| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2019/0964/Э |
| Дугаар | 970 |
| Огноо | 2019-09-05 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.М |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 970
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ж,
улсын яллагч Б.М (томилолтоор),
шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Я.Э (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Б.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903 0064 00000 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Б.Н, Монгол Улсын иргэн, Төв аймгийн Лүн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Туулийн .. дугаар гудамжны .. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар НО0000000.
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Яллагдагч Б.Н нь 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 09 цаг 10 минутын үед Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэр, Туулын .. дугаар гудамж, .. тоот хашаанд өөрийн эзэмшлийн “Hyundai Porter” маркийн 00-00 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 1 нас 8 сартай эрэгтэй Т.Д-г дайрч, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр мал малладаг айлыг хотод байлгахгүй гэх шалтгаанаар хорооноос нүү гээд шаардаад байхаар нь нүүх бэлтгэлээ хийгээд өөрийн эзэмшлийн “Хьюндай Портер” маркийн 00-00 УНЕ улсын дугаартай автомашинаар хивэг буулгахаар хашаанаас машинаа жолоодон ухарч гарж хивэгээ буулгачихаад буцаад ухарч орох гээд машиныхаа толинд харахад хүн харагдахгүй байхаар нь би ухраад орсон. Намайг хивэгээ буулгах гэж байтал манай эхнэр чи хүүхэд дайрчихлаа шүү дээ гээд манай ахын хүүхдийг тэврээд ирсэн. Тэгээд талийгаачийн аав ээж хоёрыг нь дуудаад өөрийн автомашинаар толгойтод байдаг эмнэлэгт аваад очоод үзүүлэхэд аль хэдийн нас барчихсан байна гэж хэлсэн. Би түүнийг нас барсан гэдгийг сонсоод ухаан алдаж унаад маргааш нь сэрсэн...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Уг зам тээврийн осол болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Туулын .. дугаар гудамжны .. тоот хашаан дотор ...үзлэг хийсэн...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 02-08),
2. Зам тээврийн осол, хэрэг, үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч (хавтаст хэргийн 9-10),
3. Гэрч Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 06-ны өглөө 4 цагт Н бид хоёр босоод үхэр, малаа саагаад сүүгээ сүүний машинд өгч явуулчхаад гэртээ орж ирээд цайгаа уусан. Манайх тэр өдөр Төв аймгийн Лүн сум руу гэрээ ачаад нүүх гэж байсан ба манай нөхөр “машиныхаа ачаан дээр байсан хивгээ буулгаад гэрээ ачна” гэж яриад гэрээс гарсан. Тэгээд нөхөр машинаа асаагаад хашаанаас гараад буцаж орж байгаа бололтой машины чимээ сонсогдож байсан. Би тухайн үед гэр доторхоо янзалж байгаад гэрээс гартал манай 3 настай хүү Д над дээр ирээд “дүү /Т.Д/ ойччихсон байна” гээд хүүхэд хэвтэж байгаа газар руу заасан. Би хүүхэд дээр яваад очтол талийгаачийн бие нь доошоо хараад, хөл хэсэг нь урд зүгт, толгой нь баруун зүгт харсан байдалтай, баруун хацраараа газар нүүр нь баруун зүгт харсан амнаас нь цус гарсан байдалтай хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Би ...хүүхдийг бүдрээд унасан юм байх гэж бодоод тэврээд автал хүүхэд ухаангүй цус гарчихсан байхаар нь осол болчхож гэж бодоод “түргэн дуудаарай гээд хашхирсан” чинь манай нөхөр ...намайг хараад “би дайрчихсан юм уу” гээд орилоод явчихсан. ...талийгаач манай хадам ахын хүүхэд байсан ба гэр нь манай хойд гудамжинд байдаг юм. Манай хашааны араараа мал орж гардаг хаалгатай учраас хадам ахын хүүхдүүд нь орж гараад л явж байдаг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28),
4. Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 06-ны өглөө би үнээгээ саачхаад гэртээ байж байтал манай хүү Н орж ирээд цай уучхаад тэрээр “өнөөдөр нүүлээ гэр ачих хүн хэрэгтэй байна” гэж ярьж байгаад машиныхаа ачаан дээрээс хивгээ буулгаад гэрээ ачна гээд гарсан. Тэгээд Н-г гарсны дараа талийгаач /Т.Д/, 8 настай эгч Н-н хамт орж ирээд хөрөгчөөс боов авч байсан. ...Гэнэт л гадаа хүмүүс уйлаад явчихсан. Юу болов гээд гарах гэтэл манай бэр Б талийгаач /Т.Д/-г тэврээд ийм болчихлоо яа наа гээд ороод ирсэн, талийгаач юу ч дуугарахгүй нүүр нь нил цус болчихсон байсан би сандраад аав, ээжийг нь дуудах гээд гэрээс гартал талийгаачийн аав, ээж хоёр өөдөөс ороод ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26),
5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх 4 хүүхэдтэй, талийгаач нь айлын бага хүүхэд байсан. ...2019 оны 6 дугаар сарын 6-ны өглөө манай хүү босоод 8 цаг 50 минутын үед өвөөгийндөө орох гээд гэрээсээ гарсан. Тэгээд нөхөр бид хоёр гэртээ байж байтал манай 7 настай дунд охин Н гүйж орж ирээд осол болсон талаар хэлсэн. Тэгээд нөхөр бид хоёр сандраад аавын хашаанд гүйгээд ортол Н-н эхнэр Б манай хүүхдийг тэврээд зогсож байсан. Би Б-с хүүхдээ авахад баруун шанаа нь зулгарчихсан хамраас нь цус гарсан байсан. Би нөхрийн хамт Н-н суудлын машинаар Сонгинохайрхан дүүргийн 10-н буудал дээр байдаг эмнэлэг рүү явсан. ...Нямдоржийн талаас 2.550.000 төгрөгийг буяны ажилд өгсөн...Н нь манай нөхрийн төрсөн дүү юм бидэнд ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21),
6. Шүүгдэгч Б.Н мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 9 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг .. хороо Туулийн .. тоот хашаанаас Төв аймгийн Лүн сум руу нүүх гэж байсан. Учир нь малтай айл хотод байлгахгүй гээд байсан юм. ...Тэгээд би “Hyundai Porter” машиндаа ачаатай байсан хивгийг буулгах гээд хашаанаасаа машинаа жолоодоод ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа гарсан юм. Тэгээд...буцаад хашаа руугаа урдаасаа хойшоогоо ухарч ороод хивэг буулгах газраа очиж зогсоод ...хивгээ буулгаад зогсож байсан. Тэгтэл манай эхнэр төрсөн ахын хүү болох Д-г тэврээд чи хүүхэд дайрчихлаа гээд хүрээд ирсэн. Тэр үед талийгаач ухаан алдчихсан юм шиг ямар ч ухаангүй байхаар нь би талийгаач Д-н эгч Н-г, ээж аавыгаа дуудаад ир гээд явуулсан. Тэгээд ээж аавыг нь ирэхээр би өөрийн эзэмшлийн “Hyundai Verna” маркийн 00-00 УНС дугаартай тээврийн хэрэгслийг ...жолоодоод талийгаачийн аав Т, ээж П-н хамт Толгойтын 10-н буудлын эмнэлэг рүү явсан. Тэнд очоод үзүүлсэн чинь нас барсан байна гэж хэлсэн. ...Би ухрах үйлдэл хийхдээ 2 талынхаа толиндоо харсан тэр үед хүүхэд надад харагдаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64-65),
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ... дугаар дүгнэлт
Цогцсын гадна үзлэгээр тогтоогдсон гэмтэл, эмгэг өөрчлөлт:... Зүүн чихнээс цус гарсан...цогцос хөрсөн...баруун хацар шанаа эрүүний булан хэсгээр улаан хүрэн өнгийн тав тогтоогүй даргар хуурай гадаргуутай зулгаралтай, зүүн нүдний гадна буланд 1.5см өнгөц язарсан шархтай, духны баруун хажуу хэсгээр 5х2см зулгаралтай, 2 хөлийн өвдөгт голомтлог бүдэг хөх өнгийн цус хуралттай.
Гавал тархины шинжилгээнд: Хуйхыг нээхэд хуйхны доор баруун зулай чамархай хэсгээр тархмал том хэмжээтэй улаан хүрэн өнгийн цус хуралттай, зүүн дагзны төвгөр хэсэгт 4х3см улаан хүрэн өнгийн цус хуралттай, гавлын яс зүүн чамархайн хайрслаг хэсэгт 6х3см хэмжээтэй хэлтэрхий үүсгэн цөмөрч хугарсан, хугарал дээшээ гээ титэм заадсаар салж хугарсан, доошоо гоо суурь ясны зүүн чулуулгийн урдуур эрвээхэй ясны их далавч, их бие хөндлөн хугарсан, хатуу хальс урагдсан...их тархины баруун зулайн орой хэсгээр 5х3см талбайд эд няцарч эвдэрсэн, баруун чамархайн гадар эд нэлэнхийдээ улбайж эвдэрсэн, зүслэгт эд хутганд наалдамхай, 2 хажуу ховдол хоосон, 4-р ховдол цустай. Бага тархи 7х5х3см, тогтоц биелэг, 2 тал бөмбөлөг тэгш хэмтэй, тархины эдийн үечлэн зүсэхэд бор цагаан эдийн зааг тод, эдэд голомтот өөрчлөлтгүй.
... Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:
1. Авто осол: Гавал тархины далд гэмтэл: баруун зулай чамархай, зүүн дагзны төвгөр хэсэгт хуйх доорх цус хуралт, зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, зулай яс титэм заадсаар салсан хугарал, суурь ясны 2 талын эрвээхэй яс болон их биеийн хөндлөн хугарал, тархины хатуу хальс урагдал, их тархины баруун зулай, чамархайн эдийн няцрал, зүүн уушгины дээд дэлбэнгийн хэсгийн цус хуралт. Баруун хацар шанаа, эрүүний булун хэсгээр зулгарал, зүүн нүдний гадна буланд язарсан шарх, духны баруун хажуу хэсгээр зулгаралт, 2 хөлийн цус хуралт...ДҮГНЭЛТ
1.Талийгаачид баруун зулай чамархай, зүүн дагзны төвгөр хэсэгт хуйх доорх цус хуралт, зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, зулай яс титэм заадсаар салсан хугарал, суурь ясны 2 талын эрвээхэй яс болон их биеийн хөндлөн хугарал, тархины хатуу хальс урагдал, их тархины баруун зулай, чамархайн эдийн няцрал, зүүн уушигны дээд дэлбэнгийн ар хэсгийн цус хуралт, баруун хацар шанаа, эрүүний булан хэсгээр зулгарал, зүүн нүдний гадна буланд язарсан шарх, духны баруун хажуу хэсгээр зулгарал, 2 хөлийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдов.
2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлд цохигдох, дарагдах шахагдах үед үүснэ.
3. Талийгаач гавал тархины анатомийн бүтэц ихээр алдагдсан амьдрах боломжгүй дээрх гэмтлийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 37-41),
8. Мөрдөгчийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 261 дүгээр магадалгаа: “...1. Явган зорчигч Т-н Д Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 2. Жолооч Б.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-д заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх баримт (хавтаст хэргийн 55),
9. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н бол манай хүү байгаа юм. Н-н ээж болох Т-тэй 1990 онд суусан. Намайг суухад 2 хүүхэдтэй байсан. Тэгээд 1993 онд Н төрсөн. Миний хүү дээрээ нэг эгч, нэг ахтай. Хамгийн том хүүхдийг Ч, дараах хүүг Т гэдэг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31),
10. Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 13-17), жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 68), “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянзүрх техник хяналтын үзлэгийн төвийн 2019 оны ... дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 47-54), тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 78), хохирогчийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 23),
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 92, 94), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 67), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 79), тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 78), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 95-96), хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 116) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэх авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Н-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Б.Н нь Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэр, Туулын .. дугаар гудамж, .. тоот хашаанд, 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 09 цаг 10 минутын үед өөрийн эзэмшлийн “Hyundai Porter” маркийн 00-00 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хашаанаас гаргах үйлдэл хийсний дараа буцан ухрах хөдөлгөөн хийхдээ болгоомжгүйгээр, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 1 нас 8 сартай Т.Д-г дайрч, амь насыг нь хохироосон болох нь:
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Уг зам тээврийн осол болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Туулын .. дугаар гудамжны .. тоот хашаан дотор ...үзлэг хийсэн...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 02-08),
- Зам тээврийн осол, хэрэг, үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч (хавтаст хэргийн 9-10),
- Гэрч Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 06-ны ...өдөр тухайн үед гэр доторхоо янзалж байгаад гэрээс гартал манай 3 настай хүү Д над дээр ирээд “дүү /Т.Д/ ойччихсон байна” гээд хүүхэд хэвтэж байгаа газар руу заасан. Би хүүхэд дээр яваад очтол талийгаачийн бие нь доошоо хараад, хөл хэсэг нь урд зүгт, толгой нь баруун зүгт харсан байдалтай, баруун хацраараа газар нүүр нь баруун зүгт харсан амнаас нь цус гарсан байдалтай хөдөлгөөнгүй хэвтэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28),
- Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэнэт л гадаа хүмүүс уйлаад явчихсан. Юу болов гээд гарах гэтэл манай бэр Б талийгаач /Т.Д/-г тэврээд ийм болчихлоо яа наа гээд ороод ирсэн, талийгаач юу ч дуугарахгүй нүүр нь нил цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26),
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нөхөр бид хоёр гэртээ байж байтал манай 7 настай дунд охин Н гүйж орж ирээд осол болсон талаар хэлсэн. Тэгээд нөхөр бид хоёр сандраад аавын хашаанд гүйгээд ортол Н-н эхнэр Б манай хүүхдийг тэврээд зогсож байсан. Би Б-с хүүхдээ авахад баруун шанаа нь зулгарчихсан хамраас нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21),
- Шүүгдэгч Б.Н мөрдөн байцаалтад өгсөн: “...би “Hyundai Porter” машиндаа ачаатай байсан хивгийг буулгах гээд хашаанаасаа машинаа жолоодоод ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа гарсан юм. Тэгээд...буцаад хашаа руугаа урдаасаа хойшоогоо ухарч ороод хивэг буулгах газраа очиж зогсоод ...хивгээ буулгаад зогсож байсан. Тэгтэл манай эхнэр төрсөн ахын хүү болох Д-г тэврээд чи хүүхэд дайрчихлаа гээд хүрээд ирсэн. Тэр үед талийгаач ухаан алдчихсан юм шиг ямар ч ухаангүй байсан. ...Би ухрах үйлдэл хийхдээ 2 талынхаа толиндоо харсан тэр үед хүүхэд надад харагдаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64-65),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний .. дугаар дүгнэлт “...1.Талийгаачид баруун зулай чамархай, зүүн дагзны төвгөр хэсэгт хуйх доорх цус хуралт, зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, зулай яс титэм заадсаар салсан хугарал, суурь ясны 2 талын эрвээхэй яс болон их биеийн хөндлөн хугарал, тархины хатуу хальс урагдал, их тархины баруун зулай, чамархайн эдийн няцрал, зүүн уушигны дээд дэлбэнгийн ар хэсгийн цус хуралт, баруун хацар шанаа, эрүүний булан хэсгээр зулгарал, зүүн нүдний гадна буланд язарсан шарх, духны баруун хажуу хэсгээр зулгарал, 2 хөлийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдов. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлд цохигдох, дарагдах шахагдах үед үүснэ. 3. Талийгаач гавал тархины анатомийн бүтэц ихээр алдагдсан амьдрах боломжгүй дээрх гэмтлийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 37-41),
- Мөрдөгчийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 261 дүгээр магадалгаа: “...2. Жолооч Б.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-д заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх баримт (хавтаст хэргийн 55) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Б.Н нь хууль зүйн хувьд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Б.Н-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохиролд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй боловч шүүгдэгч Б.Н хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт 13.150.000 төгрөг төлсөн (хавтаст хэргийн 65, 116) болох нь түүний мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
- Улсын яллагчаас шүүгдэгч Б.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах дүгнэлтийг,
- Шүүгдэгчээс улсын яллагчаас оногдуулах эрүүгийн хариуцлагыг тэнсэж өгнө үү гэж тус тус мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгч Б.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан ”гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн (хавтаст хэргийн 65, 116) зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Б.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Тодруулбал шүүгдэгч Б.Н-д холбогдсон эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба тухайн гэмт хэрэг нь мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар болгоомжгүй үйлдэгддэг. Нөгөө талаар гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь 1 нас 8 настай хүүхдийг хараа хяналтгүй явуулсан нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын буруутай үйл ажиллагаанаас болсон. Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.П “...Н нь манай нөхрийн төрсөн дүү юм бидэнд ямар нэгэн гомдол санал байхгүй...” (хавтаст хэргийн 20-21), гэрч Б.Б “...би эхнэр Т-тэй 1990 онд суусан. Намайг суухад 2 хүүхэдтэй байсан. Тэгээд 1993 онд Н төрсөн. Миний хүү дээрээ нэг эгч, нэг ахтай. Хамгийн том хүүхдийг Ч, дараах хүүг Т гэдэг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31) зэргийг үндэслэн мөн шүүгдэгчид шүүхээс ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн болно.
Шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулахгүй тэнссэнтэй холбогдуулан тухайн гэмт хэргийн ялын зорилгыг хангах, дахин тухайн төрлийн гэмт хэрэг үйлдэхээс сэрэмжлэх зорилгоор шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4 дэх заалтад заасан “тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах буюу бүх төрлийн механикжсан тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох” хязгаарлалтыг тэнссэн хугацаанд авах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Н нь тэссэн хугацаанд шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг анхааруулж, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгчид эрх хасах ял хэрэглэсэнтэй холбогдуулан түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “А, В, С” ангиллын ... дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн жолоочийн түр үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.Н-г Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Н-г мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасах ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Н-г мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4 дэх заалтад заасан “тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах буюу бүх төрлийн механикжсан тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох” хязгаарлалтыг тэнссэн хугацаагаар тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.Н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хураагдсан шүүгдэгч Б.Н-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “А, В, С” ангиллын ... дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй
9. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