| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2019/0315/Э |
| Дугаар | 348 |
| Огноо | 2019-03-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гансүлд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 348
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,
улсын яллагч Ц.Гансүлд,
хохирогч, шүүгдэгч Д.И,
хохирогч, шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Б-ийн Д, Э овгийн Д-ын И нарт холбогдох эрүүгийн 1808 0582 90185 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Х овогт Б-ийн Д нь Монгол Улсын иргэн, 1975 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн, эрэгтэй, 44 настай, бүрэн бус дунд боловсролтой, үйлдвэрийн барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, .... дүгээр гудамжны .... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй.
2. Э овогт Д-ын И нь Монгол Улсын иргэн, 1970 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, эрэгтэй, 49 настай, бүрэн дунд боловсролтой, нефтийн сав тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, “Тогос пэйнт” ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, .... дугаар гудамжны .... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчний 1-9 тоотод иргэн Д.И-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, улмаар биед нь хамрын ясны хугарал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Д.И нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчний 1-9 тоотод иргэн Б.Д-ийг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, улмаар биед нь зүүн зулайд шарх бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, шинжээч нарын мэдүүлэг
1.Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Д Д.И нар шүүгдэгчээр мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй гэв.
Б.Д Д.И нар хохирогчоор мэдүүлэхдээ: Нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 1808 0582 90185 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Д.И-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлсэн:
“...Бид нийлээд тавуулаа архи уусан. Өмнө нь би Батболдтой 2 шил архи уусан байсан. Нэг шил архиа ууж дуусаад Д агсам согтуу тавиад гэрээсээ хөөсөн. Тэгэхээр нь миний дургүй хүрээд гэрээс нь гараад хашаан дотор нь байсан гарын атганд багтах жижиг чулуугаар толгойн тус газар нь нэг удаа цохиход Д-ийн толгойноос шууд цус гарсан. Тэгээд би дэмий юм боллоо гэж бодоод гэрээс нь гараад харих гэтэл Д хариугаа авна гээд намайг цохих гээд хөөгөөд миний хамран тус газар нэг удаа цохиход хамраас цус гарсан. Хажуу айл нь цагдаа дуудахаар нь би зугтаасан. Би шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дугаар тал/,
2. Хохирогч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр мэдүүлсэн:
“...2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчний 1-7 тоотод байх өөрийн гэртээ 15 цагийн орчим найз Гантулгатай 0.75 литрийн хоёр шил архи хувааж ууж байтал И орж ирээд бид гурав үлдсэн архиа ууж дуусгаад И-ыг дэлгүүр рүү архинд явуулсан. И дэлгүүр яваад 0.75 литрийн нэг шил архи авчирсан, ирэхдээ хоёр согтуу хүүхэн дагуулаад ирсэн. Нэг эмэгтэйг нь зүс таньдаг, нөгөө эмэгтэйг нь танихгүй. Тэгээд би согтуу эмэгтэйчүүдийг миний ээжийн гал голомтонд авчирлаа гээд архи ууж байхдаа И руу уурласан. Гантулга гал түлхээр гадагшаа гарч мод хагалж байсан. Гэрт И бид хоёр авчирсан 0.75 литрийн архиа хувааж ууж байтал гэнэт И чи их зэвүүн байгаа шүү гэж хэлээд миний толгой руу нэг удаа хатуу юмаар цохиход миний толгой хагарч, цус гарсан. И намайг цохиод гэрээс гараад зугтаах гэхэд би араас нь гараад хашааны дотор хөөцөлдөж байгаад хамран тус газар нь 1 удаа цохисон. Бид хоёрыг манай найз Гантулга салгасан. Тэгээд И манай хашаанаас гараад явсан. Зодоон болсны дараа цагдаа нар ирээд намайг Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд үзүүл гэсэн. Гэмтлийн эмнэлэгт толгойгоо боолгуулаад 6 оёдол тавиулаад өөрийн дүү Налжирмааг дуудаад түүний гэрт одоог хүртэл хүүхэд харж байгаад ирсэн. Намайг зодуулж байхад миний хажууд Гантулга, И болон үл таних 1 эмэгтэй байсан. Би тухайн үед дунд зэргийн согтолттой байсан. Болсон асуудлыг сайн санаж байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Уг нь үзүүлмээргүй байгаа боловч И үзүүлсэн учраас үзүүлье. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Анхнаасаа би цагдаа дуудаагүй. Хажуу айлын хүмүүс дуудлага өгсөн байна лээ. Одоо И-той эвлэрсэн. Мөн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дугаар тал/,
3. Гэрч Я.Мөнхжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн:
“...Би өнөөдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар дэлгүүрийн үүдэнд хуурай дүү Алтайтай хамт явж байгаад Хархорин зах дээр гурил зардаг Батболд, Боргио хоёртой таараад бид 4 юм ярьж байгаад дэлгүүрээс 0.75 литрийн Улаанбаатар архи, 0.5 литрийн Ерөөл архи аваад тус хорооны Хилчний 1-9 тоот хашаанд байдаг Дукагийн гэрт очиход Дука гэртээ 2, 3 хүнтэй хамт архи уугаад сууж байсан. Тэгээд бид нар ороод авчирсан архиа уугаад сууж байхад Дука, Боргио хоёр хоорондоо маргалдаад зодолдож байсан. Би тухайн үед нилээн согтуу байсан болохоор тэр хоёр юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Нэг харахад Дукагийн толгойноос цус гарчихсан Боргиотой маргалдаад зодолдоод, гэрээсээ гарахаар нь эргэн тойрноо харахад надтай хамт явж байсан Алтай байхгүй байхаар нь гэрээс нь гарч яваад Алтайгийн гэрт очиж хоносон. Тэр хоёр гараараа зодолдож байсан ба Боргио гараараа Дукаг цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр тал/,
4. Гэрч Д.Даваадамбын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн:
“...Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчний 1-9 тоотод 2018 оны 6 дугаар сараас хойш эхнэр, хүүхдийн хамт оршин сууж байна. Хашаанд цуг байдаг ганц бие ах байнга согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэртээ амарч байгаад 11 цагийн үед гэрээсээ гараад 15 цагийн үед гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд тэр айл их чимээтэй байхаар нь би архиа ууж байгаа юм байна гэж бодсон. Тэгээд мод хагалаад хашаандаа байж байтал тэр ах толгойгоо хагалуулсан байдалтай гарч ирсэн. Намайг ирж байхад хашаанаас 1 эрэгтэй, 1 эмэгтэй хүн гарч байсан. Гэр дотор 1 бүдүүн ах бас 1 намхан туранхай ах бас нэг эгч байсан. 40 орчим насны хүмүүс байсан. Би тэдгээр хүмүүсийг харвал таних байх. Гэрт нь ороход нэг хуванцар шанага хагарсан байсан. Шанага цус болсон, их замбараагүй байдалтай байсан. Ямар ч байсан өндөр, шар хүнтэй гэрээс гарч ирээд зодолдоод байсан. Тэр хүн толгойг нь хагалсан гэж бодож байна. Тэр хүнийг харвал танина. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар тал/,
5. Гэрч Б.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн:
“...Би Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчний 1-10 тоотод амьдардаг юм. 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 15 цаг 30 минутын үед ажлаа тараад гэртээ ирэхэд манай хажуу хашааны айл буюу Хилчний 1-9 тоотод амьдардаг залуу хашаандаа толгойгоо хагалуулчихсан цус гарсан байсан. Хажууд нь толгойг нь хагалсан гэх залуу, мөн намхан бор залуу зогсож байсан. Тэгээд толгойгоо хагалуулсан залуу намайг хараад энэ залуу миний толгойг хагалчихлаа гэж хэлсэн. Би хашаа руугаа ороод гэр рүү нь шагайтайл намхан бор залуу цус арчаад зогсож байсан. Би гэртээ ороод цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд буцаад гараад ирэхэд толгойгоо хагалуулсан залуу намхан бор залуутай хамт хашааны хаалгаар гараад явж байсан. Тэгээд удалгүй цагдаа хүрээд ирэхээр нь болсон асуудлыг хэлэхэд толгойгоо хагалуулсан залуу гараад явсан. Толгойг нь хагалсан залуу зугтаад явчихсан гэж хэлсэн. Намайг гэр рүү нь шагайж харахад хойд хэсэгт нь согтуу эрэгтэй, эмэгтэй хоёр хүн сууж байсан. Харин намхан бор залуу гэрийн зүүн талын шалан дээр байсан цусыг арчаад зогсож байсан. Уг тоотод амьдардаг залуу махлаг шар залууд толгойгоо хагалуулсан, тэр залууг танина гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр тал/,
6. Гэрч И.Түшигийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн:
“...Манай аав Дашнямын И нь Дорнод аймагт ажиллаж амьдарч байгаад Улаанбаатар хотод 2006 онд шилжин ирсэн. Манай аавын хувийн зан байдлын хувьд төлөв томоотой, ажлын газрын хамт олондоо нэр хүндтэй, ажилсаг, хийж байгаа зүйлдээ чин сэтгэлээсээ ханддаг, шударга зантай, ар гэртээ халамжтай сайн аав юм.
...2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр би гэртээ байж байхад манай аав танихгүй Гантулга гэдэг залуутай гэртээ орж ирсэн. Тухайн үед аав тэр залуу хоёр согтуу халамцуу байдалтай байсан. Аавын гар нь цус болсон, хамраас нь цус гараад хатсан, хамар нь гэмтсэн байдалтай байсан. Би юу болсон талаар асуухад аав хүнтэй муудалцаад зодолдсон гэхээр нь ямар хүнтэй хаана юунаас болж муудалсан талаар асуухад найзындаа найзтайгаа муудалцсан гэхээр нь би нөгөө хүнтэйгээ очиж уулз гэхэд аав хамт ирсэн ахтай буцаад гараад явсан. Удалгүй араас нь цагдаа хайгаад ороод ирэхээр нь болсон асуудлыг хэлээд аавыг гараад явсан гэж хэлсэн. 21 цаг өнгөрч байхад аавтай муудалцсан гэх залуу аавтай хамт орж ирсэн. Гантулга гэдэг залуутай гэрт орж ирээд аавтай зодолдсон гэх залуу цагдаад гомдол санал байхгүй гээд хэлчихсэн аавыгаа уулзуулаарай гэж хэлээд гараад явсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар тал/,
7. Гэрч Ж.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр мэдүүлсэн:
“... Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчний 1-7 тоотод 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 15 цагийн үед Д бид хоёр архи уугаад сууж байтал гаднаас И орж ирсэн. Хамт архи ууж байгаад архи дуусаад Батболд, И хоёр дэлгүүр явсан. Би гал түлэх гээд гадаа гараад мод хагалж байсан. Д ирээд хөгшөөн миний толгойг И хагалчихлаа гээд зүүн шанаа нь цус болчихсон гарч ирсэн. Д И-ыг барих гээд хөөгөөд байсан. Д И-ыг барьж аваад хамар руу нь нэг удаа цохисон. Би очиж тэр хоёрыг салгасан ба хажуу талын айлын эмэгтэй цагдаа дуудахаар нь би уусан байсан болохоор гэр рүүгээ явсан. И чулуугаар цохисон гэсэн. Д, И хоёр муудалцаад гараад ирсэн. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дугаар тал/,
8. Шүүгдэгч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлсэн:
“...Манай ээж 2018 онд нас бараад би Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчний 1-7 тоотод ганцаараа оршин суудаг юм. 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 15 цагийн үед гэртээ архи уугаад сууж байтал гаднаас И орж ирсэн. Би гэртээ Гантулга, Батболд гэх хүмүүстэй архи ууж байсан. Архи дуусаад Батболд, И хоёр дэлгүүр яваад ирэхдээ танихгүй 2 хүүхэн дагуулаад ороод ирэхээр нь би уурлаад та нар танихгүй хүмүүс миний ээжийн гэр орны гал голомтод яагаад авчирдаг юм бэ гэж хэлсэн. Авчирсан үл таних 1 хүүхэн нь гэр оронд дуулаад, орилоод сонин байдал гаргаад байсан. И согтуу гэрээс хөөлөө гээд чи муу ойрд их зэвүүн байгаа шүү гээд намайг цохисон. Тухайн үед И бид хоёр хоёулаа согтуу байсан. Гэрээс гараад хашааны урд И-той тааралдаад цохиулсандаа өширхөөд нүүрэн тус газар нь нэг удаа цохиход Гантулга салгаад би гэртээ орсон. Би И-д хандаж цагдаа ирэхэд чамд би гомдол санал байхгүй гэж хэлсэн шүү гэж хэлсэн. Дараа нь цагдаа ирээд түргэн дуудсан. Түргэний эмч ГССҮТ-д хүргэж үзүүлсэн. Гэмтлийн эмч толгойны зургийг надад гаргаж өгөөгүй хадгалсан. И миний толгойн тус газар 1 удаа хатуу юмаар цохисон. Би юугаар цохисныг нь мэдэхгүй байна. Би харин И-ын хамрын тус газар нь гараараа 1 удаа цохисон. Миний толгойны хагарсан газар 5-6 оёдол тавьсан. Тухайн үед эмчилгээний бичиг баримт өгөөгүй, жор бичиж өгсөн. Шүүх эмнэлгийн 716 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Уг гэмтлийг би И-д учруулсан. Бид хоёр одоо эвлэрсэн, хэвийн харилцаатай байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дугаар тал/,
9. Шүүгдэгч Д.И-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн:
“... Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчний 7-20 тоотод оршин суудаг Д буюу Дука гэх залуутай танилцаад 2 жил болж байна. Д-той найз нөхдийн харилцаатай. Хааяа амрахаараа архи уудаг. 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 14 цагийн үед Д-ийн гэрт Мөнхөө эгч, Батболд гэх манай урд хашаанд амьдардаг залуутай 1 шил 0.75 литрийн Улаанбаатар архи аваад гэрт нь орсон. Гэрт нь ороход үл таних залуутай архи уугаад сууж байсан. Бид нийлээд тавуулаа архи уусан. Өмнө нь би Батболдтой 2 шил архи уусан байсан. Нэг шил архиа ууж дуусаад Д агсам согтуу тавиад гэрээсээ хөөсөн. Тэгээд би уурлаад чи яахаараа дандаа ингэдэг юм бэ гэж хэлээд гадаа хашаанд нь байсан ирмэгтэй жижиг чулуу аваад толгойны баруун талд нь нэг удаа цохиход Д-ийн толгойноос цус гарсан. Би цусыг нь тогтоож гараараа барьж байгаад гайгүй юм шиг болохоор нь хашаанаас нь гараад явсан. Д миний араас гарч ирээд намайг хөөж байгаад хамран тус газар нэг удаа цохисон. Тэгээд хашаан дотор байсан хүмүүсийн нэг нь цагдаа дуудлаа гэхээр нь айгаад зугтаад яваад өгсөн. Тухайн өдөр би гэртээ очихгүй байж байгаад хашааны буланд цагдаа харж байгаад гэр рүүгээ орсон. Гэрт ороход эхнэр Алтанчимэг, хүү Түшиг хоёр байсан. Эхнэр, хүүхэд хоёр яасан бэ гэхээр нь Д-той зодолдоод тархийг нь хагалчихлаа гэж хэлсэн. Баруун гар цус болсон байсан. Миний хамран тус газар Д нэг удаа цохисон. Хамар хавдаад, хоёр нүд хөхөрсөн. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Одоо эдгэсэн. Д архи уугаад согтоод зайл пизда гээд хөөгөөд байсан. Ер нь архи уугаад хамт уусан хүмүүсээ хөөгөөд байдаг юм. Надад гомдол санал байхгүй. Олон жил найзалсан сайхан найзууд юм. Нэгэнт цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа учраас шүүх эмнэлэгт үзүүлсэн. Би тухайн өдөр ямар нэгэн эмнэлэгт үзүүлээгүй, зураг авахуулаагүй. Би шүүх эмнэлгийн №1610 дугаартай дүгнэлтийг уншиж танилцсан. Хүлээн зөвшөөрч байна. Уг гэмтлийг би Д-ид учруулсан. Бид хоёр хоорондоо эвлэрсэн, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 77 дугаар тал/,
10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 716 тоот дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: ...2018 оны 12 дугаар сарын 25-ны мэс заслын үзлэгт: хацрын зөөлөн эдийн няцрал, хамрын ясны хугарал гэжээ. Хамрын ясны рентген зурагт: хамрын таславч дунд 1/3-ээр хугаралтай, муруйсан. ...гэжээ.
ДҮГНЭЛТ:
1. Д.И-ын биед хамрын ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн эсэхийг тогтоох боломжгүй. /шинжээч Ж.Ганцэнгэл/ ...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 35 дугаар тал/,
10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1610 тоот дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: зүүн зулайд босоо байрлалтай мэс заслын оёдол бүхий, захаасаа хүрэн өнгийн тав бүхий 3 см урт шархтай.
ГССҮТ-ийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудаснаас: үзүүлсэн он сар өдөр 2018 оны 12 дугаар сарын 16. Онош: толгойд няцарсан шарх, тархи доргилт гэжээ.
ДҮГНЭЛТ:
1. Б.Д-ийн биед зүүн зулайд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /шинжээч Ш.Цэцэгмаа/ ...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 43 дугаар тал/,
11. 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хавтаст хэргийн 4-8 дугаар тал/,
12. Шүүгдэгч Б.Д-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 64 дүгээр тал/, түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 62 дугаар тал/, Б.Д-ийн нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа /хавтаст хэргийн 60 дугаар тал/, түүний нэр дээр эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хавтаст хэргийн 60 дугаар тал/,
13. Шүүгдэгч Д.И-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 81 дүгээр тал/, түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 80 дугаар тал/, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны тодорхойлолт /хавтаст хэргийн 79 дүгээр тал/, Д.И-ын нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа /хавтаст хэргийн 82 дугаар тал/, “Тогос Пэйнт” ХХК-ний тодорхойлолт /хавтаст хэргийн 83-84 дүгээр тал/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.И, Б.Д нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар.
Гэм буруугийн талаар улсын яллагч дүгнэлтдээ:
- шүүгдэгч Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчний 1-9 тоотод иргэн Д.И-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, улмаар биед нь хамрын ясны хугарал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
- шүүгдэгч Д.И нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчний 1-9 тоотод иргэн Б.Д-ийг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, улмаар биед нь зүүн зулайд шарх бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч нарын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч Б.Д, Д.И нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нар шүүх хуралдаанд өөрсдийгөө өмгөөлөн оролцохдоо гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүх хэргийн үйл баримт, нотлох баримтаас дүгнэвэл:
Шүүгдэгч Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчний 1-9 тоотод иргэн Д.И-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, улмаар биед нь хамрын ясны хугарал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Д.И нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчний 1-9 тоотод иргэн Б.Д-ийг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, улмаар биед нь зүүн зулайд шарх бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
- хохирогч Д.И-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Д агсам согтуу тавиад гэрээсээ хөөсөн. Тэгэхээр нь миний дургүй хүрээд гэрээс нь гараад хашаан дотор нь байсан гарын атганд багтах жижиг чулуугаар толгойн тус газар нь нэг удаа цохиход Д-ийн толгойноос шууд цус гарсан. ...Д хариугаа авна гээд намайг цохих гээд хөөгөөд миний хамран тус газар нэг удаа цохиход хамраас цус гарсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дугаар тал/,
- хохирогч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Гэрт И бид хоёр авчирсан 0.75 литрийн архиа хувааж ууж байтал гэнэт И чи их зэвүүн байгаа шүү гэж хэлээд миний толгой руу нэг удаа хатуу юмаар цохиход миний толгой хагарч, цус гарсан. И намайг цохиод гэрээс гараад зугтаах гэхэд би араас нь гараад хашааны дотор хөөцөлдөж байгаад хамран тус газар нь 1 удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дугаар тал/,
- гэрч Я.Мөнхжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн“...Дука, Боргио хоёр хоорондоо маргалдаад зодолдож байсан. ...Нэг харахад Дукагийн толгойноос цус гарчихсан Боргиотой маргалдаад зодолдоод, гэрээсээ гарсан. Тэр хоёр гараараа зодолдож байсан, ...Боргио гараараа Дукаг цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр тал/,
-гэрч Д.Даваадамбын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Хашаанд цуг байдаг ганц бие ах байнга согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ...тэр айл их чимээтэй байхаар нь би архиа ууж байгаа юм байна гэж бодсон. Тэгээд мод хагалаад хашаандаа байж байтал тэр ах толгойгоо хагалуулсан байдалтай гарч ирсэн. ...Гэрт нь ороход нэг хуванцар шанага хагарсан, цус болсон, их замбараагүй байдалтай байсан. Ямар ч байсан өндөр, шар хүнтэй гэрээс гарч ирээд зодолдоод байсан. Тэр хүн толгойг нь хагалсан гэж бодож байна. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар тал/,
- гэрч Б.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 15 цаг 30 минутын үед ажлаа тараад гэртээ ирэхэд манай хажуу хашааны айл буюу Хилчний 1-9 тоотод амьдардаг залуу хашаандаа толгойгоо хагалуулчихсан цус гарсан байсан. Хажууд нь толгойг нь хагалсан гэх залуу, мөн намхан бор залуу зогсож байсан. Тэгээд толгойгоо хагалуулсан залуу намайг хараад энэ залуу миний толгойг хагалчихлаа гэж хэлсэн. Би хашаа руугаа ороод гэр рүү нь шагайтайл намхан бор залуу цус арчаад зогсож байсан. ...Толгойг нь хагалсан залуу зугтаад явчихсан гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр тал/,
- Гэрч И.Түшигийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Манай аав Дашнямын И-ын ...гар нь цус болсон, хамраас нь цус гараад хатсан, хамар нь гэмтсэн байдалтай байсан. Би юу болсон талаар асуухад аав хүнтэй муудалцаад зодолдсон гэхээр нь ямар хүнтэй хаана юунаас болж муудалсан талаар асуухад найзындаа найзтайгаа муудалцсан гэсэн. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар тал/,
- гэрч Ж.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Д ирээд хөгшөөн миний толгойг И хагалчихлаа гээд зүүн шанаа нь цус болчихсон гарч ирсэн. Д И-ыг барих гээд хөөгөөд байсан. Д И-ыг барьж аваад хамар руу нь нэг удаа цохисон. Дараа нь И чулуугаар цохисон гэсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дугаар тал/,
- шүүгдэгч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн “...И согтуу гэрээсээ хөөлөө гээд чи муу ойрд их зэвүүн байгаа шүү” гээд намайг цохисон. ...И-той тааралдаад цохиулсандаа өширхөөд нүүрэн тус газар нь нэг удаа цохиход Гантулга салгаад би гэртээ орсон. И миний толгойн тус газар 1 удаа хатуу юмаар цохисон. ...Би харин И-ын хамрын тус газар нь гараараа 1 удаа цохисон. Миний толгойны хагарсан газар 5-6 оёдол тавьсан. Шүүх эмнэлгийн 716 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Уг гэмтлийг би И-д учруулсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дугаар тал/,
- шүүгдэгч Д.И-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн “...Д агсам согтуу тавиад гэрээсээ хөөсөн. Тэгээд би уурлаад чи яахаараа дандаа ингэдэг юм бэ гэж хэлээд гадаа хашаанд нь байсан ирмэгтэй жижиг чулуу аваад толгойны баруун талд нь нэг удаа цохиход Д-ийн толгойноос цус гарсан. ...Д миний араас гарч ирээд намайг хөөж байгаад хамран тус газар нэг удаа цохисон. Би шүүх эмнэлгийн 1610 дугаартай дүгнэлтийг зөвшөөрч байна. Уг гэмтлийг би Д-ид учруулсан....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 77 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 716 тоот /хавтаст хэргийн 35 дугаар тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1610 тоот дүгнэлт /хавтаст хэргийн 4-8 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Д.И-ын хохирогч Б.Д-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл, шүүгдэгч Б.Д-ийн хохирогч Д.И-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Тиймээс улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.И, Б.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцох үндэстэй байна.
Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч, хохирогч нар согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсний улмаас болон харилцан үл ойлголцлоос болж, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Д.И нь хохирогч Б.Д-ийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Б.Д нь хохирогч Д.И-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч Б.Д, Д.И нар нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн хохирогчоор “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг тогтоолд дурдав.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Д-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгч Д.И-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч Д.И, Б.Д нар нь өөрсдийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.И, Б.Д нар нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй байх бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзсан ба хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Д.И, Б.Д нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, шүүгдэгч Б.Д-ид гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал буюу эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг өдрийн 4 цагийн хугацаагаар тогтоож, оногдуулсан ялыг биелүүлээгүй бол уг ялыг хорих ялаар солихыг мэдэгдэж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,
шүүгдэгч Д.И-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, хувийн байдал буюу тогтмол ажил эрхэлдэг зэргийг харгалзан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Д.И-ын ажилладаг байгууллага болох “Тогос Пэйнт” ХХК-ний 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 19/17 дугаартай цалинг тодорхойлсон баримтад үндэслэн торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэв.
4. Бусад асуудлаар
Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Д.И нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Харин шүүгдэгч Б.Д нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж, шүүхээс түүнд 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх тул түүний цагдан хоригдсон 7 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож, түүнд оногдуулсан 350 нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч, түүний биечлэн эдлэх ялыг 342 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Б-ийн Д-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч Э овогт Д-ын И-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Д.И-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял,
-шүүгдэгч Б.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 (гурван зуун тавь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 7 (долоо) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, дээрх цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, нийт 8 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, шүүгдэгч Б.Д-ийн биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг 342 цагийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.И нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан хугацаанд биелүүлэхийг тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.И нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шилжиж ирээгүйг хохирогч Д.И, Б.Д нар нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, Д.И-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Д-ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хохирогч, шүүгдэгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Д.И, Б.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА