Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 364

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч М.Сансарсайхан,

            хохирогч Ж.Л-,

шүүгдэгч Б.С-, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг /шүүхэд төлөөлөх үнэмлэхийн дугаар 0229/,

гэрч Б.Эрдэнэжаргал, О.Энхтөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

А овогт Б-ын С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 0585 60218 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: А овогт Б-ын С нь Монгол Улсын иргэн, 1989 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ажил эрхэлдэг гэх, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн .... дугаар хороо, .... дугаар гудамжны .... тоотод оршин суух, урьд ял шийтгэл:

-Сум дундын 6 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт  зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, шүүхээс хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Б.С нь 2018 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн  Ж.Л-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

1. Шүүгдэгч Б.С мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 13-ны орой гэртээ байж байхад үеэл ах Эрдэнэжаргал төмсөнд яваад өгөөч гэж ярихаар нь би очсон. Төмсний хучлага авах гээд Анхбаярынд очиход Л-, Уламбаяр нар надтай хамт явж байсан Дашбаярыг хүргэж өгнө гээд яваад, удалгүй буцаж ирэхдээ Дашбаяр, Л нар 1 шил архи авч ирсэн. Запас дугуй аваачиж өгөх гээд бид хэд явсан. Намайг дэлгүүр явах хойгуур Л Эрдэнэжаргалд виза картаа өгөөд явуулсан. Би шоронгоор явж байсан гээд Л өдөөд байхаар нь би наадах чинь гайхуулчихмаар юм биш гэж хэлэхэд шилэн хүзүүнээс базаж аваад “чи яасан чадалтай юм” гээд хоргоогоод байсан. Холдоод суухаар чи нааш ир гээд дуудаад хоёулаа гарчихъя гэхээр нь би шилэн хүзүү рүү нь зөөлөн цохисон. Ямар ч эр хүний нүдийг нь ухчихсан байхад хөдөлгөөнгүй болдог юм гэж хэлээд миний нүд рүү дайрсан. Архины шил хагалаад бас дайрахад Эрдэнэжаргал салгасан. Тэгээд би найз Энхтөр, эхнэр хоёрыгоо дуудсан. Л унтаад өгсөн байхаар нь машины хойно суугаад Эрдэнэжаргал, Анхбаяр, Дашбаатар бид хэд Гүнтийн даваа руу явсан. Юм яриад явж байтал Л босож ирээд “чи яагаад том юм яриад байгаа юм бэ” гээд миний бөлдөгнөөс бариад миний нүдийг ухах гээд дайрсан. Бас төмөр бариад авахад Эрдэнэжаргал салгасан. Тэгээд “чи эр хүн юм бол энэ машинд суу, хоёулаа эвлэрье” гэж хэлээд машинд суугаад явсан. Явж байтал урдаас манай эхнэр, найз Энхтөр хоёр ирж байсан. Би буугаад найзынхаа машинд суутал “манай найз юу болсон талаар асуугаад би болсон зүйлээ хэлэхэд Энхтөр би очоод уулзаадхъя” гэж хэлсэн. Урдаас ч Л гарч ирж  таараад Л хавирга руу өшиглөсөн. Тэгэхээр нь би Л-ын эгэм орчим нь өшиглөсөн. Бид хоёр өнхрөлдөөд би босохдоо машины толиноос нь бариад толийг нь хугалсан гэв.

 

            2. Хохирогч Ж.Л мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр би хадам ах Чойжиннямын машиныг янзлах гэж очоод, дуусаад орой Мөөгий гээд найзындаа очоод пиво уусан. Тэгээд пивоо ууж дуусгаад байж байтал Сээгий ирээд С-гийн ах Эрдэнэжаргал орж ирсэн. Ирэхэд нь 1 шил архи авсан байсан. Тэгээд Ээгий ах дэлгүүр явна гэхээр нь би 1 шил архи захисан. Тэгээд С орж ирснээ “өө чи манай эрчүүдийг барьчихсан байх шив дээ, би энэ нутгийн унаган хүүхэд” гэж хэлсэн. Хойно айлд очоод 2 шил архи уусан. Тэнд байж байгаад маргалдаад тухайн айлд 2 удаа цохисон. Яагаад цохиж байгаа талаар асуухад чи манай нутагт томрохгүй гэж хэлэхээр нь би  архины шил хагалаад дайрсан. Тэгэхэд Ээгий ах салгасан. Би явж байтал араас Эрдэнэжаргал ах утсаар яриад машинд суусан. Тэгэхэд бас над руу дайраад байхаар нь миний буруу гэж хэлсэн. Би бөлдөгнөөс нь базсан зүйл байхгүй. Эргэж харах гээд цохих гэтэл Эрдэнэжаргал, Сээгий хоёр болиулсан. Машинаас буугаад хөөсөн зүйл байхгүй. Манай эхнэр бас намайг Гүнтийн даваан дээрээс ирж авсан. Өөдөөс цагаан приус ирж зогсоход С машинаас буухдаа миний машины толийг хугалсан. Тэгээд С машиндаа 10 минут сууж бууж ирээд намайг чирсэн. Намайг зодсон. Түүнээс биш би чамайг гүйцээнэ, нүдийг нь ухна гэж хэлээгүй. Тэгээд үүдэн шүд хугалчихаад явчихлаа, цагдаа дууд гэж эхнэртээ хэлсэн гэв.

 

            3. Гэрч Б.Эрдэнэжаргал мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 14-ний орой 18 цаг өнгөрч байхад С-, Дашбаатар бид гурав портер машинтай Анхбаярын гэрийн гадаа очсон. Цаашаа Төв аймгийн Жаргалант сум руу 2 тонн төмс ачих зорилготой хучлага авахаар Анхбаярын гадаа очсон. Очоод зогстол Л машиныхаа гэрлийн гал хамгаалагчийг ухаад зогсож байсан. Би Анхбаярын гэр рүү орсон. Л 0.75 литрийн экс архи, ундаатай барьж орж ирсэн. С-, Л хоёр танилцаад би уухгүй, та хэд уучих гэж би хэлсэн. Тэгээд хоёр, хоёр татахад Анхбаяр өөр газар очоод уучих, би ядраад байна гэж хэлсэн. Зоригоо астечраа авмаар байна гээд залгаад байхаар нь Зоригоогийнд очсон. Зоригоогийнд очиход Зоригоогийн гэрт хоёр хүн халамцуу сууж байсан. Бид тал шил архиа бариад ороод уугаад сууж байтал Л С-г барьж аваад байн, байн мөрөн дээр нь цохиод хүзүүнээс нь татаад хөлнөөс нь татаад байхаар нь С зугтаагаад байсан. Тэгээд Л Зоригоод шорон яриад байсан. С наадах чинь гайхуулмаар зүйл биш гэж хэлсэн. Гэтэл Л уурлаад С-г баруун талын орон дээр дараад “үх чи” гээд байхаар нь бид салгасан. Тэгээд архины шил хагалаад ална гээд байхаар нь би салгасан. Тэгэхэд миний хуруу зүсэгдсэн. Л-ыг машинд нь суулгахад та намайг Гүнтийн тийшээ хүргээд өг гэж хэлсэн. С бас харьмаар байна гэж хэлсэн. Л унтаад өгөхөөр нь С бид хоёр явсан. Л-ын машинтай явж байсан. Дашбаатар бид хоёрыг юм яриад байж байхад Л гэнэт босож ирээд чи муу юу гээд байгаа юм бэ гээд байсан. Л мод барьж С-г хөөсөн. Би яах гээд байгаа юм бэ гэхэд гартаа 200 миллын хадаас барьчихсан явж байхаар нь Л-аас булааж авсан. Тэгээд Гүнтийн даваа өгсөөд явж байхад С-гийн эхнэр, Энхтөр нар ирсэн. С-гийн эхнэр бууж ирээд та одоо төмсөнд авч явна гэж хэлчихээд нийлээд зодсон байна гэж над руу уурласан гэв.

            4.Гэрч О.Энхтөр мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 14-ний шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад С над руу залгаад намайг хүмүүс зодоод, нүд ухна, миний нүд бүрэлзээд байна гэж хэлсэн. Тэгээд намайг очиход цагаан машинтай зогсож байсан. С-г машинд суулгаад гэрэл асаахад нүд нь тагларчихсан, нүүр ам нь цус, шороо болчихсон байсан. Хэн ингэсэн юм бэ гэж асуухад Л намайг ингэсэн гэж хэлсэн. Би тухайн хүнээс сайн байна уу яагаад ингэсэн юм бэ гэж асуухад Л та нар дээрэлхэхгүй шүү гээд тонгойгоод юм авах гэхээр нь би машинаас чирээд гаргасан. Тэгээд Л-, С хоёрыг салгах гэтэл Анхбаяр, Дашбаатар нар намайг бариад байхаар нь наадхаа салга гэж гэхэд эр хүмүүс учраа олог гэж хэлсэн. Л бас миний нүдийг ухах гэж дайраад намайг үсдэж дараад нүүр рүү өшиглөхөөр нь би хөлнөөс нь бариад бөгсөөр нь суулгаад машин руугаа орсон. Анхбаяр, Дашбаатар, С бид цагдаа дуудсан боловч цагдаа ирээгүй. Хавирга нь өвдөөд байна гэхээр нь эмнэлгээр явъя гэж яриад эд нарыг орхиод явсан  гэв.

Хоёр. Эрүүгийн 1808 0585 60218  дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1.Хохирогч Ж.Л мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 11-нд өгсөн:

“...2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт амьдардаг хадам ах Чойжиннямын машиныг засах гэж очоод машинаа засч байхдаа найз Мөөгийтэй нэг том савтай пиво хувааж уусан. Орой явахаар болоод байж байтал зүс таних Сээгий, Ээгий хоёр С гээд танихгүй залуутай хамт халамцуу байдалтай ирээд надтай нийлээд 2 шил архи хувааж уусан. Би нилээн согтоод С гэдэг залуутай маргалдаж муудалцсан. Тэгэхээр нь би Мөөгийг хотруу хүргээд өгчих гэсэн. Мөөгий машин бариад намайг аваад явж байтал араас хүрээд ир аваадах гэж дуудсан буцаж очоод Сээгий, Ээгий, С гурвыг аваад хамт Гүнтийн даваа орохоор явсан. Учир нь урдаас эхнэр ирж байсан. Тэгээд замдаа тавуулаа явж байтал С над руу агсарч би нутгийн хүүхэд байгаа юм гээд байхаар нь би машин дотроо нэг цохих гэж далайгаад больсон. Тэгтэл С чи тэгдэггүй юм гээд яваад байсан. Гэнэт урдаас приус-20 маркийн машин тулж ирж зогссон. С буухдаа машины толь хуга цохиод нөгөө машинд ороод суусан, удалгүй машины жолооч машинаас бууж ирээд хаалга онгойлоод буугаад ир гэхээр нь яах гээд байгаа юм гэтэл буугаад ирээ гээд цамцны  захнаас татаад буулгах үед би газар унасан чинь С гүйж ирээд нүүрэнд 1-2 удаа өшиглөсөн. Хөлийг нь би бариад автал С газар унасан би дээрээс нь хэвтээд нүүрийг нь гараараа самардсан чинь Ээгий, Сээгий, Мөөгий гурав салгасан. Ийм л асуудал болсон. С-тай нийлж архи ууж байхад С согтоод агсарч эхэлсэн. Би өөдөөс нь хэд гурван үг хэлсэнээс болж хоорондоо маргаан болж эхлэх үед С намайг газар унасан байхад нүүрэнд 1-2 удаа хөлөөрөө өшиглөсөн. Би С-г гараараа нүүрийг нь маажсан тэрнээс цохиж зодоогүй. Бид хоёрын дунд өр авлага, өс хонзон  байхгүй. Миний автомашины буруу талын 1 ширхэг толийг сууриар нь хуга цохисон би толио 30.000 төгрөгөөр үнэлж байна. Дээрх гэмтлийг С нүүрэнд хөлөөрөө өшиглөж байхдаа учруулсан гэмтэл байна. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Эмчилгээ хийлгээгүй хоёр шүд хийлгэхэд 3.600.000 төгрөгийн зардал гарна гэсэн. Түүнийг С-гаас нэхэмжилж байна. Эмчилгээний зардал өгчихвөл гомдол саналгүй. ... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дугаар тал),

 

2. Гэрч Д.Дашбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 02 дугаар сарын 27-нд өгсөн:

 “...2018 оны 12 дугаар сарын 14-ны өдөр Эрдэнэжаргалтай утсаар холбогдож портер машинаараа төмс ачаад өгөөч гэж хэлтэл машины эзэн С одоо ирж байгаа би хэлээд өгье гэж хэлсэн. Удалгүй С ирээд бид гурав уулзаж төмсөндөө явах гэтэл стачер запас дугуй байхгүй байсан тул манай гэрийн ойролцоо амьдардаг Зоригоогийнд очиж авсан. Замаараа орой Анхбаярын гэрт хучлага авахаар очиход Л-, Анхбаяр хоёр хашаандаа машин янзлаад дуусаж байгаа харагдсан чинь Л нэг шил архитай ороод иртэл Анхбаяр уухгүй, та нар өөр газар уучих гэхээр нь бид дөрөв Зоригоогийнд очоод авсан архийг нь Л-, С-, Зоригоо бид гурав хувааж ууж байтал Л-, С хоёр хоорондоо маргалдаж байгаад Зоригоогийнд дээр доороо орчихсон байсан. Салгасан чинь С би утсаар ярьсан, намайг хотоос хүн ирж авна гээд байхаар нь портер машинаа Эрдэнэжаргалын хашаанд үлдээгээд Л-ын машиныг Анхбаяраар бариулаад С-г дөхүүлж өгөх гээд тавуулаа явж байсан. Машин дотор С бид хоёр юм ярьж байтал Л чи ямар том юм бэ гээд С-г зодох гээд дайраад байсан. Удалгүй С-г авах машин ирээд дахин С-, Л хоёр ноцолдож байгаа харагдсан. Би машинаас буугаагүй нилээн халамцуу байдалтай байхад Л машинд орж ирээд миний шүдийг С цохичихлоо гээд байсан. ...Миний санаж байгаагаар Л машинд орж ирээд С намайг цохиод шүд унагаачихлаа гээд Анхбаярт үзүүлээд байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 81 дүгээр тал),

 

3. Гэрч О.Энхтөрийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 02 дугаар сарын 20-нд өгсөн:

 “...2018 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 00 цагт ахындаа байж байтал найз С өөрийнхөө дугаараас залгаад Ээгий, Мөөгий, Сээгий нартай хамт  Сонгинохайрхан дүүргийн 21 дугаар хорооны дэвсгэр Нарийний хэсэг гэдэг газар хамт архи ууж байгаад Л-аа гэх залуу намайг зодоод байна ирээд аваадхаач гэж хэлсэн. Тэгээд би С-гийн эхнэртэй хамт өөрийнх нь машиныг бариад С-г гүнтийн ферм дээр тосож аваад Ээгий, Мөөгий, С гурвыг машиндаа суулгатал С-гийн хувцас хунар шороо болоод, нүүр нь цус болсон байхаар нь би Ээгийд хандан чи хамаатан байж дүүгээ яагаад найзаараа зодуулж байгаа юм бэ гэсэн. ...Л гэдэг юм гэхээр нь би түүн дээр яваад очиход Л машиныхаа урд сандал дээр жолоочийн дэргэд сууж байсан. Яагаад хүн зодож байгаа юм гээд хэлтэл Л та нараас айна гэж байхгүй шүү гээд доороо юм хайгаад байхаар нь би өмсөж явсан куртикны захнаас нь татаж түүнийг гаргаад иртэл С хажууд ирчихсэн намайг Сээгий, Мөөгий хоёр хориглоод бариад авах үед Л С руу дайраад нүдийг нь ухна гээд орилж дайраад С-г дарж унаад нүдийг нь ухах гээд байхад нь би Л-ыг татаад автал хажуунаас Сээгий, Мөөгий хоёр бариад авах үед Л миний нүдийг ухна гэж дайрахаар нь барьцалдаж аваад би хөл бүдрээд унах үед Л миний үснээс зулгааж хөлөөрөө нүүрэнд өшиглөсөн. Цаанаас С ирээд Л-ын нүүрэнд нэг удаа өшиглөсөн. ...Миний харсанаар Л-ыг С нэг удаа нүүр орчимд нь өшиглөөд газар унаж байгаа харагдсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 82 дугаар тал),

 

4. Гэрч С.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 02 дугаар сарын 27-нд өгсөн:

