Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2021/0301

 

Б.А-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Т.Ч, Н.О нарыг оролцуулан Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Б.А-ын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Т.Ч, Н.О нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр:

“...Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалт, 14 дүгээр зүйлийн 14.1, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Нийгмийн Даатгалын хэлтсийн Улсын байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 28 дугаар актаар тогтоосон 11,476,249 төгрөгийн төлбөрөөс 5,952,677 төгрөгт холбогдох хэсгийг хэвээр үлдээж, 5,523,572 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгож...” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо:

“...Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулах дараах үндэслэлүүд байна. Үүнд:

1. Хууль хэрэглээний тухайд Улсын байцаагчийн 28 дугаартай акт буюу захиргааны акт нь Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасан “Хуульд үндэслэх” зарчмыг зөрчсөн акт байдаг. Тухайлбал 28 дугаартай актын гол үндэслэл нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг үндэслэсэн бөгөөд уг заалтад “Тэжээгчээ алдсаны тэтгэврийг гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнд нэгтгэн нэг тэтгэвэр тогтооно. Харин тогтоосон тэтгэврийг тэдний хүсэлтээр хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд адил хэмжээгээр хуваан олгож болно.” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл тэжээгчээ алдсаны тэтгэврийн хэмжээг тогтоох, олгох эрх захиргааны байгууллагад байна. Энэ талаар шүүхийн хэлэлцүүлгийн явцад захиргааны байгууллага хүлээн зөвшөөрдөг. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг тэжээгчээ алдсаны тэтгэврийн хэмжээг өөрөө бодож өөрөө өөртөө илүү мэтээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэн шийдвэрлэсэн байна. Энэ үндэслэлийг шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч гаргаж тавьсан боловч шүүхийн 05 хэмжээ нь олгосон дугаартай шийдвэр огт тусгагдаагүй байна.

2. Шүүхийн шийдвэрт Б.З нь Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тэжээгчээ алдсаны тэтгэмжийн өргөдлийг гаргаж тэтгэмж тогтоолгосон нь хавтаст хэрэгт нотлох баримтаар цугларсан гээд энэ талаар нэхэмжлэгч маргахгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч өөр газар өөр этгээд тэжээгчээ алдсаны тэтгэмжийг тогтоолгон авч байсан болохыг хэргийн материалтай танилцах явцад мэдсэн, Нийгмийн даатгалын байгууллага алдаа гаргаж 2 газар тэтгэмж тогтоон олгож байсан талаар мэдэх ёстой байсан мэтээр үндэслэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Хэдийгээр Ө.Д нь тэжээгчээ алдсаны тэтгэмж авах эрхтэй боловч ийнхүү 2 өөр газар тэтгэмж давхардуулан олгож улсын төсөвт хохирол учруулж байгаа нь нэхэмжлэгчийн буруутай үйлдэл /эс үйлдэл/ биш юм. Үүнийг хариуцагч байгууллага нэхэмжлэгчийн гаргасан Зөрчил гэж тайлбарлаж акт тогтоосон байдаг.

3. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад 28 дугаартай захиргааны актыг батлагдан гарсны дараа нэхэмжлэгчид утсаар мэдэгдэж нэхэмжлэгч хүрэлцэн очиж гарын үсэг зурж гардаж авсан талаар хариуцагч нэхэмжлэгч нар маргадаггүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн явцад талууд маргадаггүй. Гэтэл шүүхээс 28 дугаартай захиргааны актыг батлан гаргахаас өмнө сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу явуулсан байна гэж дүгнэж шийдвэрлэж байгаа нь Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

4. Маргаан бүхий захиргааны акт болох 28 дугаартай улсын байцаагчийн актаар нэхэмжлэгчид 11.476.249 төгрөгийг буцаан төлүүлэхээр заасан боловч Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 7/98 дугаартай хариугаар 28 дугаартай актыг 6.254.153 төгрөг төлүүлэх тухай залруулсан байна. Өөрөөр хэлбэл улсын байцаагчийн актыг дээд шатны байгууллага нь залруулаад шүүхээс залруулсан хэмжээгээр буюу 28 дугаартай актыг үндэслэж биш Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 7/98 дугаартай хариуг үндэслэн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

5. Нийгмийн даатгалын байгууллагаас хяналт шалгалт хийх явцад 2 өөр газар 2 этгээдэд тэжээгчээ алдсаны тэтгэмжийг зэрэг тогтоон олгосон зөрчил илэрсэн бөгөөд энэ нь тухайн байгууллагын дотоод зөрчил бөгөөд байцаагч нарын хариуцлагагүй үйл ажиллагаа юм. Мөн шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс хооронд холбогдож мэдээлэл авах боломж байхгүй гэх мэтээр тайлбарлаж байсан . Өөрөөр хэлбэл захиргааны байгууллагын харилцан уялдаагүй, алдаатай үйл ажиллагаанаас шалтгаалан улсын төсөвт 6.254.153 төгрөгийн хохирол учирсан байдаг. Үүнийг зөрчил гэж үзээд нэхэмжлэгчээс гаргуулж улсын төсвийн хохиролгүй болгуулах гэж байгаа нь Үндсэн хуульт, эрх зүйт төрийн зарчимд нийцэхгүй үйл ажиллагаа бөгөөд үүнийг анхан шатны шүүх баталгаажуулж байгаа нь харамсалтай байна.

Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад, шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Б.А иргэн Ө.Д-той 1994 онд гэр бүл болж, 1995 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас 2001 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүү Д-ийн Ө төрсөн бөгөөд 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр нөхөр Ө.Д нас барсан учир Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шимтгэл төлөх хугацааг хангасан тэжээгч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй дор дурдсан гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:”, 1-д “хууль ёсоор тэжээх өөр хүн байгаа эсэхийг харгалзахгүйгээр төрүүлсэн буюу үрчлэн авсан 19 нас хүрээгүй хүүхэд” 14 дүгээр зүйлийн 14.3-д “Тэжээгчээ алдсаны бүрэн тэтгэврийн доод хэмжээг хөдөлмөрийн чадваргүй 1 хүнд хөдөлмөрийн баталгаат хөлсний 50 хувиар, 2 хүнд 75 хувиар,3 ба түүнээс дээш хүнд 100 хувиар тус тус тогтооно. Харин тэжээгчээ алдсаны хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ нь мөн хөлсний 50 хувиас багагүй байна.” гэж тус тус зааснаар баталгаат хөлсний 50 хувиар тооцуулан тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгосон байна.

Харин нэхэмжлэгч Б.А-ын нөхөр Ө.Д-ийг нас барсны дараа иргэн Б.З нь  Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх /дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх/-д хандаж, тус шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 3864 дугаар шийдвэрээр Ө.Д-той хамтын амьдралтай байснаа тогтоолгож, тэдний дундаас төрсөн Д-ийн Д-д тэжээгчээ алдсаны тэтгэврийг Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээр тогтоолгосон үйл баримт тогтоогдсон учир Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Т.Ч, Н.О нар маргаан бүхий 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 28 дугаар актаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгосон, тэжээгчээ алдсаны тэтгэврийг гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд адил хэмжээгээр хуваан олгох хуулийн зохицуулалтыг Б.А-ыг зөрчсөн гэж үзэж 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарыг дуустал хугацаанд олгосон 11476249 төгрөгийг тэтгэврийн санд буцаан төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хэдийгээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шимтгэл төлөх хугацааг хангасан тэжээгч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй дор дурдсан гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:”, 1-д “хууль ёсоор тэжээх өөр хүн байгаа эсэхийг харгалзахгүйгээр төрүүлсэн буюу үрчлэн авсан 19 нас хүрээгүй хүүхэд” гэж тус тус зааснаар Д.Ө, Д.Д нар нь талийгч Ө.Д-ийн хүүхэд байх тул тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй байна гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн боловч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буюу маргаан бүхий актаар тогтоосон 11,476,249 төгрөгийн төлбөрөөс 5,952,677 төгрөгт холбогдох хэсгийг хэвээр үлдээж, 5,523,572 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь нэхэмжлэгч Б.А нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд “Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно.”, 28 дугаар зүйлийн 28.3-д “Тэтгэвэр авагч нь энэ зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан өөрчлөлтийн талаар нийгмийн даатгалын байгууллагад тухай бүр мэдэгдэх үүрэгтэй.”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Тэтгэвэр, тэтгэмжээс дор дурдсан үндэслэлээр суутгал хийж болно:” 29.1.1-д “тэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлснээс болон энэ хуулийн 28 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасан үүргээ өөрийн буруугаас болж биелүүлээгүйгээс үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмжийг төлүүлэх тухай шүүхийн эсхүл нийгмийн даатгалын байгууллагын шийдвэр гарсан бол;” зэрэг хуулийн зохицуулалтуудыг зөрчсөн гэж үзэх боломжгүй буюу тэжээгчээ алдсаны тэтгэвэр давхардуулан тогтоолгоход гэм буруутай болох нь хангалттай нотлогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-д “Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журмыг нийгмийн даатгалын төв байгууллагад тогтооно.” Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2010 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 163 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журмын 3.3-д заасны дагуу тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх баримт бичгийг Б.А нь бүрэн бүрдүүлэн хуульд заасан эрхээр хангуулж тэжээгчээ алдсаны тэтгэврийг өөрийн хүүхдэдээ захиргааны байгууллагад хандаж тогтоолгосон байна.

Нөгөөтээгүүр Төв аймгийн Баянчандмань суманд амьдардаг Б.А өөрийн нөхөр Ө.Д-той нь Улаанбаатар хотод иргэн Б.Золзаяа хамтран амьдрагч болохыг тогтоолгосон, Д.Д-д хүүхдийн төрсний гэрчилгээ олгосон, Б.З-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоосон болохыг мэдэх боломжгүй байхад тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгохдоо даатгуулагчийн гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй хүний тоог бүрэн хэлээгүй, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж үзэх боломжгүй.

Мөн маргаан бүхий актаар улсын байцаагч нар нь тооцооллыг буруу хийсэн, түүнийг залруулсан гэх “... Төв аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн улсын ахлах байцаагч уг тооцооллыг алдаатай хийсэн ба дахин тооцоолол хийхэд таны нийгмийн даатгалын санд буцаан төлөх илүү авсан тэтгэврийн дүн 6254153 төгрөг...” гэж нэхэмжлэгч Б.А-т хариу хүргүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 7/98 тоот албан бичгийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай 29 дүгээр зүйлийн 1 дэх заалтын 1/-д тэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлснээс болон энэ хуулийн 28 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасан үүргээ өөрийн буруугаас болж биелүүлээгүйгээс үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмжийг төлүүлэх тухай шүүхийн эсхүл нийгмийн даатгалын байгууллагын шийдвэр гарсан бол ... тэтгэмжээс суутгал хийж болно”  гэсний дагуу улсын байцаагчийн актыг зөвтгөсөн Нийгмийн даатгалын байгууллагын албан ёсны шийдвэрт тооцох боломжгүй учир маргаан бүхий акт нь өөрөө алдаатай гарсан захиргааны акт гэж үзнэ.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.” гэж зааснаар захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд шийдвэр гаргахаас өмнө мэдэгдэж, тайлбар, санал гаргах боломж олгон сонсох ажиллагаа хийх хуулийн зохицуулалттай. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Т.Ч, Н.О нар нь маргаан бүхий актыг гаргахдаа дээрх ажиллагааг хийгээгүй, зөрчил гаргасан байгааг дурдах нь зүйтэй.

Иймд тэжээгчээ алдсаны тэтгэмжийг захиргааны байгууллага өөрөө давхардуулан олгосон байтал нэхэмжлэгчийг өөрийн буруутай үйлдлийн улмаас тэтгэврийн санд хохирол учруулсан хэмээн буруутгаж тэтгэмжийг буцаан төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 29 дүгээр зүйлийн 29.1.1-д заасныг тус тус баримтлан Б.А-оос Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Т.Ч, Н.О нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 28 дугаар актыг хүчингүй болгосугай”, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан гомдол гаргагчид буцаан олгосугай” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                              Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                              Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                              Д.ОЮУМАА