| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 143/2016/00608/И |
| Дугаар | 06 |
| Огноо | 2016-12-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч:
Улсад ажилласан байдал сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Н.Оргил оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие “Хөдөлмөр” нэгдэлд 1984 оноос 1990 он хүртэл тасралтгүй 278-304 төллөх ямаа маллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох гэтэл миний 1984-1990 онуудад ажиллаж байсан үеийг хөдөлмөрийн хөлсний зарим саруудыг бөөгнүүлж бичсэн, зарим сарыг огт бичээгүйн улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд тоцогдохгүйд хүрээд байна.
Иймд миний 1984-1990 он хүртэл “Хөдөлмөр” нэгдэлд мал маллаж байсныг тогтоож өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Миний бие яаралтай ажил гарч хөдөө явахаар болсон тул намайг эзгүйд шийдэж өгнө үү.” гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын “Хөдөлмөр” нэгдлийн Баянхошуу бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1.Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 719 дүгээр Д.******* нь Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын “Хөдөлмөр” нэгдлийн Баянхошуу бригадад 1984-1990 онуудад малчнаар ажиллаж байхдаа авч байсан цалингийн лавлагаа,
2.Гэрч Х.******* шүүхэд өгсөн: “Би 1984-1991 онд Мандал-Овоо сумын Хөдөлмөр нэгдэлд нэгдлийн ня-бо-гоор ажиллаж байсан хугацаанд Д.******* нь тус сумын Баянхошуу бригадад ээжийнхээ хамтаар малчнаар 1984-1990 онд ажиллаж байсан.” гэх мэдүүлэг,
3.Гэрч Ч.*******ын шүүхэд өгсөн: “Би 1984-1991 онд Мандал-Овоо сумын “Хөдөлмөр” нэгдэлд усны группын засварын мастер, Баянхошуу багт тоо бүртгэгч, малчнаар ажиллаж байсан. Энэ хугацаанд Д.******* нь тус сумын Баянхошуу бригадад ажиллаж байсан нь үнэн .” гэх мэдүүлэг,
4.Нэхэмжлэгч Д.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа багийн Засаг даргын тодорхойлолт,
5.Гэрч Х.*******, Ч.******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт
Нэхэмжлэгч Д.******* нь 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын “Хөдөлмөр” нэгдлийн Баянхошуу бригадад малчнаар ажиллаж байсан нь түүнтэй хамт тус бригадад ажиллаж байсан гэрч Х.*******, Ч.******* нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 719 дүгээр Д.******* нь Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын “Хөдөлмөр” нэгдлийн Баянхошуу бригадад 1984-1990 онуудад малчнаар ажиллаж байхдаа авч байсан цалингийн лавлагаа зэргээр нотлогдож байна.
Иймд дээрхи нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгч Д.*******ын хүсэлтийг хангаж, түүний 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын “Хөдөлмөр” нэгдлийн Баянхошуу бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв. Нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* овгийн *******ийн *******ыг 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын “Хөдөлмөр” нэгдлийн Баянхошуу бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР