Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2018/00688

 

Ж.Дгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 138/ШШ2017/00994 дүгээр шийдвэр,

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 201/МА2018/00002 дугаар магадлалтай,

Ж.Дгийн нэхэмжлэлтэй

“С-Ө”ХХК-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 2 460 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтохын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Д миний бие 2012 онд “С-Ө”ХХК-ийн барьцаат зээлийн газарт өөрийн эхээс өвлөж ирсэн 8 хэрэглэлтэй мөнгөн эмээлийг 360.000 төгрөгийн барьцаанд тавьж, 2013 оны 04 сарын 9-ний өдрийг хүртэл сар бүр 36.000 төгрөгийн хүүг тасралтгүй төлж ирсэн. Гэрээг түүнээс хойш сунгаагүй. 2014 оны 6 сард ломбарданд байдаг Цолмонгэрэлтэй таарч эгч нь мөнгөгүй болоод очиж чадахгүй байна мөнгөтэй болмогц очно гэхэд Цолмонгэрэл тэгээрэй гэсэн. Тэгээд наадмын олон хоног таарч очиж чадахгүй байсаар 2013 оны 7 сарын сүүлчээр очиход Цолмонгэрэл эмээлийг чинь манай нөхөр Архангай аймаг руу явуулсан гэсэн. Тэгэхээр нь би эхээс маань өвлөгдөж ирсэн эмээл зарж болохгүй гэдгийг хэлсэн. Танайд барьцаанд тавиад удсан ч гэсэн хүүг нь байнга төлж байсан, хүний үнэтэй цэнэтэй юмыг зарж болохгүй гэхэд Цолмонгэрэл би мэдэхгүй нөхөр мэднэ гэсэн. 2014 оны 8 сард очиход 1.028.000 төгрөг төлөөд эмээлээ ав гэсэн. Тэгээд 9 сард 1.028.000 төгрөг олоод очтол дахин 550.000 төгрөг нэмж төл гэхээр нь яасан их мөнгө төлдөг юм бэ гэхэд манай нөхөр мэднэ гэсэн тайлбар өгсөн. Тэгээд миний эмээл байгаа эсэхийг асуухад таны эмээл анх өгсөн боолттойгоо байгаа гэж байсан. Тэгээд Цолмонгэрэлтэй үл ойлголцсон учир мөнгөө өгч чадалгүй буцсан. 2014 оны 10 сард Цолмонгэрэлтэй утсаар ярихад эмээлийг чинь авсан хүн УБ хот явах гээд байна мөнгөө яаралтай шилжүүл гэхээр нь дансаа явуулчих гэсэн чинь нөхөр Батсуурийнхаа дансыг явуулсан байсан. Энэ мэтээр худлаа яриад эмээлийг маань өгөхгүй байна. Иймээс Цолмонгэрэлээс эмээлээ гаргуулан авах буюу эмээлийн үнэ 4.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч эмээлийн үнэлгээ 3.000.000 төгрөг гэж гарсан учир эмээлийн үнэ 3.000.000 төгрөгөөс ломбарднаас авсан зээл 360.000 төгрөг, зээлийн алданги 180.000 төгрөгийг тус тус хасч, 2.460.000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Д нь “С-Ө”ХХК-ийн барьцаат зээлийн газраас 360.000 төгрөгийг зээлж, тэдний хооронд барьцааны гэрээ 2012 оны 9 сарын 29-ний өдөр байгуулагдсан бөгөөд Ж.Д нь 2013 оны 04 сарын 9-ний өдрийг хүртэл хүү төлсөн болох нь нотлогдож байгаа.Ж.Дгийн хувьд ломбарданд эмээлээ барьцаанд тавьсан гэдэг нь үнэн бөгөөд хүү алдангийг хүртэл төлсөн байдаг. Нэхэмжлэгч барьцаат зээлийнхээ хүү алдангийг төлөх тусам хүү алданги нь өсөөд байсан учраас энэ 2 хүний хооронд маргаан үүссэн байгаа. Ж.Д нь Ц.Цолмонгэрэлд эмээлийг зарж болохгүй талаар удаа дараа хэлсэн боловч хариуцагч нь нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр эмээлийг 1.000.000 төгрөгөөр 2014 оны 6 сард бусдад зарсан нь хууль зөрчсөн үйлдэл байна. Ж.Дгийн барьцааны зүйлийн гэрээний сунгалт хийсэн гэж хариуцагч тайлбарлаж буй боловч Ж.Д гэрээг сунгасан тухай гарын үсэг огт зурж байгаагүй, Ц.Цолмонгэрэл л гарын үсгээ зурж тэмдэглэл хийсэн байдаг. Барьцаалан зээлдэх газар нь бусдын эд хөрөнгийг зарж борлуулахдаа зээлдэгчид мэдэгдэх үүрэгтэй байдаг боловч хариуцагч тухайн үүргээ биелүүлэлгүй бусдын эд хөрөнгийг зарж борлуулсан байна. Ж.Д анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ломбардны эзэн Ц.Цолмонгэрэлд холбогдуулан гаргасан. Гэтэл Улсын Дээд шүүхээс “С-Ө”ХХК-ийг хариуцагчаар оролцуулаагүй гэж хэрэг хүчингүй болсон учраас манай талаас тус компанийг хариуцагчаар татсан байгаа. Эмээл бол үе удам дамжиж ирсэн, хуучин Батноров хийцийн эмэгтэй хүний 8 хэрэглэлтэй, тохоожоороо байсан мөнгөн эмээл байсан. Энэ эмээл байхгүй болсон учраас бид интернетээс хайж байгаад эмээлтэйгээ хийц, загварын хувьд ижил төстэй хийцтэй эмээлийн үнээр жишиг болгож үнэлгээг тогтоолгосон. Хариуцагч уг үнэлгээг зөвшөөрөхгүй гээд байгаа боловч энэ үндэслэлээ шүүхэд нотолж чадаагүй байгаа. Ж.Дгийн хувьд эмээлээ бусдад зарагдсан гэдгийг 2014 оны 6 сараас хойш мэдсэн. ...Иймд “С-Ө” ХХК-иас эмээлийн үнэд 2.460.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Эмээл 3.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн учраас 3.000.000 төгрөгөөс ломбарданд төлөх ёстой байсан зээл 360.000 төгрөг, түүний алдангид 180.000 төгрөг буюу 540.000 төгрөгийг хасч, үлдэгдэл 2.460.000 төгрөгийг нэхэмжилсэн гэжээ.

