| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2019/0121/Э |
| Дугаар | 379 |
| Огноо | 2019-04-03 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 379
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
улсын яллагч Б.Ундрах,
шүүгдэгч Ж.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Б овгийн Ж-ийн Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 0558 90047 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Б овгийн Ж-ийн Т нь Монгол Улсын иргэн, 1963 оны 7 дугаар сарын 16-нд Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо .... дугаар гудамжны .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.
Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Шүүгдэгч Ж.Т нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Баруун турууны 28-2 тоотод өөрийн эхнэр болох Д.А-ийг архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эрүүн тус газар нь гараараа цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Т-аас: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй гэв.
Хоёр. Эрүүгийн 1808 0558 90047 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд. Үүнд:
1.Хохирогч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 10-нд өгсөн:
“...Би Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын 8б-36 тоотод нөхөр хүүхдийн хамт амьдарч байгаад сүүлийн 3 жил Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баруун турууны 28-2 тоотод нөхөр Т бид хоёр амьдарч байна. Хүүхдүүд бүгд тусдаа гарсан учраас Баруун турууны хаяган дээр бид хоёр байдаг юм. 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нөхөр Т бид хоёр хашаандаа очсон. Т тэр өдрөө ганцаараа гэртээ архи уусан. Маргааш нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өглөөгүүр шараа тайлаад дахиад архи уусан. Тэгээд согтчихоод хөлдчихсөн асахгүй байсан машинаа асаах гээд ухаад байхаар нь чи согтуу байж битгий машин тэрэгтэй ноцолдоод бай гэсэн чинь уурлаад миний зүүн талын эрүүний доод хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь гараад явчихлаа гэж бодоод хашааны хаалга түгжчихсэн чинь эргээд хаалга аймар балбахаар нь би 102 дугаарын утсанд дуудлага өгчихсөн юм. Тэгтэл үүдэн дээрээс цагдаа нар ирээд аваад явсан. Би маргааш нь ирж өргөдөл гаргасан. ...Ж.Т-тай 20 жил амьдарч байна. Надтай суух үедээ архи уучихдаг л байсан. Одоо сүүлийн 10 жил бол их л ууж байна. ...Мөн эмчилгээний зардалд гарсан баримт байхгүй. Эрүүний хөхрөлтөд хүйтэн жин тавиад, эмийн сангаас жоргүй өвчин намдаах эм авч уусан. Ж.Т-аас нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дугаар тал/,
2. Гэрч Б.Энх-Одын /эргүүлийн офицер/ мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 3 дугаар сарын 02-нд өгсөн: “...Одоогоос хэдэн сарын өмнө болсон учраас сайн санахгүй байна. Тухайн үед иргэн Д.А өөрөө цагдаад өргөдөл гаргана гэж хэлээгүй учраас аюулын зэргийн үнэлгээ хийгээгүй. Зөрчил гаргасан нөхрийг нь эрүүлжүүлэх байранд саатуулсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 86 дугаар тал/,
3. Гэрч А.Анхбаярын /хэсгийн байцаагч/ мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 3 дугаар сарын 04-нд өгсөн: “...Би 2018 оны 9 дүгээр сараас хойш Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны хэсгийн байцаагчаар ажиллаж байна. Д.А-, Ж.Т гэх гэр бүлийн хоёр хүн 22 дугаар хороо, Баруун турууны 28-2 тоотод байнга оршин суудаггүй. Үндсэн хаяг нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд бүртгэлтэй юм байна лээ. Намайг ажил хүлээж авснаас хойш ямар нэгэн гэр бүлийн хүчирхийллийн дуудлага иргэн Д.А-ээс гаргаж байгаагүй, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг иргэдийн судалгаанд байхгүй. Урьд нь цагдаагийн байгууллагад дуудлага өгч байгаагүй. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 89 дүгээр тал/,
4. Шүүгдэгч Ж.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр яллагдагчаар өгсөн:
“...2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр А бид хоёр хашаандаа юм хийх гээд Тахилтад очсон юм. Оройтож очсон учраас харанхуй болоод юм хийж чадаагүй. Тэгээд замдаа 0.5 литрийн “Хараа” гэсэн бичигтэй архи дэлгүүрээс худалдаж аваад уусан. Архинаас ганц хоёрыг эхнэрт өгч татуулсан. Тэр өдөр ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй унтсан. Маргааш нь гадаа тэргэндээ юм хийх гэсэн чинь даараад байхаар нь дэлгүүрээс 0.5 литрийн Хараа нэртэй архи аваад уусан. Тэгтэл А намайг согтуу гадаа тэргэнд юм хийлээ, битгий хий гээд загнаад тэрнээс болоод муудалцаж би эхнэр А-ийн эрүүний зүүн талд нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд А цагдаа дуудлаа гээд орилохоор нь арай ч цагдаа дуудахгүй байх гэж бодоод дэлгүүрт орж ундаа авчихаад эргээд ирсэн чинь хашааны үүдэнд цагдаа нар ирсэн байсан. Би Д.А-тэй 20 жил хамт амьдарч байна. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Санал хүсэлт байхгүй. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-38 дугаар тал/,
-2019 оны 3 дугаар сарын 03-ны өдөр дахин мэдүүлсэн:
“...Прокурорын газраас гаргасан тогтоолыг уншиж танилцаа. Асуух зүйл байхгүй. Өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл байхгүй. Эхнэр Д.А-тэй сайн дураараа эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 96 дугаар тал/,
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 14252 тоот дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: эрүүний зүүн хэсэгт 7х8 см хөх ягаан өнгийн цус хуралттай, хавдсан, ам ангайлт хязгаарлагдаагүй.
ДҮГНЭЛТ:
“...1. Д.А-ийн эрүүний зөөлөн эдэд цус хуралт тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. ...” /шинжээч Б.Ариунзул/...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 14 дүгээр тал/,
6. Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нийгмийн ажилтны 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хийсэн Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хавтаст хэргийн 98-106 дугаар тал/,
7. Ж.Т-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 40 дүгээр тал/, түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 17 дугаар тал/, Ж.Т-ийн нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа /хавтаст хэргийн 112 дугаар тал/, түүний нэр дээр эд хөрөнгө бүртгэлтэй тухай лавлагаа /хавтаст хэргийн 111 дүгээр тал/, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны тодорхойлолт /хавтаст хэргийн 41 дүгээр тал/, Ж.Т-, Д.А нар нь гэр бүл болохыг баталсан гэрлэлт бүртгэлтэй тухай лавлагаа /хавтаст хэргийн 25 дугаар тал/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж.Т-т холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар.
Гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч Ж.Т нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Баруун турууны 28-2 тоотод өөрийн эхнэр болох Д.А-ийг архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эрүүн тус газар нь гараараа цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч Ж.Т-, Д.А нар нь 2000 оны 12 дугаар сард гэр бүл болж, 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэрлэлтээ батлуулсан гэрлэгчид болох нь гэрлэлтийн лавлагаагаар нотлогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, гэрлэгчид, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор заасан ба уг хуулийн үндэслэлээр шүүгдэгч Ж.Т-, хохирогч Д.А нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд байна.
Шүүгдэгч Ж.Т нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Баруун турууны 28-2 тоот гэртээ эхнэр Д.А-ийг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, эрүүн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь зөөлийн эдийн цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
-Хохирогч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Т ...согтчихоод хөлдчихсөн асахгүй байсан машинаа асаах гээд ухаад байхаар нь чи согтуу байж битгий машин тэрэгтэй ноцолдоод бай гэсэн чинь уурлаад миний зүүн талын эрүүний доод хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дугаар тал/,
-шүүгдэгч Ж.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “... гадаа тэргэндээ юм хийх гэсэн чинь даараад байхаар нь дэлгүүрээс 0.5 литрийн Хараа нэртэй архи аваад уусан. Тэгтэл А намайг согтуу гадаа тэргэнд юм хийлээ, битгий хий гээд загнаад тэрнээс болоод муудалцаж, би эхнэр А-ийн зүүн талын эрүү рүү гараараа 1 удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-38 дугаар тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 14252 тоот дүгнэлт /хавтаст хэргийн 14 дүгээр тал/, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нийгмийн ажилтны 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хийсэн Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хавтаст хэргийн 98 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан ба шүүгдэгч Ж.Т нь гэр бүлийн харилцаатай эхнэр Д.А-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэл болно.
Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Ж.Т-, хохирогч Д.А нарын гэр бүлийн таарамжгүй харилцаа, үл ойлголцлын улмаас, мөн шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэргээс болсон байх ба шүүгдэгч Ж.Т нь тус гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Иймд шүүгдэгч Ж.Т нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Д.А-ийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ж.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Ж.Т нь хохирогч Д.А-ийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч Д.А нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн хохирогчоор “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг тогтоолд дурдав.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Ж.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч Ж.Т нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо “би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Д.А-т гар хүрсэндээ харамсаж байна. Би бөөрний өвчтэй. Мөн өмнө нь хөлөө гэмтээсэн байсан. Одоо хөл эдгэрч байгаа тул нийтэд тустай ажил хийлгэх ялыг хүлээн зөвшөөрч байна. Тэтгэврийн мөнгө авдаггүй, өвчнөөрөө группэд орж чадаагүй, мөн цалин хөлс орлогогүй тул торгох ялыг төлж чадахгүй байх” гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцсэн.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.Т нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй байх бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзсан ба хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй байна.
Шүүхээс шүүгдэгч Ж.Т-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал буюу биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600.000 төгрөгийн торгох ял оногдуулах, торгох ялыг түүний цалин хөлс, орлого, бусад орлого олох боломж зэргийг харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацааг тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.Т нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
4. Бусад асуудлаар
Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ж-ийн Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т-т торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 (зургаа) сарын хугацаанд биелүүлэхийг тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Д.А нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж шүүгдэгч Ж.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА