| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2019/0970/Э |
| Дугаар | 982 |
| Огноо | 2019-09-10 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Э |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 982
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т
улсын яллагч Б.Э
шүүгдэгч Ш.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Ш.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1908 0324 00000 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Ш.М, Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хөнгөн блокны үйлдвэрт ажилладаг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн .. дүгээр хороо, Горькийн .. дүгээр гудамжны ... тоотод байнга, Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Толгойтын .. дугаар гудамжны .. тоотод түр оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ВЭ0000000.
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч Ш.М нь 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Толгойтын ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Б.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд “зүүн зовхи, баруун шуу, зүүн сарвуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.М мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
1. Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би М гэх хүнтэй...2014 оны 6 дугаар сараас эхлэн Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт хамт амьдарч байгаад 2019 оны 5 дугаар сарын эхлэн Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо Толгойтын ... тоот хашаанд өвлийн байшинд 3 хүүхдийн хамт амьдарч эхэлсэн. Бид хоёр гэрлэлтийн баталгаа байхгүй боловч дундаасаа Ш гэх 1 хүүхэдтэй. Хүүхэд маань надаар овоглодог. ...2019 оны 6 дугаар сарын 05-ны орой ажлаа тараад 21 цагийн үед гэртээ ирэхдээ такси барьж ирсэн. Тэгээд нөхөр М руу гар утсаар яриад “би гэрийн гадаа ирсэн байна. Чи таксины мөнгө аваад гараад ирээч” гэж хэлэхэд гэрээс шууд гарч ирсэн. Тэгэхээр нь би шууд таксинаас буугаад гэртээ орсон бөгөөд М араас таксины тооцоо хийчхээд гэрт орж ирээд надтай юу ч дуугарахгүй гадуур хувцсаа аваад гэрээс гарсан. ...М-г ирэхгүй болохоор нь санаа зовоод...гар утсаар залгаад “миний хань юундаа уурлаад байгаа юм гэртээ хүрээд ир” гэж хэлсэн. Тэгэхэд би одоо очлоо гэхээр нь хүлээгээд хэвтэж байхад гаднаас М-н найз Б халамцуу орж ирээд ор засаад хэвтэж байсан. Тэгтэл дараа нь 01 цагийн үед М гаднаас согтуу орж ирсэн. Тэгээд гэрт орж ирээд “чиний ажил 18 цагт тардаг байхад 21 цаг хүртэл хаагуур явж байгаад ирж байгаа юм...хаагуур хэнтэй явж байгаад ирсэн бэ, би чамайг гадуур өөр хүмүүстэй яваад байвал яргална шүү” гээд халбаганы ишээр бие рүү хатгаад, гараараа толгой руу цохисон. Тэгээд “чи олон залуучуудын өвөр дамжаад ирэв үү” гээд хэсэг байж байгаад л цохиж аваад байсан...тэгээд 2 гарын булчин, шуу хэсэг рүү гараараа олон удаа цохиод байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30),
2. Гэрч Н.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг хороон дээр ирээд ажлаа хийж байхад хэлтсийн жижүүрээс миний гар утас руу залгаад Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо Толгойтын ... тоотод нөхөр нь эхнэрээ зодсон талаар гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлагаа ирсэн байна. Очиж шалгаарай гэж хэлсэн. Тэгээд би хаягаар нь ...2019 оны 6 дугаар сарын 06-ны өглөө 11 цагийн үед ...очиж Б.Б-тэй уулзаж 2 настай хүүхдийн хамт хорооны цагдаагийн хэсгийн байран дээр авч ирээд болсон зүйлийн талаар асууж тэмдэглэл үйлдсэн. ...Тухайн үед Б-н нэг нүд нь хөхөрсөн, гарынх нь ил харагдах хэсгүүдэд жижиг жижиг хөхрөлт үүссэн харагдаж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18),
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ... дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэг: ...Зүүн нүдний зовхи тойроод хөх ягаан өнгийн цус хуралттай, баруун шууны ар доод хэсэгт 2.5х2.5см, 1.5х1.5см 2ш, зүүн сарвууны ард 4х5см хөх ягаан өнгийн цус хуралттай... ДҮГНЭЛТ
1. Б.Б-н биед зүүн зовхи, баруун шуу, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 21),
4. Шүүгдэгч Ш.М мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Толгойтын ... тоот гэртээ охин Ш, найз Б нарын хамт байж байхад эхнэр Б орой 23 цагийн үед “такси бариад очиж байна мөнгө бэлдэж байгаарай” гэсэн тэгээд удалгүй гэрийн гадаа ирээд би таксины жолоочид мөнгө өгсөн...эхнэр Б-г ажил чинь 18 цаг гэж тардаг хаагуур явж байгаад ирж байгаа юм гэж маргалдаад хүүхдийн гутлаар 2 гар руу нь хэд хэд цохиж уурлаж байгаад гэрээс гарч явах гэхэд Б явуулахгүй гээд араас зууралдаад байсан. Би зүгээр тавь гээд гараа саваад зүүн нүдийг нь тохойгоороо цохичихсон юм. Тухайн үед би их хэмжээний согтсон байсан болохоор нэг хэсэг юм ярьж байгаад унтчихсан...би эхнэр Б-г ажлаа тараад оройтож ирлээ гэх шалтгаанаар хүүхдийн гутлаар 2 гар руу нь цохиж гэрээс гарах гэж байхдаа тохойгоороо зүүн нүдийг нь цохичихсон...би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70)
5. Оролцогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт (хавтаст хэргийн 74, 75), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 76-77), Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 82),
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 54, 55), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 53), үл хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан тодорхойлолт, лавлагаа (хавтаст хэргийн 57, 58), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 59), Хаан банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 61-62), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 63) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ш.М-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд
I. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ш.М нь Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Толгойтын ... тоотод, 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө, хувийн таарамжгүй сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Б.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд “зүүн зовхи, баруун шуу, зүүн сарвуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Би Ш.М гэх хүнтэй...2014 оны 6 дугаар сараас эхлэн Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт хамт амьдарч байгаад 2019 оны 5 дугаар сарын эхлэн Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо Толгойтын ... тоот хашаанд 3 хүүхдийн хамт амьдарч эхэлсэн. Бид хоёр гэрлэлтийн баталгаа байхгүй боловч дундаасаа Ш гэх 1 хүүхэдтэй. Хүүхэд маань надаар овоглодог. ...2019 оны 6 дугаар сарын 05-ны орой ...М-н ...01 цагийн үед ...гаднаас согтуу орж ирсэн. Тэгээд гэрт орж ирээд “чиний ажил 18 цагт тардаг байхад 21 цаг хүртэл хаагуур явж байгаад ирж байгаа юм...хаагуур хэнтэй явж байгаад ирсэн бэ, би чамайг гадуур өөр хүмүүстэй яваад байвал яргална шүү” гээд халбаганы ишээр бие рүү хатгаад, гараараа толгой руу цохисон. Тэгээд “чи олон залуучуудын өвөр дамжаад ирэв үү” гээд хэсэг байж байгаад л цохиж аваад байсан...тэгээд 2 гарын булчин, шуу хэсэг рүү гараараа олон удаа цохиод байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30),
- Гэрч Н.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 06-ны өглөө 11 цагийн үед ...Б.Б-тэй уулзахад... нэг нүд нь хөхөрсөн, гарынх нь ил харагдах хэсгүүдэд жижиг жижиг хөхрөлт үүссэн харагдаж байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаар дүгнэлт “...1. Б.Б-н биед зүүн зовхи, баруун шуу, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 21),
- Шүүгдэгч Ш.М мөрдөн байцаалтад өгсөн: “...би эхнэр Б-г ажлаа тараад оройтож ирлээ гэх шалтгаанаар хүүхдийн гутлаар 2 гар руу нь цохиж гэрээс гарах гэж байхдаа тохойгоороо зүүн нүдийг нь цохичихсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Ш.М нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр хувийн таарамжгүй сэдэлтээр, хохирогч Б.Б-н толгой болон гар, гуя орчим газар нь цохиж гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ш.М нь хохирогч Б.Б-н нүүр болон гар, гуя орчим тус газар гараараа болон гутлаар цохисон болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба цохиулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Нөгөө талаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний...бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;” хэлнэ гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр...” тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байхаар тус тус хуульчилсан байна. Тодруулбал Ш.М нь хохирогч Б нар нь 2014 оноос эхлэн хамтран амьдарсан. Улмаар дундаасаа нэг хүүхэдтэй болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн тэдний мэдүүлэг болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний баримтаар тогтоогдож байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан байна.
Тиймээс шүүгдэгч Ш.М-н гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч Ш.М-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Ш.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ш.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ш.М, хохирогч Б.Б нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Иймд шүүгдэгч Ш.М-г гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Ш.М-д торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 1908 0324 00000 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ш.М-г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ш.М-г 800 (найман зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.М-г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солиж болохыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