Хариуцагч “С-Ө”ХХК-ийг төлөөлж, тус компанийн захирал ажилтай Ц.Цолмонгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 оны 09 сарын 29-ны өдөр Ж.Д 8 хэрэглэлтэй модон эмээл манай барьцаалан зээлдэх газарт 1 сарын хугацаатай барьцаанд тавьж, 360.000 төгрөг авсан. Тухайн үед манайх мөнгөн эдлэл барьцаанд авдаггүй байсан боловч Ж.Д эгчийг гуйгаад байхаар нь авсан. Эмээлийг барьцаанд аваад зээлийн гэрээний хугацаа дуусахад Ж.Д эгч зээлийн гэрээгээ сунгуулахгүй явсаар байгаад 2 сарын хүү алдангийн мөнгийг л төлсөн өөр ямар ч мөнгө төлж байгаагүй. Би Ж.Дд зээлээ төлөх талаар олон удаа хэлж байсан. Гэрээний хугацаа дууссан учир таны эмээлийг зарж борлууллаа шүү гэхэд Ж.Д эмээлээ буцааж авна гэчихээд ирэхгүй 4-6 сарын хугацаа өнгөрсөн учраас би эмээлийг нь зарж борлуулсан. Эмээлийг зарах гэж зөндөө үзсэн бүр Улаанбаатар хот руу хүртэл явуулж байсан боловч зарагдахгүйгээр буцаж ирдэг байсан. Би Ж.Дтэй хоолны газар таараад таны барьцаанд тавьсан эмээлийн хүү, алданги 1.500.000 төгрөг болсон шүү гэхэд удахгүй мөнгийг чинь араас чинь шилжүүлнэ гээд миний дансны дугаарыг авсан боловч ирээгүй. Эмээлийг 3.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг эмээл нь тохоожоороо эмээл байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтох шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Ж.Д Ц.Цолмонгэрэл нарын хооронд зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан. Гэрээг 2012 оны 09 сарын 29-ний өдөр 1 сарын хугацаатай байгуулсан. Зээлийн гэрээнд зааснаар зээлийн гэрээний дууссанаас хойш 14 хоногийг дотор барьцаанд авагдсан эд зүйлийг зарж борлуулахыг хүлээн зөвшөөрч Ж.Д зээлийн гэрээг байгуулсан байдаг. Барьцааны эд хөрөнгийг Ц.Цолмонгэрэл гэрээнд заасан 14 хоногийн хугацаа дууссан байхад зарж борлуулалгүйгээр Ж.Дд удаа дараа мэдэгдэж байсан. 2013 оны 09 сарын 21-ний өдөр Ц.Цолмонгэрэлтэй утсаар ярьж хэдэн төгрөг төлж эмээлээ авах талаар асуусан байдаг. Тэр үед Ц.Цолмонгэрэл хүү, алданги төлөх талаар тайлбарлан өгөхөд Ж.Д хүлээн зөвшөөрөөд явсан байдаг. Хамгийн гол нь гэрээ байгуулагдсанаас 4 жил 3 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн эд хөрөнгийн үнэлгээний хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үнэлгээ хийсэн комиссын бүрэлдэхүүн үнэлгээ тогтоох мэргэжлийн хүмүүс биш бөгөөд үнэлгээ хийхэд тухайн үнэлсэн эд хөрөнгө байхгүй байхад юуг баримтлан үнэлсэн нь өөрөө учир шалтгааны хувьд зөрүүтэй байна. Хэрвээ үнэлгээ гаргуулах байсан бол шүүхэд хүсэлтээ өгөөд шүүгчийн захирамжаар мэргэжлийн байгууллагаар үнэлгээ хийлгэх ёстой байсан боловч тухайн эрхийг эдлэлгүйгээр мэргэжлийн бус хүнээр үнэлгээ хийлгэсэн байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэхдээ шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир үнэлгээ гаргуулах хүсэлт гаргах шаардлагагүй гэж үзсэн. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 31-ний өдрийн 138/ШШ2017/00994 дугаар шийдвэрээр Монгол Улсын Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т заасныг баримтлан хариуцагч “С-Ө”ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 2 460 000 /хоёр сая дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Дд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78.950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С-Ө”ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 54.310 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Дд олгож шийдвэрлэжээ.

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 201/МА2018/00002 дугаар магадлалаар Хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтохын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 31-ны өдрийн 138/ШШ2017/00994 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтохын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 54310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтох хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг тус тус эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Иргэн Ж.Дгээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р багт байрлах “С-Ө” ХХК-иас зээлийн гэрээний барьцаанд тавьсан эмээлийн үнэ болох 3 000 000 төгрөгнөөс үндсэн зээл алдангийг хасаад нийт 2 460 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Тус нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхүүд бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх маргааны зүйл болох 8 хэрэглэлтэй мөнгөн эмээлийн үнийг буруу тогтоосон. Нэхэмжлэгч талаас эмээлийн үнэлгээг Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын тамгын газрын орон тооны бус үнэлгээний комиссоос тогтоосон “зах зээлийн үнийн тодорхойлолт” гэх баримтыг гаргаж өгсөн. Энэхүү үнэлгээг тогтоосон баримт нь ИХШХШТХууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиудад заасан журамд нийцдэггүй юм. Хуучны алт, мөнгө, үнэт эдлэлийн үнийг хүн бүр тогтоох боломжгүй. Үүнийг тусгай мэдлэг эзэмшсэн, тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эд зүйлийн үнэлгээ тогтоож буй шинжээч, шинжилгээний байгууллагаар тогтоолгох нь хуульд нийцнэ. ИХШХШТХ-ийн 47-р зүйлийн 47.1-д зааснаар тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүгч захирамж гарган шинжээчийг томилдог журамтай. Гэвч нэхэмжлэгч талаас шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй, шүүгчийн захирамж гараагүй юм. Эмээлийн зах зээлийн үнэлгээг тогтоосон гэх этгээдүүд нь Ж.Дгийн 8 хэрэглэлтэй мөнгөн эмээлийг бодит байдлаар нь шинжиж үнэлгээ тогтоогоогүй. Барьцаанд тавьсан эмээлийг 2014.06.15-ны өдөр худалдан борлуулсан бөгөөд худалдаж авсан этгээд нь тус эмээлийг хэсэглэн зарж борлуулсан тухай гэрчээр мэдүүлэг өгөхдөө дурдсан. Мөнгөн эмээл нь өөрийн гэсэн хийц загвартай, орц хэмжээтэй, гөлөм, дөрөө, мод гэх мэт дагалдах хэрэгслүүд нь өөр өөрийн үнэлгээтэй, онцлог шинжтэй байдаг учир мөнгөн эмээл нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө бус нэг бүрийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө юм. Үнэлгээний объект болох 8 хэрэглэлтэй мөнгөн эмээл бодит байдал дээр байхгүй байхад хийсвэрээр 3 000 000 төгрөгний үнэтэй гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй байна. 8 хэрэглэлтэй мөнгөн эмээлийг худалдаж авсан Х.Насанбат нь шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ тухайн эмээлийн зах зээлийн үнэ нь 1 000 000 төгрөг хүрэхгүй байсан. Цагаан мөнгөний орц, хэмжээ багатай, дархан хүний нарийн нандин ур хийц байхгүй байсан учир үнэд хүрэхээргүй эмээл байсан тухай гэрчилдэг. Мөн “С-Ө” ХХК-ний 2014.06.15-ны өдрийн “найман хэрэглэлтэй эмээлийн мод” худалдсан тухай зарлагын баримт зэргээр Ж.Дгийн 8 хэрэглэлтэй мөнгөн эмээлийн зах зээлийн үнэлгээ нь 1 000 000 төгрөг болох нь тогтоогдсон байхад Анхан шатны болон Давж заалдах шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үнэлэхгүйгээр бодит байдалд нийцэхгүй, хууль бусаар үнэлгээ тогтоосон нотлох баримтыг үндэслэн “С-Ө” ХХК-иас 2 460 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Хоёр шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо “С-Ө” ХХК-ний 2014.06.15-ны өдрийн “найман хэрэглэлтэй эмээлийн мод” худалдсан тухай зарлагын баримтыг шийдвэрийн үндэслэл болгочихоод хариуцагч талаас эмээлийн бодит үнэлгээг тус баримтаар тогтоох ёстой гэсэн тайлбарыг хүлээн авалгүй, эмээлийн үнэлгээг 3 000 000 төгрөг хэмээн дүгнэснийг хэт нэг талыг барьсан гэж үзэж байна. Тус эмээлийн үнэлгээг “С-Ө” ХХК болон Ж.Д нар 2012.09.29-ний өдөр харилцан тохиролцож тогтоосон байдаг. Энэ нь “Суурь Өсөх” ХХК-ний барьцаат зээлийн гэрээний маягтан дээр ломбардны үнэлгээ гэсэн хэсэгт 80% гээд Зээлийн хэмжээн дээр 360 000 төгрөг гэж тохирсон байна. Өөрөөр хэлбэл, Ж.Дг “С-Ө” ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газарт эмээлээ барьцаалан зээл авах гээд ирэхэд эмээлийг 450 000 төгрөгөөр үнэлэн түүний 80%- тай тэнцэх хэмжээний төгрөгийг зээлүүлэх боломжтой гэдгийг хэлж, Ж.Д ч үүнийг хүлээн зөвшөөрөн барьцаат зээлийн гэрээг байгуулсан. Гэсэн хэдий ч хариуцагч эмээлийн үнэлгээг 2014.06.15-ны өдөр худалдсан 1 000 000 төгрөгөөр үнэлдэг юм. Иймд 1 000 000 төгрөгнөөс үндсэн зээл 360 000 төгрөг болон барьцаат зээлийн гэрээгээр тохирсон алданги болох 180 000 төгрөгийг хасаад нэхэмжлэгч Ж.Дд 460 000 төгрөг төлөх нь үндэслэлтэй юм. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь “Суурь Өсөх” ХХК-иас нэхэмжлэгч Ж.Дд 2 000 000 төгрөгийг илүү олгож шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд шийдвэр болон магадлалд тус тус өөрчлөлт оруулан “С-Ө” ХХК-иас 460 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Дд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ж.Д нь хариуцагч “С-Ө”ХХКомпанид холбогдуулж барьцааны зүйлийг худалдахдаа хууль зөрчсөн гэж үзэж, хохирол 2 460 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. Нэхэмжлэгч нь үндсэн зээл 360 000 төгрөг, алданги 180 000 төгрөгийг хариуцагчид төлөх ёстой гэж уг үүргийг барьцааны зүйлийн үнэ 3 000 000 төгрөгөөс суутгаж, үлдэх 2 460 000 төгрөгийг нэхэмжилжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу явуулсан, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийг зөрчөөгүй байна.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын гомдолдоо “...мөнгөн эмээлийн үнэ бодитой тогтоогдоогүй, мэргэжлийн бус этгээдийн үнэлгээг шүүх баримталж 3 000 000 төгрөгийн үнэтэй гэж дүгнэсэн нь буруу, ...мөнгөн эмээлийг худалдаж авсан этгээдийн мэдүүлгийг шүүх үнэлээгүй, ...зээл олгохдоо эд хөрөнгийн үнэлгээний 80 хувиас хэтрэхгүй хэмжээг гэрээнд зааж эмээлийн үнэ 1 000 000 төгрөг болохыг талууд тохирсон болохыг шүүх анхаараагүй, ...нэхэмжлэгчийн төлөх ёстой зээлийг хасаад 460 000 төгрөгийг төлнө...” гэж, энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахыг хүсчээ.

Шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Ж.Д нь барьцаалан зээлдүүлэх газар буюу “С-Ө”ХХК-иас  2012 оны 09 сарын 29-ний өдөр 360 000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлж, зээлийн үүргийн хангуулахаар 8 хэрэглэлтэй /эмэгтэй хүний/ мөнгөн эмээлийг барьцаанд тавьсан, зээлийн гэрээг 2013 оны 04 сарын 09-ний өдрийг хүртэл сунгасан, зээлийн үүрэг бүрэн биелэгдээгүй үйл баримтыг зохигч  маргаагүй байна.

Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д заасан гэрээ байгуулагдсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт хуулийн үндэслэлтэй байна. Талууд барьцаалан зээлдэх журмаар олгох зээлийн гэрээг бичгээр байгуулсан тул Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5-д заасан шаардлагыг хангасан, гэрээ хүчин төгөлдөр болно.

Зээлдэгч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас “С-Ө”ХХК нь барьцааны зүйл болох 8 хэрэглэлтэй мөнгөн эмээлийг 2014 оны 06 сарын 15-ны өдөр бусдад худалдан борлуулсан байна. Харин ийнхүү борлуулахдаа “С-Ө”ХХКомпани нь барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдээгүй, үүрэг гүйцэтгэх хуулиар тогтоосон хугацааг зээлдэгчид олгоогүй, барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж борлуулаагүй нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т заасан зохицуулалтыг зөрчсөн гэж үзнэ. 

Нэхэмжлэгч нь маргааны зүйл 8 хэрэглэлтэй мөнгөн эмээлийн үнийг Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын дэргэдэх үнийн комиссоор үнэлүүлж, 3 000 000 төгрөг гэж үзсэн, уг баримтыг хариуцагч үгүйсгээгүй, мэргэжлийн байгууллагаар үнэлгээ хийлгүүлэх талаар шүүхэд хүсэлт гаргаагүй тул шүүх хэрэгт байгаа баримтад тулгуурлаж, барьцаа хөрөнгийн үнийг тодорхойлсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т заасан журмыг зөрчөөгүй байна.

Барьцааны зүйл болох эмээлийг иргэн Х.Насанбат худалдаж авсан, эмээлийг 1 000 000 төгрөгийн үнэтэй гэж гэрчийн мэдүүлэг өгсөн хэдий ч энэ нь комиссын болон дуудлага худалдаагаар худалдах тохиолдолд тогтоогдох эмээлийн үнийг хангалттай тодорхойлж чадахгүй юм.

Хоёр шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийг эрх зүйн хувьд оновчтой тодорхойлж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Ж.Дгийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь барьцааны зүйлийг хуульд заасан журмаар борлуулаагүйгээс уг эд хөрөнгөөр хохирсон тул гэм хорыг арилгуулах агуулгатай байна.

Иргэний хуулийн 286.3-т ....барьцаалан зээлдэх газар нь барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж, үлдсэн мөнгийг буцааж олгоно.” гэж заасан нь гэм хорыг арилгуулах  нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамаарахгүй, хэрэглэвэл зохих хэм хэмжээ биш юм.

“С-Ө”ХХКомпани нь гэрээний нэг талын өмнө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс түүнд хохирол учруулсан ба Иргэний хуулийн 286 дугаар зүйл болон үүргийн нийтлэг үндэслэлд хохирол шаардах эрхийг заасан зохицуулалт байхгүй байна. Харин гэрээний нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчснөөс нөгөө талдаа учруулсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмын дагуу нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан зохицуулалтаар хохирлоо шаардах эрхтэй байх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 201/МА2018/00002 дугаар магадлал, Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 138/ШШ2017/00994 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...286 дугаар зүйлийн 286.3...гэснийг ... 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1...гэж өөрчилж, шийдвэр болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                          ШҮҮГЧ                                                   П.ЗОЛЗАЯА