| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2016/00849/И |
| Дугаар | 840 |
| Огноо | 2016-12-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 840
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн Зүүнговь сумын Суварга багт оршин суух, 1966 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, РД:ОО66091268, Борлууд овогт Юнгарын Цээжавын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сайнжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ю.Цээжав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1966 онд төрсөн, 50 настай, ам бүл 6. Би 1981 оны 1 дүгээр сараас 1982 оны 8 дугаар сарыг дуустал Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдлийн 3 дугаар бригадад аав, ээжийн хамт илгээлтийн малчнаар, 1982 оны 9 дүгээр сараас Тэс сумын Тэжээлийн аж ахуйн үйлдвэрт машинистаар 1991 оны 2 дугаар сарыг дуустал хугацаанд тус тус ажиллаж байсан. Одоо нас өндөр болж өндөр насны тэтгэвэр тогтоолгох болсон тул бичиг баримтаа бүрдүүлэхэд хөдөлмөрийн дэвтэр гээгдсэн, ажилд орсон, гарсан зарим тушаалууд олдохгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сайнжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ю.Цээжав нь миний ээж юм. Тэрээр 1981 оны 1 дүгээр сараас 1982 оны 8 дугаар сарыг дуустал Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд малчнаар, 1982 оны 9 дүгээр сараас Тэс сумын Тэжээлийн аж ахуйд машинистаар 1991 оны 2 дугаар сарыг дуустал хугацаанд тус тус ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох болсон тул бичиг баримтаа бүрдүүлэхэд хөдөлмөрийн дэвтэр гээгдсэн, ажилд орсон, гарсан зарим тушаалууд олдохгүй байгаа тул шүүхэд хандсан. Иймд Ю.Цээжавын Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд малчнаар, 1982 оны 9 дүгээр сараас Тэс сумын Тэжээлийн аж ахуйд машинистаар 1991 оны 2 дугаар сарыг дуустал хугацаанд тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ю.Цээжав нь Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1982 оны 8 дугаар сарыг дуустал малчнаар, Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд 1982 оны 9 дүгээр сараас 1991 оны 2 дугаар сарыг дуустал машинистаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гаргаж ирүүлсэн Юнгарын Цээжавын Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1982 оны 8 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,
2. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр гаргаж ирүүлсэн Юнгарын Цээжавын Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд 1982 оны 9 дүгээр сараас 1991 оны 2 дугаар сарыг дуустал машинистаар ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,
3. Ю.Цээжавын 1990 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн төрөлтийн түүхэд түүнийг үйлдвэрт, машинист ажилтай гэж бичжээ,
4. Увс аймаг Тэсийн Тэжээлийн аж ахуйн даргын 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 18 тоот “Ажилчин ажлаас чөлөөлөх тухай” тушаалд “…машинист Ю.Цээжав нарыг 1991 оны 3 дугаар сарын 01-нээс тасалбар болгон ажлаас чөлөөлсүгэй” гэжээ.
5. Итгэмжлэл,
6. Гэрч Ж.Насангийн шүүхэд өгсөн: “Би 1971-1992 оныг дуустал Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд боловсон хүчний эрхлэгч, нярав, нягтлан бодогч зэрэг ажлуудыг тасралтгүй хийж байсан тул Ю.Цээжавыг багаасаа аав, ээжийн хамт мал маллаж байсныг сайн мэднэ. 1981 оноос 1982 он хүртэл “Лениний зам” нэгдэлд малчнаар, 1982 оноос Тэс сумын Тэжээлийн аж ахуйн харьяа Хорголжин тэжээлийн үйлдвэр байгуулагдахад тэнд ажиллаж байсныг нь би санаж байна. Ю.Цээжав нь 1990 он гарах хүртэл Тэжээлийн аж ахуйд ажилласан бөгөөд түүний нөхөр Жигдэнгомбо нь тус аж ахуйн тракторчнаар хамт ажиллаж байсан юм” гэх мэдүүлэг,
