Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 843

 

     Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 11 дүгээр гудамжны 19 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, эмэгтэй, ОЭ66071163 регистрийн дугаартай, Мээрэн овогт Мягмарын Шижээгийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Шижээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч М.Шижээ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1966 онд төрсөн, 50 настай. Би 1982 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд үхэр маллаж сааль сааж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул архивын газраас цалингийн тодорхойлолт шүүлгэж авсан юм. Иймд миний 1982 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн  Тэс сумын “Лениний зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч М.Шижээ нь Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гаргаж ирүүлсэн Мягмарын Шижээгийн Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,

2. Т.Долгорын 1988 оны төрөлтийн түүхэд түүнийг Увс аймгийн Тэсийн 3-р бригадад саальчин гэж бичигджээ, 

3. Гэрч Б.Чирээбалын шүүхэд өгсөн: “Би 1961 оноос 1990 он хүртэл Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдлийн Нуур бригадад малчнаар ажиллаж байсан юм. М.Шижээ нь анх илгээлтээр 1982 оноос эхлэн Тэс сумын “Лениний зам” нэгдлийн Нуур бригадад малчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд яг хэдэн он хүртэл ажилласныг сайн санахгүй байна. Түүний аав, ээж нь нэгдлийн малыг наасаараа хариулсан хүмүүс бөгөөд М.Шижээ нь үхэр, тэмээ зэрэг мал хариулж байсан юм. Би М.Шижээг манай нутгийн охин учраас багаас нь таньж мэддэг юм” гэх мэдүүлэг,

4. Гэрч Ж.Найдангийн шүүхэд өгсөн: “Би 1968 оноос 1976 он хүртэл Тэс сумын “Лениний зам” нэгдлийн Ендэрт бригадад малчнаар ажиллаж байгаад 1976 оноос Тэс сумын 10 жилийн сургуульд 1981 он хүртэл аж ахуйн захирлаар, 1981 оноос 1986 он хүртэл сургууль цэцэрлэгийн няраваар, 1986 оноос “Лениний зам” нэгдлийн орон тооны бус намын үүрийн дарга, хэвлэл түгээгч, Ендэрт бригадын даргаар 1992 он хүртэл тус тус ажилласан юм. М.Шижээ нь анх илгээлтээр 1982 оноос эхлэн Тэс сумын “Лениний зам” нэгдлийн Нуур бригадад малчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд яг хэдэн он хүртэл ажилласныг сайн санахгүй байна. Түүний нөхөр нь мөн нэгдэлд малчин, жолооч, малын эмчилгээ, тэжээлийн цэгт жолоочоор тус тус ажиллаж байсныг би мэдэх бөгөөд одоо нас барчихсан юм. М.Шижээ нь манай нутгийн охин учраас би түүнийг хар багаас нь таньж мэддэг, аав, ээж ах дүү нарыг нь сайн мэддэг юм” гэх мэдүүлэг,

5. Гэрч Б.Чирээбалын Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд ажиллаж байсныг нотлох түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 528 тоот шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ж.Найдангийн Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд ажиллаж байсныг нотлох түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 399 тоот шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд тус тус хэрэгт авагджээ.  

       Нэхэмжлэгч М.Шижээ нь Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гаргаж ирүүлсэн М.Шижээгийн цалингийн тодорхойлолт, М.Шижээгийн 1988 оны төрөлтийн түүхэд түүнийг Увс аймгийн Тэсийн 3-р бригадад саальчин гэж бичигдсэн байдал, гэрч Б.Чирээбал, Ж.Найдан нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

      Иймд нэхэмжлэгч М.Шижээгийн Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 7 жил, 6  сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Шижээгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Мээрэн овогт Мягмарын Шижээгийн Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 7 /долоо/ жил, 6  /зургаа/ сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч М.Шижээгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

                                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР