Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 986

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э,

улсын яллагч Н.У

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Д овогт Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар дүгээр зүйлийн 2 дахь  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, эрүүгийн 1908 0390 00000 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Д овогт Б.Б, Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Булган суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага  боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “УБ” ХХК-д ажилладаг, ам бүл 2, охины  хамт Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Орбитын .. дүгээр гудамж, ..тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар ПБ00000000, урьд

- Ховд аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн .. дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, оногдуулсан ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Б.Б нь Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт Орбитын .. дүгээр гудамжны .. тоотод оршин суух өөрийн гэртээ 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр “хамт амьдарсангүй” гэх шалтгааны улмаас хамтран амьдарч байсан Б.Г-г зодож, түүний эрүүл мэндэд нь хүзүү, цээж, бүсэлхий, зүүн бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

1. Хохирогч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Б гэх хүнтэй 2016 оны 7 дугаар сараас хойш хамт амьдарч байгаад гэрлэлтийн баталгаагүй ч дундаасаа 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр О гэх охинтой болсон. Бид хоёр 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хувийн таарамжгүй харилцаатай болж эхэлсэн. Б намайг хардаж бид маргалддаг болсон. ...2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн Б руу эмэгтэй хүн яриад байдаг болохоор би салахаар шийдээд гэрээсээ явсан. ...би одоо М гэх хүнтэй хамт амьдарч байгаа. Б охинтойгоо хамт амьдардаг. ...2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр би охиндоо хувцас хүргэж өгсөн. Тэгэхэд Б надад чи цалинтай ээжийн сар бүрийн 50.000 төгрөг, хүүхдийн 20.000 төгрөгийг миний нэр дээр шилжүүлээд өгчих гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 10 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны гадаа уулзаад хороо руу ороход халамжийн ажилтан амралтаа аваад явчихсан байсан. ...Тэгээд нь бид хоёр хорооноос гартал Б надад хандан “гэрт хүүхэд байгаа, очиж хүүхдээ аваад .. дугаар хороо ормоор байна” гэхээр нь гэр лүү хамт явсан. Гэр лүү явж байхад Б дэлгүүрээс 0,5 литрийн лаазтай пиво нэгийг аваад гэртээ орох хүртлээ уусан. Бид хоёрыг гэрт очиход гэр нь цоожтой байсан тул би “цоожтой гэрт хүүхэд яаж байлгаад байгаа юм” гэхэд тэрээр “хүүхэд доод талын айлд байгаа, одоо оруулаад ирнэ” гэж хэлсэн. Бид хоёр гэрт ороход Б үгийн зөрүүгүй үснээс зулгааж, гараараа цохиод ор луу түлхэж унагасан. Тэгээд намайг хамт амьдарч байгаа нөхрөө дууд гэхээр нь би “дуудахгүй, чи яах гээд байгаа юм” гэж хэлэхэд дахин миний цээж рүү гараараа цохиод байхаар нь би М-н гар утас руу залгаж өгсөн. Б-тэй гар утсаар яриад “гэрт хүрээд ир” гэж хэлснээ надад гар утсаа өгөөд гэрийн хаяг заагаад өгчих гэсэн. Тэгээд би М-с “хаана байгаа юм” гэхэд М “Орбитын тойрог дээр ээж Б.Х-н хамт явж байна ...хамт очих юм уу” гэж асуухаар нь “тэг, тэг” гэж хэлээд утсаа салгасан. Тэгэхэд Б намайг “чи охиноо сонгож чадаагүй, жаргаж яваа хүн, дахин охинтойгоо уулзахгүй шүү” гэх мэтээр загнаж бие рүү цохиж эхэлсэн. Тэгээд миний гарыг цахилгаан дамжуулдаг залгуурын утсаар ард хүлээд гаргахгүй байсан. Удахгүй ээж хашаанд орж ирээд хаалга цохиход Б хаалгаа онгойлгож өгөөгүй. Тэгээд ээж цонх цохиж байгаад буцаад хашаанаас гараад явчихсан. Энэ үед миний хамраас бага зэрэг цус гарсан болохоор Б миний цусыг угаалгаад хүлээс тайлаад “асуудал гаргалгүй, наад хүмүүсээ аваад зайлаарай” гэхээр нь би ээжийг дуудаад ирье гэж хэлээд гарч гүйгээд ээжтэй уулзахад ээж шууд цагдаад өгнө гэж хэлээд намайг цагдаагийн газар луу аваад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27),

