Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 981

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т,

улсын яллагч Н.У

шүүгдэгч Т.Т,

шүүгдэгч О.У,

шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ч хошуу овогт О.У, С овогт Т.Т, З овогт Ц.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2017 2601 0000 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Ч овогт О.У, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, сүлжмэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, охины хамт Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо Тахилтын .. дугаар гудамжны .. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар УП0000000,

2. С овогт Т.Т, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, эгч, охины хамт Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо Орбитын .. дугаар гудамжны .. тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар УП0000000, урьд

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн.

3. З овогт Ц.А, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, сүлжмэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн .. дугаар хороо Амралтын .. дүгээр гудамжны .. тоотод түр оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар УЗ000000.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч О.У, Т.Т, Ц.А нар нь 2017 оны 4 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо “Б” зочид буудалд Г.Г-н гар утас, “Хаан” банкны карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлж хохирогч Г.Г-д 1.262.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар мэдүүлэхдээ:

1. Шүүгдэгч О.У мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

2. Шүүгдэгч Т.Т мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

3. Шүүгдэгч Ц.А мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр...Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг байсан “J” нэртэй шөнийн цэнгээний газарт орсон...миний сууж байсан ширээний баруун талын буйдан буюу “DJ”-н ширээний урд талд 3 эмэгтэй сууж байсан... тэгтэл урд ширээнд сууж байсан 3 эмэгтэй ...бүжиглэж байтал ирээд “...бидэнтэй нэг ширээнд суухгүй юм уу, хамт суугаач” гэж хэлсэн... Хэсэг хугацааны дараа би тэдэн дээр очиж танилцаад ойр зуурын юм ярилцан суун хамт бүжиглэсэн. ...Баар хаах үед ...тус баарны хаалган дээр нөгөө 3 охинтой тааралдаад ...таксинд сууж ...хаашаа явах талаараа ярилцаж байгаад зочид буудалд орж хоноглохоор болцгоосон. Тэр үед нэг охин нь “Уух юм бас хөзөр авъя”  гэж хэлээд надтай хамт Саппорогийн хойно байсан нэг дэлгүүрээс 2.5 литрийн “Боргио” шар айраг 3 ширхгийг, 1 ширхэг хөзөртэй аваад...Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт ...Эрүүл мэндийн .. дүгээр төвийн урд байрлах “Б” нэртэй зочид буудалд орсон. ...би А гэх охинтой цуг нэг орон дээр хэвтсэн, хэвтэхдээ би өмсөж явсан куртикний дотор халаасанд “Samsung S7” маркийн гар утас болон түрийвчээ хийгээд орны доор тавьсан. Тэгтэл Х нь миний дээр гарч хэвтсэн ба бид үнсэлцэж эхэлсэн харин ямар нэгэн бэлгийн харилцаанд ороогүй. Тэгтэл хамт хэвтэж байсан А нь босоод ...шууд гараад явчихсан...5 орчим минут алга болчихсон учраас би ардаас нь гарсан, харин тэр үед куртикний халаасан дотроос гар утас алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25),

“...Би “ХААН” банкны карт, гар утсаа хулгайд алдсаны дараа 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өглөө 5020...9146 данснаас үзэхэд эхлээд 40.500 төгрөгөөр 1 удаа, ахиад 40.500 төгрөгөөр 1 удаа, 30.000 төгрөгөөр 1 удаа, 450.000 төгрөгөөр 1 удаа, АТМ-ийн бэлэн мөнгөний хураамж гэж 200 төгрөг, 1200 төгрөгөөр 1 удаа нийт 562.400 төгрөг уншигдсан. Тиймээс данснаас 562.400 төгрөг хулгайд алдагдаж, мөн “Samsung S7” маркийн гар утас тус тус алагдсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 84-85),

- “...Би У, Т нараас 800.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 196),

2. Гэрч Г.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Одоо он, сар өдрийн нь санахгүй байна...Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Болор” нэртэй буудалд орсон. Буудал орохын өмнө Г 1 охинтой хамт 2.5 литрийн 3 ширхэг пиво, хөзөр авсан байсан.  Бид нар бүгдээрээ 1 өрөө авсан. Бид нар буудлын өрөө орж хөзөр тоглож байхад бараг үүр цайж байсан. Би 00-н өрөө орж 1 эмэгтэйтэй нь юм ярьсан. Тэгтэл 1 эмэгтэй нь гаднаас орж ирээд чи гарч бай бид 2-т ярих юм байна гэхээр нь би тэр чигтээ тамхи татахаар гарсан. Би тамхи татах гээд гарчхаад буцаад буудлын өрөө рүү орох гээд шатаар өгсөж байтал нөгөө 3-н охины 2 эмэгтэй  нь шатаар бууж байсан. Би тэр 2-с хаачих гэж байгаа юм гэхэд доошоо буучхаад ирье гэж хэлж байсан. Би буудлын өрөө ороход Г 1 эмэгтэйтэй нь хамт орон дээр хэвтэж байсан. Тэгэхээр нь би буцаад шатаар доошоо бууж байтал нөгөө гарсан 2 эмэгтэйн 1 эмэгтэй нь надтай зөрөөд шатаар өгсөж байсан...тэгээд Г босоод миний гар утас, виза карт байхгүй байна гээд байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 90-91),

3. Эд зүйлийн үнэлгээний тайланд “...”Samsung S7” загварын хуучин хэрэглэж байсан гар утас...700.000 төгрөг...”ХААН” банкны виза карт...562.400 төгрөг буюу нийт 1.262.400 төгрөг” гэх баримт (хавтаст хэргийн 14),

4. “ХААН” банкны Г.Г-н 5020....46 дугаар депозит дансны хуулга (хавтаст хэргийн 13),

5. Шүүгдэгч О.У мөрдөн шалгах ажиллагаанд: “...Бид нар буудалд ороод пиво ууж, хөзөр тоглож байтал Т гар утсыг нь аваад явцгаая гэтэл А картыг нь авчихъя гэж хэлсэн. Тэгээд би нэг залууг нь аваад 00-н өрөө рүү оруулж саатуулсан. Хэсэг байж байгаад гараад иртэл Т байхгүй А намайг явъя гэхээр нь хамт гартал гадаа Т такси бариад хүлээж байсан. Тэгээд хорооллын эцэс орж картаас нь 450.000 төгрөг аваад хувааж авсан. Тэндээсээ Нарангийн гол орж Т-н найзуудтай уулзаад Т-н түрээсэлж байгаа байранд очиж пиво авч ууцгаасан. Дахин пиво авахаар болоод Г-н картыг уншуулж пиво, ус ундаа, ойр зуурын идэх юм авсан. Т хулгайлсан “Samsumg S7” маркийн гар утсаа авч гараад зарсан. Хэдээр зарсныг нь мэдэхгүй байна. А бид хоёр 200.000 төгрөг өгсөн. Нийт картаас нь 562.400 төгрөг авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 107-108),

6. Шүүгдэгч Т.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны нутагт байрлах “Болор” нэртэй буудалд орцгоосон...Би хэсэгт тоглож байгаад А, У хоёрт Г гэх залуугийн гар утсыг нь авъя гэж хэлсэн чинь тэгье гэсэн. А картыг нь бас авчихъя гэж хэлсэн. Тэгээд У, Г-ай хамт явж байсан залууг саатуулаад 00 авч орсон. Тэр хооронд А над руу нүдээ ирмээд Г-н дээр гараад үнсээд эхлэхээр нь би дохиог ойлгоод савхин хүрмийн халаасанд байсан “ХААН” банкны карт, “Samsung S7 edge” маркийн гар утас зэргийг нь аваад би шууд буудлын өрөөнөөс гараад такси бариад буудлын үүдэнд А, У хоёрыг хүлээж байгаад гарч ирэхээр нь суулгаад хорооллын эцэс орж хаан банкны АТМ дээр зогсоод Г-н банкны картыг уншуулж 450.000 төгрөг аваад мөнгөө бид гурав хүний 100.000 төгрөгөөр хувааж аваад үлдэгдэл 150.000 төгрөгөөр нь хоол хүнсний зүйл аваад таксины мөнгө өгөөд дуусгасан...2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 15 цагийн үед Хар хорин зах дээр авч очоод “Samsung S7” гар утсыг замын хүнд 400.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 110-111),

7. Шүүгдэгч Ц.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Буудалд ороод Г гэх залуу найзтайгаа, У, Т хөзөр тоглосон...Тэгээд пиво ууж дуусаад хөзөр тоглохоо болиод У, Г гэх залуугийн хамт явж байсан залууг дагуулаад 00-ын өрөө рүү орсон. Би Г гэх залууг саатуулж юм яриад дээр нь гараад үнссэн. Тэр үед Т орны хажууд байсан куртикний халааснаас гар утас, “ХААН” банкны виза карт хоёрыг нь аваад гараад явсан. Тэр үед 00-ын өрөөнөөс У гэх залуугийн хамт явж байсан залуу шат нь дээр таараад хажуугаар нь гараад явсан. Тэгээд гадаа гарахад Т такси барьчихсан зогсож байхаар нь машинд суугаад хорооллын эцэс орж Г-с хулгайлсан картыг Т, У нар гарч АТМ-д уншуулаад орж ирсэн. Надад хэлэхдээ 400.000 төгрөг авсан гэж хэлсэн. Тэгээд надад 100.000 төгрөг өгсөн. Бид нар Нарангийн гол гэх газар очиж Т-н 2 найз дээр очиж нийлээд бүгдээрээ Т-н гэрт очих замдаа дэлгүүр орж хоолны материал хүүхдийн памперс, шампунь, пиво авсан...гэтэл Т гарч яваад хулгайлсан гар утсаа зарчхаад хүрээд ирсэн. ...Т “J” нэртэй бааранд сууж байхдаа энэ залуугийн гар утсыг авъя гэж ярьж байсан. Саппорогийн хажууд байх “Ким баб чон гүг” хоолны газар орж хоол идэх үед картад мөнгө байгааг мэдсэн...буудалд ороод пиво ууж дуусгаад амрах үед бараг үүр цайж байсан бөгөөд би Т, У хоёр дохио өгсөн чинь Г-ай хамт явж байсан залууг У 00-ны өрөө рүү аваад орсон. Би Г гэх залуугийн дээр гараад үнсээд саатуулах үед Т карт, гар утсыг нь хулгайлсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 113-114),

