Шүүх | Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бат-Эрдэний Батчимэг |
Хэргийн индекс | 121/2017/0022/з |
Дугаар | 01 |
Огноо | 2018-01-15 |
Маргааны төрөл | Газар, |
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 01
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын иргэн Д.О гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Засаг даргад холбогдох
“Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Засаг дарга Р.Н-н иргэн Д.О-н өвөлжөөний газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэж байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Гучин-Ус сумын 1 дүгээр багт орших “Ар хүйтэнгийн буудал” гэх газарт орших өвөлжөөний газрыг иргэн Д.О эзэмшүүлэх захирамж гаргуулахыг даалгуулах, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг, өмгөөлөгчөөр 5 удаа өргөдөл бичүүлсний хөлс 34000 төгрөг, Гучин-Ус сумын явсан замын зардал 8000 төгрөг, нийт 112200 төгрөгийн хохирол гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О , хариуцагч Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Засаг дарга Р.Н , гэрч Б.Б , Б.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..Д.О миний бие 1999 онд Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 1 дүгээр багт орших “Ар хүйтэнгийн буудал” гэх өвөлжөөний газарт малын хашаа саравч барьж суусан бөгөөд одоогоор энэ өвөлжөө дээрээ дүү Д.Б-н хамт малаа малладаг. Миний хувьд өвөлжөөний газар эзэмших эрхийн гэрчилгээ аваагүй... өргөдөл удаа дараа гаргасан боловч миний өргөдлийг шийдвэрлэж өгөхгүй эс үйлдэхүй гаргасан. Миний бие Гучин-Ус сумын Засаг даргын дээд шатны албан тушаалтан болох аймгийн Засаг даргад 2017 оны 8 сард өвөлжөөний газар эзэмших өргөдлийн талаар болон Гучин-Ус сумын Засаг даргын эс үйлдэхүйн талаар гомдол гаргасан. Аймгийн Засаг дарга надад 2017 оны 9 дүгээр сард Шуурхай удирдлагын төвд хандаж өргөдлийн хариуг ав гэсэн хариуг амаар өгсөн. Тэгээд Өвөрхангай аймгийн Мэдээлэл Шуурхай удирдлагын төвд хандахад 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1/202 тоот “Ар хүйтэнгийн буудал” гэх газрыг Д.Ш-д олгохоор шийдвэрлэсэн гэсэн Гучин-Ус сумын Засаг даргын өргөдлийн хариуг надад 2017 оны 10 дугаар сарын эхээр өгсөн. Гучин-Ус сумын Засаг дарга 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр болсон Иргэдийн Нийтийн хурлын товыг надад мэдэгдээгүй. Мөн уг өвөлжөөний газрыг Д.Ш-д олгохоор болсон Иргэдийн нийтийн хурлын саналыг мөн мэдэгдээгүй. Надад газар эзэмших өргөдлийн хариуг өгөөгүй. ... Миний бие Гучин-Ус суманд 1975 онд төрсөн. Гучин-Ус сумын уугуул иргэн бөгөөд 2004-2005 оны орчим хөгжлийн бэрхшээлтэй эгч, тэтгэвэрийн өндөр настан ээж хоёртоо асран хамгаалагчаар томилогдож асрах болсноор оршин суух хаягаа Арвайхээр сум руу шилжүүлсэн. Өвөлжөө дээрээ дүү Д.Б-г үлдээж өөрөө ирж очин малаа малладаг байсан. ...Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт “Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно” гэж заасан. Мөн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хуульчилж өгсөн. Би монгол улсын иргэн,”Ар хүйтэнгийн буудал” нь өвөлжөөний зориулалтын газар, уг газар бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй бөгөөд миний бие уг өвөлжөөний газрыг Ш гаас түрүүлж эзэмшиж, ашиглаж, өөрийн өвөлжөөгөө барьсан байсан бөгөөд уг газрыг эзэмших хүсэлтээ өгсөн байсан. Миний бие Газрын тухай хуульд заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг бүгдийг хангасан байхад Гучин-Ус сумын Засаг дарга уг өвөлжөөний газрыг надад эзэмшүүлэхгүй миний газар эзэмших эрхийг зөрчиж байна. ...намайг уг газрыг эзэмших хүсэлт гаргахаар шийдвэрлэж өгөхгүй эс үйлдэхүйгээр миний газар эзэмших эрхийг ноцтой зөрчин, олон сар жилээр намайг чирэгдүүлж, зардал мөнгө, цаг хугацаагаар хохироож байна. Иймд Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Засаг дарга Р.Н гийн иргэн Д.О гийн өвөлжөөний газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Гучин-Ус сумын 1 дүгээр багт орших “Ар хүйтэнгийн буудал” гэх газарт орших өвөлжөөний газрыг иргэн Д.О д эзэмшүүлэх захирамж гаргуулахыг даалгаж өгнө үү. ...Гадны хүнд газраа өгөхгүй гэсэн мөртлөө Төв аймаг руу шилжээд олон жил болж байгаа Б д өгөхөөр болсон байсан. ...аймгийн Шуурхай удирдлагын төвийн 1111-т хандаж аймгийн Засаг даргаар дамжуулж Гучин-Ус сумын Засаг даргаас албан тоотоор хариу авсан. ...Би удаа дараа сумын Засаг даргад өргөдөл бичээд шийдэгдэхгүй сүүлдээ шүүх дээр ирсэн байгаа. Би цаг хугацаа, мөнгө төгрөгөөрөө их хохирч байна. ...Миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагынхаа “шийдвэрлэхгүй” гэснийг “шийдвэрлэж” хэмээн өөрчилж байна. Мөн хариуцагчийн хууль бус үйл ажиллагааны улмаас өөрт учирсан хохирол болох 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцохоор явсан замын зардал 8000 төгрөг, Гучин-Ус сумын Засаг даргын эс үйлдэхүйгээс болж эрхээ хамгаалуулахаар өмгөөлөгчөөр 5 удаа өргөдөл бичүүлсний хөлс 34000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг, нийт 112200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Би нэг өргөдөл бичүүлэхэд 10000 төгрөгөөр бичүүлдэг. Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны товыг хувь хүнээс сонсоод Гучин-Ус сум руу ...2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ... 8000 төгрөг төлж хувийн таксинд сууж явсан. Жолоочийг нь танихгүй. Жолооч надад замын зардал төлсөн баримт өгөөгүй. Өмгөөлөгчөөр 5 удаа өргөдөл бичүүлэхэд нийтдээ 34000 төгрөг болж байсан. Өмгөөлөгч надад өргөдөл бичүүлсний хөлс төлсөн баримтыг өгөөгүй болохоор надад шүүхэд өгөх баримт байхгүй байна“ гэв.
Хариуцагч Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Засаг дарга Р.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.О нь ...2013 онд энэхүү асуудлаар ... шүүх хүртэл өргөдөл гомдол гарган ...2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 18А шийдвэрээр сумын Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 06 дугаартай ...захирамжийг үндэслэн Д.Ш-д олгосон 0056048 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Түүнээс хойш “Ар хүйтэн”-гийн буудалтай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргаагүй. ...Өмнөх газрын маргаантай шүүх хурал болсны дараа нэхэмжлэгч Д.О надад өргөдөл өгсөн. Би тэр өргөдлийг тухайн газрын даамал, багийн Засаг дарга хоёрт нь цохолт хийгээд багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлж шийдвэр гарга гэж хэлсэн. Тухайн үед тэр багийн иргэдийн Нийтийн Хурал болсон. Багийн иргэдийн Нийтийн Хурлыг бид районоор нь хэсэгчилж хийсэн. Үүнийг хүчин төгөлдөр биш багийн иргэдийн Нийтийн Хурал гэж бодоод Д.О г оролцуулаагүй. Сумын багийн иргэдийн Нийтийн Хурлыг би удирддаг субъект нь биш юм. Би дараагийн өргөдлийг нь бас газрын даамалд цохсон. Бүгд өргөдлийн бүртгэл дээр байгаа. Би багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүл гээд явуулсан. ...Би багийн иргэдийн Нийтийн Хурал болох гэж байна гээд зарлаад явдаг хүн биш. Тухайн багийн Засаг дарга, миний томилолт өгсөн хүмүүс бэлдэж явуулдаг. Заавал багийн иргэдийн Нийтийн Хурлаар оруул гэсэн Газрын харилцаа барилга, геодизи зураг зүйн газрын даргын тушаал байдаг юм билээ. Энэ тушаал аймгийн хэмжээнд мөрдөгдөөд явж байгаа. ...Нэхэмжлэгч нэхэмжлэл дээрээ шийдвэр гаргасан гэж бичсэн байсан. Тийм зүйл бол байхгүй. Маргаан гарна гэж бодоод би шүүхийн шийдвэрийг харсан янзтай байна. Энэ газрыг хэн нь авах нь надад хамаагүй. Д.О , Б хоёр бол төрсөн ах дүү хоёрын л хүүхдүүд байгаа. Би өргөдлийн хариуг хугацаанд нь өгөөгүй гэдэг хариуцлагаа хүлээнэ. Бусдаар бол надад дур мэдэн шийдвэр гаргах боломж байхгүй. ...Би Гучин-Ус сумын Хөөвөр 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал болоогүй учраас Д.О д өргөдлийн хариу өгөөгүй. Эхний Гучин-Ус сумын Хөөвөр 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд өөрийг нь суусан байсан учраас албан ёсоор өргөдлийн хариу өгөөгүй. Өөрийг нь тэндээс хариу авсан гэж бодсон. Надад аймгийн Шуурхай удирдлагын төвөөс албан тоот ирсэн. Түүний дагуу би Д.О д хариу хүргүүлсэн байгаа. ...2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдсан гэж байна. Үүнээс хойш “Ар хүйтэнгийн буудал” гэх газрыг хэн нэгэнд эзэмшүүлэх, ашиглуулахаар 2017 оноос хойш шийдвэр захирамж гаргаагүй. ...Б , Д.О нарт газар эзэмших газрын хувийн хэрэг байхгүй. Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өвөлжөө, хаваржааны газраа багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцээд энэ жилийн тогтоол, саналыг нэгтгэж авч, хүсэлтийг нь хүлээж авч баталгаажуулдаг. Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшүүлэх газрын тоо л орж ирнэ. Газрын байршил, нэр заадаггүй...” гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “1. Д овогтой Б миний бие ...нь Гучин-Ус сумын нэгдүгээр багийн иргэн ба тус нутаг орондоо малаа маллан ажиллаж амьдарч байгаа нь үнэн болно. 2. Ар хүйтэн гэдэг газар миний өвөг дээдсээс эхлээд эцэг эх маань бид ч амьдарч эзэмшиж байсан. Нэг дүү маань тэр газар өнгөрөөд бага хугацаанд бид тэр нутагтаа буулгүй эзэмшил маань хэвээрээ байтал Д.О миний юм, манай юм гэж булаацалдаад байгаа. 3. 2000 оноос эхлэн манайх хаваржааны хэрэглээгээр хэрэглэж байхад 2005 оны газар эзэмшлийн хуулийн гэрчилгээжүүлэлтээр тухайн багийн иргэдийн эзэмшиж нутаглаж буй газрыг гэрчилгээжүүлсэн. Манайх ч тухайн Ар хүйтэн гэдэг газар нутаглаж, хаваржиж байсан учир гэрчилгээг олгосон. Гэтэл 2013 онд Д.О нь мөн нэхэмжлэл гарган хоёр дахь шүүх хурлаар гэрчилгээг хүчингүй болгосон. 2005 оноос 2013 оныг хүртэл /газрын/ хаваржааны татвараа төлж байсан. 4. Д.О нь зун намрын цагт Тарагт сумын нутаг руу нүүн нутаглаж байгаад өвөл, хаврын цагт /2016 оны өвөл, 2017 оны намар, өвөл/ нутагладаг. Ер нь Д.О нь энэ сумын гуравдугаар багт төрсөн ч энэ сумын, энэ багийн иргэн биш. Шилжээд явсан иргэн юм. Ар хүйтэн гэж газар ирж буух үед бидний бэрхшээл их. Малын бэлчээр ойр, хамрын ар, өвөрт учраас мал нийлэх тал их байдаг. Одоо ч тийм бэрхшээл гарсаар байна. 5. 2017 оны 8 сарын 22-ны өдөр багийн хурал хуралдах гэж буйг айл саахалтаасаа дуулж миний бие тус хуралд очин өөрийн хүсэлтээ өргөдлөөр өгч мөн өөрийн гэрчилгээгээ хэрхэн хүчингүй болсон талаар тайлбар өгч газрын гэрчилгээг дахин олгож өгөх хүсэлт гаргасан. Багийн иргэд ч өөр өөрийн саналаа хэлж саналыг маань дэмжин 5 иргэний газрыг гэрчилгээжүүлэх багийн хурлын тогтоол гарсан ч одоо болтол гэрчилгээ олгогдоогүй. 6. Бидний амьдарч байсан /үе дамжин/ нутаг, газрын бэлчээр, 1 дүгээр багийн иргэн, өмнө нь хаваржааны эзэмшлийн гэрчилгээ минийх байсан, газрын татвараа төлж байсан зэргийг харгалзан үзэж хаваржааны газрыг эзэмшүүлж өгнө үү. 7. Д.О нь 2010 оноос эхлэн тус хаваржаан дээр алдаг оног буудаг ч энэ сумын, энэ багийн иргэн биш юм” гэжээ.
Гэрч Б.Б шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “... Хамгийн сүүлд 2017 оны 02 дугаар сард надад сумын Засаг дарга Д.О гийн өргөдөлд цохолт хийж өгсөн Энэ өргөдлийг 2016 онд багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэх боломжгүй байсан. Харин 2017 онд багийн иргэдийн Нийтийн Хурал болсон. Энэ хуралд Б ирсэн байсан. Харин Д.О байгаагүй. Энэ багийн иргэдийн Нийтийн Хурлын тэмдэглэлийг Цэнд гэдэг хүн бичиж тэмдэглэсэн байгаа. Энэ багийн иргэдийн Нийтийн Хурлаар багтаа амьдарч байгаа хүнд өгөх нь зөв гэж хэлэлцсэн. Иргэн Д.О д өгөх боломжгүй гэсэн шийдвэр гарсан. Сумын Засаг даргын зүгээс газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохдоо хүмүүсийн өгсөн өргөдлийг багийн иргэдийн Нийтийн Хурлаар үүнийг оруул, үүнийг битгий оруул гэж хэлсэн зүйл байхгүй. Тухайн сумын багийн иргэдийн Нийтийн Хурал шийддэг. Ямар нэгэн албан тушаалтан хажуугаас оролцох боломжгүй. Сумын багийн иргэдийн Нийтийн Хурлыг дотроосоо өөрснөө товоо зарладаг. Би Д.О г оруулахгүй гэж хэлээгүй. Багийн иргэдийн Нийтийн Хуралд юу хэлэлцэх тухайгаа бол хэлэхгүй. Харин Д.О г манай багийн иргэн биш учраас товыг хэлээгүй. Үүнийг би хүлээн зөвшөөрч байна. Монгол Улсын Үндсэн хуулинд зааснаар Монгол Улсын иргэн хаа ч газар эзэмших, өмчлөх эрхтэй байгаа. Үүнийг бид бүгд мэдэж байгаа. ...Бид нар шийддэг газраараа шийдсэн гэж бодож байна. Өвөрхангай аймгийн Шуурхай удирдлагын төвөөс албан бичиг ирсэн байсан. Би тэнд баг орон нутагтаа амьдарч, малаа маллаж байгаа хүмүүстээ өвөлжөө, хаваржааны газраа өгнө гэж бичсэн байгаа” гэв.
Гэрч Б.Н шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “Сумын Засаг даргын зүгээс багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд үүнийг оролцуулж болохгүй гэсэн зүйл байхгүй. Б гэдэг хүнд багийн иргэдийн Нийтийн Хурлыг товыг хэлээгүй. Манай багийн иргэн л бол хэлэх ёстой. Би өөрийн хэмжээндээ багийнхаа хүмүүст хурлын товыг хэлсэн байгаа. Ирц хангалтгүй л байсан. Б газрын асуудлыг шийдэх гэж байна гэдгийг яаж мэдэж ирснийг би мэдэхгүй...+ ирсэн байсан. Нэхэмжлэгчид яагаад тов хэлээгүйг мэдэхгүй. Миний багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга болсон анхны ...Хурал байсан. Б , Д.О нарын ”Ар хүйтэнгийн буудал”-ын газрын асуудал тэнд ард түмний сонголтоор шийдэгдсэн байгаа. Багийн иргэдийн Нийтийн Хуралд суусан хүмүүсийг гар өргүүлж санал хураалт явуулсан” гэв.
Шүүх хавтас хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч Д.О нь “Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Засаг дарга Р.Н гийн иргэн Д.О гийн өвөлжөөний газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Гучин-Ус сумын 1 дүгээр багт орших “Ар хүйтэнгийн буудал” гэх газарт орших өвөлжөөний газрыг иргэн Д.О д эзэмшүүлэх захирамж гаргуулахыг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Гэхдээ тэрээр шүүх хуралдаанд дээрх нэхэмжлэлийн шаардлагынхаа “...шийдвэрлэхгүй...” гэснийг “...шийдвэрлэж...” хэмээн өөрчлөн, “хариуцагчийн хууль бус үйл ажиллагааны улмаас өөрт учирсан хохирол болох улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг, өмгөөлөгчөөр 5 удаа өргөдөл бичүүлсний хөлс 34000 төгрөг, замын зардал 8000 төгрөг, бүгд 112200 төгрөгийг гаргуулах” гэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд /цаашид “гуравдагч этгээд” гэх/-ийн нэрийн тухайд: Шүүх энэхүү маргааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзэн тус шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 87 дугаар захирамжаар иргэн Д.Ш-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан. Шүүх гуравдагч этгээдэд нэхэмжлэлийн хувь гардуулах явцад гуравдагч этгээд Д.Ш нь нэрээ “Б ” болгон өөрчилсөн болох нь түүний иргэний үнэмлэх болон тайлбараар тогтоогдсон. Тиймээс шүүх гуравдагч этгээдийн нэрийг түүний иргэний үнэмлэхийн нэр болох “Д.Б ” гэх нэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болно.
Шүүх хуралдааны ирцийн тухайд: Тус шүүх гуравдагч этгээд Д.Б д шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба тэрээр тус шүүхэд 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тайлбараа, 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр өөрийгөө оролцуулалгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ тус тус ирүүлсэн байна. Мөн нэхэмжлэгч Д.О нь 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр иргэн Ц.Э болон Г.Т нарыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах тухай хүсэлтийг гаргасан. Гэвч нэхэмжлэгч нь гэрчийг шүүх хуралдаанд оролцуулах тухай дээрх хүсэлтээсээ татгалзсан бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь гуравдагч этгээд Д.Б байлцуулалгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай саналаа шүүх хуралдаанд гаргасан тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т зааснаар гуравдагч этгээд Д.Б оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэв.
Нэг. Нэхэмжлэгчийн “Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Засаг дарга Р.Н гийн иргэн Д.О гийн өвөлжөөний газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэж байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын тухайд: Нэхэмжлэгч Д.О нь хариуцагчийг “Ар хүйтэнгийн буудал” гэх газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмших тухай хүсэлтийг маань шийдвэрлэхгүй удаж байж шийдвэрлэсэн эс үйлдэхүйг гаргаж байна хэмээн мэтгэлцэж байна.
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “өргөдөл” гэж гомдлоос бусад асуудлаар төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан хүсэлтийг ойлгохоор хуульчлан тайлбарласан байна. Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хоног хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэжээ.
Харин Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан.
Тиймээс Гучин-Ус сумын Засаг дарга нь дээрх хуулийн зохицуулалтууд болон Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3[1] болон 6[2]-д зааснаар иргэн Д.О гийн гаргасан газар эзэмших тухай хүсэлтийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэн хариу өгөх үүрэгтэй байна.
Маргааны үйл баримтыг шалгаж үзэхэд: Иргэн Д.О нь Гучин-Ус сумын 1 дүгээр багийн нутаг “Ар хүйтэнгийн буудал” гэх газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмших хүсэлтээ багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэх тухай хүсэлтийг 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Гучин-Ус сумын Засаг дарга болон газрын даамал нарт тус тус хандан гаргаж байсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар[3] болон Гучин-Ус сумын Засаг даргын Тамгын газрын “Өргөдөл гомдлын бүртгэл”[4]-ээр нотлогдож байна.
Харин гуравдагч этгээд Д.Б нь 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн огноотой мөн “Ар хүйтэнгийн буудал” гэх газрыг эзэмшүүлэх тухай хүсэлт[5]-ийг Гучин-Ус сумын Засаг даргад хандан гаргажээ.
Түүнчлэн нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар Д.О нь аймгийн Засаг даргад хандаж “Ар хүйтэнгийн буудал” гэх газрыг эзэмших тухай хүсэлтийг шийдвэрлүүлэх тухай гомдлоо гаргасан бөгөөд Өвөрхангай аймгийн Засаг даргаас тус аймгийн Мэдээлэл шуурхай удирдлагын төвд угхүү гомдлоо гаргаж шийдвэрлүүл гэсэн хариуг амаар өгсний дагуу тэрээр мөн аймгийн Мэдээлэл шуурхай удирдлагын төвд хандан гомдлоо гаргасан байна. Харин Мэдээлэл шуурхай удирдлагын төв нь нэхэмжлэгчийн гомдлыг Гучин-Ус сумын Засаг даргад “харъяаллын дагуу” хэмээн шилжүүлжээ. Хариуцагч Гучин-Ус сумын Засаг дарга нь дээрх гомдлын хариуг 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1/202 дугаарын албан бичиг[6]-ээр өгсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон “Ирсэн баримт бичгийн бүртгэл”[7], Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 18 дугаарын албан бичиг[8], Д.О гийн өргөдөл[9], Гучин-Ус сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 45 дугаарын албан бичиг[10], Гучин-Ус сумын Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1/202 дугаарын “Өргөдлийн хариу хүргүүлэх тухай” албан бичиг[11] зэргээр тогтоогдож байна.
Гучин-Ус сумын Засаг даргын дээрх 1/202 дугаарын албан бичигт “...Хөөвөр 1 дүгээр багийн ИНХурал 08 дугаар сарын 22-ны өдөр хуралдаж “Ар хүйтэн”-гийн буудлыг хуралд оролцогчдын олонхийн саналаар тус багийн иргэн Д.Б олгохоор шийдвэрлэсэн байна...“ гэжээ.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд “...аймгийн Шуурхай удирдлагын төвийн 1111-т хандаж аймгийн Засаг даргаар дамжуулан Гучин-Ус сумын Засаг даргаас ...хариу авсан...” хэмээн тайлбарлаж байна.
Гэтэл Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5-д ““өргөдөл, гомдлыг шийдвэрлэх” гэж өргөдөл, гомдолд дурдсан асуудлыг бүх талаас нь судлан үзэж, түүний дагуу хууль тогтоомжид нийцүүлэн холбогдох арга хэмжээ авсныг мэдэгдэж, энэ хуульд заасан хугацаанд багтаан хариу өгөхийг” хэлнэ гэжээ.
Хариуцагчийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1/202 дугаарын “Өргөдлийн хариу хүргүүлэх тухай” албан бичгийг судалж үзэхэд Гучин-Ус сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлаас “Ар хүйтэнгийн буудал” гэх газрыг иргэн Д.Б д олгохоор шийдвэрлэсэн талаар мэдэгдсэн мэдээллийн чанартай баримт бичиг байна. Тодруулбал: Хариуцагчийн дээрх 1/202 дугаарын албан бичигт Д.О гийн “Ар хүйтэнгийн буудал” хэмээх газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмших тухай хүсэлтийг хангасан эсхүл татгалзсан шийдвэрийн чухам алийг нь гаргасан талаар тусгаагүй байгаа нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан шийдвэр гаргасан гэж үзэх боломжгүй, угхүү хуулийн зохицуулалттай нийцэхгүй байна.
Нөгөө талаар хариуцагч нь нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын газар эзэмших хүсэлтийг шийдвэрлээгүй болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан “...Одоогоор тэр Ар хүйтэнгийн буудлын газрыг тэр, энэ хүнд өгнө гэж гаргасан сумын Засаг даргын шийдвэр байхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэл дээрээ шийдвэр гаргасан гэж бичсэн байсан. Тийм зүйл байхгүй. Маргаан гарна гээд би шүүхийн шийдвэрийг харсан янзтай байна... Хөөвөр нэгдүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал болоогүй учраас өргөдлийн хариуг өгөөгүй...” гэх тайлбараар тогтогдож байх ба энэ нь түүний хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхээс зайлсхийсэн эс үйлдэхүй гаргаж байсныг илэрхийлж байна.
Дээрх бүгдээс дүгнэхэд хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар “Д.О гийн газар эзэмших тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа” эс үйлдэхүйг гаргасан байх ба харин нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл болох “хүсэлтийг хуульд заасан хугацааг хэтрүүлэн шийдвэрлэсэн” гэх үндэслэлээр түүний эс үйлдэхүй илэрхийлэгдэхгүй байна.
Хоёр. Нэхэмжлэлийн “Гучин-Ус сумын 1 дүгээр багт орших “Ар хүйтэнгийн буудал” гэх газарт орших өвөлжөөний газрыг иргэн Д.О д эзэмшүүлэх захирамж гаргуулахыг даалгуулах” шаардлагын тухайд:
Хариуцагч нь “Сумын иргэд, малчдад өвөлжөө, хаваржааны газрыг эзэмшүүлэхдээ Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын даргын 2010 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 497 дугаар тушаалаар батлагдсан “Сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах аргачлал”-ыг мөрдлөг болгон багийн Иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэн шийдвэр гарсны дагуу олгож байгаа болно”[12] гэж мэтгэлцэж байна.
Газрын тухай хуулийн зорилт[13] нь газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршдог. Харин энэ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т зааснаар сумын Засаг дарга нь газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр байна.
Нөгөө талаар сумын Засаг дарга нь үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийн 4.2 дугаар зүйлийн 4.2.1[14], 4.2.2[15], 4.2.5[16], 4.2.6, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1[17]-д заасан зарчмуудыг баримтлах үүрэгтэй ба мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсгийн “ж”-д зааснаар Монгол Улсын иргэнд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудалтай холбогдсон маргааныг Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх нийтлэг бүрэн эрх болон 31 дүгээр зүйлийн 31.1.3-т зааснаар Монгол Улсын иргэнд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх тусгайлсан бүрэн эрхийг тус тус хэрэгжүүлдэг албан тушаалтан юм.
Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т “...Өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхийг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж[18] болно”, 52.4-т “...сум ...-н иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь байгаль орчин, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан нутаг дэвсгэртээ бэлчээрийн болон суурин мал маллагааны бүс нутгийг тогтоож болно” гэжээ. Гучин-Ус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тус сумын нэгдүгээр багийн нутагт бэлчээрийн болон суурин мал маллагааны бүс нутгийг тогтоогоогүй болох нь тус шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл[19]-ээр нотлогдож байна.
Нэгэнт эрх бүхий төрийн байгууллагаас Д.О , Д.Б нарын эзэмшихийг хүсч буй “Ар хүйтэнгийн буудал” гэх газрыг Гучин-Ус сумын бэлчээрийн болон суурин мал маллагааны бүс нутгаар тогтоогоогүй тул хариуцагч нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын “ж”, 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т тус тус зааснаар дээрх иргэдийн гаргасан газар эзэмших тухай хүсэлтийг шийдвэрлэх бүрэн эрхээ хэрэгжүүлэх үүрэгтэй. Тодруулбал: Хэдийгээр газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх нь сумын Засаг даргын “бүрэн эрх” гэж байгаа боловч тухайн эрхийг өөр хэн нэгэн этгээд /тухайлбал” багийн иргэдийн Нийтийн Хурал/[20] эдлэх, хэрэгжүүлэх боломжгүй тул энэхүү бүрэн эрхээ хэрэгжүүлэх замаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх үүрэг сумын Засаг даргад үүснэ. Учир нь сумын Засаг дарга энэхүү бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй бол газар эзэмшүүлэх асуудал шийдвэрлэгдэхгүй байдалд хүрэх учраас тэрээр хуулиар олгогдсон “бүрэн эрх”-ээ заавал хэрэгжүүлэх “үүрэг”-ийг давхар хүлээж байна.
Хариуцагчийн мөрдлөг болгож байгаа хэмээн тайлбарлаж буй Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын даргын 2010 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 497 дугаар “Аргачлалыг шинэчлэн батлах тухай” тушаалаар батлагдсан “Сумын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөө боловсруулах аргачлал”-ын “Өвөлжөө, хаваржааны доорхи газрыг эзэмшүүлэх, бэлчээрийн талбайг бэлчээр ашиглалтын бүлэгт урт хугацаагаар ашиглуулах болон хадлангийн талбайг эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг төлөвлөж, хэрэгжүүлэх” хэсгийн 1.4-т зааснаар иргэнд өвөлжөө, хаваржааны доорхи газрыг эзэмшүүлэх асуудлыг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж шийдвэрлэсний дагуу иргэнээр хүсэлт гаргуулах ажлыг багийн Засаг дарга гүйцэтгэхээр зохицуулжээ. Харин дээрх хэсгийн 1.6-д өвөлжөө, хаваржааны доорхи газрыг иргэнд эзэмшүүлэх шийдвэрийг сумын Засаг дарга гаргахаар байна. Энэхүү аргачлалын дээрх хэсгийн агуулга нь иргэн нь өөрийн нутагладаг өвөлжөө, хаваржааны буудлын доорхи газрыг эзэмших тухай хүсэлтээ харъяа багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэн сумын Засаг даргад гарган шийдвэрлүүлж байхаар зохицуулжээ. Гучин-Ус сумын 1 дүгээр багийн нутаг “Ар хүйтэнгийн буудал” гэх газарт нэхэмжлэгч Д.О нь нутаглаж байгаа, уг газар малын хашаагаа барьсан болох нь тус шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан “...Би 1999 оноос хойш 19 жил ...”Ар хүйтэнгийн буудал” гэх газар нутаглаад одоог хүртэл малаа маллаад байж байна. ...Би зарим нэг жил өвөлжихгүй отор нүүдэл хийгээд явсан жил бий...” гэх тайлбар болон хариуцагчийн “...”Ар хүйтэнгийн буудал” гэх газарт барьсан хашаа нь Д.О гийн хашаа...” гэх тайлбаруудаар тус тус нотлогдож байх ба гуравдагч этгээдийн “...Д.О нь 2010 оноос эхлэн тус хаваржаан дээр алдаг оног буудаг ч энэ сумын энэ багийн иргэн биш юм” гэх тайлбар нь уг газар иргэн Д.О нутагладгийг үгүйсгэхгүй байна.
Тэгээд ч энэхүү хэргийн оролцогч болох Д.Ш [21]-гийн “Ар хүйтэнгийн буудал” гэх газрыг эзэмших эрхийн 0056048 дугаарын гэрчилгээг “иргэн Д.О гийн өөрийн нь барьсан “Ар хүйтэнгийн буудал” буюу тус буудлын доорхи газрыг эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн” гэх үндэслэлээр хүчингүй болгосон 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 18А дугаарын шийдвэр[22], мөн Д.Ш д “Ар хүйтэнгийн буудал” гэх газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Гучин-Ус сумын Хөөвөр нэгдүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2014 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Шинээр өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлэх тухай” 04 дүгээр тогтоолын Д.Ш д холбогдох хэсгийг “...багийн иргэдийн Нийтийн Хуралд ...иргэдэд газар /өвөлжөө, хаваржааны/ эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх хэмжээ, бүрэн эрх олгогдоогүй” гэх үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаар бүхий тус шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байна.
Гэтэл Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Хөөвөр нэгдүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар нэхэмжлэгч Д.О , гуравдагч этгээд Д.Б нарын “Ар хүйтэнгийн буудал” гэх газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмших тухай хүсэлтүүдийг хэлэлцэн “Өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлэх тухай” 3 дугаартай тогтоол[23]-ыг гаргасан байх ба уг тогтоолоор Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8[24], Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2[25]-т заасныг үндэслэн иргэн Д.Б д “Ар хүйтэн” гэх газрыг эзэмшүүлж, иргэдтэй гэрээ байгуулж, эзэмшил ашиглалтад хяналт тавьж ажиллахыг газрын даамлыг түр орлон гүйцэтгэгчид үүрэг болгон шийдвэрлэж хариуцагч Гучин-Ус сумын Засаг даргын эдлэх бүрэн эрхийг эдэлжээ.
”Ар хүйтэнгийн буудал” гэх газрыг иргэн Д.Б д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Гучин-Ус сумын Хөөвөр нэгдүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 03 дугаар тогтоол нь одоо хүчин төгөлдөр үйлчилж байх ба энэхүү тогтоолын талаар хэргийн оролцогчдын хэн нь ч маргаагүй байна.
Тиймээс шүүх хүчин төгөлдөр үйлчилж байгаа захиргааны актаар шийдвэрлэсэн асуудлын талаар дахин шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах боломжгүй байна.
Нөгөө талаар Захиргааны хэргийн шүүх нь хэн ч маргаагүй захиргааны актын үндэслэлийг сайн дураар хянах эрхгүй. Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй юм.
Гурав. Нэхэмжлэлийн “Хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг, өмгөөлөгчөөр 5 удаа өргөдөл бичүүлсний хөлс 34000 төгрөг, Гучин-Ус сум руу нэг удаа явсан замын зардал 8000 төгрөг, нийт 112200 төгрөгийн хохирол гаргуулах” шаардлагын тухайд:
а/. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд:
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар төрийн эрх бүхий байгууллагаас энэ хуульд заасан үйлчилгээ үзүүлсний төлөө иргэн, хуулийн этгээдийн төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Харин мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд улсын тэмдэгтийн хураамж төлөх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч уг хураамж[26]-ийг урьдчилан төлдөг. Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиудад зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэснээс шалтгаалан нэхэмжлэгч, хариуцагч нарын хэнээр нь ямар хэмжээгээр төлүүлэх асуудлыг шийдвэрлэдэг эрх зүйн зохицуулалттай.
б/. Гучин-Ус сумын руу нэг удаа явсан замын зардал 8000 төгрөг, өмгөөлөгчөөр 5 удаа өргөдөл бичүүлсэн хөлс 34000 төгрөгийг тус тус гаргуулах шаардлагуудын тухайд: Нэхэмжлэгч нь энэхүү шаардлагуудынхаа үндэслэлийг “Гучин-Ус сум руу Хөөвөр нэгдүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцохоор 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр явсан. Тэгэхэд замын зардалд 8000 төгрөг төлж хувийн таксинд сууж явсан. Жолоочийг нь танихгүй. Жолооч надад замын зардал төлсөн баримт өгөөгүй. Өмгөөлөгчөөр 5 удаа өргөдөл бичүүлэхэд нийтдээ 34000 төгрөг болж байсан. Өмгөөлөгч надад өргөдөл бичүүлсэний хөлс төлсөн баримт өгөөгүй болохоор надад шүүхэд өгөх баримт байхгүй...” гэж тайлбарлаж байна.
Захиргааны хэргийн шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нотлох баримт цуглуулах үүрэгтэй боловч мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т зааснаар хэргийн оролцогч хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гаргаж өгөх, шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй.
Гэтэл нэхэмжлэгч Д.О нь дээрх нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг нотлох баримтыг гаргаж өгөөгүй /байхгүй гэж тайлбарлаж байгаа/, уг нотлох баримтыг гаргаж болох эх сурвалжаа шүүхэд зааж өгч чадахгүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтыг цуглуулах боломжгүй байна.
Тиймээс нэхэмжлэгчийн “Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Засаг дарга Р.Н гийн иргэн Д.О гийн өвөлжөөний газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэж байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Гучин-Ус сумын 1 дүгээр багт орших “Ар хүйтэнгийн буудал” гэх газарт орших өвөлжөөний газрыг иргэн Д.О д эзэмшүүлэх захирамж гаргуулахыг даалгуулах, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг, өмгөөлөгчөөр 5 удаа өргөдөл бичүүлсний хөлс 34000 төгрөг, Гучин-Ус сум руу явсан замын зардал 8000 төгрөг, нийт 112200 төгрөгийн хохирол гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсгийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын “ж”, 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3 болон 6, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн “Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Засаг дарга Р.Н гийн иргэн Д.О гийн өвөлжөөний газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэж байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Гучин-Ус сумын 1 дүгээр багт орших “Ар хүйтэнгийн буудал” гэх газарт орших өвөлжөөний газрыг иргэн Д.О д эзэмшүүлэх захирамж гаргуулахыг даалгуулах, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг, өмгөөлөгчөөр 5 удаа өргөдөл бичүүлсний хөлс 34000 төгрөг, Гучин-Ус сум руу явсан замын зардал 8000 төгрөг, нийт 112200 төгрөгийн хохирол гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.О гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, давж заалдах журмаар гомдол гаргаагүй этгээд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТЧИМЭГ
[1] Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3-т “өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх” гэжээ.
[2] Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 6-д “өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх” гэжээ.
[3] Хэргийн 1-3 /нэхэмжлэл/, 28-29 /хариуцагчийн тайлбар/ дүгээр хуудас.
[4] Хэргийн 30-32 дугаар хуудас.
[5] Хэргийн 40 дүгээр хуудас. Хариуцагчаас гаргасан нотлох баримт.
[6] Хэргийн 11 дүгээр хуудас. Гучин-Ус сумын Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1/202 дугаарын албан бичиг. Нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримт.
[7] Хэргийн 33-35 дугаар хуудас.
[8] Хэргийн 36 дугаар хуудас.
[9] Хэргийн 37 дугаар хуудас.
[10] Хэргийн 41 дүгээр хуудас.
[11] Хэргийн 11 дүгээр хуудас.
[12] Хэргийн 85 дугаар хуудас. Хариуцагчийн тайлбар.
[13] Газрын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.
[14] “хуульд үндэслэх” зарчим,
[15] “шуурхай тасралтгүй байх” зарчим,
[16] “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчим,
[17] “хууль дээдлэх” зарчим.
[18] Газар эзэмшүүлэх тухай зохицуулалт биш байна.
[19] Хэргийн 91-97 дугаар хуудас.
[20] Газрын тухай хууль болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хэн алинд нь ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ, ТҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ МАРГААНТАЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ бүрэн эрх болон үүргийг багийн иргэдийн Нийтийн Хуралд олгоогүй байна.
[21] Энэхүү хэргийн гуравдагч этгээд Д.Багдуу дээр дурьдагдаж буй захиргааны хэрэгт “Д.Шийбагдуу” гэх нэрээрээ гуравдагч этгээдээр оролцсон.
[22] Хэргийн 58-67 дугаар хуудас.
[23] Хэргийн 48-49 дүгээр хуудас.
[24] Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 Баг, хорооны Хурлын нийтлэг бүрэн эрхийг заасан бол мөн зүйлийн 17.1.8-д “иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагаас тухайн нутаг дэвсгэрийн байгалийн тодорхой төрлийн баялгийг хамгаалах, зүй зохистой ашиглах, эзэмших тухай хүсэлтийг хэлэлцэж саналаа сум, дүүргийн Хуралд уламжлах” гэжээ.
[25] Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т “Зуслан, намаржаа болон отрын бэлчээрийг баг, хот айлаар хуваарилж нийтээр ашиглана. Тухайн жилийн бэлчээрийн гарц, иргэдийн саналыг харгалзан өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг сум, дүүргийн Засаг дарга тогтоож, баг, хорооны Засаг дарга, иргэд мөрдөж хэрэгжүүлнэ. Өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхийг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно” гэжээ.
[26] Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан хэмжээгээр.