“...2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гэртээ байж байтал гадна найзууд болох Л-, Уугий хоёр тал шил архитай орж ирээд түүнийгээ хувааж уугаад сууж байтал гаднаас найзууд болох С-, Сээгий, Ээгий гурав орж ирээд бид нарын ууж байсан архинаас нэг нэг татах үед архи дууссан. Тэгтэл Л-, Уугийг гэрт нь хүргээд өгье гээд надтай хамт явсан. Бид хоёр Уугийг гэрт нь хүргэж өгчихөөд ирэхдээ дэлгүүрээс нэг шил архи авч ирсэн. Авчирсан архиа С-, Сээгий, Л гурав л уусан. Би бие өвдөөд уугаагүй. Ээгий машин барьж явсан болохоор амсаагүй. Удалгүй С-, Сээгий, Л Ээгий дөрөв Зоригоогийнд очно гээд явсан. Орой намайг унтаж байхад  Л хүрч ирээд намайг дөхүүлээд өгчихөөд буцаад ир, эхнэр хүүхэд урдаас ирж байгаа гэхээр нь би машиныг нь бариад явж байтал араас Ээгий залгаад та явчихаж байгаа юм уу гэхээр нь би хань болоод аваад явчихъя гэж бодоод Ээгийг очиж авахдаа С-, Сээгий хоёрыг хамт аваад тэр гурвыг арын суудалдаа суулгаад Л урд миний хажууд явж байх үед С-, Сээгий хоёр уусан архиндаа халаад чанга чанга яриад байх үед Л зүүрмэглэж байснаа сэрээд С руу дайраад нүдийг чинь ухаад өгье гэсэн. Би машинаа зогсоогоод хэсэг салгах гэтэл машинаас буугаад нэг нэгийгээ хөөж гүйгээд С-гийн үснээс Л зулгаагаад авхаар нь тавиулсан. Тэгээд арай гайгүй болоод бүгдийг нь суулгаад цааш явж байгаад Гүнтийн давааны орчим, С наанаа зогсчих би шээмээр байна гэхээр нь зогстол удалгүй С-гийн найз Энхтөр, С-гийн эхнэр хоёр ирсэн. Тэгсэн Энхтөр хэн зодчихов гээд Л дээр очоод түүнийг татаж буулгаж байгаа харагдсан. Би болиулах гээд очих үед Л-, С хоёр дахин зууралдаж унацгаасан. ...Л машинд суухдаа С-г миний шүдийг цохичихлоо гээд амнаас нь цус гараад, доод шүд нь хөдөлж байсан. С-гийн нүд улайчихсан байдалтай байсан. С-, Л хоёр миний найзууд хоёулаа омголон зантай, нэгийнхээ үгийг даагаагүй болохоор л зодоон болсон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 83 дугаар тал),

 

5. Гэрч Б.Эрдэнэжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 02 дугаар сарын 27-нд өгсөн:

“...Би 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Нарийний хэсэг 7-1 тоот гэртээ байж байгаад машинаар ажил хийх гээд С-г машинтай нь дуудсан. Дашбаатар бид гурав ажлаа хийж дуусаад Анхбаярын гэрийн үүдэнд Л-тай таарсан. Тэгээд С-, Л-, Дашбаатар гурав нийлээд 0,75 литрийн хэмжээтэй 2 шил архи айлд очиж хувааж ууж байхад С-, Л хоёр хоорондоо маргалдаад барьцалдаад байхаар нь бид салгасан. Эхнэрт нь хүргэж өгөх гээд Гүнтийн даваан дээр очоод С-гийн эхнэр Алтаннамар, найз Энхтөр хоёрт хүлээлгэж өгөх гээд эхнэртэй нь уулзаж байхад С-, Л хоёр машинаас буугаад барьцалдаад С Л-ын доороос босч ирж байсан. Хажууд нь найз Энхтөр нь байсан. Тэгээд би С-г явуулчихаад Л дээр очиход С миний нүүр рүү өшиглөөд шүд хөдөлчихлөө гэж байсан. С-гийн 2 нүд улайж нүүр нь шалбарсан байх шиг байсан. Л-ын нүүр нь шалбарч шүд нь хөдөлсөн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 84 дүгээр тал),

 

6. Шүүгдэгч Б.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр өгсөн:

“...2019 оны 02 дугаар сарын 14-ны өдөр хамаатны ах болох Эрдэнэжаргал хамт машинаараа Борнуур яваад өгөөч хоёр тонн төмс авах гэсэн юм хүрээд ирээч гэхээр нь би тэр өдөр ах Эрдэнэжаргалтай очиж уулзаад тэндээсээ өөрийнх нь нэг адууг ачаад Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 361 гарамд аваачиж зараад буцаад ойролцоо Нарийний фермд байрлах Анхбаяр гэдэг айлд төмсний хучлага авах гээд Сээгийгийн хамт очиход Анхбаяр, сүүлд нэрийг нь мэдсэн Л-, Уугий нар хашааны гадаа машин засаад байж байсан. Эрдэнэжаргал бид хоёрыг гэрт ороод сууж бай гэж хэлсэн. Бид хоёр гэрт нь ороод сууж байтал гаднаас Уугийг гэрт нь хүргээд өгчихлөө гээд Анхбаяр, Сээгий, Л-аа бид гурав гаднаас 0.75 литрийн Соёрхол нэртэй архитай орж ирсэн. Тэр архийг нь Сээгий, Л-аа бид гурав хувааж ууж байтал Эрдэнэжаргалыг ойрхон амьдардаг Зоригоо утсаар дуудсан. Би Сээгийтэй хамт Зоригоогийн гэрт очиход Л-аа дахин нэг шил архи өөрийн картаа уншуулж аваад түүнийг нь бүгд Зоригоогийн гэрт хувааж уусан. Л-аа согтоод шорон орон яриад намайг татаж чангаагаад зүгээр суухгүй байхаар нь болио гээд мөрөн дээр нь гараараа хоёр удаа алгадсан чинь босч ирээд намайг заамдаж аваад орон дээр 2-3 цохиод авсан, би зөрүүлж цохиж чадаагүй. Тэгээд Зоригоогийн гэрээс гараад портер машинаа Эрдэнэжаргалын гэрт үлдээгээд Л-аагийн машинтай Гүнтийн ферм орохоор Эрдэнэжаргал, Сээгий, Анхбаяр, Л-аа нартай хамт нэг машинд явсан. Анхбаяр машин барьж байхад Л-аа урд сандал дээр суучихаад явж байхдаа агсам тавиад миний бөлдөгнөөс базаад хоёр нүдэнд хуруугаа хийж машинаа зогсоож байгаад зодох гээд дайраад байсан. Тэгж байгаад хөдөлсөн. Зам дагуу зогсож байх үед манай найз Энхтөр, манай эхнэр Алтаннамарын хамт приус-30 маркийн 92-92 УНД машинтай намайг авах гэж ирсэн. Найз Энхтөр нүүр ам чинь яачихсан юм гэхээр нь би болсон асуудлыг хэлтэл Энхтөр бууж очоод Л-ыг татаад гаргаад ирсэн. Би яваад очтол над руу дайраад намайг унагаагаад нүд рүү гараа хийх гээд байх үед тэнд байсан хүмүүс салгасан. Би босч ирэх үед Л-аа уначихаар нь би хөлөөрөө Л-аагийн эгэм орчимд нэг удаа өшиглөж цохисон. Ийм л асуудал болсон. Би Л-ыг  хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар нүүр рүү нь гараараа 1 удаа цохиж эгэм рүү нь нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Намайг цохиж зодсон зүйл байгаа. Дээрх гэмтлийг би учруулсан. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна, өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би буруу зүйл хийснээ ойлгож ухаарч байгаа. Хөнгөн ял оногдуулж өгнө үү. Би Ж.Л-ын хохирлыг барагдуулъя гэсэн боловч надаас 3.600.000 төгрөг нэхээд байсан. Тэгээд би хохирлоо барагдуулж чадаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67 дугаар тал),

 

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 271 дугаар дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Дээд баруун 1-р шүд булгарсан, буйл хонхор улаан ягаан баруун дээд 2-р шүд дээд хэсгээр хугарсан. Доод баруун 2-р шүд урагш хойш суларсан, хөдөлсөн шүдний харалдаах уруулын дотор салстад бүдэг цайвар ягаан өнгөц шархтай. Хамрын зүүн дээд хэсэгт тасархайтсан 1.2х0.1 см, эрүүний доод хэсэгт 2х0.1 см, 1х0.1 см хэмжээтэй улаан ягаан зулгаралттай. Нурууны баруун доод хэсэгт 10х9 см талбайд, хэвлийн зүүн доод хэсэгт 4х4 см хэсэгт улаан хүрэн зураасан зулгаралтуудтай.

ДҮГНЭЛТ:

“...1.Ж.Л-ын биед баруун дээд 1 шүдний булгаралт, баруун дээд 2-р шүдний хагас хугарал, доод баруун 2-р шүдний сулрал, уруулын дотор салстад өнгөц шарх, хамар, эрүү, нуруу, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

    2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

     3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

     4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /шинжээч эмч Ө.Сарангэрэл/ гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 12 дугаар тал)

 

8. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний хөрөнгий үнэлгээний тайлангаар автомашины толийг 30.000 төгрөгөөр тогтоосон тухай тайлан (хавтаст хэргийн 72-74 дүгээр тал),

 

9. Шүүгдэгч Б.С-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 23 дугаар тал), түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 30 дугаар тал), Цагдаагийн ерөнхий газрын гомдол, мэдээлэл, зөрчлийн талаарх санд Б.С-гийн талаар бүртгэгдсэн лавлагаа (хавтаст хэргийн 20-21 дүгээр тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 26 дугаар тал), гэрлэлт бүртгэлтэй тухай лавлагаа (хавтаст хэргийн 24 дүгээр тал), түүний нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа (хавтаст хэргийн 25 дугаар тал), эд хөрөнгө бүртгэлтэй тухай Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа (хавтаст хэргийн 27 дугаар тал), суурь боловсролын гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 28 дугаар тал), “Хаан банк”-нд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 31-58 дугаар тал), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд (хавтаст хэргийн 75-79 дүгээр тал), асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох тухай Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамж (хавтаст хэргийн 80 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон нөхцөл байдал.

Гурав. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.С-гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар:

Улсын яллагч гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ

Шүүгдэгч Б.С нь 2018 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Л-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг дүгнэлтдээ “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нотолбол зохих асуудлууд бүрэн нотлогдсон. Тухайн үед Б.С өөрөө гэмтсэн боловч хохирогчтой худ ургийн холбоотой гэдгээ мэдээд шалгуулаагүй юм. Хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байгаа. Гэм буруугийн тал дээр маргахгүй  байгаа гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.  

 

Шүүгдэгч Б.С нь 2018 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Л-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь баруун дээд 1 шүдний булгаралт, баруун дээд 2-р шүдний хагас хугарал, доод баруун 2-р шүдний сулрал, уруулын дотор салстад өнгөц шарх, хамар, эрүү, нуруу, хэвлийд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

-хохирогч Ж.Л-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 12 дугаар сарын 14-ны өдөр ...нилээн согтоод С гэдэг залуутай маргалдаж муудалцсан.  ...Сээгий, Ээгий, С гурвыг аваад хамт Гүнтийн даваа орохоор явсан. ...замдаа тавуулаа явж байтал С над руу агсарч би нутгийн хүүхэд байгаа юм гээд байсан. ...Гэнэт урдаас “приус-20” маркийн машин тулж ирж зогссон. С буухдаа машины толь хуга цохиод нөгөө машинд ороод суусан, удалгүй машины жолооч машинаас бууж ирээд хаалга онгойлоод буугаад ир гэхээр нь яах гээд байгаа юм гэтэл буугаад ирээ гээд цамцны  захнаас татаад буулгах үед би газар унасан чинь С гүйж ирээд нүүрэнд 1-2 удаа өшиглөсөн. ...С намайг газар унасан байхад нүүрэнд 1-2 удаа хөлөөрөө өшиглөсөн. ...гэмтлийг С нүүрэнд хөлөөрөө өшиглөж байхдаа учруулсан гэмтэл байна. ... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дугаар тал),

-гэрч Д.Дашбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 12 дугаар сарын 14-ны өдөр “...Л-, С хоёр хоорондоо маргалдаж байгаад Зоригоогийнд дээр доороо орчихсон байсан. Салгасан чинь С би утсаар ярьсан намайг хотоос хүн ирж авна гээд байсан. ...С-г дөхүүлж өгөх гээд тавуулаа явж байсан. Машин дотор С бид хоёр юм ярьж байтал Л чи ямар том юм бэ гээд С-г зодох гээд дайраад байсан. Удалгүй С-г авах машин ирээд дахин С-, Л хоёр ноцолдож байгаа харагдсан. ...Л машинд орж ирээд миний шүдийг С цохичихлоо гээд байсан. ...Миний санаж байгаагаар Л машинд орж ирээд С намайг цохиод шүд унагаачихлаа гээд Анхбаярт үзүүлээд байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 81 дүгээр тал),

-гэрч О.Энхтөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө ...би С-гийн эхнэртэй хамт өөрийнх нь машиныг бариад С-г гүнтийн ферм дээр тосож авсан. ...С-гийн хувцас хунар шороо болоод нүүр нь цус болсон байхаар нь би Ээгийд хандан чи хамаатан байж дүүгээ яагаад найзаараа зодуулж байгаа юм бэ гэж хэлтэл Л гэдэг юм гэхээр нь би түүн дээр яваад очиход Л машиныхаа урд сандал дээр жолоочийн дэргэд сууж байсан. Яагаад хүн зодож байгаа юм гээд хэлтэл Л та нараас айна гэж байхгүй шүү гээд доороо юм хайгаад байхаар нь би өмсөж явсан куртикны захнаас нь татаж түүнийг гаргаад ирсэн. ...Цаанаас С ирээд Л-ын нүүрэнд нэг удаа өшиглөсөн. Миний харсанаар Л-ыг С нэг удаа нүүр орчимд нь өшиглөөд газар унаж байгаа харагдсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 82 дугаар тал),