8. Шүүгдэгч О.У иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 95, 96), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 64), хохирлын мөнгө төлсөн талаарх баримт (хавтаст хэргийн 26), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 57), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 71), хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн150-159)

- Шүүгдэгч Т.Т иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 61, 67), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 63), хохирлын мөнгө төлсөн талаарх баримт (хавтаст хэргийн 26), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 57), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 69),  хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 161-166),

- Шүүгдэгч Ц.А иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 62), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 65), хохирлын мөнгө төлсөн талаарх баримт (хавтаст хэргийн 243), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 57), хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн150-159) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.У, Т.Т, Ц.А, нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

              I. Гэм буруугийн талаар.

  Шүүгдэгч О.У, Т.Т, Ц.А нар нь Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо буюу Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн урд байрлах “Б” зочид буудалд, 2017 оны 4 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хялбар аргаар мөнгө олох зорилгоор,  иргэн Г.Г-н гар утас, “ХААН” банкны карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлж хохирогч Г.Г-д 1.262.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр...Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт ...Эрүүл мэндийн .. дүгээр төвийн урд байрлах “Б” нэртэй зочид буудалд орсон. ...би А гэх охинтой цуг нэг орон дээр хэвтсэн, хэвтэхдээ би өмсөж явсан куртикний дотор халаасанд “Samsung S7” маркийн гар утас болон түрийвчээ хийгээд орны доор тавьсан. Тэгтэл Х нь миний дээр гарч хэвтсэн ба бид үнсэлцэж эхэлсэн харин ямар нэгэн бэлгийн харилцаанд ороогүй. Тэгтэл хамт хэвтэж байсан А нь босоод ...шууд гараад явчихсан...5 орчим минут алга болчихсон учраас би ардаас нь гарсан, харин тэр үед куртикний халаасан дотроос гар утас алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25),

“...Би “ХААН” банкны карт, гар утсаа хулгайд алдсаны дараа 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өглөө 5020...9146 данснаас үзэхэд эхлээд 40.500 төгрөгөөр 1 удаа, ахиад 40.500 төгрөгөөр 1 удаа, 30.000 төгрөгөөр 1 удаа, 450.000 төгрөгөөр 1 удаа, АТМ-ийн бэлэн мөнгөний хураамж гэж 200 төгрөг, 1200 төгрөгөөр 1 удаа нийт 562.400 төгрөг уншигдсан. Тиймээс данснаас 562.400 төгрөг хулгайд алдагдаж, мөн “Samsung S7” маркийн гар утас тус тус алагдсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 84-85),

- Гэрч Г.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Болор” нэртэй буудалд орсон. ...Бид нар бүгдээрээ 1 өрөө авсан. ...Би 00-н өрөө орж 1 эмэгтэйтэй нь юм ярьсан. Тэгтэл 1 эмэгтэй нь гаднаас орж ирээд чи гарч бай бид 2-т ярих юм байна гэхээр нь би тэр чигтээ тамхи татахаар гарсан. Би тамхи татах гээд гарчхаад буцаад буудлын өрөө рүү орох гээд шатаар өгсөж байтал нөгөө 3-н охины 2 эмэгтэй  нь шатаар бууж байсан. ...Би буудлын өрөө ороход Г 1 эмэгтэйтэй нь хамт орон дээр хэвтэж байсан. Тэгэхээр нь би буцаад шатаар доошоо бууж байтал нөгөө гарсан 2 эмэгтэйн 1 эмэгтэй нь надтай зөрөөд шатаар өгсөж байсан...тэгээд Г босоод миний гар утас, виза карт байхгүй байна гээд байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 90-91),

- Эд зүйлийн үнэлгээний тайланд “...”Samsung S7” загварын хуучин хэрэглэж байсан гар утас...700.000 төгрөг...”ХААН” банкны виза карт...562.400 төгрөг буюу нийт 1.262.400 төгрөг” гэх баримт (хавтаст хэргийн 14),

- “ХААН” банкны Г.Г-н 5020....46 дугаар депозит дансны хуулга (хавтаст хэргийн 13),

- Шүүгдэгч О.Ур мөрдөн шалгах ажиллагаанд: “...буудалд ...Т гар утсыг нь аваад явцгаая гэтэл А картыг нь авчихъя гэж хэлсэн. Тэгээд би нэг залууг нь аваад 00-н өрөө рүү оруулж саатуулсан. ...картаас нь 450.000 төгрөг аваад хувааж авсан. ...Т хулгайлсан “Samsumg S7” маркийн гар утсаа авч гараад зарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 107-108),

- Шүүгдэгч Т.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ...А, У хоёрт Г гэх залуугийн гар утсыг нь авъя гэж хэлсэн. ...тэгтэл А картыг нь бас авчихъя гэж хэлсэн. Тэгээд У Г хамт явж байсан залууг саатуулаад 00 авч орсон. Тэр хооронд А над руу нүдээ ирмээд Г дээр гараад үнсээд эхлэхээр нь би дохиог ойлгоод савхин хүрмийн халаасанд байсан “ХААН” банкны карт, “Samsung S7 edge” маркийн гар утас зэргийг авсан. ...А, У бид нар ...АТМ дээр зогсоод Г-н банкны картыг уншуулж 450.000 төгрөг аваад мөнгөө бид гурав хүний 100.000 төгрөгөөр хувааж аваад үлдэгдэл 150.000 төгрөгөөр нь хоол хүнсний зүйл аваад таксины мөнгө өгөөд дуусгасан. ...Хархорин зах дээр ... “Samsung S7” гар утсыг замын хүнд 400.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 110-111),

- Шүүгдэгч Ц.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...У Г гэх залуугийн хамт явж байсан залууг дагуулаад 00-ын өрөө рүү орсон. Би Г гэх залууг саатуулж юм яриад дээр нь гараад үнссэн. Тэр үед Т орны хажууд байсан куртикний халааснаас гар утас, “ХААН” банкны виза карт хоёрыг нь аваад гараад явсан. ... Т гарч яваад хулгайлсан гар утсаа зарчхаад хүрээд ирсэн. ...Т “J” нэртэй бааранд сууж байхдаа энэ залуугийн гар утсыг авъя гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 113-114) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл О.У, Т.Т,  Ц.А нар нь хууль зүйн хувьд шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө болох зорилгоор иргэн Г.Г-н “ХААН” банкны виза карт, “Samsung S7” маркийн гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч О.У, Т.Т, Ц.А нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нар улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Г-д 1.262.400 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч нар нь хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас

- Шүүгдэгч У, Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

- Шүүгдэгч А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч нар нь гэм буруугийн хувьд маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тиймээс улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтээс доогуур хэмжээгээр нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.У, Т.Т, Ц.А нар нь хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба тэдэнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч О.У, Т.Т, Ц.А нарт Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирдлага болгон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан улсын яллагчийн санал болгосон дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч О.У, Т.Т нарыг 400 цагийн хугацаагаар, харин шүүгдэгч Ц.А-н хувийн байдал буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан байдлыг үндэслэн 560 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч нарыг хуульд заасны дагуу гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан тул Эрүүгийн хуульд зааснаар тэдэнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг өдрийн 4 цагийн хугацаагаар тогтоож, тэрээр оногдуулсан ялыг биелүүлээгүй бол дээрх ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.А нь энэ гэмт хэрэгтээ 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс (хавтаст хэргийн 137-138) мөн оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл нийт 20 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх ба түүний цагдан хоригдсон нийт хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл хуульд зааснаар шүүгдэгчийн цагдан хорих талсан сэргийлэх арга хэмжээ авагдсан 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, цагдан хоригдсон нийт 20 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 160 цагаар тооцож эдлэх ялаас хасаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгч Ц.А-д нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан учир түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Эрүүгийн 2017 2601 0000 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч овогт О.У, С овогт Т.Т, З овогт Ц.А нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.У, Т.Т нарыг тус бүрийг 400 (дөрвөн зуун) цагийн хугацаагаар, шүүгдэгч Ц.А-г 560 (таван зуун жар) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-н цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 20 (хор) хоногийг буюу нийтэд тустай ажил хийлгэх ялын 160 цагийг эдэлсэнд тооцож эдлэх ялаас хассугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.У, Т.Т, Ц.А нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоосугай.

5. Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ял оногдуулж болохыг тус тус анхааруулсугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдолгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Ц.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.МӨНХЗУЛ