Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 380

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Р.Энх-Оюун,

шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

 Ө овогт Г-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 0190 90403 дугаартай хэргийг шүүх 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ө овогт Г-ын Б нь Монгол Улсын иргэн, 1990 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо, .... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 04 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Ж-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, шинжээч нарын мэдүүлэг

 

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б-: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг гаргахгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн 1808 0190 90403 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1.Хохирогч Н.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр мэдүүлсэн:

 “...2018 оны 4 дүгээр сарын 09-ний шөнө өөрийн эзэмшлийн “Акуа” маркийн 24-58 УНА улсын дугаартай автомашинтай хувиараа таксинд явж байтал цэнхэр дэлгүүрийн буудлын орчмоос үл таних эрэгтэй хүн ганцаараа гар өргөөд модны хоёр орно, 10.000 төгрөгөөр яваад өгөөч гэхээр нь би тэгье гэж хэлээд машины ард тал суусан. Замдаа нөгөө залуу надаас машинд чинь архи уучих уу гэж асуухаар нь би асгахгүйгээр уугаарай гэж хэлсэн. Тэгээд явж байгаад нөгөө залуу тамхи нэхэхээр нь би тамхи татдаггүй гэж хэлтэл чи надад тамхи авч өг гэж хэлэхээр нь би “одоо онгорхой дэлгүүр байхгүй байх” гэж хэлсэн чинь суудлын араас өшиглөж, чи намайг хааш нь авч яваад байгаа юм бэ гэхээр нь чи өөрөө модны хоёр орно гэж хэлээ биз дээ гэж хариулсан. Тэгтэл шууд араас миний зүүн талын чих орчим архины шилээр цохисон тул би “яаж байнаа” гээд машинаасаа буутал тэр залуу өврөөсөө дахин 1 бүтэн шил архи гаргаж ирээд намайг дахин цохих гэхээр нь би архийг нь булааж аваад хол шидэж хагалсан. Тэр үед нөгөө согтуу залуу миний машиныг унаж явна гээд байхаар нь бид хоёр хоорондоо ноцолдсон. Тэгээд нөгөө залуу надаас зугтаагаад би араас нь хөөж бариад дахин зууралдаж байгаад газар дэгээдэж унагааж байгаад шилэн хүзүүн дээрээс нь дарж, нуруун дээр нь өвдөглөж дарсан. Мөн хувцаснаас нь татсан. Тэр үед хоолой нь боогдсон байж магадгүй. Тэгээд цагдаа дуудсан. Тэр үед хажуугаар явж байсан таксины жолооч цагдаа дуудаж өгсөн. Би цагдаа нарыг иртэл нөгөө залууг дарсан хэвээрээ байж байгаад цагдаад өгч явуулсан. Уг асуудал Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт төв замын хажууд болсон. Цагдаа дуудсан жолоочийг би танихгүй. Хажуугаар явж байсан болохоор номер дугаарыг нь хараагүй. Тухайн үед зүүн талын чих шуугиад байсан. Мөн зүүн талын чихний урд хэсгээс цус гарсан. Өөр гэмтэл шарх байхгүй. Би машин барьж явсан тул эрүүл байсан. Нөгөө залуу нилээн согтуу байсан. Шүүх эмнэлгийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан 4666 дугаартай дүгнэлтэд тусгагдсан зүүн хацарт шарх, зулгаралт гэмтлийг учруулсан хүнийг би огт танихгүй. Тухайн үед цагдаад барьж өгөх үед нэрийг нь Б гэж байсан. Би гомдолтой байгаа тул хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар тал/,

-2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр дахин мэдүүлсэн:

“...Би ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй, энэ талаар баримт байхгүй. Одоо миний биеийн байдал сайн байгаа. Тухайн үед уг асуудлыг харсан хүн байхгүй. Б бид хоёр байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар тал/,

 

2. Шүүгдэгч Г.Б-ий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн:

 “...Би 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 20 цагийн үед Баянгол дүүргийн Гандангийн хажууд 2 найзын хамт 0.75 литрийн хэмжээтэй архи хувааж уугаад Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Нарангийн голын эцсийн орчим найз Энхээгийнд очихоор явсан. Би гэрийнх нь гадаа очоод хаалга тогшсон боловч онгойлгоогүй. Тэгээд би гэртээ харих гээд зам дагуу алхаж байгаад 2018 оны 4 дүгээр сарын 09-ний шөнө 04 цагийн үед цэнхэр дэлгүүрийн орчмоос модны хоёр орно гээд такси бариад явж байсан. Би тухайн үед их хэмжээний согтолттой байсан болохоор буруу газар яваад байгаа юм шиг санагдаад Толгойтын эцэс орчим явж байхад нь тэр жолоочийн толгой руу баруун гараараа нэг удаа цохичихсон. Тэр үед таксины жолооч машинаа зогсоогоод бууж ирээд надтай барьцалдаад байсан. Би зугтаах гэхэд тэр залуу намайг хавирч газар унагаагаад цамцаар хоолой боож, нуруун дээр өвдөглөөд явуулахгүй байсан. Би таксины жолоочийг Н.Ж гэдгийг сүүлд мэдсэн. Шүүх эмнэлгийн 4666 дугаартай дүгнэлтээр Н.Ж-гийн биед учирсан гэмтлийг би машин дотор баруун гараараа нэг удаа цохиж учруулсан гэмтэл байгаа юм. Тухайн үед би баруун гартаа цагтай байсан. Би буруу зүйл хийснээ ойлгож ухаарч байгаа. Хөнгөн ял оногдуулж өгнө үү. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 77-79 дүгээр тал/,

 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 4666 тоот дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: зүүн хацарт 1.0,2см шархтай. Зүүн чих, чихний ар хэсэгт 1х0,2-оос 0,5х0,1 см хэмжээтэй олон тооны зулгаралттай.

ДҮГНЭЛТ:

1. Н.Ж-гийн биед зүүн хацарт шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмэнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /шинжээч Б.Даваасүрэн/ ...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 35 дугаар тал/,

 

4. Шүүгдэгч Г.Б-ий иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 40 дүгээр тал/, түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 42 дугаар тал/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Б-д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар.

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ:

Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 04 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Ж-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 4 дүгээр сарын 09-нд шөнө 04 цагийн орчим иргэн Н.Ж-г машинаа жолоодон явах үед гар өргөн машинд нь сууж “Модны хоёр хүргүүлнэ” гэж таксины журмаар үйлчлүүлэх үедээ Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байхад нь тамхи авч өг, чи намайг хаашаа авч яваад байгаа юм” гэх зэргээр Н.Ж-г өшиглөх, архины шилээр цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн хацарт шарх, зулгаралт хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

-хохирогч Н.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...2018 оны 4 дүгээр сарын 09-ний шөнө өөрийн эзэмшлийн “Акуа” маркийн 24-58 УНА улсын дугаартай автомашинтай хувиараа таксинд явж байтал цэнхэр дэлгүүрийн буудлын орчмоос үл таних эрэгтэй хүн ганцаараа гар өргөөд модны хоёр орно, 10.000 төгрөгөөр яваад өгөөч гэхээр нь би тэгье гэж хэлээд машины ард талд суусан. ...нөгөө залуу тамхи нэхэхээр нь би тамхи татдаггүй гэж хэлтэл чи надад тамхи авч өг гэж хэлэхээр нь би “одоо онгорхой дэлгүүр байхгүй байх” гэж хэлсэн чинь суудлын араас өшиглөж, чи намайг хааш нь авч яваад байгаа юм бэ гэхээр нь чи өөрөө модны хоёр орно гэж хэлээ биз дээ гэж хариулсан. Тэгтэл шууд араас миний зүүн талын чих орчим архины шилээр цохисон.  ... нөгөө согтуу залуу миний машиныг унаж явна гээд байхаар нь бид хоёр хоорондоо ноцолдсон. ...Тэр үед хажуугаар явж байсан таксины жолооч цагдаа дуудаж өгсөн. ...Тухайн үед зүүн талын чих шуугиад байсан. Мөн зүүн талын чихний урд хэсгээс цус гарсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар тал/,

-Шүүгдэгч Г.Б-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 20 цагийн үед Баянгол дүүргийн Гандангийн хажууд хоёр найзын хамт 0.75 литрийн хэмжээтэй архи хувааж уусан. ...Би гэртээ харих гээд зам дагуу алхаж байгаад 2018 оны 4 дүгээр сарын 09-ний шөнө 04 цагийн үед цэнхэр дэлгүүрийн орчмоос модны хоёр орно гээд  такси бариад явж байсан. ...буруу газар яваад байгаа юм шиг санагдаад Толгойтын эцэс орчим явж байхад нь тэр жолоочийн толгой руу баруун гараараа нэг удаа цохичихсон. ...Н.Ж-гийн биед учирсан гэмтлийг би машин дотор баруун гараараа нэг удаа цохиж учруулсан гэмтэл байгаа юм. Тухайн үед би баруун гартаа цагтай байсан....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 77-79 дүгээр тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 4666 тоот дүгнэлт /хавтаст хэргийн 35 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн хэлбэрийн хувьд шүүгдэгч Г.Б нь шууд санаатай үйлдлээр хохирогч Н.Ж-гийн биед гараараа болон архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан байх бөгөөд тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Г.Б-ий согтуурсан байдал, зүй бус харьцаа зэрэг нөлөөлжээ.

Хохирогч Н.Ж-гийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан шүүгдэгч Г.Б-ий үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Тиймээс улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэстэй байна.

Харин хэрэгт авагдсан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолын огноо, өдөр 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр байх ба Г.Б-эс яллагдагчийн мэдүүлэг авсан огноо, өдөр 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөр байх боловч мөн хэргийн 73 дугаар талд авагдсан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг танилцуулсан тухай тэмдэглэл гэсэн баримтыг үзвэл прокурор Р.Энх-Оюуны гаргасан 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 14.00 цагт Г.Б-д танилцуулсан тухай баримт, уг баримтад яллагдагч Г.Б гарын үсэг зурсан байна. Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Б-эс яллагдагчаар хэзээ мэдүүлэг өгснийг тодруулан асуухад албадан эмчилгээнд эмчлүүлж байхад мөрдөгч ирж 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийг тогтоолыг танилцуулж байсан гэж мэдүүлсэн зэргээр дээрх яллагдагчийн мэдүүлэгт бичсэн хугацаа нь техникийн шинжтэй алдаа байна гэж үзэж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Г.Б нь хохирогч Н.Ж-гийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч Н.Ж нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн хохирогчоор “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг тогтоолд дурдав.

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч Г.Б нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Шүүгдэгч Г.Б нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзсан ба хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Г.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, шүүгдэгч Г.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг өдрийн 4 цагийн хугацаагаар тогтоож, оногдуулсан ялыг биелүүлээгүй бол уг ялыг хорих ялаар солихыг мэдэгдэж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

4. Бусад асуудлаар.

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ө овогт Г-ын Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 (хоёр зуун жар) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Б  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хохирогч Н.Ж нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хохирогч, шүүгдэгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА