Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 02

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “*******” ХХК, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: “*******” ХХК-ийн Өмнөговь салбарын захирал *******

Хариуцагч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 дугаар баг, *******,******* тоотод оршин суух ******* овгийн *******ийн ******* /РД:*******/-д холбогдох

“Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 1,602,703 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өрнөл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК /Гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 20117310 тоот гэрээ байгуулан ******* дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн “Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ” байгуулан IPhone 5S 64GB утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Хариуцагчийн төлбөрөөс барьцаа 30,000 төгрөгийг хассан болно.

Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 1,602,703 төгрөгийг гаргуулан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Манай зүгээс төлбөр төлөхийг удаа дараа анхааруулж, “Анхааруулах хуудас” явуулж байсан боловч утсаар ярих, биечлэн ирж уулзах зэргээр ямар нэг үйлдэл хийгээгүй, тайлбар гаргаагүй. Хэрэглэгчдэд гар утасны төлбөр, ярианы төлбөр хоёрыг тусд нь салгаж тооцдоггүй, гар утасны зээл төлөлт, ярианы төлбөрийн тарифыг нэг багц болгон хөнгөлөлттэй үнээр олгодог.” гэв.

Шүүх зохигчын тайлбар, хэрэгт авагдсан хуульд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангасан баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК хариуцагч М.*******д холбогдуулан үүргийн гүйцэтгэлд 1,602,703 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч М.******* хүлээн зөвшөөрсөн, татгалзсан тайлбар гаргаагүй байна. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд М.******* “*******” ХХК-тай 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр IPhone үйлчилгээний гэрээний өргөдлийн маягт, Үүрэн холбооны дараа төлбөрт IPhone үйлчилгээний гэрээ, IPhone гар утас зээлээр худалдах, худалдан авах 21017310 дугаар нэмэлт гэрээг тус тус байгуулж IPhone5S 64GB маркийн 2,265,000 төгрөгийн үнэтэй гар утсыг 1,566,000 төгрөгийн хөнгөлөлттэй үнээр, урьдчилгаа 620,000 төгрөгийг төлж зээлээр худалдан авсан байх ба үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ авчээ. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэжээ. Өөрөөр хэлбэл худалдагч “*******” ХХК нь эд хөрөнгө болох IPhone5S маркийн гар утсыг худалдан авагч М.*******д үнийг төлөхөөс өмнө шилжүүлэх, худалдан авагч М.******* нь үнийг гэрээнд заасны дагуу бүрэн эсхүл хэсэгчлэн төлөх үүрэг тус тус хүлээжээ. Хариуцагч М.******* нь нэхэмжлэгч “*******” ХХК-тай байгуулсан 20117310 дугаар үйлчилгээний гэрээний 6.6 зүйл, Гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээний 2 дугаар зүйлд заасныг зөрчиж, ярианы төлбөр, гар утасны үнийг хугацаанд нь төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, харилцагчийн гүйлгээний баримтаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч “*******” ХХК хариуцагч М.*******гээс шаардах эрхтэй байна.

Шүүх хариуцагч М.*******гээс ирүүлсэн “... нэхэмжлэлийг манай дүү КЮ90062596 дугаартай Анхбаярт гардан авахыг итгэмжилж байна” гэх хүсэлтийг үндэслэн Б.Анхбаярт 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийг гардуулж, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан тухай хариу тайлбар болон нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд ирүүлэх үүрэгтэйг тайлбарласан байх боловч хариуцагчаас тайлбар болон нотлох баримтыг ирүүлээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.”, 42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.” гэж тус тус заажээ. Хариуцагч М.******* хуулийн дээрх шаардлагыг биелүүлээгүй, хэргийн материалтай танилцан, шүүх хуралдаанд биечлэн оролцож мэтгэлцээгүй тул нэхэмжлэгчийн үүргийн гүйцэтгэлд 1,602,703 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч М.*******гээс үүргийн гүйцэтгэлд 1,602,703 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож шийдвэрлэлээ. Шүүх  шийдвэр гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангасан IPhone үйлчилгээний гэрээний өргөдлийн маягт /гэрээний дугаар 20117310/-ын хуулбар /хх-4/, Үүрэн холбооны дараа төлбөрт IPhone үйлчилгээний гэрээний хуулбар /хх-5/, IPhone гар утас зээлээр худалдах, худалдан авах 21017310 дугаар нэмэлт гэрээний хуулбар /хх-6/, харилцагчийн гүйлгээ /хх-8/, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-9/ зэргийг нотлох баримтаар үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч М.*******гээс 1,602,703 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,593 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.*******гээс 40,593 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

                          

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.ЭНХТӨР