-гэрч С.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ... Ээгийг очиж авахдаа С-, Сээгий хоёрыг хамт аваад тэр гурвыг арын суудалдаа суулгаад Л урд миний хажууд явж байх үед С-, Сээгий хоёр уусан архиндаа халаад чанга чанга яриад байсан. Л зүүрмэглэж байснаа сэрээд С руу дайраад нүдийг чинь ухаад өгье гэсэн. ...удалгүй С-гийн найз Энхтөр, С-гийн эхнэр хоёр ирсэн. Тэгсэн Энхтөр хэн зодчихов гээд Л дээр очоод түүнийг татаж буулгаж байгаа харагдсан. ...Л машинд суухдаа С-г миний шүдийг цохичихлоо гээд амнаас нь цус гараад доод шүд нь хөдөлж байсан. С-гийн нүд улайчихсан байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 83 дугаар тал),

-гэрч Б.Эрдэнэжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ...С-, Л 2 хоорондоо маргалдаад барьцалдаад байхаар нь бид салгасан. ...С-, Л хоёр машинаас буугаад барьцалдаад С Л-ын доороос босч ирж байсан. ...би С-г явуулчихаад Л дээр очиход С миний нүүр рүү өшиглөөд шүд хөдөлчихлөө гэж байсан. С-гийн хоёр нүд улайж нүүр нь шалбарсан байх шиг байсан. Л-ын нүүр нь шалбарч шүд нь хөдөлсөн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 84 дүгээр тал),

-шүүгдэгч Б.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Л-аа согтоод шорон орон яриад намайг татаж чангаагаад зүгээр суухгүй байхаар нь болио гээд мөрөн дээр нь гараараа хоёр удаа алгадсан чинь босч ирээд намайг заамдаж аваад орон дээр 2-3 цохиод авсан би зөрүүлж цохиж чадаагүй. ...Гүнтийн ферм орохоор Эрдэнэжаргал, Сээгий, Анхбаяр, Л-аа нартай хамт нэг машинд явсан. Анхбаяр машин барьж байхад Л-аа урд сандал дээр суучихаад явж байхдаа агсам тавиад миний бөлдөгнөөс базаад хоёр нүдэнд хуруугаа хийж машинаа зогсоож байгаад зодох гээд дайраад байсан. ...Энхтөр бууж очоод Л-ыг татаад гаргаад ирсэн. Би яваад очтол над руу дайраад намайг унагаагаад нүд рүү гараараа хийх гээд байсан. ...Би Л-ыг  хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар нүүр рүү нь гараараа 1 удаа цохиж эгэм рүү нь нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67 дугаар тал),

-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 271 дугаартай дүгнэлт  (хавтаст хэргийн 12 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Б.С нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байгаа боловч шууд санаатай үйлдлээр хүсч үйлдэн хохирогчийг цохиж, түүний эрүүл мэндэд хохирол учруулсан буюу хор уршигт зориуд хүргэсэн санаатай гэмт хэрэг үйлдсэн байна.

Тус гэмт хэрэг гарахад хохирогч, шүүгдэгч нарын согтууруулах ундаа хэрэглэсэн байдал, мөн хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байна.

Хохирогч Ж.Л-ын эрүүл мэндэд “дээд 1 шүдний булгаралт, баруун дээд 2-р шүдний хагас хугарал, доод баруун 2-р шүдний сулрал, уруулын дотор салстад өнгөц шарх, хамар, эрүү, нуруу, хэвлийд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан шүүгдэгч Б.С-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймээс улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.С-г дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

2.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Мөн “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” талаар Иргэний хуульд заасан тул шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорын зардлыг хариуцан арилгах үүрэгтэй юм.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Л-ын бие махбодид хөнгөн хохирол учирч, хохирогчоос хэрэгт шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд үзүүлэхэд төлсөн үзлэгийн 8000 төгрөг, автомашины хугарсан толийг 30.000 төгрөгөөр үнэлсэн зэрэг баримт авагдсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 200.000 төгрөг хохирогчид нөхөн төлөгдсөн байх тул энэ тогтоолоор шүүгдэгч нь төлөх төлбөргүй байна.

Харин хохирогч Ж.Л нь цаашид гарах зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

            3.Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэх гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэгээс шүүгдэгч Б.С нь бага насны хүүхдүүдтэй ба  машинаараа ажил хөдөлмөр эрхэлж санхүүгийн эх үүсвэрээ олдог. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмшиж байгаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан торгох ялыг оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.С нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан нэг удаа ял шийтгэгдэж байсан байна.

Шүүхээс шүүгдэгч Б.С нь хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Б.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний тодорхой ажил эрхэлдэг байдал, хөрөнгө, цалин хөлс зэргийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

4. Бусад асуудлын талаар.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А овогт Б-ын С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.С-гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, энэ тогтоолоор хохирогч Ж.Л-д төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.Л нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, Б.С-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.С-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА