Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 03

 

Зохигчид эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох   тухай

           

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 2 дугаар баг, ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 4 дүгээр баг, ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ын ******* /РД:/-д холбогдох

1,002,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

                                                                        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.*******, хариуцагч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өрнөл нар оролцов.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г.******* нь 2016 оны 7, 8 дугаар сард өдрийн 25,000 төгрөгөөр цалинжуулна гэж Нисэхийн 10-р гудамж 17 тоот хашаанд хувийн байшингийн засвар, тоот байрлах Өмнөговь дэлгүүрийн засвар, 11-р орон сууцны баруун үзүүрт байрлах *******ын эхнэр ийн үсчний газрын барилгын засварыг 30 хоног өглөө 9 цагаас шөнийн 02-03 цаг хүртэл ажиллуулчихаад цалин өгөхгүй элдэв шалтаг тоочин утсаа унтраагаад, утсаа авахгүй зугтаагаад өдий хүрлээ. Иймд миний ажилласан хугацааны цалин 725,000 төгрөг, илүү цагаар ажилласны хөлс 60,000 төгрөг, хамгийн сүүлд 2016 оны 8 сарын 15-нд ажлаас гаргаснаас хойшхи цалинг олгоогүй хугаацааны алданги 0,3 хувиар бодож 77 хоногийн 217,500 төгрөг, тэмдэгтийн хураамж бүгд 1,002,500 төгрөгийг Г.*******аас гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Э.******* нь манай бригадад ажилласан нь үнэн. Өдрийн 25,000 төгрөгөөр цалинжхаар тохиролцсон. 7, 8 дугаар сард ажилласан гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй болно. Учир нь 07 дугаар сард ажилд авсан боловч Нисэхийн 10-17 тоотод байрлах А.Буяннэмэхийн барилга дээр ажиллах хугацаандаа хамт ажиллаж байсан Ганбаатар, Амарсанаа гэх нөхдүүдтэй цаашид хамт ажиллахаар тохиролцож Нисэхэд хувийн ажил хийж байсан. Цаашид өдрийн цалингаар ажиллахгүй, олсон орлого хувааж авахаар тохиролцсон, ашигтайг нь сонгоно гэж хэлээд ажлаа нэг хэсэг орхисон. Улмаар Ганбаатар, Амарсанаа нар нь цаашид ажил олдохгүй нь гэсэн учир эргэж манай бригадад ирж ажилласан. Миний зүгээс шаардлага тавьж дахин ажил хаяхгүй байхаар тохиролцсон. Гэвч уг нэхэмжлэгч нь ажлын хариуцлага маш сул, бүтээмж муу, нүднээс далд болж зүгээр сууж, өдөржин утасныхаа дууг сонсож, элдэв шалтаг үргэлж тоочно. Өдрөөр цалинжиж байгаа юм чинь их юм хийнэ гэж юу байхав гэж хэлж байсан удаа бий. Өглөө 09 цагаас шөнө 02-03 цаг хүртэл ажиллуулж байсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Эрт ирдэггүй, шөнө орой болтол ажилладаггүй байсныг тухайн үед хамт ажиллаж байсан хүмүүс болон айлууд гэрчилнэ. Уг охидуудад даалгасан ажил шаардлага хангаагүй айлуудаас гомдол ирсэн тул өөр мэргэжлийн бригад хөлсөлж дахин хийлгэж, цаг хугацаа, хөрөнгө зарсан болно. Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дүүрэн биелүүлж чадахгүй тул нэхэмжилж буй мөнгөний 50 хувь 501,250 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.” гэжээ.

Нэхэмжлэгч Э.*******, хариуцагч Г.******* нар шүүх хуралдааны хэлэлцүүлгийн өмнөх шатанд эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулжээ. 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд “Нэг талаас нэхэмжлэгч Э.*******, нөгөө талаас хариуцагч Г.******* дараахь нөхцөлөөр эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулав. Нэхэмжлэгч Э.******* нь нэхэмжилж буй 1,002,500 төгрөгийн 501,250 төгрөгөөс татгалзаж 501,250 төгрөгийг гаргуулахаар болж хариуцагч Г.******* 501,250 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2017.01.08-ны өдрийн дотор багтаан нэхэмжлэгч Э.*******гийн Хаан банк дахь 5585480969 тоот дансанд бүрэн төлж барагдуулсан байхаар харилцан тохиролцож эвлэрэв. Талууд хэн нэгний нөлөөнд авталгүй өөрийн хүсэл зоригоор дээрх эвлэрлийн гэрээг байгуулав.” гэжээ.

 

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд,  зохигчдын тайлбар, эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Г.*******аас ажлын хөлс болох 1,002,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэгч 1,002,500 төгрөг гаргуулах шаардлагын зарим хэсгээс татгалзаж 501,250  төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасныг хариуцагч Г.******* хүлээн зөвшөөрч 501,250 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь тэдний шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож, зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т “Зохигч эвлэрэхдээ шүүхийн зардлыг өөрөөр хуваарилахаар тохиролцоогүй бол шүүх энэ зүйлд заасан журмаар шийдвэрлэнэ.” гэж заажээ. Эвлэрлийн гэрээнд улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн хуваарилах талаар зохигчид тохиролцоогүй байна.

Иймд нэхэмжлэгч Э.******* 1,002,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагдаа улсын тэмдэгтийн хураамжид 28,610 төгрөг төлснийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч, хариуцагч нарын харилцан тохиролцож эвлэрсэн 501,250 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 15,686 төгрөгийн 50 хувь буюу 7,843 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос үлдэх 50 хувь буюу 7,843 төгрөгийг хариуцагч Г.*******аас тус тус гаргуулан нэхэмжлэгч Э.*******д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 74.5, 75 дугаар зүйлийн 75.1, 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Э.******* хариуцагч Г.*******аас ажлын хөлсөнд нийт 1,002,500 /нэг сая хоёр мянга таван зуун/ төгрөг гаргуулах шаардлагын зарим хэсгээс татгалзаж 501,250 /таван зуун нэг мянга хоёр зуун тавин/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасныг хариуцагч Г.******* хүлээн зөвшөөрч 501,250 /таван зуун нэг мянга хоёр зуун тавин/ төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр хүлээн зөвшөөрч, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар нэхэмжлэгч Э.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,610 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 7,843 төгрөг, хариуцагч Г.*******аас7,843 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э.*******д олгосугай.

 

3.Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Г.******* сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Энэ шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             А.ЭНХТӨР