Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 841

 

     Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

    Нэхэмжлэгч: Увс аймгийн Хяргас сумын Дэлгэр багт оршин суух, 1963 онд төрсөн, эмэгтэй, РД:ОР63071907, Савар овогт Цэндийн Хашийн нас тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Даваажав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Ц.Хаш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Савар овогт Цэндийн Хаш нь 1961 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Малчин сумын төрөх газар төрсөн юм. Гэтэл аав, ээж маань миний төрсөн оныг буруу бүртгүүлснээс болоод одоо бичиг баримт маань 1963 оны 7 дугаар сарын 19-ний өдөр төрснөөр олгогдсон байдаг. Одоо миний бие өндөр насны тэтгэвэрт орох нас болж байгаа учир 1961 оны 7 дугаар сарын 19-ний өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү”  гэжээ.

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Даваажав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Хаш нь 1961 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Малчин сумын төрөх газар төрсөн юм. Гэтэл түүний аав, ээж маань миний төрсөн оныг буруу бүртгүүлснээс болоод одоо бичиг баримт нь 1963 оны 7 дугаар сарын 19-ний өдөр төрснөөр олгогдсон байдаг. Тэрээр төрсөн дүү Ц.Батсайхантайгаа нэг онд буюу 1963 онд төрсөн мэтээр бүртгэгдсэн байдаг. Ц.Хаш нь эцэг эхээс 8-уулаа бөгөөд айлын 2 дахь охин юм. Том ах нь 1960 онд төрсөн, Ц.Хаш 1961 оны 7 дугаар сарын 19-ний өдөр төрсөн. Дараагийн дүү Ц.Батсайхан нь 1963 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн. Иймд Ц.Хашийг 1961 оны 7 дугаар сарын 19-ний өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү Одоо миний бие өндөр насны тэтгэвэрт орох нас болж байгаа учир 1961 оны 7 дугаар сарын 19-ний өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү ” гэжээ.

          Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Ц.Хаш 1961 оны 7 дугаа сарын 19-ний өдөр төрсөн болохоо тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.Үүнд:

1. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2016 оны 11 дүгээр 17-ны өдөр ирүүлсэн Төрөлт бүртгэлгүй тухай лавлагаанд: “Увс аймгийн Малчин сумын 1961-1965 онуудад Цэнд овогтой Хаш гэсэн төрөлт бүртгэгдээгүй” гэжээ,

2. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ирүүлсэн Төрсний бүртгэлийн лавлагаанд Ч.Цэнд, Ц.Хувьт нарын гэр бүлд Ц.Батсайхан нь 1963 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр төрснийг Увс аймгийн Малчин сумын бүртгэлийн 80-рт 1963 оны 10 дугаар сарын 15-ны өдөр бүртгүүлжээ,

3. Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгаас 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ирүүлсэн “Увс аймгийн Малчин сумын 1956 оноос хойшхи хүн амын тооллогын баримт манай архивт шилжиж ирээгүй тул  Цэнд овогтой Хашийн нас тогтоох лавлагааг шүүн үзэх боломжгүй байна” гэх тодорхойлолт,

4. Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 649 тоот дүгнэлтэд “Үзүүлэгч Ц.Хаш нь 52-56 настай байх боломжтой байна” гэжээ,

5. 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гаргасан өндөр настай Ц.Хувьтын магадлагаа,

6. Гэрч Ч.Пунсаагийн шүүхэд өгсөн: “Намайг 1967 онд Увс аймгийн Малчин сумын бага сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж байхад Ц.Хаш нь 1971 онд 1 дүгээр ангид орж байсан. Уг Ц.Хаш бид хоёр 2 насны зөрүүтэй боловч түүнийг анх сургуульд оруулахдаа дахин 2 насаар дарж бүртгүүлээд оруулсан юм шиг байна лээ. Ц.Хашийн яг доод талынх нь дүү Ц.Батсайхан нь 1963 онд төрсөн, дээд талын ах нь хоч нэр нь Шараа нь хэдэн онд төрснийг би сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг,

7. Гэрч Н.Янжмаагийн шүүхэд өгсөн: “1976 оноос 1978 оны хооронд Ц.Хаш бид хоёр Хяргас сумын 8 жилийн сургуулийн дотуур байрны нэг тасагт хамт амьдарч байлаа. Тухайн үед Ц.Хашийн ээж Ц.Хувьт нь манай гэрт ирэээд манай охин танай охиноос нэг насаар дүү гэж хэлж байсан юм. Намайг 1978 онд 8 дугаар ангиа төгсөөд явахад Ц.Хаш нь 7 дугаар ангийн сурагч байсан юм. Бид Хяргас сумын Хөшөөт бригадад айл хоршоо амьдарч байсан учраас “Цагаан сар”-аар хүн бүр насаа мэдэлцэж насны зөрүүгээр золголт хийдэг байсан уламжлалтай учраас Ц.Хашийн насыг би сайн мэдэх юм гэв. Ц.Хаш нь эхээс 8-уулаа бөгөөд яг доод талынх нь дүү Ц.Батсайхан нь 1963 онд төрсөн, дээд талын ах нь хоч нэр нь Шараа нь хэдэн онд төрснийг би сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.

       Нэхэмжлэгч Ц.Хаш нь Увс аймгийн Малчин суманд Цэндийн гэр бүлд 1961 оны 7 дугаар сарын 19-ний өдөр төрсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 649 тоот Ц.Хаш нь 52-56 настай байх боломжтой гэх дүгнэлт, мөн түүний дүү Ц.Батсайхан нь 1963 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн бөгөөд Ц.Хаш нь дүүгээсээ 2 сарын эгч мэтээр бүртгэгдсэн бөгөөд энэ нь түүнийг 1963 оны 7 дугаар сарын 19-ний өдөр төрөөгүйг нотолж байна. Мөн гэрч Ч.Пунсаа, Н.Янжмаа нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

       Ц.Хувьтын магадлагаа гэх 1 хуудас баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул үнэлээгүй болно.

     Иймд нэхэмжлэгч Савар овогт Цэндийн Хашийг 1961 оны  7 дугаар сарын 19-ний өдөр төрснөөр тогтоож  шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Хашийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.13-т зааснаар нэхэмжлэгч Савар овогт Цэндийн Хашийг 1961 оны  7 дугаар сарын 19-ний өдөр төрсөн болохыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Хашийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      П.БОЛОР