Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 267

 

“Пи Жи Кью” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Т.Туяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2016/01429 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Пи Жи Кью” ХХК,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

 

Анхны албадан дуудлага худалдаа болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбайгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбай,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэржав,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтайван,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбай шүүхэд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 7118 дугаар захирамжаар 401 446 509 төгрөг, мөн шүүхийн шүүгчийн 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 6430 дугаар захирамжаар 94 719 492 төгрөг, нийт 496 166 001 төгрөгийг нэхэмжлэгч компаниас гаргуулж, Капитрон банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас төлбөрт хураагдсан, битүүмжлэгдсэн улсын бүртгэлийн Ү-2202015724, Г-2202000187 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасганы А гудамжны 003 хаягт байрлах өмчлөх эрхтэй, 972 м.кв хувийн сууц, үйлчилгээний зориулалттай барилга, мөн хаягт байрлах өмчлөх эрхтэй 488,2 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг албадан дуудлага худалдаанд оруулах болж, үнийн саналаа ирүүлэхийг 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 3/15011 дугаартай мэдэгдлээр мэдэгдсэн.

Нэхэмжлэгч компаниас албадан дуудлага худалдааны үнийн саналаа 2 050 000 000 төгрөгөөр хүргүүлсэн. Үүнийг төлбөр авагч зөвшөөрөөгүй бөгөөд 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хөндлөнгийн шинжээч томилуулан үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан байсныг надад танилцуулаагүй бөгөөд энэ тухай сая олж мэдсэн. 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр компанийн зүгээс 488,2 м.кв өмчлөх эрхтэй газрын үнийг 350 000 000 төгрөг, 972 м.кв хувийн сууц, үйлчилгээний зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй барилгын үнийг 1 000 000 000 төгрөг буюу Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар саналаа өгсөн.

Өөрөөр хэлбэл 1 350 000 000 төгрөг гэдэг үнэ нь Иргэний хуульд зааснаар 70 хувийн шаардлага хангасан саналыг өгсөн. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 1 350 000 000 төгрөгөөс 70 хувиар тооцож албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдэл ирүүлсэн. Анх өгсөн унийн саналаа 1 928 500 000 төгрөг болгож бууруулсныг манайхаас бусад шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талууд санаатайгаар төлбөр авагчид ашигтай, намайг төөрөгдүүлсэн байдлаар бууруулж шийдвэрлэн 70 хувьд тооцож өгсөн 1 350 000 000 төгрөгийн үнийн саналыг илт бууруулан тооцож анхны албадан дуудлага худалдаанд оруулж, хоёр дахь албадан дуудлага худалдаанд 2016 оны 09 дүгэзр сарын 30-ны өдрийн 10 цагт оруулах гэж байна.

Мөн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах товыг зарласан байхад нэхэмжлэгчид эрх бүхий байгууллагад гомдол гаргах, шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа олгохгүй тулгаж гардуулсан. Иймд Нийслэлийн шийдвзр гүйцэтгэх албаны 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа болон 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 10/275 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэржав шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгч “Пи Жи Кью” ХХК-д төлбөрөө сайн дураар төлөх мэдэгдлийг удаа дараа өгч, мэдэгдэж байсан боловч төлбөрөө төлөөгүй тул төлбөрт үүргийн гүйцэтгэлд барьцаалсан улсын бүртгэлийн Y-2202015724, Г-2202000187 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасганы А гудамжны 003 тоот хаягт байрлах 972 м.кв хувийн сууц, үйлчилгээний зориулалттай барилга, мөн хаягт байрлах 488.2 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газрын хамт битүүмжилж, хураан, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авч, анхны албадан дуудлага худалдаанд 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр оруулах тогтоолыг 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 9/294 тогтоол, мөн өдрийн 3/26305 дугаартай мэдэгдлийн хамт төлбөр төлөгч “Пи Жи Кью” ХХК-ийн захирал Д.Гантөмөрт мөн өдөр мэдэгдсэн.