7. Гэрч Д.Бадарчийн шүүхэд өгсөн: “Би 1976 онд Тэс сумын “Лениний зам” нэгдлийн Нуур бригадын даргаар томилогдон ажилласан боловч миний ажилд орсон тушаалыг 1977 оны 4 сараас гаргасан байдаг. Ингээд би Тэс сумын “Лениний зам” нэгдлийн Нуур бригадын даргаар 1987 оны 8 сарын 25 хүртэл ажиллаад Намын дээд сургуульд 4 жил явж суралцаад ирсэн. Намын дээд сургуулийг 1991 онд төгсөж ирээд аймгийн нэгдсэн эмнэлгийн орлогч даргаар 2 сар ажилласан. Ингээд өөрийн хүсэлтээр ажлаас гарч Тэс суманд брокерийн пүүс байгуулан ажилласан юм. Ю.Цээжав нь 8 дугаар ангиа төгсөөд 1981 оноос 1982 оны сүүл хүртэл ажиллаад Тэс сумын “Лениний зам” нэгдэлд улмаар Тэс сумын Тэжээлийн аж ахуйд шилжин ажиллах болсон юм. Түүний аав, ээж Тэжээлийн аж ахуйд ажиллаж байсан бөгөөд аав нь жолоочоор ажилладаг байсныг санаж байна” гэх мэдүүлэг,
8. Гэрч П.Энхтуяагийн шүүхэд өгсөн: “Би 1981-1991 оныг дуустал Увс аймгийн Тэс сумын Тэужээлийн аж ахуйн харьяа Хорголжин тэжээлийн үйлдвэрт машинистаар ажиллаж байсан. Ю.Цээжав нь 1982 оны сүүлээр манай Хорголжин тэжээлийн үйлдвэрт машинистаар ажилд орсон бөгөөд манай байгууллагын барилга муу баригдсанаас болоод 1991 оны эхээр үйлдвэрийн үйл ажиллагаа зогсож бипд ажлаас чөлөөлөгдсөн юм. Ю.Цээжавын нөхөр Жигдэнгомбо нь Тэжээлийн аж ахуйн тракторчнаар хамт ажиллаж байсан юм” гэх мэдүүлэг,
9. Гэрч М.Сумъяагийн шүүхэд өгсөн: “Би 1984 онд Тэс сумын Тэжээлийн аж ахуйн харьяа Хорголжин тэжээлийн үйлдвэрт засварчнаар ажилд орж 1994 оныг дуустал ажилласан юм. Ю.Цээжав нь намайг 1984 онд тус байгуулагад ажилд ороход тэнд машинистаар ажиллаж байсан бөгөөд 1991 оны эхээр ажлаас чөлөөлөгдсөн санагдаж байна. 1991 оны эхээр манай байгууллагын үйл ажиллагагааг түр зогсооход зарим ажилчид нь ажлаас чөлөөлөгдсөн, тэндий нэг нь Ю.Цээжав байхаа. Түүний нөхөр нь Тэжээлийн аж ахуйн тракторчнаар ажиллаж байсан бөгөөд хааяа хүн дутагдсан үед манай Хорголжин тэжээлийн үйлдвэрт ажиллах тохиолдол ч байлаа. Тухайн үед Тэс сумын Тэжээлийн аж ахуйн даргаар П.Цэвээн, Хорголжин тэжээлийн үйлдвэрийн даргаар Ц.Дорлиг, н.Жав гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
10. Гэрч Ж.Насан, Д.Бадарч нарын Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд, П.Энхтуяа, М.Сумъяа нарын Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд тус тус хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Ю.Цээжав нь Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1982 оны 8 дугаар сарыг дуустал малчнаар, Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд 1982 оны 9 дүгээр сараас 1991 оны 2 дугаар сарыг дуустал машинистаар тус тус ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр болон 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр гаргаж ирүүлсэн Ю.Цээжавын цалингийн тодорхойлолтууд, Ю.Цээжавын 1990 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн төрөлтийн түүхэд түүнийг үйлдвэрт, машинист ажилтай гэж бичсэн байдал, Увс аймаг Тэсийн Тэжээлийн аж ахуйн даргын 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 18 тоот “Ажилчин ажлаас чөлөөлөх тухай” тушаал, гэрч Ж.Насан, Д.Бадарч, П.Энхтуяа, М.Сумъяа нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Ю.Цээжавын Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1982 оны 8 дугаар сарыг дуустал 1 жил, 8 сар малчнаар, Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд 1982 оны 9 дүгээр сараас 1991 оны 2 дугаар сарыг дуустал 8 жил, 6 сар машинистаар, нийт 10 жил, 2 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ю.Цээжавын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Борлууд овогт Юнгарын Цээжавын Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1982 оны 8 дугаар сарыг дуустал 1 /нэг/ жил, 8 /найм/ сар малчнаар, Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд 1982 оны 9 дүгээр сараас 1991 оны 2 дугаар сарыг дуустал 8 /найм/ жил, 6 /зургаа/ сар машинистаар, нийт 10 /арав/ жил, 2 /хоёр/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ю.Цээжавын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР