи уусан согтуу орж ирээд, ...намайг бусадтай хардаад агсам тавьж эхэлсэн ба “ажил хийхгүй танай ээжийг харах надад хэцүү байна” гээд байсан. Бид хоорондоо маргалдаад, би У-ыг унт гэж хэлээд гэрлээ унтраачихаад орондоо ороод хэвттэл У харанхуйд явж байгаад ээжийн коршинктой шээсийг асгачихаар нь би гэрлээ асаагаад У-ыг “чи унт л даа, яагаад байгаа юм бэ” гэтэл миний нүүр рүү гараараа нэг удаа алгадаад, бас нүд рүү нэг удаа цохиод хэвлий хэсэг рүү хоёр удаа гараараа цохиод, миний футболкны захаар хоолой боосон. Тэгээд би шууд цагдаа дуудаж У-ыг өгч явуулсан. ...Намайг бусадтай хардаж бас ээжийг харахгүй ажил хиймээр байна гэж уурлаж намайг цохиж зодсон юм. Гэмтлийг У нүүр рүү гараараа алгадаж болон цохиж учруулсан. Түүнчлэн миний гарнаас татаж ноцолдох явцад бусад гэмтэл учирсан. ...” гэх мэдүүлэг [1],

- 2019 оны 01 дүгээр сарын 16-нд дахин өгсөн:

“...Би эмчилгээ хийлгээгүй, надад нэхэмжлэх зүйл байхгүй. ...Манай ээж Оюун-Эрдэнэ оюуны хомсдолоор группэд, 80 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай, 2018 оны 4 дүгээр сард цус харваад зүүн гар хөл нь мэдээгүй болсон, хэвтэрт байдаг. ...” гэх мэдүүлэг [2],

2. Гэрч Н.Сүхбаатарын хэрэг бүртгэлтэд 2019 оны 01 дүгээр сарын 16-нд өгсөн:

“...2018 оны 11 дүгээр сарын 04-ний орой 20 цагаас маргааш өглөөнийх нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өглөөний 08 цагийн хооронд Ачит 118 дугаар чиглэлд  Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. 2018 оны 11 дүгээр сарын 04-ний орой үүрэг гүйцэтгэж байх үед 22 цаг 25 минутад Ачит 10-аас Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян-Уулын 32-59 тоот /нөхөр агсам тавиад байна/ гэсэн дуудлагын дагуу шалгаж 22 цаг 39 минутад хаяганд очиж шалгахад О.Ариунзаяа гэх эмэгтэй нөхөртөө зодуулсан байдалтай байсан. У нь согтуу байсан учир У-ыг эрүүлжүүлэхээр машинд суулгаад эхнэр Ариунзаяатай нь уулзаж “Аюулын зэргийн үнэлгээ” бөглөсөн. Ариунзаяагийн зүүн нүд хавдаж хөхөрсөн байсан. ...” гэх мэдүүлэг [3] ,

3. Гэрч Б.Амарсайханы хэрэг бүртгэлтэд 2019 оны 01 дүгээр сарын 06-нд өгсөн:

“...У бид хоёр 2007 оноос хойш нөхөрлөж байгаа юм. Ариунзаяа бол манай найз У-ын эхнэр нь юм. У Ариунзаяа хоёрыг би хэрэлдэж, маргалдаж байхыг нь мэдэхгүй. У нь найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, элдэв муу зуршил байхгүй, нийтэч, эвсэг харьцаатай, хүнтэй хэрэлдэж муудалцаж байхыг нь би мэдэхгүй. У нь ажилсаг, ар гэртээ халамжтай, сайн хүн байгаа юм. ...” гэх мэдүүлэг [4],

4. Б.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 05-нд яллагдагчаар өгсөн:

“...2018 оны 11 дүгээр сарын 04-ний орой ...Анхбаяртай уулзаж тэр хавьд байдаг “Тэргэл” нэртэй пабад орсон. Анхбаяр бид хоёр тэр пабад хоёр шил 0,75 литрийн архи, нэг шил пиво хувааж уусан. ... Би гэртээ хэдэн цагт ирсэн гэдгээ сайн санахгүй байгаа ба намайг гэртээ ороход эхнэр хүүхдүүд маань унтахаар орондоо орчихсон хэвтэж байсан. Манай эхнэр унт гэж хэлээд гэрэл унтраасан. Би гэрэл асаах гэж яваад хадам ээжийнхээ био нойлд байсан шээсийг асгачихсан. Тэгтэл манай эхнэр Ариунзаяа гэрэл асаагаад “чи унтаач” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ариунзаяагийн нүүр рүү нь гараараа хоёр удаа цохисон, манай эхнэр над руу дайрахаар нь би хоёр гарынх нь бугалга дээрээс нь атгаад авсан, хэсэг ноцолдсон юм. Тэгэхэд манай эхнэр Ариунзаяагийн хоёр гарт гэмтэл учирсан байх гэж бодож байна. Тэгээд манай эхнэр цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. О.Ариунзаяа бид хоёр 2010 оноос хойш нэг гэрт амьдарч байгаа бөгөөд гэр бүлээ батлуулсан. О.Ариунзаяагийн биед учирсан гэмтлүүдийг би учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Ариунзаяагийн хэвлий рүү хоёр удаа гараараа цохисон байж магадгүй. ...2010 оны 4 дүгээр сард эхнэр Ариунзаяатай танилцаж, 2011 онд нэг гэрт хамтран амьдарч эхэлсэн. ... гэх мэдүүлэг [5],

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүний биед үзлэг хийсэн 13332 тоот дүгнэлтэд:

“...Хэсэг газрын үзлэгт: Зүүн нүдний дээд зовхинд 4,5х1,0 см, доод зовхинд 4,0х1,5 м хэмжээтэй хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралттай, бага зэрэг хавдсан. Зүүн бугалганы гадна дунд хэсэгт 4,0х2,0 см, баруун бугалганы ар дунд хэсэгт 4,0х1,0 см, шууны дотор дээд хэсэгт 3,5х1,0 см хэмжээтэй хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралттай.

ДҮГНЭЛТ:

1.О.Ариунзаяагийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн бугалга, баруун бугалга, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /шинжээч Т.Сэлэнгэ/...” гэсэн дүгнэлт [6],

6. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ [7], Аюулын зэргийн үнэлгээ [8],

7. Шүүгдэгч Б.У-ын иргэний үнэмлэхийн лавлагаа [9], оршин суугаа хаягийн тодорхойлолт [10], түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас [11], Б.У-ын өмчлөлд Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уул 32 дугаар гудамжны 59 тоот гэр бүлийн хэрэгцээний  газар бүртгэлтэй талаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа [12], Б.У-ын өмчлөлд тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай Автотээврийн үндэсний төвийн лавлагаа [13], Б.У-ын Хаан банкинд эзэмшдэг дансны дэлгэрэнгүй хуулга [14], Б.У-ын О.Ариунзаяа нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа  [15], эвлэрлийн гэрээ [16], хохирогч О.Ариунзаяа, шүүгдэгч Б.У нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт [17], хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол [18], хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал [19] зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад Б.У нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн тогтоолоор шийдвэрлэж, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялын саналыг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр яллагдагчид танилцуулж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч Б.У нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр О.Ариунзаяагийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүх хуралдаанд шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй, зөвшөөрч байгаа гэсэн тайлбарыг гаргасан.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.У-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

1.Гэм буруугийн талаар.

Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэлтээ бүртгүүлсэн эхнэр, нөхрийг гэрлэгчид гэж тодорхойлсон байдаг.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.

Хохирогч О.Ариунзаяа, шүүгдэгч Б.У нар нь 2010 онд танилцаж, 2011 оноос гэр бүлийн харилцаа үүсгэн хамт амьдарсан байх ба 2013 онд гэрлэлтээ батлуулсан байх тул тэд дээрх хуульд заасан гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд байна.

Шүүгдэгч Б.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 32 дугаар гудамжны 59 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр О.Ариунзаяатай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газар гараараа 1 удаа алгадах, хэвлий хэсэг рүү 2 удаа гараараа цохих, мөн өмсөж байсан хувцасны захаар хоолойг нь боох зэргээр шууд санаатай үйлдлээр зодож, эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн бугалга, баруун бугалга, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

- Хохирогч О.Ариунзаяагийн хэрэг бүртгэлтэд өгсөн “...У нь орой 23 цагийн орчим гэрт архи уучихсан согтуу орж ирсэн. ...намайг бусадтай хардаад надад агсам тавьж эхэлсэн. Манай ээж Оюун-Эрдэнэ нь хэвтрийн хүн байдаг бөгөөд У “ажил хийхгүй танай ээжийг харах надад хэцүү байна” гээд байсан, бид хоёр хоорондоо маргалдаад би У-ыг унт гэж хэлээд гэрлээ унтраачихаад оронд ороод хэвттэл У харанхуйд явж байгаад ээжийн коршинктой шээсийг асгачихаар нь би гэрлээ асаагаад У-ыг “чи унт л даа, яагаад байгаа юм бэ” гэтэл миний нүүр рүү гараараа нэг удаа алгадаад, нүд рүү 1 удаа цохиод, хэвлий хэсэг рүү хоёр удаа гараараа цохиод, миний футболкны захаар хоолой боосон. Тэгээд би шууд цагдаа дуудаж У-ыг өгч явуулсан. ...гэмтлийг У нүүр рүү гараараа алгадаж болон цохиж учруулсан. ...” гэх мэдүүлэг [20],

- Гэрч Н.Сүхбаатарын хэрэг бүртгэлтэд өгсөн “...2018 оны 11 дүгээр сарын 04-ний орой үүрэг гүйцэтгэж байх үед 22 цаг 25 минутад Ачит 10-аас Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян-Уулын 32-59 тоот /нөхөр агсам тавиад байна/ гэсэн дуудлагын дагуу шалгаж 22 цаг 39 минутад хаяганд очиж шалгахад О.Ариунзаяа гэх эмэгтэй нөхөртөө зодуулсан байдалтай байсан, нөхөр У нь согтуу байсан. ...эхнэр Ариунзаяатай нь уулзаж “Аюулын зэргийн үнэлгээ” бөглөсөн. Ариунзаяагийн зүүн нүд хавдаж хөхөрсөн байсан.  ...” гэх мэдүүлэг [21] ,

- Б.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...намайг гэртээ ороход эхнэр хүүхдүүд маань унтахаар орондоо орчихсон хэвтэж байсан. Тэгээд манай эхнэр унт гэж хэлээд гэрэл унтраасан, би гэрэл асаах гэж яваад хадам ээжийнхээ био нойлд байсан шээсийг нь асгачихсан. Тэгтэл манай эхнэр Ариунзаяа гэрэл асаагаад “чи унтаач” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ариунзаяагийн нүүр рүү нь гараараа хоёр удаа цохисон. ...манай эхнэр над руу дайрахаар нь би хоёр гарынх нь бугалга дээрээс нь атгаад авсан, хэсэг ноцолдсон юм. ...Тэгээд манай эхнэр цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. О.Ариунзаяа бид хоёр 2010 оноос хойш нэг гэрт амьдарч байгаа, гэр бүлээ батлуулсан. О.Ариунзаяагийн биед учирсан гэмтлүүдийг би учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг [22],

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүний биед үзлэг хийсэн 13332 тоот дүгнэлт [23],Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ [24], Аюулын зэргийн үнэлгээ [25] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үзвэл 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Б.У нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, улмаар гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас эхнэр О.Ариунзаяатай маргалдсан, мөн хардсаны улмаас түүнийг зодсон нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч Б.У гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр О.Ариунзаяаг зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч Б.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт зааснаар түүнийг гэм буруутайд тооцов.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.У нь хохирогч О.Ариунзаяагийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч О.Ариунзаяа нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн хохирогчоор “нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тогтоолд дурдав.

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор нь Б.У-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялын саналыг Б.У-т танилцуулсан байна.

Мөн шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ улсын яллагчаас “шүүгдэгч Б.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Б.У нь өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.У нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт  “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан.

Шүүгдэгч Б.У нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй зэргийг харгалзан шүүгдэгч Б.У-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

4. Бусад асуудлаар:

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Б-ийн У-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-т торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 (ер) хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгохыг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.У-т  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч О.А нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж шүүгдэгч Б.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА

 

 

 


[1] Хавтаст хэргийн 21-22 дугаар тал. 

[2] Хавтаст хэргийн 23-24 дүгээр тал.

[3] Хавтаст хэргийн 29-30 дугаар тал.

[4] Хавтаст хэргийн 31-32 дугаар тал.

[5] Хавтаст хэргийн 75-76 дугаар

[6] Хавтаст хэргийн 26 дугаар тал.

[7] Хавтаст хэргийн 60-64 дүгээр тал.

[8] Хавтаст хэргийн 65 дугаар тал.

[9] Хавтаст хэргийн 33 дугаар тал.

[10] Хавтаст хэргийн 50 дугаар тал.

[11] Хавтаст хэргийн 34 дүгээр тал.

[12] Хавтаст хэргийн 38 дугаар тал.

[13] Хавтаст хэргийн 39 дүгээр тал.

[14] Хавтаст хэргийн 41-47 дугаар тал.

[15] Хавтаст хэргийн 51 дүгээр тал.

[16] Хавтаст хэргийн 80 дугаар тал.

[17] Хавтаст хэргийн 82, 84 дүгээр тал. 

[18] Хавтаст хэргийн 86 дугаар тал.

[19] Хавтаст хэргийн 91 дүгээр тал.

[20] Хавтаст хэргийн 21-22 дугаар тал. 

[21] Хавтаст хэргийн 29-30 дугаар тал.

[22] Хавтаст хэргийн 75-76 дугаар тал.

[23] Хавтаст хэргийн 26 дугаар тал.

[24] Хавтаст хэргийн 60-64 дүгээр тал.

[25] Хавтаст хэргийн 65 дугаар тал.