Анхны албадан дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй тул үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нарын харилцан тохиролцож тогтоосон үнэ болох Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасганы А гудамжны 003 тоот 972 м.кв талбай бүхий хувийн сууц, үйлчилгээний зориулалттай барилгыг 850 000 000 төгрөгийн 50 хувиар тооцон 425 000 000 төгрөгөөр, мөн хаягт байрлах 488.2 мкв талбай бүхий өмчлөх эрхтэй газрыг 350 000 000 төгрөгийн 50 хувиар тооцон 175 000 000 төгрөгөөр, нийт 1 200 000 000 төгрөгийн 50 хувиар тооцон 600 000 000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас зохион байгуулах 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 10 цагт болох үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар тогтсон.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 10 цагт болох үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 10/275 тогтоол, 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 3/29615 мэдэгдлүүдийг төлбөр төлөгч компанийн захирал Д.Гантөмөрт мөн өдөр мэдэгдэж, хувийг гардуулан өгч гарын үсэг зуруулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20, 21, 22 дугаар зүйлд заасны дагуу төлбөр төлөгч болон төлбөр авагч талуудад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны мэдэгдэх хуудас, тогтоолын хувийг хуульд заасны дагуу гардуулан өгч гарын үсэг зуруулж, эрх үүргийг эдлүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан хугацаа хэтрүүлж гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтайван шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох “Пи Жи Кью” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт “Капитрон банк” ХХК нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа бөгөөд хариуцагчийн татгалзлыг дэмжиж байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ажиллагаа хуульд нийцсэн. Нэхэмжлэгч нь албадан дуудлага худалдааны үнэтэй холбоотой нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэл болоод нэхэмжлэгчийн эрх хэрхэн зөрчигдсөн байгаа нь тодорхойгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа болон 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 10/275 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн “Пи Жи Кью” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбай давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 15 цагт “Пи Жи Кью” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох иргэний хэргийг хэлэлцэх шүүх хуралдаан болсон. Тухайн үед миний бие Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 13.30 цагийн 3 дахь шүүх хуралдаанд орж давхацсан тул холбогдох нотлох баримтыг гарган өгч, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч эзгүйд хянан шийдвэрлэж, шийдвэр гаргасан байна.

Шүүхийн дээрх үйлдэл нь хүндэтгэн үзэх нөхцөл байдал байсаар байтал, шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож, хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалж, нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлах, мэтгэлцэх, холбогдох нотлох баримтыг өөрийн биеэр тайлбарлах, зохигчдод хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий асуулт тавьж, хариулт авах бололцоогоор хангаагүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 6.4, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс эс зөвшөөрч байна. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж нэхэмжлэгчийн иттэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаана уу гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Пи Жи Кью” ХХК нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан төлбөрт хураагдсан эд хөрөнгийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлдээ эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахдаа төлбөр төлөгчөөс өгсөн үнийн саналаас хэт багаар үнэлсэн гэснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 6430, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 7118 дугаар захирамжуудаар нэхэмжлэгч “Пи Жи Кью” ХХК-иас нийт 496 166 001 төгрөгийг гаргуулж “Капитрон банк” ХХК-д олгохоор шийдвэрлэснийг шүүгчийн 39374, 39204 дугаар захирамжаар  албадан гүйцэтгүүлэхээр захирамжилсны дагуу 4957, 4914 тоот гүйцэтгэх хуудаст үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 10 дугаар зүйлийн 10.1.1-т заасанд нийцжээ. /хх 22-28/

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч “Пи Жи Кью” ХХК-ийн 972 м.кв үйлчилгээний зориулалттай барилга, 488.20 м.кв газрыг битүүмжилж, төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд хураах мэдэгдлийг өгснөөр 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр уг эд хөрөнгүүдийг хурааж, анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар болжээ.

Ийнхүү төлбөр төлөгч “Пи Жи Кью” ХХК-иас ирүүлсэн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн албан бичиг/хх 37/-т газрыг 350 000 000, барилгыг 850 000 000, нийт 1 200 000 000 төгрөгийн үнийн санал гаргасныг үүрэг гүйцэтгүүлэгч “Капитрон банк” ХХК-иас хүлээн зөвшөөрсөн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2323 тоот албан бичиг/хх 43/-ээс үзэхэд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч болон төлбөр авагчид үнийн саналын хувьд тохиролцсон гэж үзнэ.

 Дээрх 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн албан бичиг/хх 37/-ийн агуулгаас үзвэл газар болон үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн саналд эд хөрөнгийг зах зээлийн үнээс 70 хувиар тооцсон гэх агуулга тусгагдаагүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнийн саналаа илэрхийлсэн гэж үзнэ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т зааснаар талууд төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнийг харилцан тохиролцож чадаагүй тохиолдолд шинжээч томилж, үнэлгээ хийлгэдэг бөгөөд төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн дуудлага худалдааны үнийг дээрх байдлаар харилцан тохиролцож тогтоосон, үнэлгээчин ажиллуулах нөхцөл бүрдэхгүй тул анхны албадан дуудлага худалдааг талуудын тохиролцсон үнэ 1 200 000 000 төгрөгийн дүнгийн 70 хувиар, хоёр дахь албадан дуудлага худалдааг 50 хувиар тооцож явуулсан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.2, 177.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Иймд шийдвэр гүйцэтгэлийн байгууллагыг үнийн саналыг үндэслэлгүйгээр бууруулсан гэж буруутгах үндэслэлгүйгээс гадна нэхэмжлэгч “албадан дуудлага худалдааны үнийг 2 050 000 000 төгрөгөөр хүргүүлсэн, үүнийг төлбөр авагч зөвшөөрөөгүй тул хөндлөнгийн шинжээч томилуулан үнэлгээ хийлгэх хүсэлтийг 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдөр гаргасан” гэх тайлбар, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар  нотлоогүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Түүнчлэн хариуцагч байгууллага төлбөр төлөгч “Пи Жи Кью” ХХК-ийн төлөөлөгч Д.Гантөмөрт шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлаж, ажиллагаа явуулсан тухай бүрт мэдэгдэл хүргүүлсэн, төлбөр төлөгч мэдэгдлийг хүлээн авснаа зөвшөөрч баталгаажуулсан баримт хэрэгт авагдсан тул шийдвэр гүйцэтгэгч ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгчийн  эрхийг хангасан, мэдэгдлийг хүлээн авснаас хойш хуульд заасан хугацаанд эрх бүхий этгээдэд гомдол гаргаж хянуулах боломжийг бүрдүүлсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Гантөмөрт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо эдлэх эрх, хүлээх үүргийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тайлбарлаж, хэргийн материалтай танилцуулж, шүүх хуралдааны тов мэдэгдэн, хэргийн оролцогчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг хангаж, эрх үүргээ хэрэгжүүлэх хангалттай хугацаа олгосон байна./хх 19, 55,56/  

Улмаар 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн итгэмжлэлээр эрх олгогдсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашибайд эрх, үүргийг тайлбарлан өгч, хэргийн материалтай танилцуулан, шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжоор хангаж, шүүх хуралдааныг товлож, товыг 2016 оны 10 дугаар сарын 24, 11 дүгээр сарын 03, 11 дүгээр сарын 22-ны өдөр тус тус мэдэгдсэн, 11 дүгээр сарын 03, 11 дүгээр сарын 16, 12 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааныг нэхэмжлэгч талын хүсэлтээр 4 удаа хойшлуулсан байх ба нотлох баримт бүрдүүлэх цуглуулах, гаргах хугацааг шүүх хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна./хх 19,56,60,63,76,87,93/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй үндэслэлээ Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хуралдаан давхардсан гэх боловч уг хуралдаан нь энэхүү хэргийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанаас хойш буюу 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр товлогдсон гэх үндэслэлээр шүүх түүний хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2016/01429 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          А.МӨНХЗУЛ

                                        ШҮҮГЧИД                           Т.ТУЯА

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