2. Гэрч Б.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Г, Б нар хорооны халамжийн ажилтантай уулзаж гарын үсэг зуруулна гээд байсан болохоор Г-тэй хамт амьдарч байгаа М-н хамт Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны үүдэнд буулгаж өгсөн. Тэгээд М бид хоёр Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хүргэн Г-н гэрт байж байхад Г хүрээд ир гээд дуудсан. Тэгээд М-н хамт очоод М машиндаа сууж үлдээд би хашаанд нь ороод хаалгыг нь нүдэхэд хаалгаа тайлж өгөхгүй байсан. Тэгэхээр нь байшингийнх нь цонхоор харахад Г-н хамраас цус гарсан сууж байхаар нь сандраад цагдаа дуудахаар хашаанаас гарахад араас Г гараад ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-16),  

3. Гэрч П.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 7 дугаар сарын 19-ний өглөө эхнэр Г-тэй хамт гараад Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороон дээр ажилтай гэхээр нь хүргэж өгөөд хадам ээжийн гэрт очоод байж байхад 10 цагийн үед эхнэрийн утаснаас хуучин нөхөр Б залгаад “хүрээд ир, уулзъя” гээд байсан. Тэгээд би хадам ээж Х-н хамт Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Орбитын .. дүгээр гудамж, .. тоот гэрт нь очиход хашааны хаалга онгорхой, байшингийн хаалга цоожтой байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66)

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ... дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: ...Бүсэлхийн баруун талд 22х2см, хүзүүний баруун урд хэсэгт 3х2см, зүүн бугалгын гадна доод хэсэгт 6х4см хүрэн ягаан, цээжний зүүн дээд хэсэгт 8х5см хөхөлбөр өнгийн цус хуралттай...ДҮГНЭЛТ

1. Б.Г-н биед хүзүү, цээж, бүсэлхий, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 18)

5. Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 10 цагийн үед хамтран амьдрагч Г-тэй Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны гадаа уулзаад хороогоор орсон ажил бүтээгүй, гэртээ харих гээд явж байгаад дэлгүүрээс 0,5 литрийн хэмжээтэй пиво хоёрыг авч Г бид хоёр нэг нэгээр нь ууж дуусаад гэрийн гадаа ирсэн. Г гэр түгжээтэй байна, хүүхдээ яасан юм бэ гэхэд би доод айлд үлдээчихсэн, чи цуг амьдарч байгаа хүнээ дууд, одоо уулзъя гэхэд дуудахгүй уулзуулахгүй гэсэн. Тэр үед миний уур хүрээд Г-г үсдэж ор руу түлхэж унагааж гараараа цээж рүү нь 2-3 удаа цохиод ээж Х, цуг амьдарч байгаа М нарыг дууд гэхэд үгүй гээд гарах гээд байсан. Би гаргахгүй гээд залгуурын цахилгааны утсаар гарыг нь ард нь хүлээд хүлээж байхад ээж Х ирээд хаалга тогшоод, цонх нүдээд байсан. Би онгойлгож өгөөгүй Г-н хамраас нь цус гараад байхаар нь хүлээсийг нь тайлаад цусыг нь угаалгаад хаалгаа онгойлгоход ээж Х, М нар хашааны үүдэнд байсан. Тэгээд Г гарч тэр хоёртой уулзаад надтай уулзалгүй цаашаа явчихсан. Ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 73),

6. Хялбаршуулах журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 79-80), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 82),

- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 30-37), Аюулын зэргийн үнэлгээний маягт (хавтаст хэргийн 28-29),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 45-46), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 58), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 47),  хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй эсэх талаарх холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 48, 49), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 69),  шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 77-78), хохирогч, шүүгдэгч нар эвлэрсэн тухай баталгаа (хавтаст хэргийн 79-80) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Б нь Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт Орбитын .. дүгээр гудамж .. тоотод, 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр, хувийн таарамжгүй харилцааны улмаас, шууд санаатай үйлдлээр, охиноо бодсонгүй гэх шалтгааны улмаас хамтран амьдарч байсан Б.Г-н эрүүл мэндэд халдаж түүний биед хүзүү, цээж, бүсэлхий, зүүн бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Б гэх хүнтэй 2016 оны 7 дугаар сараас хойш хамт амьдарч байгаад гэрлэлтийн баталгаагүй ч дундаасаа 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр О гэх охинтой болсон. ...2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн Б руу эмэгтэй хүн яриад байдаг болохоор би салахаар шийдээд гэрээсээ явсан. ...би одоо М гэх хүнтэй хамт амьдарч байгаа. Б охинтойгоо хамт амьдардаг. ...2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр ...Б надад хандан “гэрт хүүхэд байгаа, очиж хүүхдээ аваад 3 дугаар хороо ормоор байна” гэхээр нь гэр лүү хамт явсан. ...Бид хоёр гэрт ороход Б үгийн зөрүүгүй үснээс зулгааж, гараараа цохисон. ...мөн цээж рүү гараараа цохиод байсан. ...Б намайг “чи охиноо сонгож чадаагүй, жаргаж яваа хүн, дахин охинтойгоо уулзахгүй шүү” гэх мэтээр загнаж бие рүү цохиж эхэлсэн. Тэгээд миний гарыг цахилгаан дамжуулдаг залгуурын утсаар ард хүлээд гаргахгүй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27),

- Гэрч Б.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би хашаанд нь ороод хаалгыг нь нүдэхэд хаалгаа тайлж өгөхгүй байсан. Тэгэхээр нь байшингийнх нь цонхоор харахад Г-н хамраас цус гарсан сууж... байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-16 ),  

- Гэрч П.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би хадам ээж Х-н хамт Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Орбитын .. дүгээр гудамж, .. тоот гэрт нь очиход хашааны хаалга онгорхой, байшингийн хаалга цоожтой байсан....”гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66)

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний .. дугаар дүгнэлт “...1. Б.Г-н биед хүзүү, цээж, бүсэлхий, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 18)

- Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтад өгсөн: “...би ...Г-д ...цуг амьдарч байгаа хүнээ дууд, одоо уулзъя гэхэд дуудахгүй уулзуулахгүй гэсэн. Тэр үед миний уур хүрээд Г-г үсдэж ор руу түлхэж унагааж гараараа цээж рүү нь 2-3 удаа цохисон. ...Би гэрээс гаргахгүй гээд залгуурын цахилгааны утсаар гарыг нь ард нь хүлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 73) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Б.Б нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр хувийн таарамжгүй сэдэлтээр, хохирогч Б.Г-г цохиж гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б нь хохирогч ...Г-н нүүрэн тус газар гараараа цохисон болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба цохиулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Нөгөө талаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний...бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;” хэлнэ гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр...” тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байхаар тус тус хуульчилсан байна. Тодруулбал Б.Б нь хохирогч Г нар нь 2016 оноос эхлэн хамтран амьдарсан. Улмаар дундаасаа нэг хүүхэдтэй болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн тэдний мэдүүлэг болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний баримтаар тогтоогдож байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан байна.

Тиймээс шүүгдэгч Б.Б-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Г нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч Б.Б энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Б, хохирогч Б.Г нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иймд шүүгдэгч Б.Б-г гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Б.Б-д торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй. 

Эрүүгийн 1908 0390 00000 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт Б.Б-г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б-г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солиж болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.МӨНХЗУЛ