| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2019/0191/Э |
| Дугаар | 198 |
| Огноо | 2019-02-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 198
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,
улсын яллагч Д.Ганчимэг,
шүүгдэгч Н.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1 ” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Б овогт Н-ийн М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 0563 60097 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Н-ийн М Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баянжаргалан суманд 1991 оны 6 дугаар сарын 04-нд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архитектурч мэргэжилтэй, “Пи Пи Пи Эм Жи Эйл” ХХК-нд засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ,,,, дугаар хороо, ,,,, дугаар байрны ,,,, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийг агуулга: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Н.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Өнөр хорооллын 27 дугаар байрны гадна 2018 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө өөрийн эхнэр А.Мөнхзулын толгой, нүүрэн тус газруудад цохих, үснээс зулгаах зэрэг үйлдлүүдээр тархи доргилт, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, зүүн хацарт цус хуралт зөөлөн эдийн няцрал, дух, баруун хацар, баруун өвдөгт зулгаралт гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М-: Мэдүүлэг гаргахгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 1808 0563 60097 дугаартай хэргээс судалсан нотлох баримтууд.
1.Хохирогч А.Мөнхзул мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн “.. Би нөхөр Н.М-тэй гэр бүл бол хамт амьдраад 9 жил болж байна. 2018 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 01 цагийн үед надад ажил гараад гэрээсээ гараад “Саппоро” дээр такситай явж байтал манай нөхөр М над руу залгаад би гэртээ ирсэн байна, хаалгаа онгойлгооч гэхээр нь би түүнийг түлхүүргүй явааг санаад шууд буцаад гэрийн гадаа ирсэн. Үүдэнд ирэхэд манай нөхөр М шатан дээрээс бууж ирээд “хаачаад ирж байгаа юм” гэснээ хариулахын завдалгүй шууд миний толгойд гараараа цохиод авсан. Тэр архи уусан согтуу байсан. Тэгээд үснээс зулгаагаад байсан. Энэ үед хажууд байсан манайд амьдардаг нөхрийн хамаатны охин Оюундарь салгах гээд дийлээгүй. Ингээд арай гэж салаад би утсаараа цагдаа дуудаад цагдаа ирээд салгасан. Миний нүүр рүү гараараа цохиж, үснээс зулгаасан. Нүд хөхөрч, хацар, дух хавдсан байсан. Үс л туг тугаараа унаад байсан. Энэ гэмтлүүд бол манай нөхөр гараараа цохиж зулгааснаас үүссэн гэмтлүүд байгаа юм. Үснээс зулгаагаад байхад нь би газар өвдөглөөд өвдөг шалбарсан байсан. Гэмтлийг бол манай нөхөр гараараа цохиж, зулгааснаас үүссэн гэмтлүүд юм. Нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дугаар тал/,
2.Н.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн “... 2018 оны 12 дугаар сарын 09-ний орой 19 цагаас байгууллагын шинэ жил болсон. Би ажлын газрын шинэ жилд ороод архи уугаад нилээн согтсон байсан. Хаана юу болсныг мэдэхгүй байна. Эрүүлжүүлэхэд өглөө сэрсэн. Би эхнэрийн биед учирсан гэмтлүүдийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Эхнэр А.Мөнхзулыг яаж зодсон үйлдлээ нарийн санахгүй байна. Тухайн үед маш их согтсон байсан. Би энэ үйлдэлдээ маш их харамсаж, гэм буруугаа ойлгож байна. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар тал/,
3.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 75 дугаартай дүгнэлтэд:
1.А.Мөнхзулын биед тархи доргилт, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн хацарт цус хуралт зөөлөн эдийн няцрал, дух, баруун хацар, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.
3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /шинжээч Ө.Сарангэрэл/ ...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 16 дугаар тал/,
4. Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хавтаст хэргийн 49-50 дугаар тал/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хавтаст хэргийн 51-59 дүгээр тал/,
5.Шүүгдэгч Н.М-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 30 дугаар тал/, түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 35 дугаар тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 31 дүгээр тал/, Н.М-ийн 2018 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хавтаст хэргийн 34 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.М-д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1.Гэм буруугийн талаар.
Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ:
Шүүгдэгч Н.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэлтээ бүртгүүлсэн эхнэр, нөхрийг гэрлэгчид гэж тодорхойлсон байдаг.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор хуульчилсан.
Шүүгдэгч Н.М-, хохирогч А.Мөнхзул нар нь 2009 онд танилцаж, 2010 оноос гэр бүлийн харилцаа үүсгэн хамт амьдарсан байх ба 2016 онд гэрлэлтээ батлуулсан байх тул тэд дээрх хуульд заасан гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд байна.
Шүүгдэгч Н.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Өнөр хорооллын 27 дугаар байрны гадна 2018 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө өөрийн эхнэр А.Мөнхзулын толгой, нүүрэн тус газруудад цохих, үснээс зулгаах зэрэг үйлдлүүдээр тархи доргилт, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, зүүн хацарт цус хуралт зөөлөн эдийн няцрал, дух, баруун хацар, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
-хохирогч А.Мөнхзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 01 цагийн үед надад ажил гараад явж байтал манай нөхөр М над руу залгаад би гэртээ ирсэн байна, хаалгаа онгойлгооч гэхээр нь би түүнийг түлхүүргүй явааг санаад шууд буцаад гэрийн гадаа ирсэн. Үүдэнд ирэхэд манай нөхөр М шатан дээрээс бууж ирээд “хаачаад ирж байгаа юм” гэснээ хариулахын завдалгүй шууд миний толгойд гараараа цохиод авсан. Тэгээд үснээс зулгаагаад байсан. ...Нүд хөхөрч, хацар, дух хавдсан байсан. Үс туг тугаараа унаад байсан. Энэ гэмтлүүд бол манай нөхөр гараараа цохиж зулгааснаас үүссэн гэмтлүүд байгаа юм. Үснээс зулгаагаад байхад нь би газар өвдөглөөд өвдөг шалбарсан байсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дугаар тал/,
-шүүгдэгч Н.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “... 2018 оны 12 дугаар сарын 09-ний орой 19 цагаас байгууллагын шинэ жил болсон. Би ажлын газрын шинэ жилд ороод архи уугаад нилээн согтсон байсан. Би эхнэрийн биед учирсан гэмтлүүдийг хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 75 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 16 дугаар тал/, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хавтаст хэргийн 49-50 дугаар тал/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хавтаст хэргийн 51-59 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор заасан.
Шүүгдэгч Н.М нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр А.Мөнхзулын бие махбодид халдаж хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг бүрэн хангасан байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үзвэл 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шүүгдэгч Н.М согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн нь гэмт хэрэг гарах, үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.
Иймд улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлий 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Н.М нь хохирогч А.Мөнхзулын бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн хохирогчоор “нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тогтоолд дурдав.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч Н.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.200.000 төгрөгийн торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Н.М нь хуульд заасан эрхийн хүрээнд өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.М нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч Н.М-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан түүнд 1.200.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
4. Бусад асуудлаар:
Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Н-ийн М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-ийг 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-д торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 (зургаа) сарын хугацаанд биелүүлэхийг тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгохыг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.М цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч А.Мөнхзул нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж шүүгдэгч Н.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА