Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 844

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

       Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би

   Нэхэмжлэгч: Увс аймгийн Сагил сумын 1 дүгээр багт байрлах, регистрийн 4009436 дугаартай, “Баянзүрх хамтын хүч” хоршооны нэхэмжлэлтэй,

    Хариуцагч: Увс аймгийн Сагил сумын 5 дугаар баг, 5-02 тоотод оршин суух, 1973 онд төрсөн, реистрийн дугаар ОЛ73062278, Шангуучин овогт Цэрэвийн Амгаланд холбогдох,

       Худалдах худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч “Баянзүрх хамтын хүч” хоршооны дарга М.Цэрэндорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ц.Амгалан нь манай хоршооны эд бэлтгэгч бөгөөд 201 оны 7 дугаар сарын 14-ний өдөр ноос авахаар 2.000.000 төгрөгийг бэлнээр мөн 7 дугаар сарын 14-ний өдөр арьс шир бэлтгэхээр 3.000.000 төгрөгийг 5812002501 дасанд шилжүүлгээр нийт 5.000.000 төгрөг авсан билээ. 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ашиг гэж 500.000 төгрөг өгсөн. Түүнээс хойш огт орлого оруулаагүй, үндсэн мөнгөө ч өгөхгүй өдийг хүрлээ. 2015 оны 1 дугаар сард ашиг орлого болох мөнгөө дансанд оруулахыг шаардахад “Мөнгө орж ирээгүй байна, хавар ноолуур гарахаар өгнө” гэсэн. 6 дугаар сард дахин нэхэхэд “Жаахан хүлээчих, мөнгөтэй болоод өгье” гээд дансны дугаар авсан. 8 дугаар сард утсаар асуухад бас л өгнө гэсээр өгөхгүй байна. Ц.Амгалан нь 2014 оны 6 дугаар сараас 8 дугаар сарын хооронд 30 тонн хонины ноос бэлтгэсэн тайлан 2015 онд 23 тонн бэлтгэсэн гэж тайлан гаргаж өгсөн нь өөртөө ашигтай ажилласан нь тодорхой байна. 2016 онд огт тайлан гаргаж өгөөгүй байгаа. Хоршооны дансанд энэ мөнгө орохгүй байгаа, санхүүгийн чадавхи муу  учраас ХХААЯ-аас зарласан хөнгөлөлттэй зээлэнд хамрагдан улсын төсвийн санхүүжилтээс 15.000.000 төгрөгийг 5 жилийн хугацаатайгаар авсан бөгөөд 2015 онд 3.360.000 төгрөг, 2016 онд 2.228.000 төгрөг төлсөн бөгөөд одоо 2017, 2018, 2019 онд төлөх ёстой 12.450.000 төгрөгийг төлж чадахгүйд хүрээд байна. Иймд Ц.Амгалангаас 5.000.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

    Хариуцагч Ц.Амгалан шүүхэд гаргасан тайлбартаа: “Ц.Амгалан би иргэн М.Цэрэндорж /Баянзүрх хамтын хүч хоршоо/-оос гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би одоо нэхэмжилж байгаа 5.000.000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна” гэв.  

    Нэхэмжлэгч “Баянзүрх хамтын хүч” хоршооны дарга М.Цэрэндорж шүүхэд гаргасан тайлбартаа: “Баянзүрх хамтын хүч” хоршооны нэхэмжилсэн 5.000.000 төгрөгийг Ц.Амгалан нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч “Баянзүрх хамтын хүч” хоршоо нь хариуцагч Ц.Амгаланд холбогдуулан худалдах худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 5.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

       Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Амгалан нь нэхэмжлэгч “Баянзүрх хамтын хүч” хоршооны нэхэмжлэлийн шаардлага болох худалдах худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 5.000.000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

     Хариуцагч Ц.Амгалан нь “Баянзүрх хамтын хүч” хоршооны нэхэмжлэлийн шаардлага болох худалдах худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 5.000.000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. 

       Нэхэмжлэгч “Баянзүрх хамтын хүч” хоршоо улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 94.590 төгрөг төлсөн ба тал хувь болох 47.295 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 47.295 төгрөг, хариуцагч Ц.Амгалангаас 47.295 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Баянзүрх хамтын хүч” хоршоонд олгож шийдвэрлэлээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг тус тус  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч “Баянзүрх хамтын хүч” хоршооны худалдах худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Амгалан төлж  барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “Баянзүрх хамтын хүч” хоршооны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.590 төгрөгөөс 47.295 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 47.295 төгрөг, хариуцагч Ц.Амгалан 47.295 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Баянзүрх хамтын хүч” хоршоонд олгосугай.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар хариуцагч Ц.Амгалан шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                                 П.БОЛОР